Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 177

 

Ч.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, У.Түвшин, хохирогч С.Ө-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 916 дугаар магадлалтай, Ч.Т-д холбогдох 2105022430717 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, У.Түвшин, хохирогч С.Ө- нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монтел” худалдаан төвд хувиараа гар утас зардаг ажилтай гэх, ам бүл 10, ***түр оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн, Б овогт Ч-н Т- /РД:***/.

Ч.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25/10-311 тоотод иргэн С.Ө-той “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь дагз ясны сэлтэрсэн хугарал, нуруу, зүүн даланд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т-г 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг

хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т-, түүний өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Ч.Т-гийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 81 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Т- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “…Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар, эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар дараах гомдлыг гаргаж байгаа болно.

Миний бие Монгол улсын иргэний хувьд өөрийн үүргээ биелүүлж хохирогч Ө-ын эхнэр Анхтуяа нь хохирогчийн ээж О-ийг цус харваад хэвтэрт орчихсон байхад нь цохиж босгож ирээд О- ээ алх, алх гээд түлхээд, ёс бус харьцаад байхаар нь ээжийг нь өмөөрч болохгүй гэж хэлсний төлөө хохирогч Ө- эхнэрээ өмөөрч “чамд ямар хамаатай юм бэ? миний амьдрал пязда минь” гэж хэлж миний ам руу салаавч чихээд байхаар нь чи их согтсон байна унт гээд орон дээр нь хэвтүүлчхээд, хохирогчийн хоёр найз болох Т-, Т- нараар (зүүн хөл маань хугархай алхаж, гишгэж чадахгүй байсан болохоор түшүүлээд) тамхи татахаар гарахад, хохирогч араас дахиж гарч ирж агсам тавьж миний халдашгүй байдалд ноцтой халдаж дахиж ам руу салаавч чихэж зүүн шанаа руу цохиж, цээжин хэсгээр тэвэрч, өргөж шидэх үйлдэл хийх яг тэр үед би маш ихээр цочирдож, хоромхон зуур өөрийгөө хянахаа байж гарт байсан хайчаар хохирогчийг хатгаж гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна.

Миний хөл хугархай алхаж, гишгэж чадахгүй байсан болохоор хохирогчоос зугтааж, эсвэл эсэргүүцэх ямар ч боломж байгаагүй. Алхаж чадахгүй байгаа хүн, хохирогч зүгээр л салаавч гаргасны төлөө очоод хайчаар хатгаад байх ямар ч боломжгүй шүү дээ. Харин би тэр үед өргөж шидүүлсэн бол өндөр дээрээс маш хүчтэй, хураасан байсан хадаастай моднууд дээр унаж өөрөө хүнд гэмтэл, эсвэл үхэх аюултай байсан. Хохирогчийн найз гэрч Т-, Т- хоёр нь хохирогч намайг цохиж, агсам тавьж байх үед хажууд байсан хирнээ огт салгаж болиулаагүй байж, гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрсдийн найз Ө-ын талд орж мэдэхгүй, би тэр үед хараагүй, байгаагүй, ухаангүй байсан бөөрнөөс нь цус гарч байсан гэх худал мэдүүлгүүдийг өгсөнд маш их гомдолтой байна.

Хохирогч нь дал, дагз хоёртоо гэмтэл авсан, огт ухаан алдаагүй, өөрөө намайг яв би зүгээр гээд байсан тэр үед би явсан. Хохирогчийн толгой, нуруу хэсгийг, миний эгч Б- болон эхнэр Б- нар угаан цэвэрлэсэн. Би өөрөө цагдаа, эмнэлэг дууд гэсэн. Хохирогчийн эхнэр нь над руу дайраад байсан болохоор, хохирогч Ө-, гэрч Т- нар намайг яв гээд явуулсан. Хохирогч Ө- намайг өөрөө зодсоноо, эхнэр нь ээжийг нь зодож ёс бус харьцсаныг зориуд нууж, өөрсдөө хуулийн хариуцлага хүлээхээс айж зориуд мэдүүлэхгүй байгаа нь харагдаж байдаг. Мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар нь хэт нэг талыг баримталж миний урьд ял шийтгэл эдэлж байсантай уялдуулж, миний гаргасан тайлбар мэдүүлэг, өргөдөл гомдлыг харгалзан үзэхгүй, мөрдөн байцаах ажиллагааг явуулж дээрх зүйлсийг тодруулахгүй, цагаатгах талын гэрч болох А-, Б- нараас мэдүүлэг авахгүй, хохирогчоос намайг зодсон үгүйг асуухгүй, хохирогч эхнэр хоёрт нь хариуцлага тооцохгүй байгаад маш их гомдолтой байна.

Би дээрх бүх зүйлийг анхны өмгөөлөгч болох Галцацрахад хэлж эдгээр зүйлийг шалгуулмаар байна гэхэд “чи хайчаар хатгасан л бол ямар ч нэмэргүй чи юу ч яриад хэрэггүй харин би гэмтлийн зэрэг дээр маргаж шүүх хуралд оролцоно гэж шүүхийн өмнө миний хэлж ярих зүйлийг боогдуулж, миний эрх зүйн байдлыг дордуулж надад тохирохгүй зүйл заалтаар ял шийтгэл оногдуулсан тул Галцацрах өмгөөлөгчөөс татгалзаж байна.

Миний дээрх бичсэн зүйлийн талаар анхан шатны шүүх хурал дээр өмгөөлөгч, прокурор, шүүгч нар хохирогчоос асуусан бол бүх зүйл тодорхой болох байсан, даанч хэн ч асууж тодруулаагүйд гомдолтой байна. Би хохирогч Ө-ыг огт санаатайгаар гэмтээгээгүй. Тухайн үед бид нар бүгд тарваганы боодог идэж байсан.

Би тэр үед хүүхдийн цаасны хайчаар боодогны оёдлыг задалж байсан ба хохирогч надад халдах үед тэр цаасны хайч миний гарт байсан. Тэр хайч хохирогчийн охины хайч байсан. Би ямар нэгэн байдлаар биедээ зэвсэг хайч агуулж яваагүй, хохирогчийг санаатайгаар гэмтээх ямар ч шалтгаан, сэдэл байгаагүй болно.

Хохирогч бид хоёр 20 жил маш сайн найзалж ирсэн. Тухайн үед бид нар архи уусан болохоор хохирогч, эхнэр хоёр нь согтоод зүй бус ааш авир гаргасан. Би өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа.

Харин санаатайгаар огт үйлдээгүй болно. Одоогоор миний эхнэр хоёр настай охин, 2 сартай хүүгийн хамт ажил хөдөлмөр эрхлэхгүй маш хэцүү хүнд байдалтай байгаа.

Надад болон ар гэр, эхнэр, хүүхдэд маань 5 жил 3 сар хаалттай гэдэг ял шийтгэл маш хүнд тусаж байна.

Би урьд өмнө нь гэнэн томоогүй явж алдаж эндэж багагүй хугацааг хорих ангид өнгөрүүлсэн ч, суллагдсаны дараа амьдрал зохиож эхнэр хүүхэдтэй болж, гэр бүлийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж зорилготой амьдрах болсон.

Иймд миний дээрх бичсэн зүйлүүдийг болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад холбогдох хэргийн зүйлчлэлийг 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, бага ял шийтгэл оноож өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

Хохирогч С.Ө- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцсон. Миний хувьд шийтгэх тогтоол гарснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргасан боловч анхан шатны шүүхийн шүүгчийн туслах чамаас гомдол авахгүй гээд аваагүй болно. Мөн давж заалдах шатны шүүх хурал дээр болсон явдлыг ярих гэтэл шүүгч ярих боломж олгоогүй. Дөнгөж ярьж эхлэхэд шүүгч ярихыг зогсоосон. Тийм учраас хүсэлт гаргаж байна.

Ч.Т- бид хоёр багын найзууд, гэрийнхэн бүгд мэддэг. Найзтайгаа маргалдсан нь үнэн. Бид хоёрын аль алиных нь буруу. Түүний эхнэр хүүхэд хоёр хэцүү байдалд байгаа. Хэн хэнийх нь буруутай үйлдлээс болж ийм хүнд шийтгэл авсанд харамсаж байна. Ял шийтгэлээс нь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч С.Ө-ын мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэж прокуророос эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдэж танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн хуулийн зүйл заалтыг үндэслэл болгон дээрх хэрэгт холбогдуулан үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Миний үйлчлүүлэгч Ч.Т- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хэргийн үйл явдлын талаар үнэн зөв бодитой мэдүүлгүүдийг удаа дараа тогтвортой мэдүүлж Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй энэ талаар тухайн шатанд өмгөөлсөн өмгөөлөгчид байр сууриа илэрхийлсэн боловч энэ талаар хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж чадаагүй байна.

Миний үйлчлүүлэгч Ч.Т-гийн мэдүүлгээр бусдын биед санаатайгаар гэмтэл хохирол учруулаагүй, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хохирогчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ч.Т-гийн эрх чөлөөнд халдаж толгойн тус газар цохисон үед хэргийн үйл явдал болсон талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй эрүүгийн хариуцлагыг оногдуулсан прокуророос шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй юм.

Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа нь дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

Иймд миний үйлчлүүлэгч Ч.Т- нь 2021 оны 10 сарын 26-ны өдөр хохирогч С.Ө-ын буруутай үйлдлийн улмаас түүний эрх чөлөөнд халдаж толгойн тус газар цохих хариу үйлдэл хийх үед биеэ хянах чадваргүй байдалд орсон үедээ бусдын биед зэвсэг ашиглан хүнд зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэхээр байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” хуулийн заалтад заасан зүйл хэсэгт хамаараагдахгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой хууль ёсны дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул миний үйлчлүүлэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан /“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж бусдын биед гэмтэл учруулсан”/ гэм буруутайд тооцож давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг хөнгөрүүлэн зөв зүйлчилж өөрчлөлт оруулах өмгөөлөгчийн гомдлыг гаргаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшин хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хууль зүйн хувьд хүн хуулийн этгээд нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ хууль зүйн хариуцлага хүлээх нь хууль ёс, шударга ёсонд нийцэх юм. Харин өөрийн үйлдээгүй гэмт хэрэгтээ эсхүл өөрийнх нь үйлдсэн хэргийг хүндрүүлсэн байдлаар ял оногдуулах нь хууль ёс, шударга ёсонд нийцэхгүй юм.

Хэргийн үйл баримтын хувьд: Ч.Т- нь ...С.Ө-той хувийн шалтгаанаар маргалдаж, улмаар... хайчаар түүний толгой буюу нуруу далан тус газар 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь хохирол учруулж, Анхан болон давж заалдах шатны шүүх нь Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэж ял оногдуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул хохирол учирсан байхыг шаарддаг. Иймээс гэмт хэргийн хор хохирлын хэмжээг бодитойгоор тогтоох нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар 2266 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хохирогч болон шүүгдэгч нар танилцсан даруйдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хэлж удаа дараа дахин шинжээч томилуулах хүсэлтүүдийг гаргаж байсан байдаг.

Түүнчлэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол, гэмтэл учирсан байх, хохирол гэмтлийн улмаас хохирогчийн эрүүл мэндийн байдал сарнисан байх шаардлагатай. Гэтэл хохирогчийн мэдүүлэг, эмчилгээ хийлгэсэн байдал зэрэгт ач холбогдол өгөөгүй. Шинжээчийн дүгнэлтийг урьдаас хөдөлбөргүй байдлаар үнэлж дүгнэсэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан агуулгаас харвал шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжээч томилуулж болохоор хуульд заасан. Гэтэл хэргийн оролцогч нараас удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй. Хохирогч, шүүгдэгч нар нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байхад дахин шинжээч, бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон зүйл байхгүй. Гэмтлийн зэргийг бодитой тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл энэ хэрэг материаллаг бүрэлдэхүүнтэй учир гэмтлийн зэрэг, хор хохирлоос хамаараад зүйлчлэлийн асуудал өөрчлөгдөж байгаа. Тийм учраас шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзнэ үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хэвээр байгаа. Мөн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хянаж үзнэ гэж заасан. Энэ хуулийн хүрээнд шүүх бүрэлдэхүүн хэргийг бодитойгоор хянаж өгнө үү. Уг хэрэгт дахин дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар олгосон эрхийг хязгаарласанд гомдолтой байна” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Т- нь хохирогч С.Ө-ыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсаны улмаас зэвсэг буюу хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шинжээч эмч хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчний түүхийг үндэслэж дүгнэлт гаргасан бөгөөд энэ дүгнэлттэй танилцахад ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Т- урд нь 3 удаа ял шийтгүүлж байсан. Хамгийн сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ч.Т- нь уг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд эдлээгүй үлдсэн хугацааг хорих ялаар солихоор хуульчилж өгсөн.

Шүүгдэгчийн хувьд дээрх гэмт хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн. Өөрөөр хэлбэл 3 сарын дараа энэ гэмт хэргийг үйлдсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж үзэж энэ цаг хугацаагаар тасарсан гэж үзэх үү, эсхүл анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр хугацаа тасарсан гэж тооцох уу гэдэг хууль хэрэглээний зөрүүтэй ойлголт гарч ирсэн. Энэ тал дээр дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай байна. Учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн зохицуулалт байгаа. Шүүгчийн захирамжаар ял нэмж нэгтгэх асуудлыг зохицуулаагүй байгаа тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний зөрүүтэй ойлголтыг нэг мөр болгож хууль зүйн дүгнэлт хийж өгөх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, У.Түвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25/10-311 тоотод иргэн С.Ө-той “өөдөөс салаавч гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, хайчаар түүний толгой болон нуруу, далан тус газар нь 3-4 удаа хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Т-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Харин шүүгдэгч Ч.Т- өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 16 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх үед гэмт хэрэг үйлдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх тухайн зорчих эрхийг хязгаарлах ялд хамаарах асуудлыг хэрхэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс түүний зорчих эрхийг хязгаарлах ял эдлэлт зогссон эсэх, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгалтын үе шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх, эсхүл ялаа үргэлжлүүлэн эдэлж байсан эсэхийг дүгнэх боломжгүй, энэ талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой, хамааралтай ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хавтаст хэргийн 132-133 дугаар хуудаст 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр авагдсан гэх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх авах арга хэмжээ авах тухай баримт үйлдсэн хэдий ч, уг баримтад яллагдагчийн гарын үсэг зурагдаагүй, танилцуулсан эсэх нь тодорхойгүй буюу хуульд заасан шаардлага хангаагүй хоосон маягт хавсаргасан, тийм ч учраас анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирсний дараа хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан зэрэг ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй баримтууд тусгагджээ.

Шүүгдэгч Ч.Т-гийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн байдал, хугацааг бодитойгоор тогтоосон баримтат мэдээллийг цуглуулах, шалгах, үнэлж үзсэний дараагаар шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Т- түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зөв зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү”, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч У.Түвшингийн гаргасан “...удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар олгосон эрхийг хязгаарласан, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 916 дугаар магадлалыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Т- болон түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, У.Түвшин нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН