Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2022/1027/З |
Дугаар | 001/ХТ2024/0054 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2024/0054
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн
татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0421 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0092 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Б, Д.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, Б.Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ШХТ2024/0132 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Т о ж” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-232200000.... дугаар актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт ногдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Т о ж” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтын дагуу (Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн) шалгалтыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд хийж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” НА-232200000... дугаар нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
2.2.Дээрх актын 6 дахь хэсэгт “2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож татвар ногдох орлогоос хасч татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн (2019.03.22) 13 дугаар зүйлд: 13.1. “...” гэж заасан;”... –ыг тус тус зөрчиж ...” гэжээ.
2.3.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор “нөхөн ногдуулалтын актаар ... 84,567,260.5 төгрөгийн зөрчилд ногдох нийт 12,685,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, 820,719,772.54 төгрөгийн зөрчилд ногдох нийт 114,600,239.76 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр” татварын улсын байцаагчийн актыг өөрчилсөн. Ийнхүү шийдвэрлэхдээ “... Иймд 2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцсон гэдэгт баримттай зардлыг хасаж тооцоогүй байна гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй ...” гэж дүгнэжээ.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... Актын тэмдэглэх хэсгийн 5-д 2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг “баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж 64,728,465.95 төгрөгийн нөхөн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсан. Гэтэл тус зардлын худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, зардлын баримт, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй, үнэлээгүй нь үндэслэлгүй.
3.2.Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3-т заасан шаардлагуудыг бүрэн хангаж байхад баримтаар нотлогдохгүй зардал гэж акт тогтоосон нь хуулийн үндэсгүй юм. Татварын улсын байцаагч нар санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт үзэж нягтлаагүй, үнэлж дүгнээгүй энэ байдлаа татвар төлөгчийн зөрчил гэж үзэн актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан ...” гэж маргасан.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... Тус компанийн 2018, 2020 оны борлуулалтын орлого дутуу тусгасан зөрчлийг борлуулсан бараа материалын өртгийн тооцоогоор илрүүлсэн. 2020, 2021 онуудад материалын зардал илүү тооцсон зөрчлийн хувьд “Т о ж” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь хүнд машин механизмын сэлбэгийн худалдаа эрхэлдэг бөгөөд бараагаа БНХАУ-аас импортоор оруулан ирж борлуулдаг. Зөрчил илэрсэн тухайн онуудад барааг импортлохдоо барааны үнийг нийлүүлэгчийн хувь данс руу шилжүүлдэг, Монгол Улсын хил гаалиар мэдүүлээгүй, тээврийн хөлсийг илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг (карго) компанийн захирлын дансанд шилжүүлж, тээвэрлүүлдэг. Энэхүү үйлдэл нь (зардал) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т заасныг хангахгүй байсан учир зөрчилд авагдсан. Цалин хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, элэгдлийн зардал, импортын худалдан авалт, дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдож буй дотоодын худалдан авалтуудыг зардалд хүлээн зөвшөөрсөн ...” гэжээ.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0421 дүгээр шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Т, Д.Б нарын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” № НА-232200000... дугаар Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт ногдох 64,728,465.95 төгрөгийн нөхөн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Т о ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ:
5.1.“... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийн зохицуулалтуудаас үзэхэд, татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан нөхцөлд татвар ногдох орлогоос хасаж тооцохоор байна.
5.2.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12, 41.12.3-т зааснаар татварын хяналт шалгалтад шаардлагатай холбогдох баримтуудаа татварын албанд гаргаж өгөх нь татвар төлөгчийн өөрийнх нь үүрэг, нэхэмжлэгч нь дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан шаардлагыг хангасан баримтуудыг татварын хяналт шалгалтад гаргаж өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон ...” гэх зэргээр дүгнэсэн.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0092 дугаар магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
6.1.“... Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь 2020 онд 191,401,045.70 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил үйлдсэн болох нь, дээрх зардал гаргасныг нотлох хуульд заасан шаардлага хангасан баримтыг татварын хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй нь тогтоогдсон.
6.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.12, 41.12.3-т заасан хуулийн зохицуулалтуудаас үзэхэд татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч компаниас хуульд заасан шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй энэ тохиолдолд хариуцагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн ...” гэх зэрэг дүгнэлт өгчээ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
7.2.Хариуцагч нар нь өөрийн салбарын хууль буюу Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд үндэслэж акт гаргахдаа санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг огт хүлээн авч үзээгүй, үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй (маргаан таслах зөвлөл дээр ч мөн адил) хууль хэрэглээний талаар, нотлох баримтыг үнэлэх, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаад анхан болон давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэр, магадлал хуульд үндэслэсэн байх зарчимд нийцсэнгүй.
7.3.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т тус тус нарийвчлан хуульчилсан байхад татварын алба зөвхөн е-баримтаар зардлыг тооцож акт тавьсан нь хуулийн үндэслэлгүй бөгөөд шүүх хариуцагч нарын дахин давтагдашгүй дугаар бүхий цахим баримтаар зардал тооцно гэх тайлбар үндэслэлийг дүгнэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн.
7.4.Татварын улсын байцаагч нарын “Т о ж” ХХК-д хийсэн татварын шалгалтын 2019-2021 оны хугацаа нь Ковид-19 цар тахлын болон хөл хорионы онцгой дэглэм хэрэгжиж байсан үе бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг хүлээн авагчийг биечлэн хийлгүүлэхгүй журам гарч зөвхөн карго тээвэр зуучийн компаниар хийхээр Засгийн газраас зохицуулсан байсан. Нэхэмжлэгч компани БНХАУ-аас сэлбэг худалдан авч карго тээвэр зуучийн компаниар зуучлуулан тээвэрлүүлэн хүлээн авч гаалийн бүрдүүлэлт, татвар, тээврийн хөлсийг зуучийн компанид төлсөн нь энэ зардлыг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нөхцөлд гаалийн байгууллагад төлсөн тухай баримт тус компанид байх ёсгүй учир гаалийн баталгаажсан баримтгүй гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ “... татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан нөхцөлд татвар ногдох орлогоос хасаж тооцохоор байна” гэж дүгнэсэн.
7.5.Гэтэл тухайн зардлыг худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, зардлын баримт, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй, үнэлээгүй нь хуулийн үндэслэлгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3-т заасан шаардлагуудыг бүрэн хангаж байхад баримтаар нотлогдохгүй зардал гэж акт тогтоосон нь холбогдох хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч нар нь аж ахуйн нэгжээс гарсан бодит зардлуудыг “цахим биш байна” гэх тайлбараар зардалд оруулалгүй зөрчил гэж үзэж хариуцлага ногдуулсан. Бодит амьдрал дээр манай улсын дотоодын төлбөрийн гүйлгээ 100 хувь е-баримтаар цахимжаагүй бөгөөд татварын алба өөрийн хэрэгжүүлэх үүрэгтэй хуулийн шаардлагаа татвар төлөгчийг хангахгүй байна гэж хариуцлага тооцох боломжгүй юм. Иймд татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж нэхэмжлэлийг хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэж, хяналтын шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэж тодруулав.
8.Хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг өгөв.
9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
10.Хяналтын шатны шүүхээс уг хэргийг өмнө нь гарч байгаагүй шинэ төрлийн маргаан байх тул “эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход ач холбогдолтой” эсэхийг хянахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүлээн авсан.
11.Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн шалгаагүйгээс хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний шинэ ойлголтыг нэг мөр тогтоох боломжгүй байна.
12.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
12.1.”Т о ж” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Т нарт холбогдуулан “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн НА-232200000... дугаар актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт ногдох 64,728,465.95 төгрөгийн татвар, 25,891,386.38 төгрөгийн торгууль, 5,075,318.49 төгрөгийн алданги, нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Гэвч маргаан бүхий актын 5 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үндэслэл нь байхгүйгээс гадна тухайн актын аль ч хэсэгт маргаж буй үнийн дүнг (нийт 95,695,170.82 төгрөгийн төлбөр) тодорхой заагаагүй, гагцхүү тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нийт төлөх төлбөрийг 127,285,328.84 төгрөг байхаар тогтоосон байна.
12.2.Дээрх улсын байцаагч нарын гаргасан актын талаар нэхэмжлэгч нь нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2022 оны 35 дугаар тогтоолоор нийт 12,685,089.08 төгрөгийн төлбөрийг бууруулж, 114,600,239.76 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр татварын шинэ акт гаргасан байна. Уг тогтоолд “... Иймд 2020 онд 191,401,045.75 төгрөгийн материалын зардлыг ..., 2021 онд 455,883,613.73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцсон гэдэгт баримттай зардлыг хасаж тооцоогүй байна гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй ...” гэж дүгнэснээс бус маргаж буй үнийн дүнгийн талаар тодорхой заагаагүй, тогтоох хэсэгт нийт төлөх төлбөрийн хэмжээг 114,600,239.76 төгрөг болгож бууруулжээ.
12.3.Иймд нэхэмжлэгч аль актын ямар хэсгийг хүчингүй болгуулах, эсхүл өөрчлүүлэх (хасуулах)-ээр маргаж байгаагаа тодорхой болгох шаардлагатай, шүүх энэ талаар тодруулаагүй нь буруу байна.
13.Маргааны үйл баримтын тухайд, нэхэмжлэгчээс “... 2020 онд 191,401,045.75 төгрөгийн, 2021 онд 455,883,613.73 төгрөгийн зардлын төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй нь үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “... тус компани нь тухайн онуудад бараа импортлохдоо барааны үнийг нийлүүлэгчийн хувь данс руу шилжүүлдэг, Монгол Улсын хил гаалиар мэдүүлээгүй, тээврийн хөлсийг илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг (карго) компанийн захирлын дансанд шилжүүлж, тээвэрлүүлдэг, энэ үйлдэл (зардал) нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т заасныг хангахгүй байсан учир зөрчилд тооцсон ...” гэж маргасан.
14.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн тодруулалгүй, үндсэндээ “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4...-т заасан шаардлагыг хангаагүй” гэж баримтын зөвхөн бүрдлийн шаардлага талаас нь дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
15.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журмыг зохицуулсан ба 18.4-т “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу аж ахуйн нэгжийн хасагдах зардал нь агуулгын хувьд тухайн орлогыг олохтой холбоотой байх бөгөөд тухайн зардал нь хэлбэрийн хувьд дээрх хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан байхаар байна.
16.Иймд, юуны түрүүнд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн маргаан бүхий зардлын баримтууд нь тус компанийн дээрх орлогыг олохтой холбогдож гарсан зардал мөн эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.
17.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:...”, 13.1.4-т “доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэсэн нь тодорхой төрлийн зардлын хувьд ялгаатай байдлаар хэрэгжихээр байна. Тухайлбал, ажилчдын цалин хөлс, хандив, тусламж, эд хөрөнгийн элэгдлийн зардал зэрэг аж ахуйн нэгжийн гаргадаг зарим зардлын тухайд дээрх хуульд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхыг шаардах боломжгүй юм.
18.Энэхүү хэргийн тухайд нэхэмжлэгч нь БНХАУ-аас импортоор бараа оруулж ирсэн байх бөгөөд энэ тохиолдолд зардал нотолсон “дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт”-ыг шаардах боломжгүй, харин гаалийн татвар төлснийг нотлох баримтыг шаардах боломжтой эсэхэд шүүх дүгнэлт өгөх хэрэгтэй.
19.Нэхэмжлэгчээс “манай компани гаалийн бүрдүүлэлт хийдэггүй, карго компанид бүх төлбөрөө шилжүүлдэг, каргоны компани гаалийн бүрдүүлэлт хийдэг, өмнө нь ч ийм байдлаар л үйл ажиллагаа явуулж холбогдох зардлыг орлогоосоо хасаж татвар төлдөг байсан, мөн 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас бүх бараа бүтээгдэхүүнийг каргогоор авч байсан, гэтэл гаалийн татвар төлсөн баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж, холбогдох зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт гаалийн бүрдүүлэлтийн хураамж, холбогдох татвар багтсан эсэх, ачаа тээвэрлэлтийг хариуцсан компани нь гаалийн бүрдүүлэлт хийж, зохих татварыг төлсөн эсэхийг (ялангуяа цар тахлын хязгаарлалтын үед) тодруулж шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
20.Түүнчлэн, нэхэмжлэгчийг нөхөн татвар төлөх үүрэгтэй гэж үзвэл 2020 оны Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийг хэрэглэх эсэх талаар шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй.
21.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2023/0421 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0092 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ