Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01493

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01534 дүгээр шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1703 дугаар магадлалтай,

           “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           “У” ХХК-д холбогдох

           Үндсэн нэхэмжлэл: нийт 221.792.472 төгрөг гаргуулах 

     Сөрөг нэхэмжлэл: хохирол 221.792.472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б гомдлорр шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “У” ХХК нь 2013-07-04 ны өдөр  ЖО/БХ-61/13 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” гэрээний  үлдэгдэл төлбөр 120.802.000 төгрөг, түүний алданги 60.401.000 төгрөг, хүү 40.589.472 төгрөг нийт 221.792.472 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. 2013-08-02-ны өдрөөс 2013-12-31-ний өдөр хүртэл “Ж” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг шатахуун түгээх станцаас “У” ХХК-д хэрэгцээт барааг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу нийлүүлэх, худалдан авагч нь барааг гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу хүлээн авч, зээлээр худалдан авсан барааны тооцоог гэрээнд заасан журмын дагуу хугацаанд нь барагдуулахаар тохиролцсон. Гэрээний 4.3-р худалдан авагч авсан барааны төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн төлөөгүй, хугацаа хэтэрснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрмөгц, холбогдох баримтыг шүүхэд шилжүүлэн, төлбөрийг хүү, алдангийн хамт нэхэмжлэн төлүүлнэ гэсэн байдаг. Гэтэл худалдан авагч нь гэрээний үүргээ зохих ёсоор төлөөгүй байснаас өнөөдрийн байдлаар 120.802.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч үр дүн гараагүй. Шатахууны сүүлийн нийлүүлэлт 2013-08-02 -ны өдөр болсон. Гэрээний хугацаа 2013-12-31-ний өдөр дуусах байсан. Нийлүүлэлтийн хувьд: 2013-07-04-нд  34.706.000 төгрөгийн 18.760 литр шатахуун, 35.150.000 төгрөгийн  19.000 литр шатахуун, мөн сарын 25-нд 35.150.000 төгрөгийн 19.000 литр шатахуун, 2013-08-02-нд 35.796.000 төгрөгийн 18.840 литр шатахуун тус тус нийлүүлсэн. Нийт 140.802.000 төгрөгийн шатахуун нийлүүлснээс  20 сая төгрөг төлж, үлдэгдэл 120.802.000 төгрөг төлөөгүй. Гэрээнд хүү, алданги тохирсон. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүйээр тооцож 60.401.000 төгрөг нэхэмжилнэ. Хүүгийн хувьд хоног тутамд 0,08 хувийн хүү төлөхөөр заасан бөгөөд 2013-08-02-ны өдрөөс 2014-09-26-ны өдөр хүртэл 40.589.472 төгрөг болно. Иймд “У” ХХК-иас  үлдэгдэл төлбөр 120.802.000 төгрөг, алданги 60.401.000 төгрөг, хүү 40.589.472 төгрөг нийт 221.792.472 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        “У” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийт 221.792.472 төгрөг гаргуулах нэхэмжлэлд хавсаргасан  баримтууд нь ИХШХШТХ-ийн  62.1.4, 62.1.6-н  шаардлагуудыг хангаагүй байх тул уг баримтуудаар нэхэмжлэл тогтоогдох боломжгүй байна. Иймд  нэхэмжлэлийг мөн хуулийн 65.1.11-р бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: “Ж” ХХК нь 2012-09 сараас эхлэн “У” ХХК-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгээр зуучлуулан Оросын холбооны улсаас 40.000 тонн дизелийн түлшийг зах зээлийн маш хямд үнээр, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр биш, Монголын арилжааны банкны аккердетивын дараа төлбөрт нөхцөлөөр барааг хүлээж авсны дараа зуучлагч талд тонн тутамд 50 ам.доллар төлөх нөхцөлөөр нэг тонн дизелийн түлшийг ДАФ-Наушки нөхцлөөр 1.085 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2012-10-12 -ны өдөр “Ж” ХХК нь ОХУ-ын Уфа хотын “Стандарт ойл” ХХК-тай №22/12-А тоот худалдааны гэрээг анх байгуулсан. Худалдааны гэрээг бодит ажил болгон хэрэгжүүлэхийн тулд “Ж” ХХК-ийн удирдлагууд болон зуучлагч “У” ХХК-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгийн хамт ОХУ-ын Уфа хотын “Стандарт ойл” ХХК-д очиж 2013-01-17 -ны өдөр “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл, ОХУ-ын Уфа хотын “Стандарт ойл” ХХК-ийн Валеев.О.Х нар Нийлүүлэлтийн №23/13-А тоот гэрээг хавсралт №1-ийн хамт  байгуулан 30.000 тонн дизелийн түлш авахаар болсон. Мөн “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтангэрэл  “У” ХХК-ийн тэргүүн дэд захирал Л.Батбилэгтэй “Зуучлал”-ын №01/13 тоот гэрээ байгуулснаас гадна №01/13 тоот гэрээний хавсралтууд болох “Зуучлалын үйлчилгээний төлбөрийн баталгаа- 2 дугаар хавсралт, “Ажил хүлээлцэх акт” 3 дугаар хавсралт, “Банкны дансны бүртгэлийн тухай” 4 дүгээр хавсралтуудыг баталсан. Гэрээ байгуулснаар 10 хоногийн дотор “Ж” ХХК нь Хадгаламж банкид 3.000.000 ам.долларын аккердетивыг нээх ёстой байсан боловч нээж чадахгүй нөхцөл байдал үүссэнээ ОХУ-ын Уфа хотын “Стандарт ойл” ХХК-д мэдэгдэж, Хадгаламж банкыг эзэмшигч өөрсдийн “Жаст групп” ХХК-иар 2013-01-28 -ны өдөр “Нийлүүлэлтийн 03/13А тоот гэрээ”-г “Стандарт ойл” ХХК-тай дахин байгуулсан боловч “Ж” ХХК болон “Жаст групп” ХХК-иудын аль аль нь “Стандарт ойл” ХХК-ийн өмнө хариуцлага хүлээлгүйгээр аккердетивээ нээлгүй алга болсон. ОХУ-ын компаниудтай хийгддэг худалдааны гэрээнүүд нь 100 хувь урьдчилсан төлбөрөөр хийгддэг байхад харин хоёр улсын компаниудын хооронд байгуулагдсан энэхүү худалдааны гэрээний төлбөрийн нөхцөл нь бараг анх удаа төлбөрийн маш таатай орчинтой маш хямд үнийн саналтай, ашигтай гэрээ байсан. Харин нефть боловсруулах үйлдвэрээс авах барааны квот хэмжээ үйлдвэрийн ачилтын график, түүний хэмжээ, цистерн вагоны урьдчилсан захиалга, төмөр замын гадаад ачааны график гэх мэт дахин давтагдашгүй цаг хугацаатай захиалгуудын урьдчилсан төлбөрт шаардагдсан 125.000 ам.долларыг захиалагч тал “У” ХХК нь ОХУ-ын талд төлж гэрээ хэрэгжиж эхэлсэн. Гэвч “Ж” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас 100 хувь шалтгаалж гэрээ хэрэгжээгүй. Үүнээс болж  “У” ХХК  125.000 ам.долларын хохирол хүлээсэн. Зуучлагч “У” ХХК-ийн ОХУ-ын талд төлсөн төлбөр нь эргэн төлөгдөх нөхцөлгүй, харин зөвхөн гэрээг хэрэгжүүлэхэд эхний нөхцөл бололцоог бүрэн хангасан төлбөр байсан. “Ж” ХХК энэхүү төлбөрийг өөрсдөө төлсөн бол  хохироод үлдэх байсан. Энэхүү гэрээг бүгд хэрэгжинэ гэж бодож байсан тул бүх төлбөр тооцоо гэрээний дагуу цаг хугацааны дарааллаар хийгдсэн боловч “Ж” ХХК-иас болж гэрээг хийгдээгүйгээс гадна зуучлагч “У” ХХК нь дахин ОХУ-ын талтай дизелийн түлшний гэрээ хийх эрхгүй болж, бизнесийн нэр хүндээ бусдаас болж алдсан. Гэрээг хэрэгжүүлж чадаагүй “Ж” ХХК-ийн удирдлагууд зуучлагчийн хохиролд 2013-07-р сард 2 машин дизелийн түлшийг “У” ХХК-д 120.802.000 төгрөгөөр өгснөөр энэхүү гэрээний маргааныг талууд дуусгавар болгосон. Гэтэл “Ж” ХХК-ийн шинэ удирдлагууд “У” ХХК-иас 221.792.472 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль бус юм. Иймд “Ж” ХХК-ийн ОХУ-ын “Стандарт ойл” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээнд зуучлагч “У” ХХК-ийн бодит хохирол болох 221.792.472 төгрөгийг “Ж” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хариу тайлбарт:  Хариуцагчийн 2013-08-04-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах утгатай байсан бол 2015-10-29-ний сөрөг нэхэмжлэл нь “Ж” ХХК-иас 221.792.472 төгрөг гаргуулах утгатай байгаагаас гадна манай компаниас төлбөр нэхсэн нь хууль зүйн үндэслэлгүй. “У” ХХК нь “Ж” ХХК-д гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх нь  нотлогддог. 2013-07-04 -ний өдрийн ЖО/БХ-61/13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах” гэрээ болон, “У” ХХК-ийн захирал Х.Олонболдын 2014-05-27ны өдөр “Жаст” ХХК-д хүргүүлсэн төлбөр төлөх график юм. “Ж” ХХК нь “У” ХХК-иар зуучлуулаад ОХУ-ын “Стандарт ойл” ХХК-тай гэрээ байгуулсан нь тогтоогдохгүй. Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийг нотолсон “Ж” ХХК нь зуучлалын гэрээг “У” ХХК-тай байгуулсан гэх баримт болон “Ж” ХХК нь зуучлалаар дамжуулж ОХУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсан баримт хэрэгт байхгүй. Мөн “У” ХХК нь ОХУ-ын “Стандарт ойл” ХХК-д 75.000 ам.доллар төлсөн гэх баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01534 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч “У” ХХК-иас зээлээр худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 120.802.000 төгрөг, алданги 60.401.000 төгрөг, хүү 2.651.260 төгрөг, нийт 183.854.260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 37.938.212 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар хариуцагч “У” ХХК-ийн нэхэмжлэгч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан зуучлалын гэрээний улмаас учирсан хохирол 221.792.472 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1.266.912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “У” ХХК-с 1.077.221 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 дугаар  сарын 26-ны өдрийн 1703 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01534 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг хяналтын гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Цолмонбаатар даргалж 184/ШШ2016/01534 дугаартай шийдвэр гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч “У” ХХК-иас нэг ч хүн оролцуулалгүй, зөвхөн нэхэмжлэгч талын төлөөллийг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Шүүх хурлын товуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэгийн утсаар хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт тодорхой байдаг бөгөөд Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг хувийн хэргээр АНУ-д зорчих болсон тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтийг хуулийн дагуу шүүхэд гаргаж өгсөн байдаг. Шүүх болон нэхэмжлэгч тал “У” ХХК-ийн захирал Х.Олонболдыг өвчтэй байгаа гэдгийг мэдсээр байж, хариуцагчийг эрэн сурвалжилж, олж тогтоолгүйгээр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр иргэний хэргийг хүчээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх сөрөг  нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэнгүй зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулав. Анхан шатны шүүх хуралд хариуцагчийг оролцуулаагүйн улмаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байсан тодорхой гомдлуудыг болон сөрөг нэхэмжлэлийг хариуцагчийн тайлбаргүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шатахууны компаниуд шатахууныг зээлээр олгохдоо заавал барьцааны зүйл авдаг, хэрвээ барьцаа байхгүй бол олон сая төгрөгийн шатахууныг зээлээр өгдөггүй бичигдээгүй хуультай.  Гэтэл “Ж” ХХК нь “У” ХХК-д шатахуун олгохдоо ямар ч барьцаа аваагүй нь өөрсдийн өр төлбөрийг шатахуунаар төлсөн  гэдэг  харагддаг. “Ж” ХХК-н удирдлагууд бүрэн солигдсоны дараа энэ үйл явдлыг мэдэхгүй хүмүүс нэхэмжлэл гаргаж байна. Иймд хэргийг заавал талуудын оролцоотой шийдвэрлэх шаардлагатай байсан гэж үзэж байна. Мөн “У” ХХК нь энэхүү иргэний хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасаар байхад шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөллийг биечлэн оролцуулж, сөрөг нэхэмжлэлийг хуулийн хүрээнд хэлэлцүүлээгүйд гомдож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ж ХХК 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр У ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61-13 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр “худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 85.006.000 төгрөг, 18.840 литр дизель түлшний үнэ 35.796.000 төгрөг нийт 120.802.000 төгрөг, алданги 60.401.000 төгрөг, хүү 40.589.472 төгрөг нийт 221.792.472 төгрөг гаргуулахыг шаардсан байна. /хх 1-ийн 1-2/

       Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-25/ маргаж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх1-ийн 218-220, 230-233/ хохиролд 221.792.472 төгрөг гаргуулахыг шаарджээ.  

        Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хариуцагчаас шатахууны үлдэгдэл төлбөр 120.802.000 төгрөг, алданги 60.401.000 төгрөг, хүү 2.651.260 төгрөг нийт 183.854.260 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

       Шийдвэр болон магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийг “хэлэлцэхгүй орхисон” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 117 дугаар зүйлийн, талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь, мөн нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алданги гаргуулсан нь Иргэний хуулийн 243, 262, 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

       1.1. Шүүх У ХХК-н сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа энэ талаар шийдвэр гаргаагүй буюу “...хэлэлцэхгүй орхисон...” нь буруу болжээ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, сөрөг нэхэмжлэл нь ОХУ-ын С ХХК-н өмнөөс гэрээний үүрэг шаардсанаас гадна Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоогүй буюу нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн агуулгатай байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      У ХХК нь С ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж буй бол итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. 

        Харин сөрөг нэхэмжлэл нь С болон  Ж компанийн хооронд гэрээ байгуулахад зуучилсан ажлын хөлс зэрэгтэй холбоотой  бол уг сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй холбоогүй байна. 

        У ХХК сөрөг нэхэмжлэлийн агуулга, шаардлагаа тодорхой болгож шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүй. 

        1.2. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээнэ. 

        2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61-13 тоот гэрээгээр шатахууны үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөх үед хүү тооцох талаар талууд тохиролцоогүй, гэрээний 4.2-т заасан “...0.08 хувийн хүү төлөх...” тохиролцоонд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-н агуулга байхгүй тул зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 263 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.    

      Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр Ж ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, У ХХК  гэрээнд тохирсон хугацаанд  худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ. 

      Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

          2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61-13 тоот гэрээгээр Ж ХХК нь 60.000 литр дизель түлш худалдах, У ХХК барааг хүлээн авч 111 сая төгрөг төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр гэрээний 4.2-т тохиролцжээ. 

        У ХХК нь “...барааг хүлээн авсан, 111 сая төгрөг төлөх үүрэг хүлээж 85.006.000 төгрөг төлөөгүй үлдсэн...” тухай нэхэмжлэгчийн тайлбар болон баримтыг /хх 1-н 4-7,41-43,45/ үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнд алданги төлөхөөр талууд тохиролцсон буюу хариуцагчаас 85.006.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар байхад анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-г зөрчжээ.

         Иймд У ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61-13 тоот гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 85.006.000 төгрөг, алданги 42.503.000 төгрөг нийт 127.509.000 төгрөг төлөх үүрэгтэй байна.  

         1.3. Нэхэмжлэгч нь 85.006.000 төгрөгөөс гадна 18.840 литр дизель түлшний үнийг шаардсан, уг барааг худалдан авагчид нийлүүлсэн тухай баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэлээс 35.796.000 төгрөгийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцнэ.

         1.4. ЖО/БХ-61-13 тоот гэрээний 4.2 дахь хэсгийн “... хоног тутам 0,08 хувийн хүү төлнө...” гэснийг үүргийн гүйцэтгэлийг хангах аргын талаарх тохиролцоо гэж үзэхээр байгаа бөгөөд хүүг барааг хүлээн авсан өдрөөс хойш өдөр тутам тооцохоор заасан нь  Иргэний хуулийн 231, 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй тул 85.006.000 төгрөгийн шаардлагад хүү тооцохгүй.  

        18.840 литр дизель түлштэй холбоотой бичгээр хийсэн тохиролцоог нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй тул 35.796.000 төгрөгийн шаардлагад хүү, алданги тооцох үндэслэлгүй байна.   

         Дээр дурдсан үндэслэлээр У ХХК-с 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ЖО/БХ-61-13 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 85.006.000 төгрөг, алданги 42.503.000 төгрөгийг 18.840 литр дизель түлшний үнэ 35.796.000 төгрөгийн хамт нийт 163.305.000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

           2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчийн эрхийг зөрчөөгүй байх тул энэ тухай гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд шүүх талуудын гаргасан баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу биш байна. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1703 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2016/01534 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх хэсгийг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан У ХХК-с 163.305.000 төгрөг гаргуулан Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 58.487.472 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж., 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийг баримтлан Ж ХХК-с 221.792.472 төгрөг гаргуулах тухай У ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 3 дахь заалтын “...1.077.221 төгрөг...” гэснийг “...972.823 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1.077.230 төгрөгийг “У” ХХК-д буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ