Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2017/02218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Э-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.О-д  холбогдох

 

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.278.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Д.М,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.   

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагт О  гэгчээс 14.200.000 төгрөг авч, БИД ББСБ-д өгч зээлээ чөлөөлүүлсэн. Тухайн өдрийн орой ББСБ-аас төв дээрээс очиж бичиг баримтаа авчир гэсний дагуу очиж бичиг баримтаа авсан. Тэр үед ББСБ-аас чиний зээл гарах боломжгүй болсон, зээлийн хэмжээ чинь их байна, 18.000.000 төгрөг өгөх боломжгүй гээд бичиг баримтыг нь өгөөд явуулсан байгаа. Тухайн өдрийнхөө орой 20 цагийн үед Э ы төрсөн ах болох н.Энхбаярыг О  гэрээний талаар асууж тодруулах зүйл байна, уулзаж ярилцъя гэж гэрээс нь аваад, намайг ахаар маань дуудуулсан. Намайг очиход О , нөхөр болон үл таних залуу н.Энхбаярын хамт машин дотор байж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү авч очин үүдний хүлээлгийн танхимд нь байж бай гээд дотогшоо орсон байгаа. Тухайн үед дэслэгч н.Жавхланбаяр гэдэг хүн гарч ирээд, энэ хүнийг ямар нэгэн байдлаар залилсан гэх юм байна, тийм болохоор ордероо өгөөрэй, ямар нэгэн барьцаа өгөхгүй бол эндээ хоноорой гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед О тай уулзаж, Баянзүрх дүүргийн Баянцээлийн тэнд байдаг нотариатаар орж гэрээ хийсэн байгаа. Нотариат тухайн үед чиний дансаар бэлэн мөнгө орсон уу гэж асуусан. Тэгэхээр нь би орсон гэж хэлээд, гэрээнд гарын үсэг зурсан байгаа. Тэгээд явсан. 3 дугаар сарын 06-ны өдөр гэрээгээ авах гэсэн юм гэж нотариат дээр очиход, гэрээний чинь нэг хувийг О  өгөөгүй юм уу гэсэн. Үгүй гэж хэлэхэд өөрөө утасдаж О гаас гэрээний нэг хувийг авч өгсөн байгаа. 1.600.000 төгрөгийг авсан талаар гэрээн дээр болон нотариатын гэрээн дээр гарын үсэг зураагүй. Нотлох баримтаар байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхны гэрээний дагуу үндсэн төлбөр болох 14.200.000 төгрөг болон нэмэгдэл нэг өдрийн 240.000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа.  Миний хувьд дэслэгч н.Жавхланбаяр гэдэг хүнээр дарамтлуулсны үндсэн дээр өөрийн орон сууцаа хүчээр барьцаалуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 14.200.000 төгрөг болон 240.000 төгрөгийг төлөх боломжтой. Харин 22.271.000 төгрөгийг төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Бид ББСБ 14.200.000 төгрөгийн зээлийг хаалгах гээд О тай холбогдоод өдрийн хүүнд нь 240.000 төгрөгийг өгнө гэсний үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан. Тэгээд дахиад зээл авах боломжтой гэсэн боловч 18.000.000 төгрөг гаргах боломжгүй гэсэн. Тухайн өдрийнхөө орой нь Э ы ах болох н.Энхбаярыг О  гэрээний талаар асууж тодруулах зүйл байна, уулзаж ярилцъя гэж гэрээс нь аваад, Э ыг дуудуулаад, тэгээд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Цагдаагийн байцаагч цагдана, хорино гэж дарамталсан учир Д. Мөнхзул гэрээсээ ордероо авчирч өгсөн байдаг. Тэгээд О  бичлэг хийхийг зөвшөөрдөг. 2 хоногийн дараа дахиж утасдаад зээлийн гэрээгээ баталгаажуулна гээд зээлийн гэрээг нотариатаар байгуулсан. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Э , О  нар зээлийн гэрээний 2.1-т 15.800.000 төгрөг байна, 2.2-т 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар  сарын 6-ны өдрийг хүртэл хүүгүй зээлсэн. Зээлдүүлэгч маань өдрийн 240.000 төгрөгөөр бодож хүү гаргадаг, гэрээн дээр бол тодорхой хугацаанд хүүгүй гэсэн байдаг. Ямар  ч учраас хүүгүй зээлсэн нь ойлгомжгүй байгаа. Миний хувьд 1.600.000 төгрөг авсан өгсөн гэж гарын үсэг зурсан байгаа нь энэ хүү байсан юм болов уу гэж харж байгаа. Зээлдэгч мөнгөө  дансанд шилжүүлсэн гэж зээлдүүлэгч хэлсний үндсэн дээр гэрээг баталгаажуулсан байна. Тэгээд төлөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсэн байдаг. Э  зээлийн гэрээ болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан. Тухайн үед гэрээний хувийг өгөөгүй, 3 дугаар сарын 6-ны өдөр гэрээг авсан гэж тайлбартаа хэлдэг. Хариуцагч 2 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээн дээр зөвхөн тайлбарлаад байна. Нэгэнт гэрээ байгуулаад 15.800.000 төгрөг дансанд нь хийсэн гэж гэрээгээ баталгаажуулсан мөртлөө дахин 1.600.000 төгрөг авсан гэж Э аар гарын үсэг зуруулсан байна. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаас харахад зээлийн гэрээ байгуулагдсан мэт харагдаж байгаа боловч 15.800.000 төгрөг бодитой шилжээгүй. 14.200.000 төгрөг дээр маргадаггүй. Нөгөө талаас ордерийг хүч хэрэглэж авсан гэдэг нь дискэн дээр харагдахаар байна. Цагдаа дээр очоогүй байсан бол ордерийг өгөхгүй байсан. Гэрээ байсан иргэний журмаар шийдвэрлүүлэх боломж хариуцагчид байсан. Шинжээчийн дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. О гийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан. Нотариатч зээлийн гэрээг 4 хувь үйлдсэн байдаг. 2 хувь гэрээг О  авсан ба 1 хувийг нь цагдаад өргөдөл гаргасан гэж тайлбарладаг. 1.600.000 төгрөг болохгүй бол дараа нь иргэний журмаар шүүхэд өгнө гэж тайлбарласан. Цагдаад өгсөн зээлийн гэрээгээ хуулбарлуулсан байдаг. Үүнийг нотариатч н.Мөнхтуяа гэдэг хүнээр 3 дугаар сарын 22-ны өдөр 1.600.000 төгрөг авсан гэх бичиг байхгүй гэрээг баталгаажуулаад цагдаад өгсөн байдаг. Үүнээс харахад Э  гэдэг хүний гарын үсэг хялбархан ямар нэгэн байдлаар зурагдах боломжтой байсан. Эхнээсээ 1.600.000 төгрөг нуугаад авсан бол цагдаад өгөх гэрээн дээр энэ байх л ёстой. Цагдаад өгсөн гэрээнд 1.600.000 төгрөг авсан гэх бичиг байхгүй байгаа шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэлтэй юм. Хариуцагч үндэслэлгүйгээр 1.600.000 төгрөг авах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Үүгээр өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг няцааж байна. О гийн депозит дэлгэрэнгүй хуулга байгаа. 14.200.000 төгрөгийг 2 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Үүн дээр маргах зүйл байхгүй. Зээлийн гэрээ байгуулсан 2 дугаар сарын 24-ний өдөр 4 цаг 01 минутын үед О гийн данснаас 1.600.000 төгрөг гарсан байдаг. Үүнийг Б. Энхтайван өгсөн гээд байгаа. Энэ гаргасан мөнгөө нэхэмжлэгчээс нэхэмжилнэ гэсний үндсэн дээр гаргасан мөнгө гэж ойлгож байгаа. Энэ 1.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний дагуу гэрээний 2-т заасны дагуу зээлдүүлэгчид шилжүүлсэн гэж хэлчихээд, дараа нь гараар тодорхойлолт бичсэн. Цагдаад өгсөн гэрээн дээр энэ бичиг байгаагүй нь нотлогдож, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т хүч хэрэглэсэн хэлцэл гэж байгаа. Танил цагдаа дээрээ очиж гомдол гаргаагүй байж айлган сүрдүүлж, ордерийг авсан нь бичлэгээс харагдаж байна. Зээлдэгчийн хуулийн мэдлэг дутууг ашиглаж аваагүй байхад 15.800.000 төгрөг авсан  гэж бичүүлж, нөгөө тал нь 14.200.000 төгрөг авсан гэсэн гэрээн дээр гарын үсэг зурж байна гэх итгэлцлийн үндсэн дээр гэрээгээ шалгахгүйгээр гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед гэрээ аваагүй ба 10 хоногийн дараа авахад 15.800.00 төгрөг авсан гэж бичсэн байхаар нь шүүхэд хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дарамталсан хүч хэрэглэсэн гэж байна. Ийм зүйл байхгүй. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Э , Д.Мөнхзул эдний нөхөр н.Энхбаяр нар надтай ирж уулзаад, БИД ББСБ-д зээлтэй байгаа, тэр зээлээ хаах юм бол орой 5 цаг гэхэд  зээл гарна, итгэхгүй бол манай эдийн засагч н.Баярсайхан гэдэг хүнтэй очиж уулз гэсэн. Би очоод уулзсан чинь н.Баярсайхан эд нар маш найдвартай зээлдэгч нар байгаа, манайхаас аягүй олон удаа зээл авч байсан. Зээлээ хаачих юм бол өнөө орой 5 цагт зээл нь гарна, би одоо гэрээг нь бэлдэж байна. Орой 5 цагийн үед ирээд мөнгөө авчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Э ы данс руу 14.200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би орой 5 цагийн үед мөнгөө ирж авах юм байна гэж ойлгоод явчихсан. Тэгээд орой 5 цагийн үед ирэхэд ББСБ нь цоожтой, н.Баярсайхан руу залгахад утас нь холбогдохгүй, нэхэмжлэгч нар луу залгахад утсаа авахгүй, Э тай холбогдоод мөнгө яасан бэ гэхэд, би хүүгээ цэцэрлэгээс аваад, Тэнгисийн энд явж байна гэсэн,  хүлээж байгаарай гээд яваад очтол утсаа салгаад алга болсон байсан.

Тэгээд Д.Мөнхзулын нөхөр н.Энхбаярыг олоод, мөнгө яасан бэ гэхэд зээл бүтэхгүй болсон гэсэн. Тэгвэл ордероо өг гэхэд байхгүй хүнд байгаа, хэнд байгааг нь мэдэхгүй, манай эхнэр мэднэ гэхээр нь та нар намайг залилсан юм байна. Мөнгийг маань өгөхгүй, дээрээс нь барьцаа хөрөнгө байхгүй, ядаж ордерийг чинь авъя гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр орой 9 цагийн үед очсон. Цагдаа нар тараад явчихсан байсан. Тухайн үед  эд нар н.Жавхланбаяр гээд байна. Тэр хүн гарч байсан юм байна. Тэгээд н.Жавхланбаярт болсон зүйлээ яриад, ядаж гэрчилгээгээ өгөөч гэхээр өгөхгүй байна гэхэд, эд нартай уулзахад, Д.Мөнхзул би мөнгө өгөхгүй, гэрчилгээ бас өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь та өргөдлөө гаргаад өгөөд шалгуулчихгүй юу гэж цагдаа хэлсэн. Тэгээд өргөдөлөө гаргаж өгөх гээд байж байтал за би ордероо өгье гээд гэр лүүгээ дагуулж яваад, тэгээд надад ордероо өгсөн. Ордероо өгөхөөр аваад алга болчихно гэсэн. н.Жавхланбаяр гэдэг хүнийг таньдаг байсан бол, хүч хэрэглэсэн бол гомдол гаргахад яагаад ч юм тэр н.Жавхланбаяр гэдэг хүн дээр хуваарилагдсан. Эд нар анх мөнгө зээлэхдээ хуурамч банкны тодорхойлолт, банкны дансны хуулга, түрээсийн гэрээ, өөр хуурамч баримтууд авчихсан явж байсан. Тэрийг нь би зургийг нь утсаар аваад баталгаажуулсан байсан. Хуурамч баримт үзүүлээд эд нар надаас мөнгө авсан байсан.

Би нотлох баримтаар дискэн дээр буулгаад өгье гээд н.Жавхланбаяртай уулзах гээд очиход, хажуу өрөөнийх нь хүнээс асуухад 1 сар сургалтанд явсан байгаа. Тэгээд өөрөө мэдэж байгаа байх гээд байж байтал прокуророос холбогдоод хэрэгсэхгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд н.Жавхланбаяртай уулзаад нотлох баримт байсан, одоо авахгүй гэж байна, нотлох баримт байхад яагаад ингэж байгаа юм бэ гэхэд би өөр хүнд хэргээ өгсөн гэсэн. Надад хэлэхгүй яасан юм бэ гээд тэгээд өнгөрсөн. Намайг яриад байгаа болохоор эд нар н.Жавхланбаярыг таньдаг, тэгээд дарамтлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй, би энэ хүнийг танихгүй. Нотариатын тухай ярьж байна.

Би тэр нотариатыг танихгүй. Энэ 13 дугаар хороололд байдаг нотариат байгаа. Энэ Э ы гэрийнх нь хажууд гэсэн үг. 2 дугаар сарын 22-ны өдөр би ордерийг нь авчихаад, 23-ны өдөр эд нартай зээл хөөцөлдөөд хамт явсан. Зээл бүтнэ гэсэн, машин тэргээрээ үйлчилсэн, зээл нь ерөөсөө бүтээгүй. Тэгээд 24-ний өдөр мөн хамт явсан боловч зээл бүтээгээгүй. Тэгээд тэдний хажууд байдаг нотариат орсон. Нотариатын газар ороход нотариатч 15.800.000 төгрөг авч байгаа юм байна. Сайн уншиж танилцаарай, ямар нэгэн маргаан байхгүй биз, гарын үсгээ сайн зуруулаарай гээд зуруулсан. 1 хувийг сүүлд нь өгсөн гэж байна. 1 хувиа аваад явсан. Э  гарын үсэг зураагүй гэж байна. Энэ үед Д.Мөнхзул өөрөө байгаагүй. Д.Мөнхзул, Э  хоёр бие биенээсээ юмаа их нуудаг. 1.600.000 төгрөг авснаа Д.Мөнхзулд мэдэгдмээргүй байна гэсэн хэрнээ одооо энэ хүн аваагүй гэж хэлээд байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Э д 14.200.000 төгрөг зээлүүлсэн, тэгээд 2 дугаар сарын 24-ний өдөр 1.600.000 төгрөг нэмж өгөөд, нийт 15.800.000 төгрөг болсон. Тэгээд 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хугацаа хэтрэх юм бол 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийсэн байгаа. 3 сарын 5-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 82 хоног болсон байгаа тэгээд 15.800.000 төгрөгийг 0,5 хувиар тооцохоор хоногийн 79.000 төгрөгийн хүү болсон байгаа,  79.000 төгрөгийг 82 хоногоор бодохоор 6.471.000 төгрөг, нийтдээ 22.271.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг,  7 дугаар хороо,  15 дугаар хороолол 41 дүгээр байрны 66 тоот, 18 мкв, Ү2204012636 дугаартай барьцаа хөрөнгөөр гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э  нь хариуцагч О д холбогдуулан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч О  нь нэхэмжлэгч Э д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.278.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч О  нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өөрийн таньдаг цагдаа дээрээ очиж гомдол гаргаагүй байж айлган сүрдүүлж, байрны Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан гэж Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан.

 

Хариуцагч О  нь Э ыг айлган сүрдүүлж, хорьсон зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, 15.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй олгохоор зээлийн гэрээ, мөн Барьцааны гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны/-г байгуулж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 66 тоот, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012636 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүлээлгийн хэсэгт хариуцагч О  нь “Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 66 тоот, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012636 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг би авч явлаа, Гэхдээ ямарч барьцааны гэрээ энэ дээр хийгээгүй шүү. Энэ хүнд 14.200.000 төгрөг өгсөн байгаа. Маргааш өглөө 9 цагт ирээд зээлээ гаргаж өгнө.” гэх яриа бүхий бичлэгийг хийсэн болох нь үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар хүч хэрэглэж хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч этгээдэд өөрт, түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзэх ба нэхэмжлэгчийг эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх, бодитойгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэсэн үйлдэх хийх, хууль ёсонд харшлах үйлдэх хийх замаар хэлцэл хийх хүсэл зоригийг хязгаарлаж, хүсэл зоригод үл нийцэх хэлцэл хийсэн байхыг хэлнэ.

 

Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн таньдаг цагдаагаар хориулж, айлган сүрдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бодитой хүч хэрэглэсэн, өөрийн танил цагдаагаар дамжуулан нэхэмжлэгч талыг хэлцэл хийхээс өөр аргагүй байдалд оруулж дарамталсан байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч О  нь нэхэмжлэгч Э д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22.278.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг гэрээний дагуу үндсэн зээл 15.800.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нийт 14.200.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсны дараа 1.600.000 төгрөгийг нэхэмжлэгч Э д өөрт нь өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч тал үндсэн зээл 14.200.000 төгрөг, хүү 240.000 төгрөг, нийт 14.440.000 төгрөгийг төлөхийн хүлээн зөвшөөрч маргаагүй, харин 1.600.000 төгрөгийг хүлээн аваагүй, мөн алдангийг эс зөвшөөрч маргасан.

 

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, 15.800.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаагаар хүүгүй олгохоор зээлийн гэрээний дагуу зөвхөн 1.600.000 төгрөг шилжсэн, 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 14.200.000 төгрөг шилжсэн, уг гэрээг нөхөж байгуулсан болох нь талуудын тайлбар, мөн О гийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй ба уг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсан гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч Э  нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ /хариуцагч О д үлдэх хувьд/-нд “...2017 оны 02 дугаар сарын 24-нд 1.600.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно” гэх бичвэрт Д.Энхтайван гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4003 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд нэхэмжлэгч үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.800.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч О д олгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заажээ.

 

            2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ”-ээр 14.200.000 төгрөг бэлнээр шилжээгүй тул уг мөнгөнд ногдох хэсэгт алданги тооцох нь үндэслэлгүй байна.

 

            Харин уг гэрээ байгуулах өдөр шилжүүлсэн 1.600.000 төгрөгийн 0.5 хувиар нийт 82 хоног 656.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчээс гаргуулж, 5.822.000 төгрөгийг хэрэсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны 66 тоот, 18 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204012636 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцыг барьцаалж, талуудын хооронд “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

            1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О д холбогдох 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч Э ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Э аас 16.456.000 төгрөг гаргуулж, хариуцагч О д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5.822.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжлэгч Э  шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 байр, 66 тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204012636 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236.950 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.340 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э аас 240.230 төгрөгийг гаргуулж, хариуцагч О д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                     С.ЭНХБАЯР