Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 23 өдөр         Дугаар 128/ШШ2019/0451            Улаанбаатар хот

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг   шүүгч Д.Чанцaалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б, 

Хариуцагч: ХЭҮК

Нэхэмжлэлийн шаардлага: “иргэн Б.Б миний гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол улсын ХЭҮКын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг ХЭҮКт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би “Б” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 2013 онд С сургуулийн өргөтгөлийн барилгыг барьсан. Гэвч С сургуулийн зүгээс гэрээний үүргээ удаа дараа зөрчиж манай компанийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр барилгын талбайгаас хөөсөн. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлын хөлсний үлдэгдэл болох мөнгөө нэхэмжилсэн. Энэ үед иргэн Б.Б надад эрүүгийн 3 хэрэг үүсгэн яллагчаар татан шалгуулсан. Намайг болон манай компанийг чанар муутай барилга барьсан гэж эрүүгийн хэрэг үүсгэн ялласан. Яг тэр үед Нийслэлийн хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга н.Э тэргүүтэй албан хаагчид улсын комисст хууль бусаар ажиллан нөгөө чанар муутай гэж дүгнэсэн дээрх барилгыг авсан байдаг. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга В.Б болон Нийслэлийн хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга н.А нарт  удаа дараа гомдол гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтыг зөрчиж миний гомдлыг удаа дараа шилжүүлсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн учраас би ХЭҮКт гомдол гаргасан. Гэвч ХЭҮК миний гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шалган шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн. ХЭҮК хуулийн хүрээнд шалган шийдвэрлэж эрх зүйн акт гаргах ёстой. Хүний эрх зөрчигдсөн гэж үзвэл шаардлага гаргадаг. Энэ шаардлага нь акт хэлбэрээр гардаг. Захиргааны акт гадагш чиглэсэн, аливаа нэг тохиолдлыг зохицуулсан, захирамжилсан шинжтэй байдаг. ХЭҮКоос гаргаж байгаа шаардлага нь захиргааны акт юм. ХЭҮК акт гаргахгүй эс үйлдэхүй гаргасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газар миний гомдлыг холбогдогч этгээд буюу Нийслэлийн Засаг даргад дахин шилжүүлсэн нь иргэн надад Үндсэн хуулиар олгосон эрхийг дахин зөрчиж байгаа явдал юм. Иймд ХЭҮКын захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХЭҮКын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг ХЭҮКт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 Хоёр.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Иргэн Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/57* дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож,  иргэн миний Үндсэн хуулиар олгосон эрх зөрчигдсөн эсэх талаар ХЭҮК ХЭҮКын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг ХЭҮКт даалгах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. ХЭҮКоос тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэн Б.Б ХЭҮКт удаа дараа гомдол гаргаж байсан. Тухайлбал, иргэн Б.Б өлсгөлөн зарлаж байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга уг өлсгөлөнг хүчээр зогсоосон зэрэг агуулга бүхий гомдлууд гаргаж байсан. Нийслэлийн Засаг дарга В.Б болон холбогдох албан тушаалтнууд иргэн Б.Бээс гаргасан өргөдөл, гомдлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй байна гэсэн гомдлуудыг ХЭҮКт гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор ХЭҮКоос Нийслэлийн Засаг дарга болон Цагдаагийн ерөнхий газарт шаардлага хүргүүлж байсан. Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн байна гэж үзэн ХЭҮК холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байсан. Харин Нийслэлийн Засаг дарга болон бусад албан тушаалтнууд нь иргэн Б.Бийн гомдлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүй байна гэсэн гомдлыг ХЭҮК харьяалалын дагуу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад шилжүүлэн шийдвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргад гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлээгүй тухай гомдлыг иргэн Б.Бээс ирүүлсэн. Уг гомдолд дурдсан асуудал нь ХЭҮКын харьяалан шийдвэрлэх асуудал биш байсан учраас комиссын гишүүний 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/57* дугаартай албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Зт шилжүүлсэн. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдлын талаархи шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэй.Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, мөн хуулийн 19 дүгээр зүйлд 19.1-д “Төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тухайн байгууллагын эрх баригч болон эрх бүхий албан тушаалтан хяналт тавина” 19.2-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хүлээнэ” гэж тус тус заасны дагуу иргэн Б.Бийн гаргасан гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлсэн. Монгол улсын ХЭҮКын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримтална” гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж заасан байдаг бөгөөд энэ байгууллагад ХЭҮК хамаардаггүй бөгөөд захирамжилсан шийдвэр гаргадаг байгууллага биш. Өөрөөр хэлбэл, комиссын гишүүний хуулиар олгогдсон гомдол шийдвэрлэлтэй холбоотой хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь захирамжилсан шинжгүй, эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэдэггүй шийдвэр байдаг. Тийм учраас ХЭҮКын гишүүний 2018 оны 2/57* дугаар албан бичиг нь захиргааны акт биш учир иргэн Б.Бээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “иргэн Б.Б миний гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол улсын ХЭҮКын тухай хуульд заасны дагуу шалгалт хийхийг ХЭҮКт даалгуулах ” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч анх ХЭҮКт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А нарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “...2013 оны 5 дугаар сарын 17-нд С сургуулийн өргөтгөлийн барилгын зөвшөөрлийг манай Б ХХК-ийн нэр дээр гаргасан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 25 хүртэл барилгын ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсэн байтал С сургуулийн зүгээс гэрээг цуцлан хөөж явуулсан. Гэвч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 10 сарын дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э, инженер Ж.М нар манай компанийн нэр дээр хууль бусаар сунгасан. Үүнийг 2017оны 9 дугаар сарын 11-ний өдөр хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч тус гомдлыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэн хууль зөрчөөгүй гэж хариу өгсөн тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-д заасан эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыг гаргажээ.

Үүний дагуу ХЭҮКын гишүүн Н.Г 2018 оны 11 дүгээр  сарын 07-ны өдрийн 2/57* дугаар албан бичгээр “...харьяаллын дагуу шилжүүлэн шийдвэрлүүлэх...”-ээр гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.З-д шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс “...миний гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэлгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, ...захиргааны акт гаргаагүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...тус гомдол нь комиссын харьяалан шийдвэрлэх асуудал биш, ...иргэн Б.Бийн гомдлыг харьяаллын дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй,... комисс нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага биш...” гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.4-д “нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон, албан тушаалтныг захиргааны байгууллага гэнэ”, Монгол Улсын ХЭҮКын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Монгол Улсын ХЭҮК (цаашид Комисс гэх)-ын үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тодорхойлж, түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн хуулийн зорилт, 3 дугаар зүйлийн 3.1-т “Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих байгууллага мөн” гэсэн зарчим, 13 дугаар зүйлийн 13.1.1-т “Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар санал гаргах”, 13.1.2-д “хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах” гэсэн комиссын эрхээс үзвэл Монгол Улсын ХЭҮКыг захиргааны байгууллага гэж үзнэ.

Нэхэмжлэгч Монгол улсын Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрх нь зөрчигдсөн байхад гомдлыг шийдвэрлээгүй гэж хариуцагчийг буруутгаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын ХЭҮКын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “ Монгол Улсын Үндсэн хуулиар... баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь ... албан тушаалтан зөрчсөн гэж үзвэл....иргэн... комисст гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар үндэслэлтэй байна.

            Мөн иргэн Б.Бийн гаргасан гомдол нь Монгол Улсын ХЭҮКын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “ Комиссын гишүүн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэний хэрэг, маргааны талаархи гомдлыг хүлээн авахгүй” гэж зааснаар хүлээн авахаас татгалзах, шилжүүлэх үндэслэл байхгүй байна.

Хариуцагч гомдол хүлээн авахтай холбоотой харилцаанд Монгол Улсын ХЭҮКын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан эрхийг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь комиссын гишүүн эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааны талаархи гомдлыг харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхээс бусдаар гомдлыг хянан үзэх, хүлээн авахаас татгалзах,  эрхээ сэргээлгэх талаар эрх үүргийг нь тайлбарлах зэрэг үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргад гаргасан гомдлыг “...гомдолд холбогдогч этгээдэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн...” гэж маргаж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-аас үзвэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Б.Бээс ирүүлсэн “барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 6 хуудас  гомдлыг бүртгэж,  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Засаг дарга С.Б Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Ат, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Э.Ааас хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяад, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Т.Эс барилгын хяналтын инженер Ж.Мд шилжүүлж шийдвэрлэснээс үзвэл дээрх гомдол үндэслэлтэй, энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно” гэсэн өргөдөл гомдлыг хүлээн авах бүртгэх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг тогтоож, ХЭҮКыг Монгол Улсын ХЭҮКын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, ХЭҮКын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 16 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Б.Бийн гаргасан гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ХЭҮКын тухай хуульд заасан дагуу шийдвэрлэхийг ХЭҮКт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                            ШҮҮГЧ                    Д.ЧАНЦАЛНЯМ