Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0603

 

 

 

  

 

 

2019 оны 11 сарын 20 өдөр         Дугаар 221/МА2019/0603              Улаанбаатар хот

 

 

“П” ХХК, “Ж.Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

                                                                                                                   

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Ж.Б” ХХК-ийн өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч  нэхэмжлэгчийн нарын гаргасан давж заалдах гомдлоор, “П” ХХК, “Ж.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Жасыл бах” ХХК, “П” ХХК-иудаас Өлгий сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өлгий сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 104 дүгээр захирамжийн “Жасыл бах” ХХК болон “П” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Ж.Б” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт бүртгэлтэй “Ж.Б” ХХК-ны захирал Е.Досан миний бие Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын тус компанид холбогдох хэсгийг бүхэлдээ хангуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

            “Жасыл бах” ХХК нь Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 143 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамжаар тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Салхитын хөндий” гэх газраас 100га газрыг ойжуулах зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн юм. Үүний дагуу сумын газрын даамлаас 2010 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Жасыл бах” ХХК-тай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг 60 жилийн хугацаатай байгуулсан. Өөрөөр хэлбэл 60 жилийн хугацаанд 100га газрыг ойжуулах зориулалтаар гэрээ байгуулан эзэмшиж эхэлсэн. Анх газар эзэмшүүлэх шийдвэр гарч, газар эзэмших гэрээ байгуулснаас хойш буюу 2010, 2011, 2013, 2015 онуудад маргаан бүхий газрыг хашаалж, худаг гаргаж, манаачийн байр барьж, тодорхой хэмжээний газарт сонгинын үр, чацарганын үр цацсан зэрэг ойжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон, 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс “газрыг арчлан хамгаалах, мод ургуулах зэрэг газар эзэмшигч нараас шалтгаалах үйл ажиллагаа явуулаагүйн улмаас ой мод ургаагүй байх тул тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

            Учир нь тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. Гэрээнд 60 жилийн хугацаанд ойжуулахаар гэрээний үндсэн дээр газар эзэмшсэн бөгөөд, өөр зориулалтаар ашиглахгүй байхаар үүрэг хүлээсэн. “Ж.Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд 60 жилийн хугацаанд тухайн газрыг ойжуулах төлөвлөгөө боловсруулан, уг төлөвлөгөөний дагуу тодорхой шат дараалалтайгаар ажиллаж байхад газар эзэмшүүлэгчийн зүгээс хууль бусаар удаа дараа сууд учруулсан. Тодруулбал, Өлгий сумын Засаг даргыг 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар захирамжаар дээрх газар эзэмшүүлсэн захирамж, эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгосноор шүүхэд маргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны сүүлээр эцэслэн шийдвэрлэж газар эзэмших эрхээ сэргээлгэсэн, дараа нь Өлгий сумын Засаг даргаас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгосноор мөн шүүхэд хандаж, энэхүү маргаан нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны сүүлээр эцэслэн шийдвэрлэгдсэн юм. Өөрөөр хэлбэл 2010 оноос эхлэн 2015 он хүртэл газар эзэмшүүлэгчийн хууль бус шийдвэрээс болж 5 жилийн хугацаанд шүүхээр маргасаар байгаад хугацаа алдаж хохирсноос гадна маш их хэмжээний хөрөнгө мөнгөөр хохирсон. 2015 оны эхээр сэргээлгэн авснаас хойш бүгдийг дахин эхлэх шаардлагатай болсон. Шүүхэд маргасан 5 жилийн хугацаанд маргаан бүхий газарт байсан хашааны төмөр болон модыг хулгайд алдсан, манаачийн байр болон худгыг шинээр засварлах шаардлагатай байсан тул маргаан бүхий газрыг хашаалж, худаг болон манаачийн байрыг дахин засварлаж, газрын хөрсийг чийглэх, арчиж цэвэрлэж ойжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байхад 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар дахиад газар эзэмших эрхийг “газрыг зориулалтаар нь ашиглаагүй” гэж хүчингүй болгосон.

            Газар эзэмшүүлэх тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар “газар эзэмшүүлэгч нь газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх” үүрэгтэй бөгөөд 2 жил дараалан “газрыг зориулалтаар нь ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж дүгнүүлсэн тохиолдолд газрыг хүчингүй болгох ёстой байсан. Газар эзэмшүүлэгчээс энэ хугацаанд нэг ч удаа гэрээг дүгнэж байгаагүй мөртлөө газрыг зориулалтаар нь ашиглаагүй гэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тодорхой ажил хийж байхад гэрээний үүргийг зөрчсөн мэтээр шийдвэр гаргасан байна. Газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг нь газрыг хүчингүй болгосны дараа шүүхээр тогтоолгож байгаа нь дарааллын хувьд зөрчигдсөнөөс гадна холбогдох хууль болон гэрээг ноцтой зөрчсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болохыг урьдчилж тогтоох ёстой. Гэтэл газрыг хүчингүй болгохоос өмнө тогтоосон байх ёстой зүйлийг шүүхийн шатандаа шинжээч томилж, мэргэжлийн хүнийг гэрчээр асууж, тодорхойлолт гаргуулах зэргээр нотлох баримт цуглуулж байгаа нь тухайн маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлд хамаарахгүй. Олон жил өнгөрсний дараа, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шинжилгээ хийлгэж “тухайн газрыг үзэхэд суулгац суусан ямар нэгэн шинжгүй, үр тариа алга болсон” гэх мэтээр дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Хэрэгт “Балгын” ХХК-ний захирал агономич Мырзабекийн тухайн газарт суулгац тарьсан, услуулж байсан зургууд жил жилд ямар ажил хийж байсныг бүгдийг хавсаргаж өгсөн, мөн бусад нотлох баримтуудаар газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан нь нотлогдож байхад ганцхан шинжээчийн дүгнэлтийг баримтлан хэргийг шийдвэрлэж болохгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтыг зөрчсөн талаар маргасан боловч энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актад түүнийг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, мөн зүйлийн 40.4-т захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заасан байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар маргасан бөгөөд бичгээр гарсан маргаан бүхий акт нь энэхүү хэлбэрийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй юм.

            Мөн Захиргааны ерөнхий хуулийн эрх нь зөрчигдөж болзошгүй гуравдагч талыг заавал захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулж эрхийг нь тайлбарлан өгч, тайлбар гаргах боломжоор хангах ёстой байхад, хариуцагч байгууллага маань хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. “Жасыл бах” ХХК-ийг татан оролцуулж “бид нар та нарын газрыг хүчингүй болгуулах гэж байгаа Үүнтэй холбоотой тайлбар байна уу?” гэж асуух ёстой байсан. Хэрвээ тухайн үед асуусан бол бид нар “Балгын” ХХК-тйа байгуулсан гэрээ, жил болгон гаргадаг төлөвлөгөө эрх бүхий албан тушаалтын зөвлөгөө, хийсэн ажлуудаа тайлагнаад явах ёстой байсан. Харамсалтай нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эн ажиллагааг нэг ч удаа хийж байгаагүй. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг маш ноцтойгоор зөрчсөн.

            Шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан хэргийн газарт үзлэх хийсэн байгаа. Ямар  газарт үр тариа тарьсан, ямар хэсэгт манаачийн байр барьж, гүний худаг барьсан гэх мэтчилэн судлаад тэмдэглэл үйлдсэн. 2 жилийн хугацаанд 100га талбайтай газрыг бүхэлд нь ойжуулаагүй гэж газар эзэмшигчийг буруутгаж болохгүй юм. 60 жилийн хугацаанд хийгдэх ажлыг үе шаттайгаар хийх ёстой. “Жасыл бах” ХХК, “Балгбн” ХХК-тай гэрээ байгуулаад хөрсний шинжилгээ хийгдсэн. Зарим газарт чацаргана тарьсан. Төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байхад, 2 жилийн хугацаа болсон байхад 100 га газрыг ойжуулаагүй гэж хүчингүй болгож байгаа нь өөрөө хууль бус. Гэрээг эргэн харах ёстой. Гэрээндээ 2 жилийн хугацаанд 100га газрыг ойжуулах талаар тохиролцоогүй. Удаа дараа захирамжийг хүчингүй болгосон учраас газар эзгүйрч сүүлд татсан хашаа хулгайд алдагдаж байхгүй болсон талаар прокурорын тогтоол байгаа. Ийм байдалд хүргэсэнд буруутай тал хариуцагч өөрөө юм. Анхнаасаа газрыг хүчингүй болгоогүй байсан бол 8 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал энэ газрын талыг ойжуулаад, өнөөдрийн байдлаар ногоорсон байхыг үгүйсгэхгүй.

            Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч маань биечлэн оролцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бусад үндэслэлийн талаар тайлбарлах болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлдээ хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Жасыл бах” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 “П” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс хуулийн дагуу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй.

Хавтаст хэрэгт цугларсан баримтаас Өлгий сумын Засаг даргын зүгээс шийдвэр гаргахад ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн судлаагүй шийдвэр гаргахаас өмнө бидэнтэй зөвлөлдөж,, бидний  санал тайлбарыг авахгүйгээр шийдвэр гаргасан.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг 29.2, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх шийдвэрийг аймаг нийслэлийн сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-аас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасан байдаг. Гэтэл Өлгий сумын Засаг дарга 2017 ионы 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжаар  холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн  56.1-д зааснаар маргаан бүхий газрыг 2010 оны 143 дугаар захирамжаар дахиад хүчингүй болгосон  байна.

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх 2014 лгы 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр аймгийн Засаг даргын 2011 оны 178 дугаар захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгч бид нарын зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь судалж дүгнээгүй зөвхөн нэг талыг баримталж  шийдвэр гаргаж, “Ж.Б” ХХК-ийн болон “П” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой  байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах шатны журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Жасылбах” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянасан болно.

Нэхэмжлэгч “Жасыл бах” ХХК-ийн өмгөөлөгч А.Б нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцсон бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбараа бичгээр өгсөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 143 дугаар захирамжаар “Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Салхитын хөндий гэх газраас “Жасыл бах” ХХК-д 100 га, “П” ХХК-д 100 га газрыг тус тус “ойжуулалт хийх” зориулалтаар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн 0230153, 0230152 дугаартай гэрчилгээг олгож, газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан нь “П” ХХК-тай 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, “Жасыл бах” ХХК-тай 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдөр тус тус газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш тооцон үзвэл 9 жил өнгөрсөн байна.

Энэ хугацаанд Өлгий сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаар захирамжаар дээрх газар эзэмшүүлсэн захирамж, эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож байсан. Улмаар нэхэмжлэгчид шүүхэд маргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 195 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сэргээсэн байна.

Мөн Өлгий сумын Засаг даргаас 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 178 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэх шийдвэрийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болгосноор нэхэмжлэгчид мөн шүүхэд хандаж, энэхүү маргаан нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

3 дахь удаад хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 104 дүгээр захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчдэд газар эзэмшүүлсэн 2010 оны 143 дугаар захирамжийг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгосон байна. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан байх бөгөөд энэ хэргийн тухайд а/ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, б/ тухайн газраа 2 жил дараалан ашигласан эсэх гэсэн нөхцөлийг зайлшгүй шалгах шаардлагатай байна.

Хугацааны тухайд  авч үзвэл нэхэмжлэгчийн зүгээс Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 244 дүгээр тогтоол гарснаас хойш 2 жил 6 сарын хугацаанд тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгох ба маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихэд тухайн газар эзэмшигчдээс үл хамаарах дээрх нөхцөл байдлууд ...” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх  нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч “Ж.Б” ХХК-ийн өмгөөлөгч А.Бын гаргасан тайлбарт дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлийн тухайд : Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй.” гэж заажээ.

Дээрх заалтаас үзэхэд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” эсэх нь ач холбогдолтой байна.

            Өмгөөлөгч А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, улмаар хөрсний дээж авч, дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн гэж тайлбарлажээ.

 Анхан шатны шүүхээс шинжээч томилсон нь нэхэмжлэгч “Жасыл бах” ХХК-ийн “шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс үүдэлтэй.  Хүсэлт гаргасан нэхэмжлэгч нь тухайн үед шинжээчийн дүгнэлтийн талаар болон шинжилгээ хийсэн тухайд гомдол гаргаагүй, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байна. Гагцхүү шинжээчийн дүгнэлт нэхэмжлэгчийн эсрэг агуулгатай гарсан тул түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд нотлох баримтын шаардлага хангаагүй, журам зөрчиж олж авсан нотлох баримт гэж тайлбарлаж байна. 

Шүүх дан ганц энэхүү нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй бөгөөд энэхүү нотлох баримтыг “хуульд заасан журам, арга хэрэгслээр олж аваагүй” гэж үзсэн ч /өмгөөлөгчийн тайлбарлаж байгаачлан/ бусад нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, дан ганц уг баримт шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх боломжгүй.

Нэр бүхий гэрч асуухад нэхэмжлэгчийг байлцуулаагүй гэж өмгөөлөгч тайлбартаа дурджээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлж гэрчээс мэдүүлэг авчээ. Нөгөө талаар гэрчээс мэдүүлэг авахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан журмыг баримталж мэдүүлэг авсан байгаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь өөрөө хүсвэл гэрчээс мэдүүлэг авахад байлцах боломжтой бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү эрхийг зөрчсөн саад учруулсан үйлдэл гаргаагүй байна. Харин гэрч асуух бүртээ заавал нэхэмжлэгчийг байлцуулах ёстой, заавал түүнд мэдэгдэх хуудсаар мэдэгдэх ёстой хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлгийг хуурамч, худал гэрчилсэн гэж үзэж байгаа бол нотлох баримтыг шалгуулах буюу хасуулахаар хүсэлтээ гаргах эрхтэй байсан гэж үзэв.

Мөн тайлбарт “...20.1.2-т заасан нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ...” гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүхэлдээ нэхэмжлэгчийн эрхийг талаар заасан бөгөөд энэхүү эрхээ эдлэх, хэргийн материалтай танилцах эсэх нь тухайн этгээдийн өөрийн хүсэл зоригоос хамаарч хэрэгжих учиртай.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон өмгөөлөгчийн тайлбарт хэн нэгэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан хэргээ нуугаад танилцуулаагүй, саад учруулсан тухай дурдаагүй байх тул өөрийн хүсэл зоригоо хэрэгжүүлээгүй, эрхээ эдлээгүй хэргийн оролцогчийн өмнөөс шүүхийг буруутгах боломжгүй.

Үзлэгийн тэмдэглэлийн тухайд мөн өмгөөлөгч тайлбартаа дурдаж, үзлэг хийхдээ оролцуулаагүй гэсэн нь хэргийн 2 дугаарт хавтас, 172 дахь талд үзлэгийн тэмдэглэл гэсэн баримт байхгүй тул үзлэг хийх тухай нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэсэн нь үндэслэлгүй.

Харин өмгөөлөгчийн тайлбарт дурдсан хэргийн 2 дугаар 175 дахь талд Үзлэгийн тэмдэглэл авагдсан байх бөгөөд хэргийн оролцогчдод мэдэгдсэн баримт авагдаагүй байна. Энэхүү үзлэгээр зөвхөн “Жасыл бах” ХХК-ийн тухайн газарт байрлаж манаачийн байр гэх барилгыг хэмжсэн байна. 

Энэхүү байр нь маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө 2012 оны 12 дугаар сард байсан  болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь өмнө нь гаргаж өгч байсан фото зургаар тогтоогдож байна. Маргаан бүхий акт 2017 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай захирамж бөгөөд 2012 оны 12 дугаар сар гэхэд тухайн газарт байсан манаачийн байр дээр очиж үзлэг хийж хэмжсэн нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэр гарахад нөлөөлөхөөр байсан гэж үзэх боломжгүй.

Мөн үзлэг хийхдээ хэргийн оролцогч бус этгээдийг байлцуулсан гэж өмгөөлөгчийн тайлбарт дурджээ. Шүүхээс үзлэгийг хаалттай хийнэ, зөвхөн хэргийн оролцогчийг оролцуулна зэргээр хуулиар хязгаарлаагүй байна.

Иймд үзлэг хийхэд хэргийн оролцогчдоос гадна өөр этгээд байсан явдал нь тухайн үзлэгийг үгүйсгэх үр дагаварт хүрэхээргүй байна.  Энгийн жишээгээр авч үзвэл гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлсэнтэй холбоотой маргаан дээр тухайн газарт үзлэг хийхэд нэхэмжлэгч иргэнээс гадна гэр бүлийн гишүүд /хүүхдүүд нь/ тухайн газар дээр /гэртээ эсхүл хашаандаа/ байсан явдал нь уг үзлэгийг үгүйсгэх үр дагаварт хүргэхгүйтэй адил ойлголт юм.

Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, тухайн газраа 2 жил дараалан ашигласан эсэх тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэмж тайлбарлахад газрыг 60 жилээр эзэмшүүлсэн явдлыг ойжуулалтаа 60 дахь жилдээ хийхэд болно, эсхүл 60 жилийн турш ойжуулалтаа хийнэ гэж тайлбарлах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2019/0054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчдийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР