Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1570

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01493 дугаар шийдвэртэй, Б.Батболдын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02213 дугаар шийдвэрээр Б.Батболдоос 106 211 792 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 3/7067 тоот мэдэгдэл өгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхон 201-33 тоот 54.99 м.кв 2 өрөө орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 цагт зохион байгуулах 2 дахь албадан дуудлага худалдаагаар 68 000 000.00 төгрөгөөр худалдан борлуулсан тул 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор чөлөөл гэсэн байсан.

Орон сууцны зах зээлийн үнэлгээ 132 000 000 төгрөг ба 68 000 000 төгрөг буюу тал үнээр нь борлуулж банкинд дахин 38 211 792 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Мөн миний урьдчилгаанд төлсөн 39 739 540 болон зээл авснаас хойш төлсөн 30 орчим сая төгрөг оргүй хоосон болж хүйтний улиралд бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт гудамжинд гаргах болж, зах зээлийн үнээс маш хямдаар борлуулсанд гомдолтой. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02213 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.Батболдоос 106 211 792 төгрөг гаргуулж Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Батболдын ипотекийн зээлийн барьцааны орон сууцыг битүүмжилж хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад тэрээр орон сууцаа 132 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Капитрон банк хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцсон үнийн 70 хувиар анхны дуудлага худалдааны санал болгох үнийг нийтэд мэдээлсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар дээрх үнийн 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнийг нийтэд мэдээлж иргэн н.Баасанжав 68 000 000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг худалдан авч дуудлага худалдааны ялагч болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг бид тогтоогоогүй, төлбөр төлөгч өөрөө тогтоосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Батболдын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эдинбург хотхон 201 дүгээр байрны 33 тоот 54,99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4700 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэт нэг талыг баримтласан, эрхийг минь ноцтой зөрчин зах зээлийн ханшаар үнэ нь нэмэгдэж 146 000 000 төгрөг байгаа орон сууцыг 68 000 000 төгрөгөөр буюу тал үнээр худалдан борлуулсан ба миний байрны урьдчилгаанд төлсөн 39 739 540 төгрөг болон зээл авснаас хойш банкинд төлсөн 30 гаруй сая төгрөг оргүй хоосон болж байна. Зах зээлийн ханшаас бага үнээр худалдсанд гомдолтой тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Батболд нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх дээрх нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунгасан байна. /хх 64-65/

 

Нэхэмжлэгч Б.Батболд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасныг шүүх “өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй байдал нь хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан тохиолдолд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой байхад энэ талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/01493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмчлэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА