Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01007

 

Б.Н-, С.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00368 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Н-, С.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолын үнэ 23 000 000 төгрөгийг гаргуулах, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10 000 төгрөгөөр дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөгийг гаргуулах, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоотод байрлах 2 өрөө орон сууцны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөгөө зориулалтаар нь ашиглаж чадаагүйн хохиролд 12 606 410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Д.Б-тай ярилцаж, түүнд 30 000 000 төгрөгийг бэлнээр өгч, хүнд даацын “Норт бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт 15 000 000 төгрөгөөр тооцож, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах орон сууцыг тус байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед талууд тохиролцоод үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх гэсэн боловч татварт 2 000 000 төгрөг төлөхөөс хариуцагч Д.Б- татгалзсан тул бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцыг миний төрсөн ах Б.Нямдоржид бэлэглэж, улмаар миний аав С.Б-ийн өмчлөлд шилжсэн юм. Одоо маргаж буй зүйл бол тус байрны подвальд байрлах 25 автомашины зогсоолоос 1 ширхэг автозогсоолыг авч чадаагүй болон байрны нэг цонхыг таглаж барилга барьсны улмаас хохирсонтой холбоотой юм. Биднийг орон сууц, автозогсоол худалдан авахаар ярилцаж байх үед подвальд байрлах автозогсоолуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Энэ талаар хариуцагч Д.Б-аас асуухад “удахгүй гарна, чи санаа зоволтгүй” гээд надад автозогсоолыг өгөхөд би 2009 оны 08 дугаар сараас эхлэн автомашинаа тавьж байсан.

Анх орон сууцанд нүүж ороход 1 өрөөний цонхны доор хундаам байсан, тэгээд Д.Б-аас энэ ямар хундаам бэ гэж асуухад “би тендерт ордог, бизнес хийдэг учраас агуулах, лаборатори хэрэгтэй байдаг, тендер авахаараа буулгачих юм, санаа зоволтгүй” гэсэн. Би үүнээс хойш Замын-Үүдийн гаальд ажиллаж байх үед хилс хэрэгт гүтгэгдэж, өвөлжин шалгагдаж байгаад өвөл гэртээ иртэл нөгөө лабораторийг цонхны талыг таглаж, дээврээ өндөрлөж барьсан байсан тул энэ тухай Д.Б-аас яаж байгаа юм гэхэд тэр “намар болоод дээврээс ус гоожоод өндөрлөсөн, хавар буулгана, гараашийн гэрчилгээ гарсан, удахгүй өгнө” гэсэн.

Миний бие Замын-Үүдийн гаальд ажилладаг бөгөөд дахин ажил руу буцаад 2-3 сар болоод иртэл нөгөө талыг нь хаасан байсан цонх бүтэн таглагдсан байсан тул хариуцагч Д.Б-д уурлахад “намхан байхаар болохгүй болоод дээврийг нь өндөрсгөж налуулахгүй бол болохгүй байна, хавар дулаан ороход нураана” гэж худал хэлсэн. Ингээд хавар болоход нураагаагүй учраас би Баянзүрх дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газруудад хандаж, тус өргөтгөлийг буулгах талаар гомдол гаргасан. Ийнхүү цонх хааж барьсан өргөтгөлтэй орон сууцанд амьдарч, бие сэтгэл, эрүүл мэндээр хохирч, энэ хугацаанд ашиглаж чадаагүйн хохирлыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад 12 606 410 төгрөг буюу орон сууц маань өдрийн 6 000 төгрөгөөр үнэ цэнэ нь буурч, хохирч байна. Хөдөө явахдаа зогсоолоо хадгалж үлдэхийн тулд сууц өмчлөгчдийн холбоонд ажилладаг н.Батбилэгийн автомашиныг тавиулдаг байсан.Ингээд Д.Б- надад гэрээний дагуу автозогсоолыг өгөөгүйгээс хойш бусдын автозогсоолыг түрээслэж, үүнд 2 100 000 төгрөг төлсөн энэ талаар бичгээр нотлох баримт байхгүй боловч надаас ийм хэмжээний зардал гарсан гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр бүрэн нотлох юм.Өнгөрсөн хугацаанд би хариуцагч Д.Б-аас автозогсоолыг шаардсан боловч тэрээр энэ талаар гэрээ байгуулаагүй, зөвхөн орон сууц худалдахаар тохирсон гэж маргадаг. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээнд энэ талаар тодорхой заасан бөгөөд би автозогсоолыг ашиглаж байсан. Хэд хэдэн удаагийн шүүхийн шийдвэрээр автозогсоолыг миний өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоо хүртэл надад бодитоор хүлээлгэн өгөөгүй. Автозогсоолын үнийг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 23 000 000 төгрөг гэж тогтоосон. Энэ үнэ бол 2013 онд хийсэн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба одоо гадуур дулаан гараашийг 23 000 000 төгрөгөөр авч чадахгүй. Иймд хариуцагч Д.Б-аас автозогсоолын үнэ 23 000 000 төгрөг, гэрээний дагуу автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүйн улмаас 7 сарын турш өдрийн 10 000 төгрөгөөр дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгаж, өмчлөх эрхээ сэргээлгэх, унтлагын өрөөг хааж барьснаас улбаалан зохих ёсоор ашиглаж чадаагүйн хохиролд 12 606 410 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...Хариуцагч тал Б.Н-ыг “Голомт банк” ХХК-д өрөнд орж, байраа хураалгах гээд ирэхэд нь 60 000 000 төгрөгийн үнэтэй байрыг 40 000 000 төгрөгөөр бодож, 20 000 000 төгрөгийг бэлэг хэлбэрээр үнийг бууруулж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг бэлнээр авч, 10 000 000 төгрөгт нэхэмжлэгчийн ашиглаж байсан “Норт бенз” маркийн автомашин авсан. Талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг нэхэмжпэгчийн нэр дээр бүртгүүлэх гэтэл Б.Н- өөрөө Замын-Үүдийн гааль дээр эрүүгийн хэрэгт холбогдсон тул миний нэр дээр шилжүүлбэл хураагдах учраас манай ахын нэр дээр шилжүүлчих гэсний дагуу Б.Нямдоржийн нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн.Талуудын хооронд гарааш худалдаж авсан тухай хэлцэл хийгдээгүй гэж үзнэ, учир нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т ямар тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх вэ гэдгийг зохицуулсан бөгөөд нотариатаар гэрчлүүлсэн буюу Улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцлийг тухайн бүртгэлийн газарт нотлох баримтаар ирсэн зүйлийг гэрчлүүлээгүй бол энэ хэлцлийг байгуулагдаагүй гэж үзнэ. Байр болон автозогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй, бэлэглэлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан ч энэ гэрээ бол хүчин төгөлдөр тул маргахгүй.Харин автозогсоолын хувьд байгуулагдаагүй гэрээний дагуу ямар эгэн эрх зүйн үр дагавар үүсээгүй тул шаардах эрх байхгүй. Мөн гарааштай холбоотой хохирол үндэслэлгүй байна, нотариатаар гэрчлүүлэх гэрээг аль нэг талын ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талын хүсэлтээр хүчин төгөлдөрт тооцуулж болохоос бүртгэлд үндэслэн тооцох боломжгүй. Хэлцлийг хүчин төгөлдөрт тооцох шаардлага гаргаагүй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзвэл энэ хэлцэл анхнаасаа байгуулагдаагүй, худалдах-худалдан авах эрх зүйн үр дагавар үүсгээгүй, өмч шилжээгүй. Гарааштай холбоотой шаардлага үндэслэлгүй ба нэгэнт энэ төрлийн гэрээ байгуулагдаж, автозогсоол өгөх үүргийг Д.Б- хүлээгээгүй учраас нэхэмжлэгчийн өөр газар автомашин байршуулж, түүний төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй болно. Орон сууцны цонхыг тагласан байрны асуудлын хувьд 1 өрөөг 5 жил ашиглаагүйн улмаас хохирол гээд “Итгэлт-Эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргаж ирсэн байсан. Гэвч хуульд үнэхээр цонх хааснаас болоод ашиглаж чадаагүй тохиолдолд хохирол гаргуулах талаар нарийвчлан заагаагүй, хохирлыг тооцсон аргачлал нь ойлгомжгүй байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00368 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1 болон 228 дугаар зүйлийн 228.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Б-аас 35 606 410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-, Б.Н- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны зам, 253/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 2 өрөө байрны өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг албадан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 82 232 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хариуцагчаас 406 182 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “106 дугаар зүйлийн 106.2” гэснийг “135 дугаар зүйлийн 135.4” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406 182 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.  

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх түүнийг зөвтгөсөн нь буруу байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....Анхан шатны шүүх бичгээр хийх хэлцлийг хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийгдсэн гэж үзэх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан зохицуулалтыг шийдвэрийн үндэслэлд заасан тохиолдолд нотариатаар гэрчлүүлээгүй, улмаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хийгдээгүй гэж үзэх үндэслэлтэй болно. Хийгдээгүй хэлцэл ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг, тухайлбал, гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийг үүсгэхгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар үл хөдлөх хөрөнгө болох автомашины зогсоол болон түүний үнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй болно. Хариуцагч худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй бөгөөд харин дээрх гэрээний дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан. Харин автомашины зогсоол худалдах ямар нэгэн хүсэл сонирхол байгаагүй гэсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх гэрээнд гарын үсэг зурсан үйлдлийг гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй гэж ташаа дүгнэжээ. Худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа гарын үсгээ зурсан байдал нь улсын бүртгэлд бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлэх хуульд заасан журмыг үгүйсгэх нөхцөл болохгүй юм. Гэвч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болдог байна. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөлт оруулаагүй байхаас гадна автозогсоолын үнэд хэдэн төгрөг өгсөн нь мэтгэлцээний явцад тогтоогдохгүй байхад хариуцагчийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр хохирлыг төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.Мөн цонх хааж барьсан барилгын ашиглалтын хохирол гэж шинжээчийн дүгнэлтэд үндэслэж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлж чадаагүй, улмаар маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй гэж үзэхээр байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Д.Б-д холбогдох нэхэмжлэлдээ:- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 253 дугаар байрны зоорийн хэсэгт байрлалтай нэг автомашины зогсоолын үнэ 23 000 000 төгрөгийг буцаан гаргуулах,-гэрээний дагуу худалдаж авсан автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөг гаргуулах,- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 253 дугаар байрны 27 тоот 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгах,

-уг орон сууцны тухайн өрөөг зориулалтын дагуу ашиглаж чадаагүйгээс учирсан хохиролд 12 606 410 төгрөг гаргуулахыг тус тус шаарджээ.

Хариуцагч Д.Б- эдгээр шаардлагад гаргасан хариу тайлбартаа орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, автомашины гараашийг худалдаагүй, худалдах-худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээр хүчин төгөлдөр бус, орон сууцны гадна өргөтгөл барьж байгааг нэхэмжлэгч мэдэж орон сууцыг авсан зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Н-, түүний эхнэр Б.Энхтунгалаг, хариуцагч Д.Б- нар нь 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 253 дугаар байрны 27 тоот 2 өрөө байр болон байрны зоорийн хэсэгт байрлалтай нэг автомашины зогсоолыг худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээг талууд нотариатчаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч нэхэмжлэгч Б.Н- нь гэрээнд заасан төлбөр буюу 30 000 000 төгрөг, Норд бенз маркийн хүнд даацын автомашин, чиргүүлийн хамт худалдагч Д.Б-д шилжүүлэн өгсөн ба энэ талаар хариуцагч маргаагүй байна.

Зохигчдын 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр 2 өрөө байр болон автомашины зогсоолын үнэнд худалдан авагч тал 30 сая төгрөг бэлнээр, Норд Бенз хүнд даацын автомашиныг чиргүүлийн хамт худалдагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэхүү тохиролцоог хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Уг гэрээг талууд хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч энэ нь гэрээний оролцогчдын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Зохигчид 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр худалдах-худалдан авах хэлцэл хийсэн гэж үзэх нь  Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5., 43 дугаар зүйлийн 43.2.2.-т заасан зохицуулалтад нийцнэ. Харин бичгээр хийсэн зохигчдын дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байна. Зохигчид дээрх хэлцлээс орон сууц өмчлөх эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр бус харин бэлэглэлийн гэрээгээр харилцан шилжүүлэхдээ нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т зааснаар бэлэглэлийн гэрээгээр орон сууц өмчлөх эрх шилжүүлсэн хэлцэл шинээр хийгдсэн, хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр болжээ.

Харин автомашины зогсоолыг худалдан авагчид шилжүүлэх хэлцэл нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1., 245 дугаар зүйлийн 245.2., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т заасан журмыг зөрчсөн тул 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний энэ хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Нэхэмжлэгч Б.Н- нь автомашины зогсоолыг өмчлөлдөө шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, худалдах-худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн төлбөрөөс уг автозогсоолын үнэд хамаарах хэсгийг буцаан авахыг шаардсан нь хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 56.5.-д туссан үндэслэлд хамаарч байна. Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болох ба энэ зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болно.

Зохигчид 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд 2 өрөө орон сууц болон автомашины зогсоолын үнийг салгаж заагаагүй, нэхэмжлэгчийн төлсөн 30 сая төгрөг болон “Норд бенз” автомашины үнийн аль хэсгийг орон сууц болон  автомашины зогсоолын үнэд хамааруулах нь талуудын тохиролцоонд тусгагдаагүй боловч шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар автозогсоолын 2013 оны үнэ 23 000 000 төгрөг гэж тодорхойлсныг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу биш байна.

Иймд худалдах-худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн төлбөрөөс автозогсоолын үнийн 23 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан эрх зүйн зохицуулалтад хамаарч байхад хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн уг зүйл, заалтыг шийдвэр, магадлалын үндэслэлд заагаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй байна.

Гэрээний дагуу худалдаж авсан автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүйгээс дулаан гарааш хөлсөлсний төлбөр 2 100 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх баримтаар нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болгожээ. Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэлийн уг шаардлагын эрх зүйн үндэслэл Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д тусгагдсан байхад шүүх хуулийн уг зохицуулалтыг шийдвэр, магадлалд баримтлаагүй нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч уг хохирлын хэмжээ, үндэслэлийг хангалттай нотлож чадаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 253 дугаар байрны 27 тоот 2 өрөө байрны унтлагын өрөөний цонхыг хааж барьсан өргөтгөлийг буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан зохицуулалтыг баримтлан хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-т заасныг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл гэж үзсэн нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-т “барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй” гэж, харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй” гэж тус тус заажээ. Иргэний хуулийн дээрх хоёр зохицуулалтад өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг буюу барилга, байгууламжийг буулгах шаардлагын эрх зүйн үндэслэлийг тусгасан боловч зохигчдын хоорондох тухайн маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан зохицуулалт хамааралтай байна.

Учир нь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-т “хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан” барилга, байгууламжийн талаар тусгасан байна. Харин хариуцагч Д.Б- өргөтгөлийн барилгыг анхнаасаа холбогдох зөвшөөрөлгүй барьсан, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхгүй байсан тул Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4.-т заасан зохицуулалт тухайн маргаанд хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Хөрш залгаа газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь уг эд хөрөнгийг бий болгохдоо хууль зөрчөөгүй боловч хөршийн эрхийг зөрчиж байгаа бол хөрш хууль ёсны уг үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байдаг нь хөршийн эрх зүйн дээрх зохицуулалтын онцлог юм. Харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасан өмчлөгчийн шаардах эрх нь зөрчлийн буюу хууль бус үйлдлийн эрх зүйн үр дагавар болдог байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хариуцагч Д.Б- орон сууцны нэг өрөөний цонхыг бүхэлд нь таглаж өргөтгөл барьсны улмаас нэхэмжлэгч нар уг өрөөг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгчид учирсан гэм хорын нөхөн төлбөрт 12 606 410 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан шаардлагад нийцжээ. Анхан шатны шүүх уг шаардлагын эрх зүйн үндэслэлийг шийдвэртээ тодорхой тусгасан байх ба шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдал, хүчин төгөлдөр бус хэлцлийн эрх зүйн үр дагавар, өмчлөх эрхийг хязгаарласан үйлдэл, эрхийн хязгаарлалтаас үүсэх шаардах эрх зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар зохих дүгнэлтийг хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Харин шүүхийн хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01/ШШ2017/00368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 35 606 410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-, С.Б- нарт олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлээс 2 100 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН