Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0637

 

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч Б.М, О.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 230014051, 230014052 тоот актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг хууль зүйн талаас нь зөв дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. ...230014051, 230014052 актаар илэрсэн зөрчил нь ил тодын тайланд мэдүүлэхээс өмнө хяналт шалгалтаар тогтоогдоогүй бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлд /2.1.1 “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг/, мөн журмын 4.1.1 “татвар төлөгчөөс бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх” гэж заасныг зөрчөөгүй байхад залруулга хийсэн худалдан авалтыг зөрчил гэж үзэн, татварын улсын байцаагчийн акт үйлдэн, хариуцлага хүлээлгэснийг үндэслэлтэй байна гэж үзсэн шүүгчийн шийдвэр нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт дараах албан татвар орно... гэж заасны дагуу 5.3.4-т нэмэгдсэн өртгийн албан татвар орсон. Манай компани Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн “3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн тайланг буруу гаргасан гэсэн үндэслэлээр шинээр тайлагнаж мэдүүлсэн. Мөн татварын улсын байцаагч нар нь татвар төлөгчид шинэ хуулийг тайлбарлаж сургалт явуулж өгөхийн оронд сүрдүүлж татварын актаа хэсэгчлэн хүлээн зөвшөөр гэж тодорхой мөнгөн дүнг төлүүлсэн байдал зэргийг шүүх харгалзан үзээгүй. Нотлох баримтыг хангалттай үнэлж дүгнээгүй хэтэрхий татварын байгууллагын талд шийдвэр гаргаж татвар төлөгчийн эрх зүйн байдлын дээрдүүлээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нар нь “З” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014051 тоот актаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй “Б г” ХХК-ийн 2012 оны 12291049, 12291050 тоот падаанаар 299.649.363 төгрөгийн, “А о” ХХК-ийн 2012 оны 011715516, 011715519 тоот падаанаар 1.835.790.910 төгрөгийн, нийт 2,135,440,273 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчилд 213,544,027.3 төгрөгийн нөхөн татвар, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 230014052 тоот актаар “Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй “А о” ХХК-ийн 2013 оны 6 болон 9 сарын 13288546, 13288547, 13288548, 14318832, 14318836, 14318837, 14318839 тоот падаанаар 2.266.221.500 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчилд 226.622.150 төгрөгийн нөхөн татвар, 2013, 2014 онуудад 16.088.818 төгрөгийн суудлын автомашины сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчилд 1.608.881,9 төгрөгийн нөхөн татвар, 482.664,4 төгрөгийн торгууль, 532.366,6 төгрөгийн алданги, 2013 болон 2014 онуудад албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй саатуулсан зөрчилд 5.413.697,1 төгрөгийн торгууль, 2.544.437,6 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар тогтоолоор албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй саатуулсан зөрчилд ногдуулсан торгууль, алдангийг өршөөлд хамруулсан өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч “З” ХХК дээрх актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайлангаа буруу гаргасан үндэслэлээр нэмж мэдүүлсэн тайлангаа хүргүүлсэн байхад тайланд тусгасан худалдан авалтыг зөрчил гэж үзэн татварын улсын байцаагчийн акт үйлдэн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль бус” гэж маргасан.

Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 1161 дүгээр тогтоолоор яллагдагч “Б г” ХХК-ийн захирал Б.Б нь нэхэмжлэгч “З” ХХК-д 299.649,4 мянган төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр 12291049, 12291050 тоот падаанд хий бичилт хийн хуурамч баримт бичиг үйлдсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 464 дүгээр тогтоолоор сэжигтэн А.Э нь “А о” ХХК-ийн тамга тэмдэг, НӨАТ-ын падааныг ашиглан “З” ХХК-д бараа бүтээгдэхүүн борлуулаагүй атлаа борлуулсан мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийн хуурамч баримт бичиг үйлдсэн хэрэгт, “З” ХХК-ийн захирал Дамба Намба нь “Арвижих одод” ХХК-ийн хуурамч бичилттэй НӨАТ-ын 9 падаан авч 4,102,012,409 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн  үндэслэлээр тус тус  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

         Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн мэтээр тайландаа тусгаж мэдүүлсний дараа төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрч тогтоогдсон байх тул “хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх” шаардлагыг хангаагүй, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, татвар төлөгч сайн дурын үндсэн дээр ил болгож тайлагнах гэдэг нь татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, хэн нэгэн этгээд илрүүлээгүй байхад нуусан татвараа сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлэхийг ойлгох бөгөөд өмнө нь татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд илэрсэн тохиолдолд маргаан бүхий актуудаар тогтоосон 2.135.440.273 төгрөг болон 2.266.221.500 төгрөгийн орлогод хамаарах зөрчлийг шинээр тайлагнасан нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд татварын улсын байцаагчийн 230014052 тоот актаар тогтоосон “2013, 2014 онуудад 16.088.818 төгрөгийн суудлын автомашины сэлбэг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасч тооцсон зөрчил”-д ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангитай холбоотой гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     С.Мөнхжаргал

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН