Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0492

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0451 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хүний эрхийн Үндэсний комисст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0451 дүгээр шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 16 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Б.Б-ийн гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хүний эрхийн Үндэсний комисст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2001 онд Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан бөгөөд Комиссын гишүүнийг Улсын Их Хурлаас 6 жилийн хугацаагаар томилдог. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах зарчмыг үйл ажиллагаандаа баримталдаг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримтална" мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт “Аливаа аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэж тус тус зааж, хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулах эрхийг комиссын гишүүнд хуулиар олгосон.

Комиссын гишүүн нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар шийдвэрлэдэг бөгөөд иргэн Б.Б-ийн Комисст хандаж ирүүлсэн гомдлыг Комиссын гишүүн Н.Г хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд мөн Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт шилжүүлж шийдвэрлэсэн байдаг.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасан тул Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж нь дээрх хуульд зааснаар “тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр” биш бөгөөд захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Хүний эрх зөрчигдсөнтэй холбоотой бүх асуудлыг харьяалан шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухайн гомдлыг харьяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлдэг.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн Б.Б-ийн гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисст даалгасугай гэж шийдвэрлэсэн нь комиссын гишүүний хуулиар баталгаажсан бүрэн эрхийн хүрээнд хараат бусаар үйл ажиллагаа явуулахад халдсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0451 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Хүний эрхийн Үндэсний комисст холбогдуулан “иргэн Б.Б миний гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг Хүний эрхийн Үндэсний комисст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад Э.А нарт холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комисст “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад Э.А нь гомдлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хуулиар олгогдсон эрх зөрчигдсөнийг тогтоолгох”-оор гомдол гаргасан байна.

Улмаар Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/572 дугаар албан бичгээр дээрх гомдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад харьяаллын дагуу шилжүүлсэн байх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ХЭГ/2673 дугаар албан бичгээр гомдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-д хүргүүлжээ.

Нэхэмжлэгч Б.Б-ээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...Хүний эрхийн Үндэсний комисс нь миний гомдлыг хуульд зааснаар шийдвэрлээгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн, хариуцагч захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг Хүний эрхийн Үндэсний комисст даалгах” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө тодорхой тусгахаас гадна биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй байгаа тохиолдолд шүүхээс үүнийг тодруулах үүрэгтэй.

Мөн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгчээс хариуцагч Хүний эрхийн Үндэсний комисс түүний гаргасан гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэн уг гомдлыг шийдвэрлүүлэхийг даалгахыг хүссэн эсэх, эсхүл гомдлыг хууль бус үндэслэлээр шилжүүлж, гомдлын дагуу шалгалт явуулаагүй эс үйлдэхүй, татгалзал гаргасан эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх “...Б.Б-ийн гаргасан гомдол нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Комиссын гишүүн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаарх гомдлыг хүлээн авахгүй” гэж зааснаар хүлээн авахаас татгалзах, шилжүүлэх үндэслэл байхгүй байна. Хариуцагч гомдол хүлээн авахтай холбоотой харилцаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан эрхийг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь комиссын гишүүн эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаархи гомдлыг харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхээс бусдаар гомдлыг хянан үзэх, хүлээн авахаас татгалзах, эрхээ сэргээлгэх талаар эрх үүргийг нь тайлбарлах зэрэг үүрэгтэй” гэж дүгнэн, Б.Б-ийн гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хүний эрхийн Үндэсний комисст даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүй, маргаж буй үндэслэлийг тал бүрээс нь судлалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0451 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН