| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/05949/И |
| Дугаар | 210/МА2024/02066 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02066
2024 11 29 210/МА2024/02066
Б.Б ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04321 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ТӨБЗГ, ХХААХҮЯ , Б ТӨХХК-д тус тус холбогдох
Б ТӨХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр тооцон суутгаж шилжүүлэн, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Б ТӨХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.ТӨБЗГ 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Б " ТӨААТҮГ-ын захирлын ажилд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдсон боловч тус тогтоолын хэрэгжилтийг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн. Үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаснаар уг тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2121 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1890 дугаар тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Шүүхээс олгосон 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 129 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/488 дугаар тогтоолоор ажиллагаа дуусгавар болсон.
Миний бие ТӨБЗГ удирдлагад шүүхийн шийдвэрийн дагуу эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтийг удаа дараа гаргасан боловч ажилд эгүүлэн аваагүй.
1.2.Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эрхэлж байсан ажлаа эгүүлэн хүлээн авахыг ажил олгогч ТӨБЗГт даалгуулах тухай нэхэмжлэл гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18361 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
1.3.Миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид шат дараалан хандсан боловч ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг биелсэн гэж үзэж хүсэлтийг хүлээн аваагүй тул шүүхэд хандсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1058 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн томилсон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4139 дугаар шийдвэрийг биелэгдсэн гэж үзсэн. Энэ тогтоолоор надад хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх, ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргах эрх нээгдсэн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
1.4.Энэ хугацаанд Б улсын үйлдвэрийн газрын статус 3 удаа өөрчлөгдсөн нь миний гаргаж байгаа хөдөлмөрлөх эрхээ сэргээх маргаанд хамаарахгүй юм. Ажил олгогч ТӨБЗГ, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХХААХҮЯ болон холбогдох газрууд, эрх бүхий албан тушаалтнуудад ажлаа эгүүлэн хүлээн авах боломжоор хангахыг хүссэн хүсэлтээ удаа дараа гаргаж ирсэн ч хариу өгөөгүй билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулан, дүрмийг баталсан ба хувьцаа эзэмшигчийн эрхийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхээр тогтоосон, захирлыг томилох, Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах чиг үүрэг шилжсэн тул ХХААХҮЯ ыг хариуцагчаар татан оролцуулсан.
1.5.Намайг ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ТӨБЗГ татгалзал, тайлбарын агуулга:
Б төрийн өмчит үйлдвэрийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулах шийдвэр гарсан. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчийн эрхийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхээр тогтоосон.
Б ТӨХХК-ийн захирлыг томилох эрх нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болох ХХААХҮЯ ны бүрэн эрхэд хамаарах бөгөөд ТӨБЗГ нь Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд удирдлагад харьяалах агентлаг тул Б ТӨХХК-ийн захирлыг манай байгууллага томилох эрхгүй.
ТӨБЗГ нь хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч ХХААХҮЯ ны татгалзал, тайлбарын агуулга:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолд Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Б ТӨХХК болгон өөрчлөн байгуулж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Б ТӨХХК-ийн дүрэмд зааснаар хувьцаа эзэмшигч нь компанийн удирдлагыг томилох, чөлөөлөх эрхгүй бөгөөд томилох бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Б ТӨХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Б ТӨХХК нь улсын төсөвт бус, компанийн бүтэцтэй болж, удирдлага, зохион байгуулалт нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 237 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. ХХААХҮЯ ны Хяналт шинжилгээ, аудитын үнэлгээний газрын дарга Б.Алтансүхийг компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулж томилох хүртэлх хугацаанд түр томилсон.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 436 дугаар тогтоол гаргаж Б ТӨХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа 7.3.7 дахь хэсэгт ТУЗ хараат гишүүнтэйгээ, хараат бус гишүүнээ нээлттэй сонгон шалгаруулна, 8.3.17 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагыг 1 жилийн хугацаатай гэрээ байгуулаад, ажлыг нь дүгнээд, гэрээг сунгах эсэхээ шийднэ, 8.3.18 дахь хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлагын нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэж өөрчилсөн. Өмнө нь гүйцэтгэх удирдлагыг томилдог байсан бол одоо нээлттэй сонгон шалгаруулалт зарладаг болсон. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаад 3-4 хүн оролцоод үүнээс М.Э гэдэг хүн шаардлагыг хангасан учраас одоо гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байгаа. Энэ дүрэмд гүйцэтгэх захирлын шаардлагыг тодорхой заасан бөгөөд 5 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай, малын эмч эсхүл эдийн засагч мэргэжилтэй, зээлийн өргүй, ял шийтгэлгүй байх ёстой.
Үүнээс харвал хэрвээ Б.Б буцаад ажилдаа эгүүлэн томилогдлоо гэж бодоход энэ шаардлагуудыг хангахгүй, мөн Засгийн газрын тогтоол хэрэгжих үү гэх асуудал үүснэ. Хохирсон гэх асуудал үүсвэл 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр компани болохоос өмнөх цаг хугацаатай холбоотой асуудал дээр яригдана гэж үзэж байна. Түүнээс биш Б ТӨХХК нь сайн дураараа хууль бус сонгон шалгаруулалт зарлаад шалгаруулсан асуудал байхгүй. Шүүхийн шийдвэрээр очиж байгаа хүмүүст сонгон шалгаруулалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт юм.
Нэхэмжлэгч нь 30 гаруй удаа хүсэлт өгсөн, хамгийн сүүлд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүсэлт өгсөн гэж тайлбартаа хэллээ, гэтэл 2020 оны Засгийн газрын тогтоол гараад бүх зүйл өөрчлөгдсөнөөс хойш яаманд болон Б ТӨХХК-д хандаж байсан гэсэн нотлох баримт байдаггүй. Тэгэхээр одоо 2020 оны тогтоол гарснаас хойш эрх зүйн үр дагаврууд өөр болоод байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Мөн Б ТӨХХК нь олон ажилтантай, энэ хүнийг компани хохироогоогүй учраас ажилтан, албан хаагчдын цалин, төсөв, санхүүгээс хасаад нэхэмжлээд байгаа ажилгүй байсан хугацааны мөнгийг нь төлөх хууль зүйн үндэслэлгүй, боломжгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б ыг Б ТӨХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ТӨБЗГ, ХХААХҮЯ анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 85,252,546 төгрөгийг хариуцагч Б ТӨХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Б од олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Б болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б ТӨХХК-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580,193 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б ТӨХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
6.Хариуцагч Б ТӨХХК-ийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.
Энэ хэргийг хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг 15 минутад эхэлж, тасралтгүй хуралдсаар 19 цаг 46 минутад завсарласан, шийдвэрээ 21 цаг өнгөрч байхад танилцуулсан, нийт 3 цаг гаран хуралдаж, 2 цаг гаран зөвлөлдөх тасалгаанд хянагдаад хэд хоногийн дараа бичгээр гарсан шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийн талаар хариуцагчийн төлөөлөгч миний болон бусад хариуцагчийн тайлбаруудыг бүрэн тусгаагүй, тухайн асуудлаар огт ярилцаж, маргалдаж, мэтгэлцээгүй мэтээр бичигдсэн байгааг хараад үнэхээр их гайхлаа. Ер нь уг шүүх зохигчдын мэтгэлцээн, шүүхэд ирүүлсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар бүрэн тусгаагүй, тэдгээрийг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хуулийн шаардлага хангахгүй шийдвэр гаргаж байгааг энэ хэрэгт 2 дахь удаагаа харлаа.
6.2.Анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/05081 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2024/00448 дугаар магадлалын хянавал хэсгийн 3-д ...Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Б аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг 2018 онд улсын төсөвт үйлдвэрийн газар, 2020 онд төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон тус тус өөрчлөн зохион байгуулсан байх ба эдгээр өөрчлөлтөөр байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх ямар журам тогтоосон, түүнийг хариуцагч хэрхэн зөрчсөн талаар зохигч мэтгэлцээгүй, энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Түүнчлэн хариуцагч тал 2022 оноос компанийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж томилох болсон, нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй гэж маргасан ба сонгон шалгаруулалттай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн зохигчоос шүүх тодруулаагүй гэж заасанд oгт ач холбогдол өгөөгүй болохыг харуулж байна.
Ийнхүү буцааснаас хойш анхан шатны шүүх магадлалд дурдсан асуудлаар ХХААХҮЯ наас Б ТӨХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой сонгон шалгаруулалтын журам, бусад холбогдох баримтыг гаргуулан авч (хэргийн 225-аас хойш) хэрэгт нотлох баримтаар хавсаргасан атлаа шийдвэртээ энэ талаар oгт тусгаагүй, мөн сонгон шалгаруулалттай холбоотой талуудын тайлбар, мэтгэлцээнийг шүүх дүгнэх нь бүү хэл сонгон шалгаруулалт" гэсэн нэг ч үг шүүхийн шийдвэрт байхгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч миний хувьд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба Б ТӨХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг заалт бүрээр нь дэлгэрэнгүй тайлбарласан. Бусад хариуцагч нарын төлөөлөгч бас энэ талаар ярьж байсан.
Компанийн дүрмийн гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах заалтын дагуу одоогийн захирал М.Э сонгон шалгаруулалтад оролцож, хууль ёсоор томилогдсон талаар, мөн улс орон даяар зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч оролцоогүй, оролцох хүсэлтээ өгөөгүй талаар, хариуцагч Б ТӨХХК нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан ажил олгогч биш, нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохироож байгаагүй учраас өөрийн ажилтнуудын цалин орлогоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны 85,252,546 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй талаар мэтгэлцсэн боловч шүүх ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт дурдсан, тусгасан, үнэлэлт дүгнэлт өгсөн ямар ч үг өгүүлбэр байсангүй.
6.3.Гэтэл анхан шатны шүүх компанийн дүрмийн 8.3.17-д Компанийн гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах, 8.3.18-д Компанийн гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах зэргээр шинээр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дэд заалтуудыг үл тоон, харин ч эсрэгээр нь шүүхийн шийдвэртээ Б ТӨХХК-ийн дүрмийн 9.2-д гүйцэтгэх захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл холбогдох журамд заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаагаа дурджээ.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь заалтын сүүл хэсэг буюу 9-10 дахь хуудсанд ...ажилд эгүүлэн тогтоосон тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан цаг хугацаанд ТӨХХК нь Засгийн газрын тогтоолоор ТӨБЗГт хамаарч байсан хэдий ч ажилд эгүүлэн тогтоолгох маргааныг шийдвэрлэх явцад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөн хувьцаа эзэмшигч нь ХХААХҮЯ болсон байх тул ТӨБЗГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага мөн үндэслэлгүй байна. Тодруулбал, ажилд авах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь одоо хариуцагч уг газарт хамааралгүй болсон байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үнэлсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага болох гүйцэтгэх захирлын ажлын байр нь томилж бус сонгон шалгаруулах хэлбэртэй болж өөрчлөгдөн, дүрмийн өмнөх заалтын үйлчлэл одоо хамааралгүй болсон байгаад яагаад дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.
6.4.Гүйцэтгэх удирдлагын ажлын байрны онцлог, чиг үүрэг, бизнесийн болон ерөнхий мэдлэг, ур чадварын шалгаруулалтанд тэнцэхүйц мэдлэгтэй, чадвартай хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаад, тэнцсэн тохиолдолд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, жил бүр гэрээг нь дүгнэн гүйцэтгэх захирлаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй.
Компанийн бүтэц өөрчлөгдөхөөс өмнө ч, дараа нь ч нэхэмжлэгч Б.Б Б ТӨХХК-д хандан хүсэлт, өргөдлөө гаргаж байгаагүй бөгөөд зөвхөн төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байсан баримтууд нь хэрэгт байдаг. Хэрэв Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн гүйцэтгэх удирдлагын сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн бол гүйцэтгэх захирлаар ажиллах боломж түүнд байсан.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1-д заагдсан Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд Б ТӨХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ХХААХҮЯ сонгон шалгаруулалт зарласан нь хууль ёсны дагуу ажил билээ.
Иймд нэхэмжлэгч Б.Б ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Б ТӨХХК-ийн статус өөрчлөгдсөн болон захирлын томилгооны талаар хариуцагч тал давж заалдах гомдолдоо дурддаг. Миний гаргасан нэхэмжлэл 2018 оноос хойш шүүхэд хянагдаж байх хугацаанд Б улсын үйлдвэрийн статус нь төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын төсвийн үйлдвэрийн газар, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ТӨХХК болж 4 удаа өөрчлөгдсөн бөгөөд энэ нь шүүх ажиллагааг хүндрүүлэх үүднээс буюу шүүхээс бултах санаатай үйлдэл гэж үзэж байна. Статус өөрчлөгдөж байгаа нь миний нэхэмжлэлийн агуулга, шаардлага, үндэслэлд огт хамааралгүй ба статус яаж ч өөрчлөгдсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар эрх залгамжлагчаар тогтоогдож явдаг нь өмнөх шүүхийн шийдвэрт тусгагдсан.
7.2.Сонгон шалгаруулалтын тухайд. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05081 дугаар магадлалд сонгон шалгаруулалт болсон гэж маргаж байгаа хэдий ч сонгон шалгаруулалтын материалыг хэрэгт хавсаргаагүй байна гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан. Тиймээс би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтын материалыг авч нотлох баримтыг гүйцээж өгсөн. Гэтэл хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх үүнийг шийдвэртээ огт тусгаагүй, сонгон шалгаруулалт гэсэн ямар нэгэн үг өгүүлбэр байхгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй гэж тайлбарлаж байгааг миний зүгээс бүрэн эсэргүүцэж байна. Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 онд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож цалин хөлсөө нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан болохоос сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу сонгон шалгаруулалт надад хамаагүй. Тиймээс шүүхийн шийдвэрт сонгон шалгаруулалттай холбоотой үг өгүүлбэр байх шаардлагагүй. Учир нь миний нэхэмжлэлийн агуулга энэ биш. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч нь намайг сонгон шалгаруулалтанд оролцоогүй гэж хэлдэг. Миний бие 2019 оноос хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаад явж байхад 2022 онд болсон сонгон шалгаруулалтыг би мэдэхгүй, надад хамаагүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаад удаа дараа шүүх хуралдаан болж хойшилж, давж заалдах шатны шүүхээс буцаад, дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд явж байгаа иргэний хэргийн процессын оролцогч би яагаад тухайн сонгон шалгаруулалтыг мэдэх ёстой, яагаад тухайн сонгон шалгаруулалтанд оролцох ёстой зэрэг нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар тогтоолоор Б ТӨХХК-ийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилох тухай дүрэмд орсон өөрчлөлт нь шүүхийн процессын шатанд хэргээ хянуулж байгаа надад хамаагүй бөгөөд эрх баригчид дур мэдэн статус дүрмээ өөрчилсөн нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирлын ажлын байр нь сонгон шалгаруулах хэлбэртэй болж өөрчлөгдөн дүрмийн өмнөх заалтын үйлчлэл одоо хамааралгүй болж байгаад дүгнэлт хийгээгүй, нээлттэй сонгон шалгаруулалтаар мэдлэг чадвартай хүнийг 1 жил томилно гэснийг шүүх анхаарч үзээгүй, ХХААХҮЯ сонгон шалгаруулалт явуулсан нь хууль ёсны дагуу гэж ярьж буйгаар бол миний ур чадвартай эсэхийг шүүх эсвэл хариуцагч тогтооно гэж байгаа нь үндэслэлгүй. ХХААХҮЯ нь миний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа хэргийн оролцогч юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч тал дүрмээ өөрчилж, 12 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл тухайн үед давж заалдах шатны шүүх хуралдаан ч болоогүй байсан. Тэгэхээр хариуцагч тал нь дур мэдэн статус болон дүрмээ өөрчлөөд бүх зүйлийг өөртөө зохицуулаад яаж намайг буцаад ажилд нь томилохгүй байх вэ гэх хувийн байгууллага мэтээр хүний хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлаж, ялгаварлан дугаарлаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж байна. ХХААХҮЯ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд нь эгүүлэн томилох үүрэгтэй атлаа сонгон шалгаруулалт зарлаж, дүрэм, статусаа өөрчилж байгаа нь нэхэмжлэгчид хамааралгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Уг өөрчлөлтүүд нь надад бус надаас хойшхи томилгоонд хамаарна гэж үзэж байна. Миний бие нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нийт 7 жил шүүхийн байгууллагаар явж байна. Иргэн хүний хувьд энэ нь сэтгэл санаа болон цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хохиролтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8.Давж заалдах гомдолд хариуцагч ТӨБЗГ бичгээр гаргасан тайлбарын агуулга:
8.1.ТӨБЗГт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Б ТӨҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шилжүүлэн шинээр үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд улмаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчийн эрхийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхээр тогтоосон.
8.2.Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 7.1.8, мөн 237 дугаар тогтоолын хавсралтаар баталсан компанийн дүрмийн 1.4, 2.1, 8.3.5, 9.2 дахь хэсэгт зааснаар Б ТӨХХК-ийн захирлыг томилох эрх нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болох ХХААХҮЯ ны бүрэн эрхэд хамаарах бөгөөд ТӨБЗГ нь Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шууд удирдлагад харьяалах агентлаг тул Б ТӨХХК-ийн захирлыг манай байгууллага томилох эрхгүй.
Ажилд эгүүлэн тогтоосон тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан цаг хугацаанд компани нь ТӨБЗГт хамаарч байсан хэдий ч ажилд эгүүлэн тогтоолгох маргааныг шийдвэрлэх явцад төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөн хувьцаа эзэмшигч нь ХХААХҮЯ болсон тул ТӨБЗГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний талаар заасан. ТӨБЗГ нь өмчлөгч буюу түүнээс эрх олгосон этгээд биш тул Б ТӨХХК-ийн захирлыг томилох, цалин хөлс олгох этгээд биш юм.
Иймд шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ТӨБЗГт холбогдуулан Б ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХААХҮЯ болон Б ТӨХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар татаж, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
3.Хэрэгт авагдсан баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1.ТӨБЗГ нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04139 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Б.Б ыг Б " ТӨААТҮГ-ын захирлын ажилд эгүүлэн томилсон боловч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор хэрэгжилтийг түдгэлзүүлжээ.
3.2.Улмаар 72 дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дугаар шийдвэрээр хүчингүй болгож, албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх хэдий ч нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүйтэй холбоотойгоор дор дурдсан нэхэмжлэлүүдийг харьяалах шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байна. Үүнд:
а.ТӨБЗГт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2021/18361 дугаар захирамжаар ажилд эгүүлэн тогтоосон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04139 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
б.Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дээр дурдсан 04139 дугаар шийдвэрийн албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02/85 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02171 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 85 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01058 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн томилохыг даалгуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.
в.Мөн нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны олговорт нийт 42,373,754 төгрөгийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03130 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 537 дугаар магадлалаар Б ТӨХХК-аас гаргуулж олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 001/ШХТ2022/00531 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
3.3.Энэ хугацаанд Б ААТУҮГ-ыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор татан буулгаж, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд УТҮГ хэлбэрээр шинээр байгуулсан, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа "Б " УТҮГ-ыг ТӨААТҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, төсвийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг ТӨБЗГт даалгасан байх ба энэ нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Б төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн зохион байгуулж, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхээр тогтоосон байна.
3.4.Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд ТӨБЗГ 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноос хойш нэхэмжлэгчийг Б ТӨХХК (УТҮГ, ТӨААТҮГ)-ийн захирлын албан тушаалд ажиллуулаагүй болох нь тогтоогдож байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4.Гэвч дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
4.1.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 345 дугаар тогтоолоор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд чиглэсэн 8 төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба үүнд гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах, мөн гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулахаар заажээ.
4.2.Уг тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 436 дугаар тогтоолоор Б ТӨХХК-ийн дүрэмд 7.3.7.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах, 8.3.17.Компанийн гүйцэтгэх удирдлагын гэрээг 2022 оноос эхлэн нэг жилийн хугацаатай байгуулж, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гэрээг сунгах, 8.3.18.Компанийн гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах гэсэн нэмэлт заалтууд оруулсан байна.
4.3.Түүнчлэн компанийн дүрмийн 9.6-д гүйцэтгэх захиралд тавигдах шалгуурыг тусгасан байх ба удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажиллаж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, малын эмч, эсхүл эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх; зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; ял шийтгэлгүй байх; ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх гэжээ.
Нэхэмжлэгч нь Б ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх үед Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээд боловсролтой, аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах ажлыг 2-оос доошгүй жил хийсэн, удирдлагын зохих дадлагатай, удирдлагын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх шалгуур тавигддаг байсан бол компанийн гүйцэтгэх захирлын хувьд дээр дурдсанаар өөр байна. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхойлсноор аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, мөн төрийн өмчит компани зэрэг төрийн өмчит хуулийн этгээдийн төрлүүд нь эд хөрөнгийн эрхээрээ хоорондоо ялгаатай учир тэдгээрийн захиралд тавигдах шалгуурууд нь ч ялгаатай байна. Хэрэгт компанийн захиралд тавигдаж буй дээрх шаардлагыг нэхэмжлэгч хангаж байгаа эсэх талаар баримт авагдаагүй.
4.4.Нөгөөтэйгүүр, Б ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигч ХХААХҮЯ наас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/196, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/350 дугаар албан бичгүүдээр гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнг хэлэлцэх удирдамжийг Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж, улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Б ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлаар М.Э ыг томилсон баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
4.5.Дээр дурдсанаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б ыг урьд эрхэлж байсан захирлын ажилд эгүүлэн тогтоох боломжгүй байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг буруу хэрэглэсэн тул залруулна.
5.Харин ажил олгогч Б ТӨХХК-ийн эс үйлдэхүйн улмаас ажилтан Б.Б ын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдлыг харгалзан ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 50,848,966 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03130 дугаар шийдвэрээр 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны олговор нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ түүний дундаж цалин хөлсийг 1,589,016 төгрөгөөр тодорхойлсон байх тул уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.
6.Анхан шатны шүүх хариуцагч ХХААХҮЯ , Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу энэ талаар дүгнэх өгөх шаардлагагүй болно.
7.Иймд хариуцагч Б ТӨХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 50,848,966 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/04321 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 2 дахь заалтыг нэгтгэж 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨХХК-аас 50,848,966 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б од олгож, нэхэмжлэлээс Б ТӨХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг болон хариуцагч ХХААХҮЯ , ТӨБЗГт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 3, 4, 5 дахь заалтыг 2, 3, 4 гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 584,213 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА