Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0996/З |
Дугаар | 221/МА2019/0578 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0578
“И” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг
хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Р.М, хариуцагч татварын улсын байцаагч Т.О, Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0595 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Л.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Б А К 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Л.Н нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0297760 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0595 дугаар шийдвэрээр:
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.3.4-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналтын шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0297760 дугаар шийтгэлийн хуудсыг зөрчлийг дахин шийдвэрлэх хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...“И” ХХК-д холбогдуулан тогтоосон татварын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0297760 дугаар шийтгэлийн хуудсын биелэлтийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хууль тогтоомжид нийцээгүй, үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна. Үүнд:
1.Шүүх татварын улсын байцаагч нарын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0297760 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэхдээ ямар хуулийн заалтыг үндэслэн болгосон нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл ямар тохиолдолд захиргааны албан тушаалтнаас тогтоосон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх талаар хууль тогтоомжоор тодорхойлсон байхад уг шийдвэрийг гаргахдаа хууль тогтоомжийг үндэслэл болгоогүй нь ойлгомжгүй байна.
2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т “Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй, 62.1.2-т “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол түдгэлзүүлж болохгүй” гэж заасныг зөрчсөн.
3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэв зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж хэргийг хянан шийдвэрлэсэн бол улсын байцаагч нарын зөрчил гэж үзэж байгаа бодит зээлийн хүүг хэрхэн тооцож гаргасныг бид шаардах, мэдээллийг хавтас хэрэгт авахуулах тодорхой ажиллагаа явуулах зэрэг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2-т “холбогдогчийн эрхээ эдлэх боломж өгөлгүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн” гэсэн гомдол үндэслэлтэй байна гэж үзээд шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ.
Энэ нь дараах байдлаар хэргийн бодит нөхцөлтэй нийцэхгүй хууль, тогтоомж зөрчигдөж байна гэж үзлээ. Үүнд:
а.Татварын улсын байцаагчид тус компанийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.2.3-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Учир нь татварын хяналт шалгалтын явцад зөрчил илэрч зөрчлийн талаар шийтгэлийн хуудас бичигдэхээс өмнө тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /ерөнхий нягтлан бодогч/ Ц.О эрх үүргийг тайлбарлан өгч зөрчлийн талаар танилцуулж мэдүүлэг авсан. /холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл/ Уг мэдүүлгээс үзвэл тус компани нийт 6 зөрчлөөс 4 зөрчлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд 2 зөрчлийн тухайд “бие даан хариулах боломжгүй” гэж мэдүүлэг өгсөн байдаг.
Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар татвар төлөгчид танилцуулсан, мэдээгүй гэх үндэслэлгүй бөгөөд танилцуулснаас хойш тухайн зөрчлийг шалгах тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан бөгөөд энэ талаар хүсэлт гомдол гаргаагүй нь холбогдогчийн эрхээ эдлэх боломж гаргаагүй гэх шүүхийн үндэслэлтэй нийцэхгүй байна.
b.“И” ХХК болон Сингапур Улс дахь толгой компани болох /И/ компанийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан. Зээлийн гэрээний 1.3 дахь хэсэгт зээлийн хүүг жилийн .... хувь байхаар талууд тохиролцсон. Зээлийн хүүгийн орлогоос 2013 онд ........ төгрөг, 2014 онд ...... төгрөг, 2015 онд ...... төгрөг, 2016 онд ....... төгрөг, 2017 онд ........ төгрөгийн хүүгийн татвар ногдуулж төлсөн.
Татварын улсын байцаагчид 0297760 дугаар шийтгэлийн хуудсаар “И” компанийн харилцан хамаарал бүхий Сингапур Улсын 80%-ийн хөрөнгө оруулалттай “И” компанид зээлдүүлсэн зээлийн хүүгийн хувь хэмжээ харилцан хамаарал бүхий этгээдийн хооронд хийгдсэн үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэглэсэн үнэ нь ийм харилцан хамааралгүй этгээдийн хооронд хэрэглэсэн үнээс ялгаатай байгаа тул зах зээлийн ердийн нөхцөлд хэрэглэж болох үнийн харьцуулалт, тооцооллын аргыг ашиглан тооцоолсон бөгөөд Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэн зах зээлийн бодит хүүг тооцоолж гаргасан болно.
Харьцуулагдах үнийг тооцоолж гаргахад манай улсаас гадагшаа зээл өгөх нь харьцангуй хязгаарлагдмал харин гаднаас зээл авсан бол Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 723 дугаар тушаалын хавсралтаас “Банк, ААН байгууллага, иргэдийн гадаад зээл бүртгэх” маягтаас ААН-үүдийн гадаад улсаас авч байгаа зээлийн хүүгийн дунджийг харьцуулж бодит хүүг гаргах боломж байсан. Бодит хүүгийн хэмжээг тогтоохдоо Монголбанкны бодлогын хүү, санхүүжилтийн хүү, арилжааны банкнуудын зээлийн дундаж хүүг /UBIBOR/ ашиглан харьцуулагдах үнийн аргаар тооцоолсон.
Дээрхээс үзвэл татварын улсын байцаагчид тус компаниас хангалттай нотлох баримтыг гаргуулж авсан, татварын улсын байцаагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ буюу зээлийн хүүгийн дунджийг тогтоон ногдлыг тодорхойлохдоо татвар төлөгчөөс өөр нэмэлт материал гаргуулах шаардлага үүсээгүй. Цаашид нэмэлт материал гаргуулан авах шаардлага үүсэхгүй, татвар төлөгчийн зүгээс яг энэ нөхцөлд нэмэлтээр гарган өгөх материал байхгүй билээ.
4.Татварын улсын байцаагчид татварын ногдлыг шууд бусаар тодорхойлон тооцохдоо хэрэглэсэн мэдээлэл, эх сурвалжийн талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд энэ нь шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх үндэслэл болсон татвар төлөгчийн гомдолд дурдагдсан /улсын байцаагч нарын зөрчил гэж үзэж байгаа бодит зээлийн хүүг хэрхэн тооцож гаргасныг бид шаардах, мэдээллийг хавтас хэрэгт авахуулах/ гэсэнтэй нийцэхгүй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дагуу холбогдогчид эрх үүргийг тайлбарлан, мэдүүлэг авч зөрчлийн талаар танилцуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1.2.3, 6.6.1.1 хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль тогтоомжид нийцэж байгаа бөгөөд шүүхийн үндэслэл болгож шийдвэрлэсэн татвар төлөгчийн гомдол нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн энэ талаар холгогдогчоос гомдол хүсэлт гаргаагүй мөн түдгэлзүүлэх эрх зүйн үндэслэлгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0595 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Зөвхөн “…Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээлгүйгээр, өөрөөр хэлбэл хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу…” гэсэн үндэслэлээр зээлийн хүүгийн бодит үнийг тогтоолгохын тулд гомдол гаргагчаас нотлох баримт, тайлбар гаргуулж авах зайлшгүй шаардлагатай гэх байдлаар шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж буй нь;
-маргааны гол үйл баримт болох Монгол Улсын “И” ХХК болон Сингапур Улсын “И” компанийн хооронд 2011 онд байгуулсан “Зээлийн гэрээ”-нд заасан жилийн “..... хувийн зээлийн хүү”-г зах зээлийн бодит үнэд нийцээгүй гэж үзэн зээлийн бодит хүүг жилийн ...-..... хувь гэж тооцох болсон үндэслэлээ хариуцагчийн зүгээс тодорхой тайлбарласан боловч үүнийг нотлох зарим баримтууд дутуу, хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт хийсэн нь хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй, үүнийгээ “…ногдуулалт хийх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй…” гэх байдлаар тайлбарлаж байгаа нь;
-мөн шийтгэлийн хуудсаар нийт 5 зөрчилд холбогдуулж нөхөн татвар, төлбөр, алданги ногдуулсныг гомдол гаргагч бүхэлд нь эс зөвшөөрч хүчингүй болгуулахыг хүссэн байхад шүүхээс зөрчил тус бүрт дүгнэлт өгөөгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчимд, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох баримт цуглуулах үүрэгт, 121 дүгээр зүйлийн 121.3.7-д заасан нэхэмжлэлийн үндэслэл бүрт дүгнэлт өгөх шаардлагад тус тус нийцээгүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэлийн нэг болох Сангийн сайдын 2007 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Жишиг үнэ хэрэглэх аргачлал”, 2015 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Бодит үнэ тооцох аргачлал” нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй талаар “…уг журмыг дотооддоо мөрдөхийг хязгаарласан, хүчин төгөлдөр эсэхийг дүгнэсэн аливаа шийдвэр байхгүй тул журмын талаар дүгнэх боломжгүй…” гэх байдлаар дүгнэлт өгөхөөс илүүтэйгүүр харин энэхүү журмын дагуу бодит үнийг тогтоосон эсэх, ийнхүү тогтоох ажиллагаа журамд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Учир нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 48 дугаар зүйлд тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн нь нотлогдсон тохиолдолд шууд бус буюу бодит болон жишиг үнийн аргаар татварын ногдлыг тодорхойлохоор, ийнхүү тодорхойлох аргачлалыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар тус тус зохицуулсан бөгөөд энэ хүрээнд баталсан журам нь хуулиар нэгэнт зөвшөөрсөн татварын ногдлыг хэрхэн тооцож тодорхойлоход чиглэсэн, өөрөөр хэлбэл шинээр харилцаа үүсгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах дотогш чиглэсэн шинжтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний актад хамруулах боломжгүй.
Бодит үнэ тооцох аргачлалын 5.2.4.1.В-д “Бодит хүүгийн хэмжээг тогтоохдоо Монголбанк, арилжааны банкнуудын зээлийн хүүгийн бодит хэмжээ, хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зээлийн дундаж хүү болон бусад харьцуулж болох зээлийн мэдээлэл зэрэгт үндэслэнэ” гэж заасан ч энэ тохиолдолд зээлийн бодит хүүг жилийн 11-13 хувиар тооцохдоо харьцуулан үзсэн гэх Монголбанкны бодлогын хүү, төв банкны санхүүжилтийн байнгын хэрэгслүүд, ипотекийн зээлийн тайлан, арилжааны банкнуудын ипотекийн зээлийн тайлан, UBIBOR хүү буюу арилжааны банкнуудын жигнэсэн дундаж хүүг тооцсон гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрхэн тооцсон аргачлал нь тодорхой бус, түүнчлэн гомдол гаргагчийн толгой компанитайгаа байгуулсан гэх зээлийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч зээлийн бодит хүүг зөв тогтоосон эсэх, мөн анхан шатны шүүхийн дүгнээгүй орхигдуулсан “…Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх “зээл олгох үйлчилгээ” гэдэгт гомдол гаргагчийн олгосон гэх зээл хамаарах эсэх, түрээсийн хөрөнгийн элэгдлийн болон хүүхдийн сургалтын зардал нь татвар ногдох зардлаас хасагдах эсэх, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүйтэй холбогдуулж ногдуулсан торгууль, алданги үндэслэлтэй эсэхэд тус тус дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүх дээр дурдсан болон хариуцагчийн үндэслэсэн гэх нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар бүрэн цуглуулж, улмаар нэхэмжлэлийн үндэслэл тус бүрт дүгнэлт өгөх байдлаар хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
Харин гомдлын “…шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргатал тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болохгүй…” гэсэн нь үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдэх харилцаа болохоос бус уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэртэй адилтган ойлгох боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН