Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0034

 

“Э о м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч   Х.Батсүрэн

Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     М.Батсуурь

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2024/0029 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М (онлайн) нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч “Э о м” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийн нөхцөл байдал:

2.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т дахь заалтыг зөрчиж байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хуулийн зохицуулалтын дагуу “Э о м” ХХК-д олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг уламжилж байна” гэсэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 461 дүгээр албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалаар дээрх саналыг үндэслэн Газрын тухай хууль зөрчсөн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр “Э о м” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалжээ.

2.2.Нэхэмжлэгчээс “Манай компанийг газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэсэн нь үндэслэлгүй. 2016 оноос Д.Э гэх хүнтэй цагдаагийн байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд маргаантай байсан. “Э о м” ХХК нь Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т заасан гадаадын хөрөнгө оруулалттай компани биш” гэсэн үндэслэлээр маргажээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэр:

3.1Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасныг баримтлан “Э о м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/250 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгожээ.

            Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь заалт, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Э о м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

5.1.Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 07 өдрийн А/250 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

5.2.Анхан шатны шүүх Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүнийг хэлнэ/ гэснийг мөн хуулийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь заалтыг үндэслэн дотоодын хөрөнгө оруулалттай компани гэж үзсэн.

5.3.Гэтэл давж заалдах шатны шүүх мөн л Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.3, 3.1.4, 3.1.5 дахь заалтыг үндэслэсэн атал эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулалттай компани гэж үзэхээр байна гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалтад “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж гомдолтой байна.

5.4.Маргаан бүхий газрыг гадаадын иргэн, харьяалалгүй этгээд аль ч эзэмшдэггүй. Монгол улсын дотоодын хөрөнгө оруулалттай “Э о м” ХХК эзэмшдэг. Дотоодын хөрөнгө оруулалттай болохыг шүүхийн журмаар тогтоосон.

5.5.Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирсэн баримтад “Э о м” ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээр бүртгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т дотоодын хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн, Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй иргэнийг ойлгосон гэсний дагуу бүртгэсэн байдаг. Хэргийн 134, 144 дүгээр хуудсанд авагдсан.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.

6.1.“Э о м” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2014/59 дугаартай газар ашиглах гэрчилгээг Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд авч, хууль журмынх нь дагуу зохих бичиг баримтыг бүрдүүлж, газрын төлбөр, татвараа цаг хугацаанд нь төлж ирсэн. Ойролцоогоор газрын төлбөр болон татварт 160 сая гаруй төгрөг төлсөн.

6.2.Дээрх газрыг ашиглах явцад буюу 2016 онд Д.Э гэх хэсэг бүлэг хүмүүс манай зөвшөөрөлтэй газар дээр дураараа нүүн ирж бууж, манай компанийн барьсан хашааг нурааж, үгүй хийж, өөрсдөө хашаа барьж хууль бус гомдлыг захиргааны болон хууль хүчний байгууллага, захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар энэ хэсэг бүлэг хүмүүсийн гомдол маргаан шийдвэрлэх үйл явц 6 жилийн хугацаатай үргэлжилж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 697 дугаартай магадлал гарч эцэслэн шийдвэрлэгдсэн.

6.3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг, 3.1.3-т “гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг, 3.1.4-т “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/-ийг хэлнэ гэж тус тус заажээ.

6.4.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Э о м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В Ю Ф нь Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн буюу цагаач ангиллын “G" визтэй тул дотоодын хөрөнгө оруулагч болох нь нотлогдож байна.

6.5.Ийм учир дотоодын хөрөнгө оруулалттай компани “Э о м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох бүрэн эрх зүйн үндэстэй тул “В” ангиллын визтэй гадаадын иргэнд олгодог хөрөнгө оруулалтын эрхийг эдэлж, улмаар гадаадын хөрөнгө оруулагчаар бүртгүүлэх шаардлагагүй байна. Дотоодын хөрөнгө оруулагч мөн тул В Ю Ф-г Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Э о м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байна.

6.6.Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “гадаадын хөрөнгө оруулагч” гэж ... Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн ...” гэж заасан байна. В Ю Ф нь Гадаадын иргэн, харьяатын газраас гаргаж өгсөн албан бичигт дурдсанаар 1995 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад байнга оршин сууж амьдарч байгаа Монгол Улсад төрж өссөн хүн.

6.7.“Э о м” ХХК-ийг дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болохыг нотолсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/8558, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9/9840 тоот албан бичгүүд байгаа ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2024/0029 дугаартай магадлалын 9 дүгээр заалтад дотоодын хөрөнгө оруулалттай компани болохыг дурдсан байна.

6.8.“Э о м” ХХК нь дотоодын хөрөнгө оруулалттай компани мөн болох тул Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасны дагуу Хан-Уул дүүрэг Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд газар ашиглах хууль зүйн бүрэн үндэстэй гэж үзэж байна.

6.9.Иймд хуулийн заалтыг өөрөөр хэрэглэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Д.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8.Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

9.Анхан шатны шүүх “Э о м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

10.Ийнхүү хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ тэмдэглэл хөтөлсөн эсэх нь тодорхойгүй, тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй, хавтаст хэрэгт шүүх хуралдааныг хойшлуулсан хурлын тэмдэглэлээс өөрөөр тэмдэглэл авагдаагүй байна.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тэмдэглэл хөтлөх ёстой.

12.Тодруулбал, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар тусгахаар нарийвчлан хуульчилсан.

13.Гэтэл хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл авагдаагүй, улмаар талуудын мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн эсэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар хэрхэн тайлбарлаж мэтгэлцсэн зэрэг нь тодорхойгүй байна.  

14.Энэхүү процессын зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулаагүй нь буруу болжээ.

15.Дээр дурдсанаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгдөх бөгөөд тэмдэглэлд шүүх хуралдаан эхэлсэн ба дууссан цаг, шүүх хуралдааныг даргалсан шүүгч, нарийн бичгийн дарга, оролцсон хэргийн оролцогчийн биеийн байцаалт, шүүх хуралдааны дэг, талуудын тайлбар, нотлох баримт шинжлэн судалсан байдал, хэргийн шийдвэрлэлт бүрэн тусгагдаж, баталгаажсанаар нотолгооны хэрэгсэл болох учиртай.

16.Нэгэнт захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, талуудын мэтгэлцэх эрх хангагдсан эсэх, анхан шатны шүүхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар хэрхэн тайлбарлаж мэтгэлцсэн зэрэг нь тодорхойгүй нөхцөлд хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй.

17.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0812 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2024/0029 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАТСҮРЭН

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Д.МӨНХТУЯА

                ШҮҮГЧИД                                                                М.БАТСУУРЬ

                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                          Ц.ЦОГТ