Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 268

 

Д.Ариунболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

ялтан Д.Ариунболдын өмгөөлөгч Г.Сүхээ,

насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Базаррагчаа нарын өмгөөлөгч Н.Нарангуа,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ариунболдод холбогдох 201624000792 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Бэсүд овогт Дамдингийн Ариунболд, 1967 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “DX” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 24 дүгээр байрны 55 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: УЮ67010818/.

Д.Ариунболд нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон цэргийн цогцолборын баруун замд 54-85 УНВ улсын дугаартай Д.Отгонсувдын эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс … хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ...” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Төгөлдөрийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ариунболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ариунболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ариунболдод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Д.Ариунболдын №084476 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ариунболдод оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Д.Ариунболдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын болон эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Ариунболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би энэ хэрэгт холбогдсондоо туйлын их гэмшиж байна. Гэхдээ хэргийн нөхцөл байдлыг буюу хэргийн бодит байдлыг зөв тогтоож, шийдвэрлэхийг шүүхээс хүссэн боловч улсын яллагч, шүүгч нар “илүү юм ярилаа, юугаа яриад байгаа юм, ингэж ярих хэн юм” гэсэн байдалтайгаар хандаж, хэргийг шийдвэрлэж, хүнд ял оноосонд гомдолтой байна. Миний хувьд мөрдөн байцаалтын шатанд үгээ хэлэх боломж үнэхээр байгаагүй, хүүхэд гэмтсэн болохоор чи л буруутай гэж хандсан. Шүүхэд учир нь олдох байх гэж үнэхээр их найдсан. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. Эхлээд “хурдыг тогтоох боломжгүй” гэж, 2 дахь шинжээч “цагт 67 км/цагийн хурдтай явсан” гэж, 3 дахь шинжээч “цагт 64 км/цагийн хурдтай явсан” гэх дүгнэлтүүдийг гаргасан. Би өдийг хүртэл автомашин жолоодож явахдаа хурд хэтрүүлж байгаагүй, маш хариуцлагатай ханддаг. Хохирогч хүүхэд нохойноос айж зам руу гарч автомашины урдуур гэнэт гүйгээгүй бол уг осол гарахгүй байсан. Үүний учрыг зөв тогтоож өгнө үү гэж би туйлын их хүссэн. Хохирогч нь хүүхэд учраас би хүн ёсны үүднээс эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг өгч, эмч дээр хамт очиж компьютер томографи, эхо-д харуулсан. Тухайн үед хүүхэд гэнэт урдуур гүйж гарч ирсэн болохоор мэдээж би автомашиныг зогсоох арга хэмжээ авсан. Ингэхийн тулд дуу чимээ гарна. Үүнийг тэр хавийн хүмүүс намайг хурдтай явж байсан гэж бодсон шинжтэй байсан. Ослын газар замын цагдаа ирээд хэмжилт хийсэн атлаа “та чинь 100 км/цагийн хурдтай явсан байна ш дээ” гэж хэлснээс хохирогчийн ар гэрийнхэн хүртэл өөр болж, хожим учрыг нь олсон. Хүүхэд “нохойноос айгаад зам руу гүйсэн” гэж өөрөө ч мэдүүлсэн байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг эрхэм шүүгч та бүхэн зөв тунгааж, шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэрэгт холбогдсоноос болж ажил албаараа бас хохирч, өрх гэрийн амьдралд орлогогүй болсон. Хэрвээ шүүгч та бүхэн намайг энэ хэрэгт гэм буруутай гэж үзвэл ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. Жолоочийн эрхээ олон жилээр хасуулаад, дээрээс нь 2 жилийн турш айж, эмээж явах нь өдий насны хүний хувьд үнэхээр хүнд тусч байна. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд хуулийн энэрэнгүй ёсны зарчмын үүднээс хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж, тэнсэж өгнө үү. Мөн жолоочийн эрхийг минь 1 жилийн хугацаагаар хасч багасгаж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Сүхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Д.Ариунболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг Д.Ариунболд эс зөвшөөрч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 жилийн хугацаа, оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 2 жилийн хугацаа тус бүрийг 1 жил болгож багасгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Базаррагчаа нарын өмгөөлөгч Н.Нарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ариунболдод холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Ялтан Д.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэрээр давж заалдах гомдолдоо “...Хохирогч нь хүүхэд учраас би хүн ёсны үүднээс эмчилгээний зардалд 3.900.000 төгрөг өгч, эмч дээр хамт очиж компьютер томографи, эхо-д харуулсан. Тухайн үед хүүхэд гэнэт урдуур гүйж гарч ирсэн болохоор мэдээж би автомашиныг зогсоох арга хэмжээ авсан. Ингэхийн тулд дуу чимээ гарна. Үүнийг тэр хавийн хүмүүс намайг хурдтай явж байсан гэж бодсон шинжтэй байсан. Ослын газар замын цагдаа ирээд хэмжилт хийсэн атлаа “та чинь 100 км/цагийн хурдтай явсан байна ш дээ” гэж хэлснээс хохирогчийн ар гэрийнхэн хүртэл өөр болж, хожим учрыг нь олсон...” гэсэн байна. Д.Ариунболд нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг ойлгохгүй байсан бөгөөд өөрийн үйлдэлд гэмшсэн зүйл байгаагүй. Харин эцсийн үгэндээ “гэм буруугаа хүлээж гэмшиж байна” гэж хэлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс харин ч “түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэдгээ хэлж байсан. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Д.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Ариунболд “оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг хуульд заасан хамгийн доод хэмжээгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, мөн жолоо барих эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг мөн 1 жил болгож багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна. Мөн тэрээр “ял хүндэдсэн, гомдолтой байна” гэсэн. Анхан шатны шүүх хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргасан  нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх тул ял хүндэдсэн гэх үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд эхний дүгнэлтэд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж хэргийн оролцогчид үзсэн тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргахад Д.Ариунболд хурд хэтрүүлсэн болох нь тогтоогдсон. Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хот суурин газрын дотор 60 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан. Хэрэв хурдаа тохируулж явсан бол бүрэн зогсох боломжтой байсан ч хурд хэтрүүлж явсны улмаас аюул саад буй болоход зогсоож чадаагүйгээс осол гарсан. Оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь үндэслэлгүй. Д.Ариунболд анхан шатны шүүх хуралдаанд хэргээ хүлээгээгүй ч эцсийн үгэндээ гэмшиж байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, хохирол төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, явган зорчигчийн буруутай үйлдэл осол гарахад нөлөөлсөн зэргийг дүгнэн шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд давж заалдах шатны шүүх оногдуулсан хорих ялын тэнсэж хянан харгалзсан хугацааг багасгах үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Д.Ариунболдод холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Д.Ариунболд нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон цэргийн цогцолборын баруун замд 54-85 УНВ улсын дугаартай Д.Отгонсувдын эзэмшлийн “Хьюндай Старекс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс … хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ...” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Төгөлдөрийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөрийн “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ ганцаараа гарч дэлгүүрээс ундаа авах гээд замынхаа баруун талд алхаад явж байхад араас чоно шиг нохой гараад ирэхээр нь айгаад замынхаа эсрэг талд гарах зорилгоор баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гарах гэж яваад хойноосоо урагш чиглэлтэй явсан хар саарал өнгийн автомашинд мөргөгдсөн. Ухаан орсон чинь автомашины жолооч нь намайг замын зүүн талд гаргаад газар суулгачихсан байсан. Тэгтэл Б.Даваажав ах ирсэн. Дараа нь түргэн тусламжийн автомашин ирж, эмч нь бууж ирээд намайг үзээд автомашинд суулгаад авч явсан. Тэгээд замаас ээж түргэн тусламжийн автомашинд суусан. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдэж хэвтсэн. Би ард явсан чоно шиг нохойноос айсан ба урд талд бас нэг шар үстэй нохой байсан. Тэгээд нохойгүй газраар явах зорилгоор явган хүний гарцгүй газраар баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гарахдаа гүйж гарч байхад автомашины чийхрах чимээ сонсогдоод дуут дохио сонсогдсон. Тэгээд автомашинд мөргөгдсөн. Замын баруун талд дэлгүүр байдаг. Би чоно шиг нохойноос айгаад зам хөндлөн гарахдаа гүйж гарсан. Тэгээд автомашинд мөргүүлсэн.  ...” /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч А.Сүхбаатарын “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагаас 21 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооноос 20 дугаар хороо хүртэл зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооны хойд замд автомашинд хүүхэд мөргүүлсэн гэх дуудлагын дагуу ослын газарт очиход саарал өнгийн Хьюндай Старекс загварын улсын дугаарыг нь анзаараагүй автомашин нь ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй баруун гар тал руугаа буюу боржуур луу шахсан байдалтай зогсож байсан. Тэгээд би автомашинаас бууж очиход жолооч нь гэх 50 орчим насны эрэгтэй хүн нь 10-13 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт хоёулаа байж байсан ба автомашинд мөргүүлсэн гэх бага насны хүүхдийг түргэн тусламжийн автомашин ирээд аваад явчихсан байхаар нь би Замын цагдаагийн газрын жижүүрийн утас руу залгаж бүрэлдэхүүн явуулж шалгуулах талаар хэлж, ослын ойр орчмыг хамгаалалтандаа авсан. Тэгтэл жолооч нь автомашинаа бариад явж байхад тэр хүүхэд ганцаараа баруунаасаа зүүн чиглэлтэй гарч ирсэн гэж хэлсэн, харин автомашинд мөргүүлсэн хүүхдийн ах нь би дүүгээ хүнсний дэлгүүр лүү зайрмаг гэлүү талханд явуулсан гэж ярьж байсан. Намайг ослын газарт очиход бороо орохоор нь би жолоочийнх нь хамт тоормосны мөрийг тэмдэглэж ойр орчимд нь чулуу тавьсан. ...” /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

Д.Ариунболдын сэжигтнээр өгсөн “...2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн орчимд би төрсөн дүү Д.Отгонсувдын эзэмшилд байдаг саарал өнгийн Хьюндай Старекс загварын 54-85 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Япон цэргийн цогцолборын баруун замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 50-60 орчим км/цагийн хурдтай явж байтал замын баруун гар талд явган хүний замаар нэг эрэгтэй хүүхэд ганцаараа нохой дагуулаад явж байсан бөгөөд автомашин ойртоод ирэх үед гэнэт урдуур баруунаасаа зүүн чиглэлтэй гүйж орж ирэхээр нь хараад автомашинаа зогсоох арга хэмжээ авсан боловч зогсох тэр агшинд автомашины урд хэсэгт мөргөгдөөд ойролцоогоор 2 метр орчим шидэгдээд зам дээр унасан. Тэгээд би автомашинаасаа буухдаа аваарын гэрлээ асаагаад, гар карданаа татаад автомашинаа унтраагаад хүүхэд дээр очиход зам дээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй доошоогоо хараад хэвтчихсэн уйлаад байхаар нь тэврээд замын зүүн гар талд гаргаж хэвтүүлээд өөрийнхөө утсаар 103-т дуудлага өгсөн. Хүүхдийн нүүр, дух, хамар хэсэгт аль алинд нь шалбарчихсан, толгойноос нь бага зэрэг цус гарч байсан. Толгойны ард хэсэгт хавдчихсан байсан. ...” /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 12153 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Г.Төгөлдөрийн биед дагз ясны шугаман хугарал, тархи доргилт, дух, зүүн шанаа, хамрын нуруу, баруун тохой, сарвууны зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дагз ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ..." /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 673 дугаар шинжээчийн дүгнэлтэд “... Хьюндай Старекс загварын 54-85 УНВ улсын дугаартай

автомашины жолооч Д.Ариунболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хьюндай Старекс загварын 54-85 УНВ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлбол:

  • Тоормосны мөр – St=25.70 м
  • Тоормосны идэвхжилийн коэффицент: Кэ= 1.1
  • Зам дугуйн барьцалдалтын коэффицент (тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, шулуун тэгш, үзэгдэх орчин чөлөөтэй гэсэн байх тул) j=0.7 аар авч болно.

Иймд V=Ц(254*St-j)/Кэ=Ц(254*25.70*0.7)/1.1» 64 км/цагийн хурдтай явсан байх үндэслэлтэй байна. ...” /хавтаст хэргийн 127-130 дугаар хуудас/,

Замын цагдаагийн албаны 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 742 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Хюндай Старекс загварын 54-85 УНВ улсын дугаартай автомашины жолооч Д.Ариунболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д ...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-аас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн хүүхэд гэнэт гүйсэн энэ тохиолдолд жолооч ямар ч тохиолдолд явган зорчигчийг мөргөх нөхцөл харагдаж байна. Энэ нь хурдыг дүрэмд зааснаар сонгож явсан ч автомашиныг бүх бололцоотой байдлаар зогсоох арга хэмжээг авсан ч осол гарах болно гэсэн үг. Иймд автомашинд үйлчилдэг инерцийн хүчний үйлчлэл, хурд, масс зэрэг физикийн хүчний нөлөөгөөр зогсох аюулгүй зай гэж байдаг тул явган зогчигчийг гарах, гэнэт урдуур нь гүйхийг дүрмээр хориглосон байдаг.

Хьюндай Старекс маркийн 54-85 УНВ улсын дугаартай автомашины тоормосны мөрөөр хурдыг тодорхойлбол 67.59 км/цаг. ...” /хавтаст хэргийн 151-153 дугаар хуудас/,

Замын Цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын газарт нөхөж үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Япон цэргийн цогцолборын баруун замд насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөр нь харгалзах хүнгүйгээр замын эсрэг талд байрлах дэлгүүрээс ундаа авах гэж яваад улмаар нохойноос айж зам руу гүйж ороход Д.Ариунболд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-д заасан “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ...” гэснийг зөрчиж явснаас явган зорчигч Г.Төгөлдөрийг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Д.Ариунболдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Д.Ариунболдод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Д.Ариунболдын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулжээ.

Харин Д.Ариунболдод оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон нь, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан зэрэг нь түүний хувийн байдалд тохироогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасч болохоор заасан бөгөөд уг хугацааг сонгохдоо гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, цаашид энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэж болзошгүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, уг хугацааг тогтоох нь хуулийн агуулагад нийцнэ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хорих ялыг тэнсэж, 1-5 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацааг тогтоож болохоор заасан.

Хянан харгалзах хугацааг тогтоохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруутай этгээдийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон хойно бие авч явсан байдал, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, нас, эрүүл мэндийн байдал, амьдралын дадлага, туршлага, цаашид биеэ авч явах чадвар зэргийг харгалзан үзэх учиртай.

Д.Ариунболдын хувийн байдлыг дээрх хүчин зүйлстэй хамааруулан авч үзсэнээр түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, мөн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг тус тус багасгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд ялтан Д.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.