Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0045

 

Л.Б-н нэхэмжлэлтэй,

нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

      Даргалагч, шүүгч:    Г.Банзрагч

      Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

      Шүүгчид:                      М.Батсуурь

                                               Ц.Цогт

      Илтгэгч шүүгч:          Д.Батбаатар

      Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0825 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2023/0069 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0099 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах талаар зарим авах зарим арга хэмжээний тухай” А/388 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг дарга 2022 оны А/388 дугаар захирамжаар “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” байршлуудыг хавсралтаар баталсан.

3.Нэхэмжлэгчээс “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашийн газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “ ... иргэний газар эзэмших эрх дуусгавар болоход иргэн уг газрыг чөлөөлөх үүрэгтэй, маргаан бүхий захирамж үндэслэл бүхий захиргааны акт болно” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “ ... “нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон, газар дээр байх гараашийг хуулийн дагуу бүртгүүлсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа, маргаан бүхий захирамж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй” үндэслэлээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “ ... “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч, гарааш орчмын газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй“ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М гомдолдоо:

6.1.Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

6.2.Магадлал хүчин төгөлдөр болох юм бол захиргааны байгууллага дээрх ажиллагааг хийхгүйгээр бусдын эзэмшлийн газрыг хугацаанаас өмнө авах тохиолдол үүсэхээр байна.

6.3.Дээрх ажиллагааг зайлшгүй хийх нь хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой болох юм.

6.4.Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2024/0099 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Гаражуудыг журамлах тухай” А-122 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “шинээр баригдах гараашуудын байршилтыг баталсны 2 дугаар хавсралтад Ч дүүргийн 60 машины давхар гараашийн барилгыг ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Д б-уудын орон сууцны зүүн талд 0.08 га газарт байрлуулахаар тогтоож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 7 дугаар мэдэгдлээр “М а с ” ХХК-д 0.08 га газрыг олгосныг мэдэгдсэн, 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Ч дүүргийн ... дүгээр хороо, Д-ын байрны зүүн талд 0.014 га газрыг гараашийн зориулалтаар “У б” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгосноор тухайн гараашууд баригдсан, нэхэмжлэгч Л.Б гараашийг 2006 онд худалдан авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

11.Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 464 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Б-н “Ч дүүргийн ... дугаар хороо, Д б-ын орон сууцны зүүн талд байрлах түүний эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашийн газарт газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлагыг хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

12.Шүүхийн уг шийдвэрийг биелүүлж, нийслэлийн Засаг дарга 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар Л.Б-д Ч дүүргийн ... дүгээр хороонд гараашийн зориулалтаар 13 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх эрхийг олгосон бол улсын бүртгэлийн байгууллага гараашийг 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019263 дугаарт бүртгэж, 000213690 дугаар гэрчилгээ олгожээ.

13.Үүний дараа нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар Л.Б-д тус 13 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж, эрхийн улсын бүртгэлийн Э-2202004548 дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 0000095642 дугаар гэрчилгээ олгосон байна.

14.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн гараашийн газрыг эзэмших эрх газрын хууль тогтоомжийг зөрчөөгүй буюу тухайн тохиолдолд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан газрыг чөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй байна.

15.Анхан шатны шүүхийн “маргаан бүхий захиргааны актын үндэслэлд тусгасан буюу газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх нөхцөл байдалтай байгаа” газруудад хамаарахааргүй” талаарх дүгнэлт үндэслэлтэй.

16.Хариуцагч албан тушаалтан хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор холбогдох шийдвэрийг гаргахдаа бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг хөндөх тохиолдолд Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлийн зохицуулалтуудыг, ялангуяа 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.3-д “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна”, 43 дугаар зүйлийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж заасныг анхаарах шаардлагатай байжээ.

17.Хуулийн дээрх зохицуулалтуудаас харвал хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээдийн шийдвэрээр зориулалтын дагуу эзэмшиж байгаа газрыг нөхөх олговортойгоор, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийнх нь харшаар тохиролцох байдлаар газрыг чөлөөлөх, солих ажиллагаа хийгдэх ёстой.

18.Хариуцагчаас “...газар эзэмших эрх дуусгавар болсон” гэх боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан тохиолдлууд нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй, эсрэгээрээ хууль тогтоомжийн дагуу хариуцагч болон эрх бүхий этгээдийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгө өмчилж, түүний доорх газрыг эзэмшиж байгаа тохиолдолд хариуцагч албан тушаалтан хуулийн дээрх зохицуулалтыг үл хайхран “зөрчилтэй” гэдэгт хамааруулан газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

19.Нэхэмжлэгчийн газар эзэмших болон газар дээрх гараашийг өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн, дуусгавар болоогүй байгаагаараа Улсын дээд шүүхээр өмнө шийдвэрлэгдсэн ижил төстэй хэргүүдийн үйл баримтаас ялгаатай болохыг дурдах нь зүйтэй.

20.Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг анхааралгүй маргааны үйл баримтыг Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэх заалтад үндэслэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл болно.

21.Иймд дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2023/0069 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0825 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧИД                                                          М.БАТСУУРЬ

                                                                                                        Ц.ЦОГТ

                                                                                                        Д.БАТБААТАР