Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/0025

 

Ё.А-гийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга,

Нийслэлийн Газар зохион байгуулалтын

 алба, Хот байгуулал, хөгжлийн газарт

тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                Г.Банзрагч

Шүүгчид:                                  Д.Батбаатар

    Х.Батсүрэн

    Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:     Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2023/0656 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.У, А.И, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Л.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нар оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 11 хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах,

- Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч Ё.А-гийн эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох,

- Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмших эрх олгосон газраас Ё.А-гийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах,

- Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн бие даасан шаардлага: ... Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж "Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар иргэн Ё.А-д Баянгол дүүргийн 11 хороо, Л.Энэбишийн өргөн чөлөөнд, 2000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

- Газар зохион байгуулалтын албанаас “захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 630 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн, уг газар нь таны эзэмшил газартай давхцаж байх тул танай газрын хэмжээг багасгаж, 1416 м.кв болгоно” гэжээ.

- Нэхэмжлэгч Ё.А-д Нийслэлийн Засаг даргын 2002 оны 120 дугаар захирамжаар 540 м.кв газрыг эзэмшүүлж, дараа нь түүний хүсэлтээр 2003 онд газрын хэмжээг нэмэгдүүлж, 860 м.кв, 2010 онд 1416 м.кв болгож байсан бол гуравдагч этгээд “Э” ХХК-д 1999 оны А/152 дугаар захирамжаар 5700 м.кв, 2004 оны 226 дугаар захирамжаар 8643 м.кв, 2007 оны 63 дугаар захирамжаар 4643 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчээс “... Э” ХХК-ийн 1999 оны 5696 м.кв газар нь миний эзэмшлийн 2000 м.кв газраас өөр газарт байршилтай байсан, 2004 онд 8643 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо 2001 оноос бодитоор эзэмшиж ашиглаж байсан газартай давхцуулсан нь миний эрх ашгийг зөрчиж байна, “Э” ХХК дээрх 8643 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, ямар материал хүсэлтийг үндэслэж энэ газрыг эзэмшүүлсэн талаарх баримт байхгүй, би газар эзэмших хүсэлтээ түрүүлж гаргасан, 2007 онд “Э” ХХК-ийн 8643 м.кв газрыг 2 хувааж, 4000 м.кв газрыг “МТ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, үлдсэн 4643 м.кв газрын 666 м.кв нь урд хэсэгт, 3977 м.кв нь хойд хэсэгт байрлалтай “МТ” ХХК-ийн 4000 м.кв газраар тусгаарлагдсан нэг байршил биш 2 байршилд 2 газар байгаа, Гэтэл нэг гэрчилгээтэй 2 нэгж талбарын дугаартай байгаа нь хууль зөрчсөн, 2004 онд давхцуулан олгосон шийдвэрийн талаар мэдэгдээгүй” гэж,

4.Хариуцагчаас “... Газрын мэдээллийн сан 2003-2006 оны хооронд үүссэн, 1999 онд шугамдаж зурдаг байсан учраас энэ шугам нь энд байна гэж тогтооход бэрх байсан, 2015 онд А/07 дугаар захирамжаар нэхэмжлэгчид нэмж эзэмшүүлсэн Баянгол дүүргийн 11 хороонд байрлах газрыг өмнө нь “Э” ХХК эзэмшиж байсан, 2014 онд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж, шүүхийн шийдвэрийн дагуу “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхэд нэхэмжлэгчид 2015 оны А/07 дугаар захирамжаар олгосон 2000 м.кв газартай давхацсан тул давхацсан хэсгийг хасах болсон” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... 2015 онд Ё.А-д газар олгохдоо манай компанийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эзэмшиж байгаа газартай давхцуулан олгосон, газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ хээрийн болон суурин судалгаа хийж, бодит байдлыг тогтоогоогүй, газрын орц гарцыг хааж байна” тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.нэхэмжлэгч нь 2001 онд тус газрыг хашаалсан, уг хашаалсан газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Нийслэлийн Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн байгаа дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй.

6.2.“Э” ХХК-ийн 1999 оны А/152 дугаар захирамжаар эзэмшиж байсан 5700 м.кв газрын кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 22/18 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд 2004 онд гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхацсан эсэхийг нягтлан шалгаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны буруутай үйлдлүүд тогтоогдож байна.

6.3.маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн 4643 м.кв газрын кадастрын зураг нь 2 тусдаа хуваагдсан буюу 2 зурагтай байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж заасныг зөрчсөн байна.

6.4.2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК-д олгосон 4643 м.кв газрын 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан газрын хугацаа дууссан байхад Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/455 дугаар захирамжаар хүчингүй болгосон, уг захирамжийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгогдсон газар эзэмших эрхийг сэргээсэн хэдий ч нэгэнт хугацаа дууссан байхад шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй, мөн уг бие даасан шаардлагатай холбоотой гаргасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглээгүй байна.

6.5.Өөрөөр хэлбэл хугацаа дууссан газрын эзэмших эрхийг сэргээх, улмаар гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй тул нэхэмжлэгчийн газартай давхцалгүй ашиглаж байгаа газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн. Үүнд:

7.1.нэхэмжлэгчээс 2001 онд 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан тойм зураг, уг хүсэлтийн дагуу 540 м.кв газрыг эзэмшүүлснээс хойш үлдэх газрыг эзэмшүүлээгүйтэй холбоотой гомдол гаргаж байсан эсэх талаар баримтыг цуглуулаагүйгээс тухайн үед нэхэмжлэгч нь хаана байршилтай 5000 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан, уг газарт одоо маргаж буй 2 хэсэг 174 м.кв, 226 м.кв газрууд хамаарч байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, нэхэмжлэгчийн 2001 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа “Э” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

7.2.нэхэмжлэгч Ё.А нь шугам, сүлжээнд хамаарах хэсгийг бусдад олгосныг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн, улмаар 2015 онд тухайн газрыг (инженерийн шугам сүлжээтэй хэсэг) ямар үндэслэлээр олгосон зэрэг нь тодорхойгүй байхад энэ талаар эрх бүхий этгээдээс тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулан шугам сүлжээ, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарах маргаан бүхий 226 м.кв газрыг хэн алинд нь эзэмшүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

7.3.Түүнчлэн маргаж буй 174 м.кв газрын тухайд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхацсан тул зөрчигдөөгүй гэж үзэж, гуравдагч этгээдийн газар эзэмшүүлсэн захирамжийг нь хүчингүй болгохоор дүгнэсэн нь нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын үндэслэлтэй хамааралгүй байхад тус шаардлагад тусад нь дүгнэлт хийгээгүй байна.

8.Нэхэмжлэгч Ё.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан гуравдагч этгээд “Э” ХХК-д газар эзэмшүүлэхдээ ямар баримт, хүсэлтийг үндэслэж газрын хэмжээг нь нэмэгдүүлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч Ё.А миний бие газар эзэмших хүсэлт гаргахаар шийдвэрлэж өгдөггүй атлаа “Э” ХХК хүсэлт гаргаагүй байхад эзэмшил газрын талбайг нэмэгдүүлээд байдаг нь ойлгомжгүй хууль тэгш бус үйлчиллээ.

8.2.“Э” ХХК өөрийн эзэмшлийн 5700 мкв газрын хэмжээг нэмэгдүүлэх талаар хүсэлт, баримт Нийслэлийн газрын алба, нийслэлийн Засаг даргад огт гаргаагүй, хүсэлт гаргаж байсан эсэх талаарх баримт огт байхгүй, гуравдагч этгээдээс анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлаж чадаагүй.

8.3.Газрын тухай хуульд заасан эзэмшүүлэх урьдач нөхцөл, шаардлагыг хангаагүй байхад “Э” ХХК-д газар эзэмшүүлсэн тул тухайн газрыг хүчингүй болгох үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 7, 8 дугаар хэсэгт үндэслэл бүхий бодит нөхцөлд тохирсон зөв дүгнэлтийг хийсэн.

8.4.Бодит байдал дээр маргаан бүхий газрыг “Э” ХХК өмнө нь огт ашиглаж байгаагүй, анхны кадастрын зургийн эргэлтийн цэгийн байршил өөрчлөгдсөн зэрэг эргэлзээтэй асуудлуудад нотлох баримт байхгүй, гуравдагч этгээдээс тайлбарлаж чадахгүй зэргээс тодорхой харагдана. Гэвч давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж зөвхөн гуравдагч этгээдэд ашигтай байдлаар өнгөц дүгнэлтийг хийж, маргааны үндэслэл, бодит нөхцөлд тохирсон дүгнэлтийг хийгээгүй.

8.5.Нэхэмжлэгч миний хувьд шугам сүлжээнд хамаарах хэсгийг бусдад олгосныг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт маргаагүй, хэргийг оролцогчид нь энэ үндэслэлээр мараагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнээс хэтэрсэн хийсвэр дүгнэлт хийсэн.

8.6.Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий 226 м.кв газар “Э” ХХК-ийн шугам сүлжээ байгаа гэж илт худал тайлбар гаргаж, түүнийг нь үндэслэж давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаад гомдолтой байна.

8.7.Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, хэрэгт байгаа баримтыг байхгүй мэтээр дүгнэсэн гэжээ.

9.Хариуцагч нараас болон гуравдагч этгээдээс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.  

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж тус тус заасан, энэ хэргийн тухайд давж заалдах шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, бүхэлд нь дүгнэх боломжтой, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байжээ.

12.Тухайлбал, давж заалдах шатны шүүхийн “... нэхэмжлэгчээс 2001 онд 5000 м.кв газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан тойм зураг, уг хүсэлтийн дагуу 540 м.кв газрыг эзэмшүүлснээс хойш үлдэх газрыг эзэмшүүлээгүйтэй холбоотой гомдол гаргаж байсан эсэх талаар баримтыг цуглуулаагүйгээс тухайн үед нэхэмжлэгч нь хаана байршилтай 5000 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан, уг газарт одоо маргаж буй 2 хэсэг 174 м.кв, 226 м.кв газрууд хамаарч байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, нэхэмжлэгчийн 2001 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа “Э” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй” гэх дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл биш байна.

13.Учир нь, захиргааны байгууллагаас 2001 онд гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ түүний хүссэн хэмжээгээр биш, харин 540 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлсэн, хэрэв нэхэмжлэгч үлдэх газрыг эзэмших хүсэлтэй байсан бол тухайн үедээ маргах боломжтой байсан ч маргаагүй, харин одоо 22 жилийн дараа маргаж байгаа энэ тохиолдолд тухайн 2 хэсэг (174 м.кв, 226 м.кв) газрууд нь нэхэмжлэгчийн анх гаргаж байсан хүсэлтэд хамаарч байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм.

14.Мөн “нэхэмжлэгч Ё.А нь шугам, сүлжээнд хамаарах хэсгийг бусдад олгосныг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн, улмаар 2015 онд тухайн газрыг (инженерийн шугам сүлжээтэй хэсэг) ямар үндэслэлээр олгосон зэрэг нь тодорхойгүй байхад энэ талаар эрх бүхий этгээдээс тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулан шугам сүлжээ, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарах маргаан бүхий 226 м.кв газрыг хэн алинд нь эзэмшүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна” гэх дүгнэлтийн тухайд: хэрэгт авагдсан бусад баримтууд болох шинжээчийн дүгнэлт, хаяг байршлын зураг, Хот байгуулалт хөгжлийн газрын албан бичиг, инженерийн шугам сүлжээний мэдээлэл зэргийг үндэслэн тухайн асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой тул, энэ талаар Ё.А гомдол гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад шууд нөлөөлөхгүй.

15.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 175 дугаар тогтоолоор Т.Ж-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт холбогдох, гуравдагч этгээд Ё.А-гийн бие даасан шаардлагатай, захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “... иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлж, ашиглуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байжээ.

16.Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам зөрчсөн, газар эзэмших эрх үндэслэлгүй олгосон” гэсэн үндэслэлээр Ё.А-д “Энх-Өргөө цэцэрлэгийн зүүн талд тоглоомын талбайн зориулалтаар 105 м.кв газар олгосныг хүчингүй болгож шийдвэрлэсэн, хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмын дагуу захиргаа нь “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй” үндэслэлээр бусдад олгосон газраа цуцалсан бол өөр этгээдэд олгох үндэслэлгүй тул уг шүүхийн шийдвэр гарснаас хойш бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхээс хамаарч энэхүү маргааны үйл баримтад холбогдуулан эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

17.Мөн “маргаж буй 174 м.кв газрын тухайд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхацсан тул зөрчигдөөгүй гэж үзэж, гуравдагч этгээдийн газар эзэмшүүлсэн захирамжийг нь хүчингүй болгохоор дүгнэсэн нь нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын үндэслэлтэй хамааралгүй байхад тус шаардлагад тусад нь дүгнэлт хийгээгүй, ... энэ талаар холбогдох баримтыг цуглуулж, архитектур төлөвлөлтийн даалгавар нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай” гэх дүгнэлт нь хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүх өөрөө орц гарцын асуудлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд цаг хугацааны дарааллаар дүгнэх боломжтой.

18.Нэхэмжлэгч өөрөө “Ё.А-д олгосон 2016 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар нэгэнт хугацаа нь дуусаж, хүчингүй болсон, барилга барих боломжгүй болсон, барилга хоорондын зай зөрчигдөнө” гэж тайлбарласан тул энэ талаар анхан шатны шүүх заавал дүгнэлт хийх шаардлагагүй, ийнхүү дүгнэлт хийгээгүй нь хэргийн шийдэлд шууд нөлөөлөхөөргүй байна.

19.Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчил арилгуулах” тухай захирамжаар “Гандангийн хойд замын ар талд, Үндэсний их сургуулийн зүүн талд Ё.А-гийн илүү талбай, модон хашаа, контейнерыг буулгаж, явган хүний зам нарийсгасан зөрчлийг арилгахыг даалгаж байсан, энэ талаарх баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь дүгнэх нь зүйтэй.

20.Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий газрын эрх хэнд, хаана эхэлж, хууль журмын дагуу үүссэн, баригдсан барилгын орц гарц хаана байхаар анх төлөвлөгдсөн, түүнийг өөрчилсөн шалтгаан зэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүх зөв дүгнэсэн эсэх, хэрэв шүүхийн дүгнэлтийг буруу буюу дутуу гэж үзвэл өөрөө зөвтгөн дүгнэж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

21.Ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар дүгнэлт өгч маргааныг шийдвэрлээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, иймээс “анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, харин “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байсан” гэх гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2023/0656 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД                                                    Д.БАТБААТАР

                                                                                      Х.БАТСҮРЭН

                                                                                      Ц.ЦОГТ

                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ