Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 237

 

 Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох

                                                                   эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгч Б.Дашгүнжидийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа,

шүүгдэгч М.Төмөр-Очирын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Г.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 459 дүгээр магадлалтай, 2014250004392 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Дашгүнжид, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа, шүүгдэгч М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Г.Ганхуяг нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хөх Дандар овогт Бямбатогтохын Дашгүнжид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт заасан “Шунахайн сэдэлтээр байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, хэвлэмэл маягтыг хулгайлах”, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан, их хэмжээний хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Магсарын Төмөр-Очир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан хээл хахууль авах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дашгүнжидийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр их хэмжээний хээл хахууль авсан, мөн шунахайн сэдэлтээр байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, хэвлэмэл маягтыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, М.Төмөр-Очирыг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар Б.Дашгүнжидэд 3,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар М.Төмөр-Очирт 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Дашгүнжидийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 3,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 1 сар хорих ялаар тогтоож, Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Б.Дашгүнжидийн хээл хахуульд авсан 73-04 УНИ улсын дугаартай “Toyota crown” /Тоёота Кроун/ загварын автомашин, 19,250,000 төгрөг, М.Төмөр-Очирын хээл хахуульд авсан 89-96 УНК улсын дугаартай “Mazda demio” /Мазда Демио/ загварын автомашин, 3,000,000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож, Б.Дашгүнжидийн 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Аминзаяа, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Амингүнжид нарын асран хамгаалагчийг тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Б.Дашгүнжидийн өмчлөлийн Ү-2205039244 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо 2 дугаар байрны 59 тоот хаягтай орон сууцыг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дашгүнжид, түүний өмгөөлөгч А.Мөнхбат, Ш.Нарантуяа, шүүгдэгч М.Төмөр-Очир, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Ш.Нарантуяа, А.Мөнхбат, Г.Ганхуяг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Дашгүнжид хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо : “...Өөрийн гэм буруугаа маш ихээр ойлгож, гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд надаас гаргуулахаар заасан 19,250,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн дэглэмийн өөрчлөлт оруулж өгнө үү. Ар гэрт бага насны 2 охин үлдэж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрээр аав Дашгүнжид намайг тогтоосон юм. 2 охиныг минь бодож хорих ялыг хойшлуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Дашгүнжидийн өмгөөлөгч А.Мөнхбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Дашгүнжид нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 227 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж ирсэн ба шүүгдэгч нь албан тушаалтан бус, албан тушаалтны тухайн ажлын онцлог буюу тээврийн хэрэгслийг бүртгэх тусгайлсан эрх ч байхгүй бөгөөд гэмт хэргийг үйлдэх үедээ Авто тээврийн Үндэсний төвд архив хариуцсан гүйцэтгэх ажилтан байсан нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Хоёр шатны шүүх албан тушаалтан мөн гэх талаар дүгнэлт огт хийлгүйгээр шүүгдэгчийн бусдын компьютерийн программд хакердаж хууль бусаар нэвтрэн гэрчилгээ хэвлэн шан харамж авсныг хахуулийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах талыг барьсанд гомдолтой байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Дашгүнжидийн өмгөөлөгч Ш.Нарантуяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн Б.Дашгүнжидийг компьютерийн мэдээллийг хакердаж үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан албан тушаалын гэмт хэргийг үйлдсэн гэж буруу зүйлчлэн ял оногдуулсан. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хөнгөрүүлж өгнө үү. Б.Дашгүнжид нь гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд шүүхийн шийдвэрээр бага насны 2 охиныг нь түүний асрамжид үлдээснийг харгалзан Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтыг үндэслэн ял хойшлуулах асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч М.Төмөр-Очир хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...М.Төмөр-Очир би Авто тээврийн бүртгэл хөтлөх журамд заасны дагуу дадлагажих ажилчин. Би Мазда демио машиныг өмнөх зарсан машиныхаа 4 сая төгрөгөөр худалдаж авсан. Сэлбэгээр босгосон асуудалтай машин гэдгийг мэдэж байсан мөртлөө хямдхан өнгө үзэмж сайтайг нь бодоод Дашгүнжидийн үгээр нь болж найзынхаа нэр дээр авсан минь миний буруу. Надад энэ машиныг зарсан үеэс Дашгүнжидийг ийм зүйл хийж байгааг мэдсэн. Намайг 2014 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд Дашгүнжидийг машин бүртгэлд шивж оруулахад яаж оролцсон, яаж үгсэн тохиролцсон, бүртгэлийн программд шинээр машин бүртгэж мэдэхгүй би бүхэл бүтэн машин авилгалд авах хэмжээний ямар үйлчилгээ үзүүлээд, хаана, хэзээ машин өгсөнийг тогтоогоод өгөөч гэж хүссэн боловч хүсэлтийг минь анхаарч үзээгүй. Харин 7 дугаар сарын 22-ны өдөр Да хүрээ захын бүртгэлийн байранд Дашгүнжидийг машин шивихийг мэдсэн. Дараа нь Хөсөг трейд дээр гэрчилгээг нь хэвлэж өгснөө, нэлээд хэд хоногийн дараа 3 сая төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Хээл хахуулийн мөнгө гэдгийг мэдээгүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдож бусдад төлөх хохиролгүй өөрийн болгоомжгүй зангаасаа болж болохгүй машин гэдгийг мэдсээр байж мөнгө өгч аван ажлаасаа халагдаж, 7 дугаар сарын 22-нд гэрчилгээ хэвлэж өгсөн үйлдлээсээ болж ийм байдалд орж ар гэрийхнээ өөртэйгээ давхар шийтгэж байгаад харамсаж байна.

Миний энэ хэрэгт оролцсон оролцоог ялгаж дүгнэн, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Төмөр-Очирын өмгөөлөгч Г.Ганхуяг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Төмөр-Очир нь төрийн жинхэнэ албанд орох мэргэжлийн шалгалт сонгон шалгаруулалтад хамрагдаагүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд нь төрийн албан хаагчийн статусгүй, тэр ангилал зэрэгт хамаардаггүй. Үүнээс үзэхэд Төмөр-Очир нь дээрх гэмт хэргийн субьект болох төрийн албан хаагч биш гэж үзэж байна. М.Төмөр-Очир нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн программд хууль бусаар нэвтэрч ороогүй, авто машинуудын гэрчилгээ шивэх ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл бүгдийг нь Б.Дашгүнжид үйлдсэн нь хэргийн материалаар нотлогдсон. Мазда Демио машиныг Б.Дашгүнжидээс худалдаж авсан болохыг Дашгүнжид, Ч.Баяржаргал нар мэдүүлдэг. 7 дугаар сарын 22-ны өдөр Б.Дашгүнжидийн хүсэлтээр бүртгэлийн программд нэвтэрч 6 тээврийн хэрэгслийн гэрчилгээг зөвхөн хуулбарласан бөгөөд ямар нэгэн гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг баталгаажуулалт хийгээгүй бөгөөд энэ үед 7 дугаар сарын 18-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдан дуусгавар болж, ажлаасаа халагдсан тул албан тушаалтан биш болсон байхад М.Төмөр-Очирт шүүх Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж яллах талыг хэт барьсан. Анхан шатны шүүх М.Төмөр-Очирыг гэм буруутай гэж тооцохдоо яллагдагч С.Баянмөнхийн мэдүүлэг, өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж байгаа нь мөн л хуулийн заалтыг зөрчиж байна. Харин Б.Дашгүнжидийг хууль бус үйл ажиллагаа хийж байгааг мэдсэн атлаа зохих байгууллагад мэдэгдээгүй, гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө, мөнгийг урьдчилан амлалгүйгээр авсан байдал хавтаст хэргээс харагдаж байгаа тул М.Төмөр-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246, 155 дугаар зүйлүүдээр зүйлчилж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Шүүгдэгч М.Төмөр-Очирын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж нотлох баримтыг цуглуулсан, мөрдөн байцаалтын харъяаллыг зөрчиж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд төрийн албан хаагчийн статусгүй болно. М.Төмөр-Очир нь 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл шүүхийн тогтоолоор М.Төмөр-Очирыг 7 дугаар сарын 22-ны өдөр Да хүрээ салбарын бүртгэлийн хэлтсийн байранд 6 тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүртгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял халдаасан. М.Төмөр-Очир цалингийн зээлээрээ худалдаж авсан өөрийн өмнөх автомашинаа борлуулсан мөнгөөрөө Мазда демио маркийн машиныг худалдаж авсан болох нь Авто тээврийн үндэсний төвийн 193 тоот лавлагаа, Худалдаа хөгжлийн банкний цалингийн зээл зэргээр нотлогддог. Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг тогтоож чадаагүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, М.Төмөр-Очирт холбогдох хэргийг зөв зүйлчилж өгнө үү” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч нар нь татвар төлөхөөс зайлсхийсэн хээл хахууль өгөгчдийн эрх ашгийн үүднээс албан үүргээ төрийн эсрэг хортойгоор ашиглаж, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хууль бусаар хийж, бусдаар дамжуулан эд материал болон хөнгөн хэлбэрийн хээл хахууль авсан болох нь нотлогдож байна. Тэдний хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт төлөгдөх байсан мөнгө төлөгдөөгүй. Мөн гар аргаар угсарсан автомашинд хууль бус бүртгэл хийж, зах зээлд худалдаалсан болох нь нотлогдож байна. Шүүхээс оноосон ял шийтгэл тохирсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол,магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан бүхий л нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээг аваагүй,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүй нь тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэхийг огт шалгаагүй нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Нэг. Шүүгдэгч Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинж, тухайлбал, Компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Хуурамч бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах, Татвараас зайлсхийх гэмт хэрэгт хамтран оролцсон зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжүүд байгаа эсэхийг шалгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлд заасан нийлмэл гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах бүх ажиллагааг хийх нь зүйтэй.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объектод хууль бусаар халдсан, тухайлбал гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим”-д нийцнэ.

Хоёр. Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нар нь бүртгэлийн мэргэжилтэн Д.Батцэцэгийн нэр дээр нээсэн ШЭХСГ гэх нэвтрэх эрхээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн цахим VRS санд хууль бусаар нэвтрэн орж 8 автомашиныг бүртгэлийн санд бүртгэн, улсын дугаар болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгосон үйл баримтын тухайд, гэрч Д.Батцэцэг “ШЭХСГ гэсэн эрх нь “Хөсөг трейд” гэсэн бүртгэлийн эрх байна. Би өнгөрсөн хугацаанд “Хөсөг трейд” дээр ажиллаж байгаагүй учраас надад иймд эрх нээж өгч байгаагүй. ... тээврийн хэрэгслүүдийг миний нэр дээр нээгдсэн ШЭХСГ эрхээр бүртгэгдсэн байсныг мэдээд манай ажлын хүн надад хэлсэн. Надад ШЭХСГ гэсэн эрх нээгдсэнийг тухайн үед л мэдсэн” гэснээс өөрөөр энэхүү хамгаалалттай сүлжээ болох VRS санд нэвтэрсэн дээрх эрх ямар байдлаар үүссэн, эсхүл олж авсныг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд дээрх ШЭХСГ гэсэн эрхийг хэрхэн олж авсан, уг эрхийг хаана, хэзээ, хэн нээсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд уг байдлыг тодруулах нь гэмт хэргийн хамтран оролцогч байгаа эсэх, мөн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ямар ямар объект нэг үйлдлээр зөрчигдсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой.

Гурав. Прокуророос Г.Энхбаатар, С.Гансүх, З.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбаатар нарт холбогдох хээл хахууль өгөх, татвараас зайлсхийх гэмт хэргүүдийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс чөлөөлөхөөр заасан бөгөөд харин ялаас бусад арга хэмжээг хэрэглэхийг хориглоогүй болно.

Иймд Монгол Улсын хилээр түр горимоор орж ирсэн болон сэлбэгээр орж ирэн угсрагдаж улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ олгогдсон гэх тээврийн хэрэгслүүдийг битүүмжилж, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татагдвал зохих этгээдийг бүрэн тогтоох шаардлагатай бөгөөд энэхүү ажиллагаа нь уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний улмаас үүсэх болон үүсч болох хор уршгаас урьдчилан сэргийлэх, үүссэн үр дагаварыг бүрэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасан заавал авах арга хэмжээг хэрэглэх шүүхийн эрх хэмжээний асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар хязгаарласан байна.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 459 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт холбогдох эрүүгийн 2014250004392 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, Б.Дашгүнжид, М.Төмөр-Очир нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ШҮҮГЧ                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ