Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Гансүх, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Амарсанаа,

шүүгдэгч Б.Дашгүнжидын өмгөөлөгч А.Мөнхбат,  

шүүгдэгч М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 08 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох 2014250004392 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Хөх Дандар овгийн Бямбатогтохын Дашгүнжид, 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон Улсын тээврийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Шинэ хотхоны 2 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЙЮ86112414/

 

2. Боржигон овгийн Магсарын Төмөр-Очир, 1990 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Археологи, антрапологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УБ90050811/

 

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч З.Эрдэнэбатын Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н56А5015156 арлын дугаартай, “Митцубиши Пажеро” загварын автомашинд 83-11 УНК улсын дугаар, ТЯ9416549 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS171005522 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 73-04 УНИ улсын дугаар, №00678659 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1106040276 арлын дугаартай, “Тоёота Гранд-2” загварын автомашинд 56-73 УНҮ улсын дугаар, №00566265 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

DҮЗW232830 арлын дугаартай, “Мазда Демо” загварын автомашинд 89-96 УНИ улсын дугаар, №00648888 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

NCP250023872 арлын дугаартай, “Тоёота Фан Карго” загварын автомашинд 85-66 УНИ улсын дугаар, №00647708 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

АТ2116016019 арлын дугаартай, “Тоёота Карина” загварын автомашинд 65-76 УНИ улсын дугаар, №ТЯ9679444 тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

СS2А0005498 арлын дугаартай, “Митцубиши Лансер” загварын автомашинд 83-32 УНҮ улсын дугаар, №0566264 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

GХ1000009795 арлын дугаартай, “Тоёота Чэйзер” загварын автомашинд 81-32 УНҮ улсын дугаар, №00567574 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан З.Эрдэнэбатаас Б.Дашгүнжид нь “Тоёота кроун” загварын JZS1710053522 арлын дугаартай, 73-04 УНИ улсын дугаартай, 6,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан, М.Төмөр-Очир нь “Mazda Demo” загварын DY3W232830 арлын дугаартай, 89-96 УНК улсын дугаартай, 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин авсан,

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд хээл хахууль өгөгч Г.Энхбаатарын Гаалийн албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Дархижавын програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтэрч түр хугацаагаар Монгол Улсад орж ирсэн

JТМНХ05J80407791 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 93-70 УНК улсын дугаар, ТЯ9530965 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНV05J40502917 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 92-46 УНК улсын дугаар, ТЯ950826 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JТМНТ05J104037899 арлын дугаартай, “Тоёота Ланд крузер-200” загварын автомашинд 55-65 УНС улсын дугаар, ТЯ0692433 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

RВ11076353 арлын дугаартай, “Хонда Одессе” загварын автомашинд 90-40 УНК улсын дугаар, ТЯ9530898 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJВТ20ХХ50073230 арлын дугаартай, “Lexus GX” загварын автомашинд 94-51 УНК улсын дугаар, ТЯ4567989 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JTJHT00W804024891 арлын дугаартай, “Lexus LX” загварын автомашинд 84-36 УНК улсын дугаар, ТЯ9530780 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан Г.Энхбаатараас Б.Дашгүнжид нь 15,000,000 төгрөг авсан, М.Төмөр-Очир нь 3,000,000 төгрөг авсан,

 

Б.Дашгүнжид нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль өгөгч Ж.Эрдэнэбаатарын Нэмэгдсэн өртөгийн болон Онцгой албан татвар төлөхөөс зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Солонгос улсаас сэлбэг гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан КМНWР81НР4U601926 арлын дугаартай, “Хюндэй Старекс” загварын автомашинд 94-24 УНЕ улсын дугаар, №00555583 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн С.Баянмөнхөөр дамжуулан Ж.Эрдэнэбаатараас 1,000,000 төгрөг авсан,

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Цирк” салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 2014 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд хээл хахууль өгөгч С.Гансүхийн Онцгой албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх гэсэн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн програмд нэвтрэх эрхийг ашиглан хууль бусаар нэвтрэх аргаар Япон Улсаас сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсад оруулан ирж угсарсан

Н58А0011928 арлын дугаартай, “Митцибуши /мини/ пажеро” загварын автомашинд 91-87 УНЕ улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZS1710047117 арлын дугаартай, “Тоёота Кроун” загварын автомашинд 63-02 УНҮ улсын дугаар, №00566267 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,

JZХ1156001317 арлын дугаартай, “Тоёота гранд марк-2” загварын автомашинд 42-31 УНҮ улсын дугаар, №00566266 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгож, бүртгэлийн санд хууль бусаар бүртгэн, С.Баянмөнхөөр дамжуулан С.Гансүхээс 3,250,000 төгрөг авсан,

Б.Дашгүнжид нь 4 удаагийн давтан үйлдлээр нийт 25,750,000 төгрөгийн, М.Төмөр-Очир нь 2 удаагийн давтан үйлдлээр нийт 11,500,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаасан: Үүнд:

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 237 дугаартай тогтоолд заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

Мөрдөн байцаалтаар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулсан тогтоолоор “...тээврийн хэрэгслийн гэрчилгээг тус тус олгохдоо тээврийн хэрэгслийн бүртгэлийн “VRS” программд бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн эрхээр хууль бусаар нэвтрэн орж бүртгэн АТҮТ-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасан ялыг”,

“...тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан ялыг” тус тус нэмж сонсгожээ /20-р хх-187-190, 199-203/.

Улмаар прокуророос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдад учирсан материаллаг хохирол тогтоогдохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /21-р хх-29-36/

Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаагаар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нэг мөр тодруулан шалгаагүй байна.

Тухайлбал компьтерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн объёктив тал нь дан ганц материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар эд хөрөнгийн болон бусад ашиг олох, эрэлт хэрэгцээгээ хангах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглаж, компьютерийн систем, мэдээллийн сүлжээг бусдын нэрээр ашигласан, бусдын нэрийг ашиглан программ мэдээллийг өөрчилсөн, байгууллагаас эрх олгосон баримт бичгийг шунахайн сэдэлтээр бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан, байнга үйлдсэн аль нь болох зэргийг мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийж шалгаж тодруулах нь зүйтэй.

Дээр дурьдсан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тодруулан шалгасны эцэст шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд нь тохируулан оновчтой зүйлчлэхэд ач холбогдолтой бөгөөд мөн гар аргаар угсарсан автомашинуудыг гэрчилгээжүүлж зах зээлд худалдсанаас иргэд хохирох нөхцөл бүрдсэн эсэх, үүний улмаас үүсэх болон үүсч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх, үүссэн үр дагаврыг хариуцах болон иргэний нэхэмжлэл гаргах этгээд бий эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай.

Үүнээс гадна цаашид прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн эсэх буюу хэргийн нутаг дэвсгэрийн харьяалалыг анхаарах нь зүйтэй гэсэн үндэслэлийг заан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, шүүгдэгч Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт урьд авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Амарсанаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн №237 дугаартай тогтоолын дагуу 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр М.Төмөр-Очир, Б.Дашгүнжид нарт урьд сонсгосон ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан ялыг тус тус нэмж сонсгосон.

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар уг хэргүүдээ хүлээн зөвшөөрч 2015 онд батлагдсан “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ ирүүлсэн.

Түүнчлэн яллагдагч Б.Дашгүнжидийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №03 дугаартай прокурорын тогтоолоор,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдад учирсан материаллаг хохирол тогтоогдохгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйл “Татвар төлөхөөс зайлсхийх”, 269 дүгээр зүйл “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдаж өөрсдийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан З.Эрдэнэбат. Г.Энхбаатар. Ж.Эрдэнэбаатар, С.Гансүх нарыг яллагдагч Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь урьдаас танихгүй бөгөөд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдэхэд нь урьдчилан ямар нэг зүйл амалсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Улсын Дээд шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай тогтоолд “хамжигч” гэдэгт бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэргийн улмаас олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амалсан байхыг ойлгоно. Энэ нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг урьдаас мэдэж амласан байдгаараа гэмт хэрэгт хамаарагсад гэсэн ойлголтоос ялгагдана” гэж заасныг үндэслэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №04 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт зааснаар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Авто тээврийн үндэсний төвд хуулийн мэргэжилтэн ажилтай Ц.Эрдэнэчулуун, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн зөрчил, шуурхай хяналтын албаны гаалийн улсын байцаагч Б.Сүхбаатар нарт танилцуулж мэдэгдсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт зааснаар хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаагүй тул 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №03, 04 дугаартай прокурорын тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр болсон.

Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын программ хангамж хариуцсан мэргэжилтэн Э.Батсүхийг Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нартай бүлэглэн тээврийн хэрэгслийн бүртгэлийн “VRS” цахим сан, программын мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Гэвч 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шинжээч томилох тогтоол үйлдэн Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газрыг шинжээчээр томилсны дагуу тус газрын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/371 дугаартай албан бичигт /12-р хх-98-101/ “Уг программын 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн шинэчлэлтээс өмнөх сул талыг ашиглан дээрх улсын дугаар бүхий автомашинуудыг системд бүртгэсэн байна” гэж дүгнэсэн.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчулуун Эрүүгийн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-д заасан хэргийн хохирлыг нэхэмжилж байхдаа 206 тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан авсан бөгөөд энэ утгаараа ямар нэг хохиролгүй болсон, Эрүүгийн хуулийн 227 дугаар зүйлд заасан “Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах”, 233 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгслийн бүртгэлийн “VRS” цахим сан, программд ямар нэг гэмтэл учирч бүртгэлийн үйл ажиллагаа доголдож материалаг хохирол учраагүй учир хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” /20-р хх-104-105/ гэж мэдүүлсэн тул Зам тээврийн яамны Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын программ хангамж хариуцсан мэргэжилтэн Э.Батсүхэд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №12 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн Э.Батсүх, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Авто тээврийн үндэсний төвд хуулийн мэргэжилтэн ажилтай Ц.Эрдэнэчулуунд танилцуулж мэдэгдсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт зааснаар хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаагүй тул 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №12 дугаартай прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйл “Татвар төлөхөөс зайлсхийх”, 269 дүгээр зүйл “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдон шалгагдаж өөрсдийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдсан Г.Энхбаатар нь 6 тээврийн хэрэгслийн татвар болох 129,697,735 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, З.Эрдэнэбат нь 8 тээврийн хэрэгслийн, Ж.Эрдэнэбаатар нь 1 тээврийн хэрэгслийн, С.Гансүх нь 3 тээврийн хэрэгслийн татвараа төлөхөө илэрхийлсэн ба эрх бүхий байгууллага буюу Гаалийн Ерөнхий газраас, иргэний журмаар татвараа нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа.

Г.Энхбаатарын Монгол Улсын хилээр түр горимоор оруулж ирсэн 6 тээврийн хэрэгслийн татвар төлөгдсөн учраас заавал битүүмжлэх шаардлага байхгүй, Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын хээл хахуульд авсан гэх “Тоёота Кроун” загварын, 73-04 УНИ улсын дугаартай автомашин, “Мазда Демио” загварын, 89-96 УНИ улсын дугаартай автомашинуудыг хураан авсан.

Харин иргэн М.Мандухайгийн өмчлөлд шилжсэн JZX1106040276 арлын дугаартай, 56-73 УНҮ улсын дугаартай, “Тоёото Гранд марк-2” загварын автомашин, З.Хосцэцэгийн өмчлөлд шилжсэн NCP250023872 арлын дугаартай, 85-66 УНИ улсын дугаартай, “Тоёото Фан Карго” загварын автомашин, З.Эрдэнэбатын өмчлөлийн АТ2116016019 арлын дугаартай, 65-76 УНИ улсын дугаартай, “Тоёото Карина” загварын автомашин, Л.Гэндэнжавын өмчлөлд шилжсэн CS2A0005498 аралын дугаартай 83-32 УНҮ улсын дугаартай “Митцубиши Лансер” загварын автомашин, “Хан Агьт” ХХК /М.Түвшинжаргал/-ын өмчлөлд шилжсэн JZS1710047117 арлын дугаартай 63-02 УНҮ улсын дугаартай “Тоёото Кроун” загварын автомашин, “Бичил глобус групп” ХХК /Мижигдоржын Мөнхзул/-ын өмчлөлд шилжсэн JZX1156001317 арлын дугаартай, 42-31 УНҮ улсын дугаартай, “Тоёото гранд марк-2” загварын автомашинуудыг мөрдөн байцаагч тогтоолоор тус тус битүүмжилж С.Гансүхийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, З.Эрдэнэбатыг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Г.Энхбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Ж.Эрдэнэбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус тус иргэний хариуцагчаар татсан.

Гэвч Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдэл нь нийлмэл гэмт хэргийн шинжгүй, харин хээл хахууль өгөгч З.Эрдэнэбат, Г.Энхбаатар, Ж.Эрдэнэбаатар, С.Гансүх нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл болох Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бусдын програмд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд нэвтрэх аргаар гаалийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар, гэрчилгээг хууль бусаар олгож бусдаар дамжуулан хээл хахууль авсан болох нь бүрэн тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” санд бусдын програмд нэвтрэх эрхийг ашиглан тээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд нэвтэрч, улмаар худал мэдээлэл оруулсан, оруулсан мэдээллээ тээврийн хэрэгслийн гэрчилгээнд хуулбарлан гаргах аргыг ашиглан шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийж үүнийхээ төлөө бусдаар дамжуулан хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нэг удаагийн үйлдлийг давтан гаргасан байдаг.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолд “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ гэдэгт гэм буруутай этгээд нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэрэг үйлдэх явцдаа хууль бусаар олж авсан эд юмс тэдгээрийн зах зээлийн үнэлгээг ойлгоно, ...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн бусад хэрэгсэл гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл... зэргийг хамааруулна” гэж тайлбарласан байна.

Ийм учраас яллагдагч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 227 дугаар зүйлийн 227.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолоор дээр дурьдагдсан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн болон иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд угсарсан гэх тээврийн хэрэгслийг одоо өмчилж эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хохирол хүлээсэн гэж үзвэл иргэний журмаар З.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбаатар, С.Гансүх нараас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.

2. Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн хувьд яллагдагч нарын хувийн байдалтай шууд хамааралтай боловч Авто тээврийн үндэсний төв ТӨААТҮГ-ын мэргэжилтэн болон ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тэдгээрт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийг таниулан сурталчлах ажил хангалтгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил албан үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, байгууллагын дотоодын хяналт, шалгалт сул, ажлын уялдаа холбоо муу, сахилга хариуцлага сул, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим “VRS” сангийн программ хангамжийн хамгаалалт сул зэргээс шалтгаалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлийн 227.2, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бол дээд шатны прокурор хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгож хэргийг сэргээнэ” гэж заасан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж, 246.2 дахь хэсэгт “Шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй” гэж заасан байхад шүүх хэрэгсэхгүй болгосон хэрэгт дүгнэлт хийж дахин мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр заасан нь учир дутагдалтай байна.

Прокуророос Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд угсарсан гэх тээврийн хэрэгслийг одоо өмчилж эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй болно.

3. Шүүхийн харъяаллын асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 220-224 дүгээр зүйлд зохицуулсан бөгөөд хэрэв уг хэрэг тухайн шүүхэд харъяалагдахгүй байвал шүүгчийн захирамжаар харъяалах шүүхэд шилжүүлэх эрх нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Шүүгдэгч М.Төмөр-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд Б.Дашгүнжидтэй бүлэглэсэн гэх хэрэгт ямар оролцоотойг тогтоож өгөхийг хүсэж байна. Би 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа халагдчихсан байсан.” гэв.

 

Шүүгдэгч М.Төмөр-Очирын өмгөөлөгч Г.Ганхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Улсын Дээд шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа нотолбол зохих зүйлүүдийг нотлогдоогүй байна гэж заасан. Үүнд М.Төмөр-Очирын хоёр удаагийн үйлдэл гэж байгаагийн эхний үйлдэл болох 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл хугацаанд дахь үйлдлийг тогтоох ёстой гэх үндэслэл орсон гэж үзэж байна. 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл М.Төмөр-Очир Б.Дашгүнжидтэй яаж хамтарсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр холбогдсон талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Яллах дүгнэлтэд гэрч Бямбадоржийн “ажлаас халагдсан тэр өдөр нь уулзахад энэ хоёр хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн” гэх хоёр мөр мэдүүлэг авагдсан. Гэрч Бямбадоржийг дахин байцааж өгөхийг удаа дараа хүссэн боловч байцаагаагүй. Иймд 1 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд З.Эрдэнэбат гэх хүний ашиг сонирхлын үүднээс М.Төмөр-Очир ямар үйлдэл хийгээд, яаж урьдчилан үгсэн тохиролцож холбогдсоныг тодруулан нэг мөр болгох ёстой. Өөрөөр хэлбэл Бямбадорж энэ хоёр шүүгдэгчийн юу гэж хэлснийг юу гэж ойлгож мэдүүлэг өгсөн бэ гэдгийг тодруулах ёстой. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй.” гэв.

 

Шүүгдэгч Б.Дашгүнжидийн өмгөөлөгч А.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад дахин мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдлийг ял сонсгож, үйлдлийг нь Өршөөл үзүүлэх хуулиар хэрэгсэхгүй болгосон. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй. Уг нь мөрдөн байцаах байгууллага хэргийг мөрдөн шалгаж, байцаах үйл ажиллагаа явуулах эрхтэй. Шүүхэд ийм эрх байхгүй, хөнгөрүүлэх эрх байгаа. Гэхдээ хөнгөрүүлэхийн тулд хэрэгт авагдсан материалыг шалгасны үндсэн дээр хөнгөрүүлнэ гэж ойлгож байна. Шүүгдэгч Б.Дашгүнжидийн хэргийн зүйлчлэл хөнгөрөх боломжтой. Үүний талаар мөрдөн байцаах байгууллагад хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Б.Дашгүнжид 7 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа халагдсан. Гэтэл 7 дугаар сарын 22-ны өдөр М.Төмөр-Очиртой хамтарч үйлдсэн гэх үйлдэл байдаг. Халагдсан байсан хүнийг 7 дугаар сарын 22-ны өдөр тухайн үйлдлийг хийсэн гэж үзэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул үүнийг шалгуулах хүсэлтийг гаргаж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол агуулгын хувьд үндэслэл бүхий байна.

 

            Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолын дагуу Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдэлд нийлмэл гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгаж тодруулан, прокурор өөрийн эрх хэмжээний хүрээнд тодорхой хууль зүйн дүгнэлт хийн холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 

 

            С.Гансүх, З.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбаатар нар сэлбэг, кузов гэсэн гаалийн мэдүүлгээр Монгол Улсын хилээр оруулж угсарсан автомашинууд нь техникийн стандарт шаардлагад нийцэхгүй бол замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. Иймээс үйлдвэрийн бус, гар аргаар угсарсан автомашинууд нь техникийн стандартын шаардлага хангаж буй эсэх талаар автотехникийн тусгай мэргэжил бүхий шинжээч нараар дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хэрэв эдгээр автомашинууд техникийн шаардлагын хувьд Монгол Улсад замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болох нь тогтоогдвол тухайн автомашинуудын улсын бүртгэлийг хүчингүй болгож, үүнтэй холбоотойгоор иргэний нэхэмжлэгч, хариуцагчдыг тогтоон, шүүх хохирлыг асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжийг хангавал зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “хяналтын шатны шүүхийн тогтоолын заалт бүрэн биелэгдээгүй” гэснийг хүчингүй болгож, үүнтэй холбоотой бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоол болон энэ магадлалд заасан асуудлуудыг шалгуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

                       

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгээс “... хяналтын шатны шүүхийн тогтоолын заалтыг бүрэн биелүүлээгүй ...” гэснийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 3-ний өдрийн 08 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээс дээрх үндэслэлээр бичсэн хэсгийг хүлээн авч, бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

М.ПҮРЭВСҮРЭН