Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 52

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Н.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001930131 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                             Б.Баттуяа

 Улсын яллагч                                                             Б.Оюунцэцэг

 Хохирогч                                                                  Д.Ц-

 Шүүгдэгч                                                                  Н.З-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Ж.Ц- нар оролцов.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ...дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ээж, дүүгийн хамт ... тоот орон сууцанд оршин суух Б- овгийн Н-ын З- /РД:................./.          

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Шүүгдэгч Н.З- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 28-ний шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.600 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 27-28-ныг шилжих шөнө Багануур дүүргийн 1-р хороонд байх Майлд-Хаус бааранд найз Б-тай хамт нэг шил 0.75 граммын архи болон шилтэй пивонууд аваад хувааж уусан. Б- надаас түрүүлээд явчихсан. Би Майлд хаус бааранд пиво уугаад байж байгаад баар хаах үеэр буюу 04 цаг өнгөрч байхад гарсанаа санаж байна. Тухайн үедээ нилээн согтсон байсан ба нэг мэдэхэд Уурхайн нийтийн байрны айлын цонх руу авирч гарч байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд би гэртээ орчихсон унтаж байсан ба намайг унтаж байсан чинь Ц- ах орж ирээд чи миний монетон гинжийг яасан гаргаж өг гэсэн ба удалгүй цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд оруулсан. Миний хувьд нилээн согтсон байсан болохоор тухайн үеийнхээ асуудлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан айлын онгорхой цонх руу авирч гарч байсан. Би тэр гинжийг нь яг яаснаа санахгүй байна. Миний авирсан цонх Ц- ахын гэрийн цонх мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

            Шүүгдэгч Н.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны шөнө монетон гинжийг нь би аваагүй миний толгой цухуйгаад л би доошоо буусан.  Ээж 600.000 төгрөг төлсөн байсан. ...Хүүхэд уйлах чимээ гарахаар нь толгойгоо цухуйлгаад л доошоо үсрээд буусан тухайн үед би согтуу байсан. Ц- ах намайг гинж хулгайлсан гээд гүтгээд байна.

         ...Майлд хаус бааранд 0.75 граммын архи найзтайгаа хувааж уусан. Тэгээд найз маань орхиод яваад өгсөн болохоор ганцаараа харьж яваад ийм асуудалд орсон. Нилээн согтуу байсан болохоор яг хаагуур явснаа санахгүй байна… Салхивч нь онгорхой байсан, дээшээ өнгийж харахдаа доороо чулуу тавьж байгаад авираад хоёр гараараа тулж байгаад цээж хэсгээрээ ороод гэрэл асангуут цонхны тавцангаас буугаад гүйсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хохирогч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх уурхайн нийтийн байрны 104 тоотод байдаг бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө үүрээр манай гэрийн онгорхой салхивчаар хүн орж ирэх шиг болохоор нь гайхаад нүдээ нээгээд хартал салхивчинд тогтоосон байсан торон хаалтыг салгаад 1 эрэгтэй хүний цээжэн бие гэрт ороод ирсэн байсан. Би гайхаад гэрлээ асаатал Жижгээ гэдэг хочтой З- гэх залуу цонхны тавцан дээрээс нэг юм шүүрч аваад гадагшаа буцаад үсэрчихсэн. Би араас нь нэг хашгираад цонхны тавцан дээр байсан эд зүйлээ бүртгэхэд орой унтахдаа тайлаад тавьсан байсан гинж алга болсон байсан. Миний гинж Солонгос улсад үйлдвэрлэсэн 50 см орчим урттай эрэгтэй хүний гинж бөгөөд хүүхэд маань ноднин жил надад бэлэглэсэн юм.  Манай хүү хэлэхдээ 1.200.000 төгрөгөөр авсан гэж байсан би уг үнээр нь үнэлж байна учир нь грамм ихтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14-р хуудас/

         Хохирогч Д.Ц-ийн өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа буугаад усанд орчихоод цонхон дээр гинжээ тайлж тавчихаад унтаж байтал шөнө 4 цагийн үед поорчикоор хүн орж ирээд, цаашаа хараад сууж байсан. Би гэрлээ асаагаад харахад үсрээд буучихаар нь “би чамайг таньж байна шүү нааш ир” гэхэд гүйгээд явчихсан. Би араас нь Н.З-гийн гэрт нь очоод “цонхон дээр байсан гинж өг” гэхэд “би аваагүй” гээд өгөөгүй. Би хохирол барагдсан болохоор гомдол санал байхгүй. Хохирол төлбөр 600.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч Ж.Н-ын өгсөн: “...Миний хүү 1994 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өсөж 1997-2002 он хүртэл Багануур дүүргийн 131-р цэцэрлэгт, 2002-2010 оны хооронд Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 9-р ангийг төгсөж, 2010-2013 оны хооронд Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд токарчин мэргэжлээр сурч төгссөн. Төгссөн цагаасаа огт ажил хийгээгүй. 2014 онд аав нь өөд болсон бөгөөд би Солонос улс руу ирж очин ажилладаг болсон. Тэгээд З-г ганцааранг нь их олон удаа үлдээсэн. Үүнээс болоод элдэв хүүхдүүдтэй нийлж уруу татагдсан байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

Гэрч Г.Б-ы өгсөн: “...Ц- 2018 оны 4 сараас монетон гинж зүүдэг болсон бөгөөд хүүхэд нь Солонгос улсаас явуулсан гэж ярьж байсан. Саяхан уулзахад гэрийн цонхоор хулгайч ороод нөгөө гинжээ алдсан гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Хэргийн газрын үзлэгийн “…Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотын цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан гэх дуудлагын дагуу хэрэг учрал болсон гэх газарт очиж шалгахад 5 давхар шаргал өнгийн байр байх ба уг байрны ертөнцийн зүгээр зүүн тийш харж байрласан соёлын төвийн байрны зүүн талдаа залгаа талаасаа 7 дахь цонхны нэгдүгээр давхарт байрлах Вакум цонх байх ба уг цонх нь 45х30 см хэмжээтэй салхивчтай уг салхивч онгорхой байх бөгөөд цонхны цаанаас харахад тавцан дээр ногоон эрээн өнгийн саатай материалаар хийсэн даллагын уут 2 ширхэгийг зэрэгцүүлж тавьсан хажуу талд нь шаргал өнгийн хүрээтэй жаазийг цонхны шил түшүүлж тавьсан байлаа. Уг 104 тоотын гадна талаас үзлэг хийхэд эвдэрч гэмтсэн эд зүйл байхгүй байсан ба үзлэгийг цааш үргэлжлүүлэн 104 тоот өрөө рүү ороход өрөөний хойд талд саарал өнгийн буйдан ор байх ба буйдан орны урд хүрэн өнгийн стенк зэрэг эд зүйл өрөөстэй байх ба цонхны шаргал өнгийн хөшгөөр хаасан байлаа. Хохирогчоос алдагдсан монетон гинж хаана байсныг заалгахад шаргал өнгийн хүрээтэй бурханы хөргийн урд байх шилэн тавагны хажууд тавьсан гэх ба уг хэсэг газрын орчимд шинжээч мөр илрүүлэх зорилгоор нунтаг бодис ашиглахад гарын мөр илрээгүй болно. Үзлэгийн явцыг 9 кадр зураг авч бэхжүүлэв…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-р хуудас/

Эд хөрөнгийн үнэлгээний: “... 11.3 грамм эрэгтэй Солонгос монетон гинж, 1 грамм 65.000 төгрөг нийт үнэ 734.500 төгрөг...” гэсэн тайлан /хх-н 18-р хуудас/

Шүүгдэгч Н.З-гийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгасан “…2015 оны 09 сарын 30 ны өдрийн Багануур дүүргийн шүүхээс эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон…” гэсэн хуудас /хх-ийн 33-р хуудас/ болон дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Н.З- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай…” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…нотлох баримтуудыг судлаад үзэхэд Н.З-гийн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тул Н.З-г орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэдэг нь эргэлзээтэй байна. Иймд гэмт хэргийн шинж байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна…” гэжээ.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Н.З-г орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Иймд гэмт хэргийн шинж байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...цонхны тавцан дээр цэцэг байхад хүн орж багтахгүй...” гэсэн нь хохирогчийн “...1 эрэгтэй хүний цээжэн бие цонхоор гэрт ороод ирсэн байсан. Би гайхаад гэрлээ асаатал Жижгээ гэдэг хочтой З- гэх залуу цонхны тавцан дээрээс нэг юм шүүрч аваад гадагшаа буцаад үсэрчихсэн. Би араас нь нэг хашгираад цонхны тавцан дээр байсан эд зүйлээ бүртгэхэд орой унтахдаа тайлаад тавьсан байсан гинж алга болсон байсан. ...Цэцэгийг сүүлд авчирч тавьсан...” гэсэн мэдүүлэг, Н.З-гийн “...Би архи ууж согтсон байсан Уурхайн нийтийн байрны 1 давхарын цонхоор авирч байсан, тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. уг гинжийг авсанаа болон яг яаснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Г.Б-ы “...Ц- 2018 оны 4 сараас монетон гинж зүүдэг болсон ...гэрийн цонхоор хулгайч ороод нөгөө гинжээ алдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, эд хөрөнгийн “...11.3 грамм эрэгтэй Солонгос монетон гинж, 1 грамм 65.000 төгрөг нийт үнэ 734.500 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 18-р хуудас/, хэргийн газрын үзлэгийн “...уг цонх нь 45х30 см хэмжээтэй салхивчтай ...Хохирогчоос алдагдсан монетон гинж хаана байсныг заалгахад шаргал өнгийн хүрээтэй бурханы хөргийн урд байх шилэн тавагны хажууд тавьсан гэх...” гэсэн тэмдэглэл /хх-н 3-р хуудас/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Шүүгдэгч Н.З- нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 8 дугаар сарын 28-ний шөнийн 04 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 104 тоотод оршин суух иргэн Д.Ц-ийн гэрийн цонхоор нэвтрэн орж цонхны тавцан дээр байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 11.3 грамм жинтэй 734.500 төгрөгийн үнэ бүхий монетон гинжийг хулгайлсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд хөрөнгийн үнэлгээ, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.З- нь хулгайн үйлдэлдээ санаатай хандсан болох нь цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.З-гийн хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирол нь 734.500 төгрөг болох нь эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр /хх-н 18-р хуудас/ тогтоогдож байх ба шүүгдэгч Н.З-г хулгайн үйлдэл хийхдээ хохирогчийн гэрийн цонхны салхивчаар орсон тул хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Н.З- “...их согтсон байсан учраас уг гинжийг авсанаа болон яг яаснаа санахгүй байна...” гэж  мэдүүлсэн, согтуурал шалгасан “Н.З-гийн согтуурлын зэргийг шалгахад 0.081 хувьтай...” гэсэн тэмдэглэл үйлдсэн /хх-7/ зэргээс харахад шүүгдэгч хулгайн үйлдэл хийх үедээ согтуу байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас  чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Н.З-г хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Иймд Н.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттай хорих ангид эдлүүлэх саналтай…” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан байдлыг харгалзан үзээч…” гэжээ.

Н.З-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.З- хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан болох нь хохирогч Ц-ийн “…хохирол 600.000 төгрөг авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Н.З- нь хохиролоо барагдуулсан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдал тогтоогдлоо. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний дээрхи хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

  Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б- овгийн Н-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б- овгийн Н-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар Н.З-д оногдуулсан хоёр /2/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид 600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Н.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ