Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 274

 

                                                                        Б.Батчулуунд холбогдох

                                                                         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Болорчулуун,

шүүгдэгч Б.Батчулуун, түүний өмгөөлөгч А.Дулмаа,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Болорчулууны бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Батчулуунд холбогдох эрүүгийн 201526030852 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Батаагийн Батчулуун, 1969 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:НЛ69030470/,

Б.Батчулуун нь 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаа доторх гэрт Л.Энхболдыг “Сандлаар цохиж гэмтээлээ” гэж маргалдан улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Батчулууны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хохирогч Л.Энхболдын “...юун хүн бэ, юу хулгай хийх гэж яваа юм гэж хэлээд, хажууд байсан сандлаар Батчулууныг 1 удаа  цохисон. Тэгээд босоод гэрлээ асаагаад харахад миний цээжнээс цус гарч байсан...” гэсэн, мөн шүүгдэгч Б.Батчулууны “...намайг сандлаар хэд хэдэн удаа цохисон. Би сандлаар олон удаа цохиулснаас болоод хутга яаж авснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрөөсөө Энхболдыг холдуулах гээд түлхсэн...” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 335 тоот дүгнэлтэд “...Батчулууны толгойн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ... тухайн үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт зэрэг баримтууд байх ба эдгээр нь хэргийн үйл баримтын талаар өөр өөрөөр мэдээлж байна. Эдгээрийг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт болон гэм бурууг тогтоох боломжгүй байна.

Энэ хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 2, мөн оны 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд хийсэн туршилт хэргийн үйл явдлыг сэргээн дүрсэлж хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулж чадаагүй байна. Тодруулбал: Л.Энхболд нь Б.Батчулууны толгойн тус газарт цохисон гэх 3380 гр жинтэй, 30,5 см өндөртэй, 37,5 см урттай, 4 хөлтэй модон сандлыг эд мөрийн баримтаар тооцсон байхад туршилтын ажиллагааг өөр сандлаар  орлуулж  хийсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж чадаагүй гэж үзэж байна. Иймд эд мөрийн баримтаар хураагдсан дээрх модон сандлын аль хэсгээр хэрхэн цохисон болохыг дүрсэлж, туршилтын ажиллагаагаар тодруулах, мөн Б.Батчулууны толгойд үүссэн гэмтлүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг  тогтоох шаардлагатай байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Энхболд, шүүгдэгч Б.Батчулуун нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тэдний хооронд маргаан болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоох ажиллагааг бүрэн хийгээгүй байхад прокуророос яллах дүгнэлтдээ “Л.Энхболдыг сандлаар зодож гэмтээлээ гэж маргалдан хувийн сэдэлтээр” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.

Иймд Б.Батчулуунд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, яллах дүгнэлт нь хуулийн шаардлага  хангаагүй гэж  дүгнэн,  нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт хэргийг буцааж, хэргийг прокурорт очтол Б.Батчулуунд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорчулуун давж заалдах шатны шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Б.Батчулуунд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн, шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

1. Анхан шатны шүүх Б.Батчулуунд холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодит байдлаар хянаж дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Батчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг сандлаар хэд хэдэн удаа цохисон, би сандлаар олон удаа цохиулснаас болоод хутга яаж авснаа мэдэхгүй байна...” гэж өмнөх шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгч байсан. Энэ  мэдүүлгээс өөрөөр мэдүүлсэн мэдүүлэгт илүү ач холбогдол өгч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт, гэм бурууг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Туршилтыг хүний нэр төр, алдар хүндийг гутаах буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд явуулах түүний явц, үр дүнг бэхжүүлэхдээ хэмжих, зураг авах, гар зураг үйлдэх, соронзон болон дүрс бичлэг хийх зэрэг арга хэрэглэж болно” гэж заасан.

Шүүхийн тогтоолд “...Л.Энхболд нь Б.Батчулууны толгой руу 4 хөл бүхий, 3380 гр жинтэй, 30,5 см өндөртэй, 37,5 см урттай модон сандлын аль хэсгээр хэрхэн цохисон болохыг дүрсэлж, туршилтын ажиллагаагаар тодруулах шаардлагатай...” гэж заасан нь хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй учир биелүүлэх боломжгүй бөгөөд энэ байдлаар туршилт хийх шаардлагагүй юм.

3. Хэрэгт авагдсан хохирогч Л.Энхболдын “...шөнө намайг унтаж байхад Батчулуун гэнэт орж ирээд явахаар нь би түүнтэй дээрх байдлаар маргалдаж өөрийнхөө хэвтэж байсан орны урд байсан жижиг шар өнгийн модон сандлаар Батчулууныг дээрээс доош нь чиглүүлж 1 удаа цохисон, тэгтэл Батчулуун миний цээжний зүүн талын хөхний хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн, яллагдагч Б.Батчулууны “...намайг гэрт ороход Энхболд ах юун хүн бэ, юу хулгай хийх гээд явж байна гээд сандлаар цохихоор нь би зөрүүлээд хутгалсан...” гэсэн мэдүүлгүүдээр тэдний хооронд маргаан болсон нөхцөл байдал, Б.Батчулууны гэм буруугийн хэлбэр тогтоогдсон.

4. Яллагдагч Б.Батчулуун нь 2015 оны 9 дүгээр сарын 21-нээс 22-ны өдөрт шилжих шөнө 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Буянт-Ухаа 2” хорооллын хойд талд байрлах “Дако” ХХК-ийн эзэмшлийн хашаа доторх гэрт Л.Энхболдыг “Сандлаар цохиж гэмтээлээ” гэж маргалдан хувийн сэдэлтээр түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн 201526030852 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215 дугаар зүйлийн 215.2.2, 218, 219 дүгээр зүйлийг удирдлага болгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

5. Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан “Шүүх хуралдааны үед эд мөрийн баримтад шүүх үзлэг хийж, уг эд мөрийн баримтыг талууд, гэрч, шинжээч, бусад оролцогчид үзүүлж танилцуулна” гэсэн заалтыг зөрчин улсын яллагчид давуу эрх олгон эд мөрийн баримтанд үзлэг хийлгэсэн.

Дээрх хуулийн зохицуулалт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 238 дугаар зүйлд заасан “Шүүх хуралдааны ажиллагаанд оролцогч талууд тэгш эрхтэй байх” гэсэн заалтыг хангах үүднээс хууль тогтоогчоос Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулж өгсөн заалт юм.

6. Улсын яллагчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэж очиход шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй байсан бөгөөд маргааш нь тэмдэглэлтэй танилцсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 253 дугаар зүйлийн 253.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны явцад үйлдэх бөгөөд түүнийг шүүх хуралдаан дууссанаас хойш 3 хоногийн дотор дуусгаж гарын үсэг зурна” гэсэн заалтыг нарийн бичгийн дарга В.Орхон зөрчсөн.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын ач холбогдлоо алдсан, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн зүйлүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй болсон байна.

Иймд шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй тул уг тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ба энэ эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Батчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Батчулууны өмгөөлөгч А.Дулмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Хохирогч Л.Энхболдын удаа дараагийн  мэдүүлэгтээ Б.Батчулуунтай маргалдаагүй ба үйл явдал хоромхон зуурт болж өнгөрсөн талаар мэдүүлсэн байдаг. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн ...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хавтаст хэргийн материалыг судлахад;

1. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийн талаар Л.Энхболд, Б.Батчулуун нарын тус бүр өөрөөр мэдүүлсэн мэдүүлгийн хэнийх нь мэдүүлэг үндэслэлтэй болохыг шалгах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хийсэн туршилтын ажиллагаанд Л.Энхболд, Б.Батчулуун нарыг оролцуулан гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслүүлэхээр эд мөрийн баримтаар хураагдсан гэх модон сандал, хутга зэргийг ижил төстэй зүйлээр оруулан гүйцэтгэж, ажиллагааны явцыг гэрэл зургаар дор бүр нь бэхжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 131 дүгээр зүйлд заасан заалтад харшлахгүй байна. 

2. Мөрдөн байцаалтын шатанд Л.Энхболд нь Б.Батчулууны толгойн тус газарт модон сандлаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ гэм буруутай болохоо хүлээн мэдүүлсэн байх ба түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг прокуророос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1481, 335 тоот дүгнэлтэд “...Б.Батчулууны биед дух, зулайд няцарсан шарх, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн цаг үед үүссэн байх боломжтой ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” тухай заасан бөгөөд уг дүгнэлтийг эс зөвшөөрч хэн нэгэн нь гомдол санал гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд заасан заалтын дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх нь прокуророос яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан, шүүх хуралдааны ажиллагааг явуулж, шүүгдэгч Б.Батчулууны гэм бурууд дүгнэлт өгч, шаардлагатай гэж үзвэл хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар асуулга тавьж тодруулан шийдвэрлэх боломжтой ба энэ агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 51 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Батчулуунд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ДАВААСҮРЭН

                                        ШҮҮГЧИД                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                       Д.МӨНХТУУЛ