Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2023/0656

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А”-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0598 дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч А

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

                    Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар

                    Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд “Э” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

 

Хэргийн индекс: 128/2020/0515/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0598 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан гаргасан нэхэмжлэгч “А”-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч “А”-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмших эрх олгосон газраас “А”-ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Э”-ийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж”

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг баримтлан гуравдагт этгээд “Э” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, Шүүхийн шийдвэрийг биелүүлж “Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж,

3 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 тоот захирамжийн иргэн “А”-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, маргаан бүхий газарт иргэн “А”-ийн нэр дээр батлагдсан 12 давхар барилгын 2016 оны ДТ16/78 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгах” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон” тус тус шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ““А”-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд “Э” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

2.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч А 2001 онд тус газрыг хашаалсан газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа Нийслэлийн Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн байгаа нь дээрх хуульд заасан шаардлагад нийцээгүй" гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ надад олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" 2000 м.кв талбайтай нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар захирамж, 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай захирамж тус тус давхацсан гэсэн үндэслэлээр маргаж, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр буюу 419 м.кв талбайгаар давхцалаа тодорхойлсон. Манай компанийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.2. Энэхүү шүүхийн шийдвэрт маргалдагч талууд хэн аль нь гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт 110.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 110.1.1-д “энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 630 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба уг шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “А”-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.4-т заасан үндэслэлүүдээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШТ2021/0013 дугаар тогтоолоор “...шүүхийн шийдвэр гарсан тухайн цаг хугацаанд газар эзэмших эрх үүсээгүй байсан “А”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй” дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Гэтэл хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 0013 дугаартай тогтоолоор “Э” ХХК-д газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь цаг хугацааны хувьд “А”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хөндөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэйгээс гадна, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байтал шүүхээс хийсвэрлэсэн дүгнэлт хийж 2001 онд анх хашаалсан газар, мөн 5000 м.кв талбайтай газар эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газрыг 2001 онд анх хашаалж байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 128/Ш32021/3371 тоот захирамжийн захирамжлах хэсгийн 5.2-т “нэхэмжлэгч “А”-г маргаан бүхий 2001 оноос эхлэн хашаалсан байна” гэж шууд үзэж шинжээчид асуулт тулгасан нь үндэслэлгүй байгаа ба шүүх хэт нэг талыг барьж шинжээчид бие даан ажиллах боломж, бололцоо олгоогүй асуудал болжээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын  дугаар захирамжаар нэхэмжлэгч “А”-д анх 540 м.кв талбайг эзэмшүүлсэн талаараа маргаан бүхийн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д дурдсан байх 2002 оны 03 дугаар 27-ны өдрийн 120 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А”-д анх 540 м.кв талбайг эзэмшүүлсэн талаараа маргаан бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д дурдсан байх ба анхан шатны шүүхээс газар эзэмших талбайгаа хууль бусаар хашаалсан /“Э” ХХК-ийн газар эзэмших эрхийн талбайтай давхцуулан хашаалсан/ нэхэмжлэгчид шууд газар эзэмших эрх үүссэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэж дүгнэж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 8.1.9-д “газар эзэмших, ашиглах эрхийн”. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна” гэж тус тус заасан байна.

2.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/-ын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Газрын албанаас улсын бүртгэлд бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр тухайн этгээдийг газар эзэмших эрх үүссэн гэж үзэх ба хууль бусаар хашаалсан асуудалд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм.

2.4. Мөн нэхэмжлэгч “А”-аас 5000 м.кв талбайд газар эзэмших хүсэлтээ гаргасан, түүнийг шийдвэрлээгүй атлаа “Э” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 226 дугаар захирамжаар 8643 м.кв газрыг олгосон нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт “А”-ийн газар эзэмших хүсэлт гаргасан 5000 м.кв талбайг 8643 м.кв талбайтай давхцуулсан баримт байхгүйн дээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар олгогдсон газартай давхцалтай, уг давхцалтай хэсгийг хүчингүй болгуулахаар гаргаж буй маргааны үйл баримт, нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальсан шийдвэр болжээ.

2.5. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс 5000 м.кв талбайд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр дээр огт маргаагүй ба уг хүсэлтийг гаргаад асар их цаг хугацаа өнгөрсөн /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжаар 860 м.кв, 2010 оны 783 дугаар захирамжаар 1416 м.кв, 2015 оны А/07 дугаар захирамжаар 2000 м.кв талбайг эзэмшиж байснаас үзэхэд тухайн харилцааг нэхэмжлэгч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн хангалттай үндэслэлийг бий болгожээ. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн давхцал үүссэн нь “А”-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/07 дугаар захирамжаар 2000 м.кв талбайд газар эзэмших эрх олгосонтой шууд холбоотой бөгөөд түүнээс өмнө газрын давхцалгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хэлэлцсэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оноос өмнө газрын давхцал үүсээгүй талаараа хэлсэн зэргээр тодорхой нотлогдсоор байтал түүнээс өмнөх цаг хугацаанд хамаарах манай компанид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 226 тоот захирамж, 2007 оны 63 тоот захирамжийг шүүх хууль бус гэж дүгнэж байгаад нь гомдолтой байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад манай компанид газар эзэмших эрх олгосон дээрх захирамжуудыг нэхэмжлэгчийн зүгээс мэдэж байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаараа дурдаж тэр ч утгаараа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, энэ захирамжуудтай холбоотойгоор урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй талаар хэлж байсан ба шүүх шийдвэр гаргахдаа илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж гуравдагч этгээдийн талаас үзэж байна.

2.6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан захиргааны актуудыг Нэхэмжлэгч мэдэж байсан атлаа гомдол гаргах, нэхэмжлэл гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн талаар гуравдагч этгээдийн зүгээс маргасан ч энэ талаар шүүхийн шийдвэрт дүгнээгүй байна.

2.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-д “...2007 оны 63 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд олгогдсон газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын сэргээсэн хэдий ч нэгэнт хугацаа дууссан байхад шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэх боломжгүй...”, 21-д “...нэгэн нэхэмжлэгч “А”-ийн 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн тул бие даасан шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй" гэжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан. Хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэрийг үгүйсгэх байдлаар, тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байдлаар дүгнэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх бөгөөд манай компанийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэх замаар гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх захирамж, хариуцагчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэргийг үгүйсгэх замаар бие даасан шаардлагад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШТ2021/0013 дугаар тогтоолоор “А”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй талаар хангалттай тогтоож өгсөөр байтал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэж байгаа нь маргаан бүхий шүүхийн шийдвэр энэ тогтоолтой харшилдах үндэслэл болж байгаа ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, захирамжид дахин дахин дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр бие даасан шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүйг гуравдагч этгээдээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн газар эзэмших эрхтэй давхцуулан “А”-ийн нэр дээр олгогдсон 2016 оны ДТ16/78 тоот архитектур даалгаврын талаар дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна.

2.8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0598 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл, тэдгээрийн зөрчигдсөн гэж үзсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт өгөөгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “А”аас “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар “Э” ХХК-д сургалт, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 4643 м.кв газраас нэхэмжлэгч “А”-ийн эзэмшиж байгаа газартай давхацсан хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 226 дугаар захирамжаар “Э” ХХК-д эзэмших эрх олгосон газраас “А”ийн эзэмших эрх бүхий газартай давхацсан хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Э”-ийн өргөн чөлөө, 16 тоот хаягт байрлах 2000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэх, гэрээ байгуулахаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02-06/786 тоот албан бичгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага гаргасан.

2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч “А” 2001 онд тус газрыг хашаалсан, уг хашаалсан газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс анх газар эзэмших хүсэлт гаргахдаа 0,5 га буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа нийслэлийн Засаг даргаас 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 226 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 8643 м.кв газрыг “Э” ХХК-д эзэмшүүлсэн байгаа нь хуульд заасан шаардлагад нийцээгүй...” гэж дүгнэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “... нэхэмжлэгчийн зүгээс 5000 м.кв талбайд газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр дээр огт маргаагүй ба уг хүсэлтийг гаргаад асар их цаг хугацаа өнгөрсөн /хөөн хэлэлцэх хугацаа дууссан/, ... анхан шатны шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэлийн хүрээ хязгаараас хальсан шийдвэр гаргасан ...” гэснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

4. Учир нь хэрэгт нэхэмжлэгч “А”-аас 2001 онд “... ардын уламжлалт ёс жаягийг сэргээх, сургах, өвлүүлэх, сургалтын төвийн байр барихад зориулж 0.5 га газрыг олгож өгнө үү” гэж хүсэлт гаргасан (3-р хавтасны 135 хуудас), нийслэлийн Засаг даргын 2002 оны 120 дугаар захирамжаар нэхэмжлэгчид үйлчилгээтэй орон сууцны барилгыг байрлуулан ашиглах зориулалтаар 0,054 га газрыг 2 жилийн хугацаатайгаар ашиглуулах эрх олгосон, улмаар 2003 онд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу “... үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 0,054 га газрыг эзэмшүүлсэн бөгөөд барилгын ажил дуусаж байгаа тул цэцэг тарих, салхинд суух талбай, машины зогсоол бусад зориулалтаар 0,040 га газрыг нэмж өгнө үү” гэсэн хүсэлт (3-р хавтасны 151 хуудас), 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” захирамжаар 860 м.кв газар эзэмшүүлсэн, улмаар 2007 онд уг газар эзэмших эрхийн хугацааг сунгасан, 2010 онд уг газрын хэмжээг 1416 м.кв болгон нэмэгдүүлсэн зэрэг баримтууд авагджээ.

5. Харин нэхэмжлэгчээс 2001 онд “0,5 га” буюу 5000 м.кв газар эзэмших хүсэлтдээ хавсаргасан тойм зураг, уг хүсэлтийн дагуу 540 м.кв газрыг эзэмшүүлснээс хойш үлдэх газрыг эзэмшүүлээгүйтэй холбоотой гомдол гаргаж байсан эсэх талаар баримтыг цуглуулаагүйгээс тухайн үед нэхэмжлэгч нь хаана байршилтай 5000 м.кв газрыг эзэмших хүсэлт гаргасан, уг газарт одоо маргаж буй 2 хэсэг 174 м.кв, 226 м.кв газрууд хамаарч байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлээ болгон маргаж байгаа эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх энэ талаар тодруулалгүй, нэхэмжлэгчийн 2001 онд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа “Э” ХХК-д давхцуулан эзэмшүүлсэн” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “эрх бүхий төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/-ын газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Газрын албанаас улсын бүртгэлд бүртгэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр тухайн этгээдийг газар эзэмших эрх үүссэн гэж үзэх ба хууль бусаар хашаалсан асуудалд газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй ...” гэжээ. 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг дурдсан атлаа нэхэмжлэгч “А”-ийн барьсан хашаа хэвээрээ байгаа гэсэн үндэслэлээр уг хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлж, “Э” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах, шүүхийн шийдвэрийг биелүүлж "Э” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд даалгах” бие даасан шаардлагыг анхан шатны шүүх “... хугацаа дууссан газрын эзэмших эрхийг сэргээх, улмаар гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй тул нэхэмжлэгчийн газартай давхцалгүй ашиглаж байгаа газраа Газрын тухай хуульд заасан журмын дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

9. Хэрэгт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 630 дугаар шийдвэр гарсны дараа “Э” ХХК-аас 2016 онд шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулахаар хүсэлт гаргаж байсан, мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 5/1779, Нийслэлийн газрын албаны 2019 оны 02-06/786 албан бичгээр шүүхийн шийдвэрээр эрх сэргээсэн газар нь таны эзэмшил газартай давхцаж байх тул талбайн хэмжээг хасаж 1416 м.кв болгож шийдвэрлэхийг мэдэгдье гэж нэхэмжлэгч “А”-д хүргүүлсэн баримтууд авагдсанаас үзвэл гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хүсэлтээ гаргаж байсан, хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчтэй маргаантай гэх шалтгаанаар (4643 м.кв газраас 174 м.кв, 226 м.кв газар нь маргаантай) хүсэлтийг бүхэлд нь шийдвэрлээгүй байхад урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэх үндэслэлгүй. Мөн “... гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа нэгэнт дууссан” гэж хэргийн оролцогчдын маргаагүй нийт газрын тухайд дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

10. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 13 дугаар тогтоолоор “А”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй талаар хангалттай тогтоож өгсөөр байтал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэж байгаа нь маргаан бүхий шүүхийн шийдвэр энэ тогтоолтой харшилдах үндэслэл болж байгаа ба хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол, захирамжид дахин дахин дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр бие даасан шаардлагад хууль зүйн дүгнэлт хийгээгүй ...” гэсэн нь үндэслэлгүй байна.

11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 13 дугаар тогтоолоор “... Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 630 дугаар шийдвэр нь хүсэлт гаргагч “А”-д 2000 м.кв газар эзэмших эрх үүсэхээс өмнөх хугацаанд “Э” ХХК-д үүссэн байсан газар эзэмших эрхтэй хамааралтай байхын зэрэгцээ уг газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2012 оны А/455 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянасан байх тул тухайн цаг хугацаанд газар эзэмших эрх үүсээгүй байсан “А”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэлгүй байсан байна” гэж дурдсан нь энэ хэрэгт хамааралгүй, тухайн шүүхийн шийдвэрээр “Э” ХХК-ийг газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын А/455 дугаар захирамжийг хүчингүй болгосон буюу ямар нэгэн гуравдагч этгээдтэй холбоотой захиргааны актыг хянаагүй байх тул одоо маргаж буй газрын асуудалтай холбоотой “А”-ийн эрх зөрчигдөөгүй гэж тогтоосон гэж үзэхгүй.

12. Гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээс гадна анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Тухайлбал, хэрэгт гуравдагч этгээд “Э” ХХК-аас 2004 онд Нийслэлийн Газрын албанд хандан “... иргэн А нь анх барилга барихдаа манай компанийн газрыг хаахгүйгээр дахин барилга барихгүй гэж хотын ерөнхий менежер “Б”-н өрөөнд 3 талаас уулзан тохиролцсон. Гэтэл тохиролцоог зөрчин ... шинээр барилга барих гэж байх тул манай компанид уг газрыг эзэмшүүлнэ үү” (3-р хавтас, 123 хуудас) гэж хүсэлт гаргаж, улмаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 226 дугаар захирамжаар тус компанийн газрын хэмжээг нэмэгдүүлж 8643 м.кв газрыг эзэмшүүлсэн, үүний дараа 4000 м.кв газрыг “М” ХХК-д 2007 оны 63 дугаар захирамжаар шилжүүлснээр тухайн 226 м.кв газар нь “Э” ХХК-д үлдэх нэгж талбарын хэсэг байх боломжгүй болж тусдаа үлдсэн, уг газрыг ямар зориулалтаар ашиглах нь тодорхойгүй байна.

13. Харин нэхэмжлэгч “А”-аас 2012 онд тухайн 226 м.кв газартай холбогдуулан Нийслэлийн Газрын албанд хандан “... Нийслэлийн Засаг даргын 2007 оны 63 дугаар захирамжаар миний орон сууцны барилгын ус, дулаан, цахилгааны сүлжээн дээр “Э” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон ..., дээрх хууль зөрчсөн үйл ажиллагааг эргэн харж, манай инженерийн болон цахилгаан шугам сүлжээг оролцуулан өгсөн газраас нь хасалт хийж, захирамжийг хүчингүй болгуулах” өргөдөл (1-р хавтас, 80 хуудас), Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны “... “Э” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.6, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан шаардлагыг хангаагүй” гэх дүгнэлт, Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд тусгагдсан инженерийн шугам сүлжээний мэдээлэл (зураглал) зэрэг баримтууд авагдсан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А нь “шугам, сүлжээнд хамаарах хэсгийг бусдад олгосныг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн, улмаар 2015 онд тухайн газрыг (инженерийн шугам сүлжээтэй хэсэг) ямар үндэслэлээр олгосон зэрэг нь тодорхойгүй байхад энэ талаар эрх бүхий этгээдээс тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулан шугам сүлжээ, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарах маргаан бүхий 226 м.кв газрыг хэн алинд нь эзэмшүүлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

14. Түүнчлэн маргаж буй 174 м.кв газрын тухайд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх нь нэхэмжлэгчийн хашаалсан газартай давхацсан тул зөрчигдөөгүй гэж үзэж, гуравдагч этгээдийн газар эзэмшүүлсэн захирамжийг нь хүчингүй болгохоор дүгнэсэн нь “нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын үндэслэлтэй хамааралгүй байхад тус шаардлагад тусад нь дүгнэлт хийгээгүй байна.

 Тухайн бие даасан шаардлагын тухайд зөрчигдсөн эрхээ өөрөөр тайлбарлаж “... Иргэн “А”-д олгосон газар нь олон мянган оюутан, багш, ажилчид, эмнэлгийн гол үүд болох орц гарцыг хааж манай байгууллага болон олон нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа ...” талаар маргасан байхад энэ талаар холбогдох баримтыг цуглуулж архитектур төлөвлөлтийн даалгавар нь Барилгын хууль тогтоомж, холбогдох норм, дүрэм, журамд нийцсэн  эсэх, гуравдагч этгээдийн “орц, гарц хаагдана” гэх бие даасан шаардлагын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагатай. 

15. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн болон бие даасан шаардлага, үндэслэл, зөрчигдсөн гэж үзсэн эрх, ашиг сонирхлыг нь тодруулж, холбогдох тайлбар, баримтыг цуглуулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээд “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

       ШҮҮГЧ                                                                О.ОЮУНГЭРЭЛ

                    ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

                                ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ