Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/0059

 

 “СБД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

                   Шүүгчид:                                         Г.Банзрагч

                                                                                Д.Батбаатар

                                                                                Х.Батсүрэн

                       Илтгэгч шүүгч:                                 П.Соёл-Эрдэнэ

                       Нарийн бичгийн дарга:                   Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0091 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0198 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Г нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 166 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамжийг хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: “СБД” ХХК нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд, Денвер гэсэн хаягт, 1021 мкв газрыг “давхар зогсоол, тохижилтын” зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд газар эзэмших гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан, хариуцагчаас “гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3.Нэхэмжлэгчээс “... газар эзэмших гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн, газар дээр үл хөдлөх хөрөнгө байхад харгалзан үзэхгүйгээр өмчлөгчийн эрхийг зөрчсөн, бодит байдалд нийцээгүй, шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа хийгээгүй, газар зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулж, холбогдох зөвшөөрлөө авахаар төлөвлөж байсан гэж,

4.Хариуцагчаас “...бодит нөхцөл байдалд гэрээнд заасан нөхцөл болзол давхар зогсоол, тохижилтын зориулалтаар ашиглаагүй, гэрээ дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй, хаяг байршил өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.газар дээр үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийн эрхээр бүртгэгдсэн байгааг анхаараагүй, маргаан бүхий газрын зориулалт уг газрын эзэмших эрхийг шилжүүлэх үед мөн байсан, “давхар зогсоол болон тохижилт”-ын зориулалтыг өөрчилсөн, эсхүл хангаагүй гэж үзэх нөхцөл байдал нотлогдохгүй байна.

5.2.мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт буй албан ёсны хаягаар хүргүүлсэн хариуцагчийг буруутгахгүй, харин хаягтаа байхгүй үндэслэлээр буцаж ирснийг, мэдэгдэх сонсох ажиллагааг газар эзэмших гэрээнд заасан хаягаар явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.гэрээнд заасан давхар зогсоол, тохижилт зориулалтын дагуу ашиглаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

6.2.нэхэмжлэгч анх уг газрыг шилжүүлэн авч, гэрээ байгуулах үед маргаан бүхий газар нь ил зогсоол, гарааш байдлаар ашиглагдаж байсныг нэхэмжлэгч ил зогсоол, дан гараашны оронд давхар зогсоол барих зориулалтаар газрыг эзэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэвч нэхэмжлэгч уг гэрээ байгуулагдсанаас хойш давхар зогсоол барихтай холбоотой ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1337 дугаар захирамжаар “СБД” ХХК-д тухайн газрыг шилжүүлэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гараашуудад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан үйл баримтын талаар огт дүгнэлт өгөөгүй.

7.2.Маргаан бүхий газарт байрлах 12 ширхэг тоосгон гараа, 4 ширхэг бетонон гараашийг, бусдад түрээслүүлэх байдлаар ашигласан, талбайд ил зогсоол байдлаар үйлчилгээ эрхэлж түүнээс олсон мөнгөн хөрөнгөөр холбогдох татвар, төлбөрүүдийг төлдөг байсан, үйл ажиллагаа явуулсан.

7.3.Маргаан бүхий захиргааны акт нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, түүний үр дагаврыг шийдвэрлээгүй байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуульд нийцсэн гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

7.4.Хариуцагчаас газар эзэмшүүлэхтэй холбоотой гэрээнд заасан хаягаар бус Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам, 27/2-3 тоот хаягаар мэдэгдлийг хүргүүлэхээр шууданд өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцээгүй.

7.5.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “...мэдэгдэх...” гэсэн хуулиар хүлээн үүргээ хариуцагч биелүүлээгүй, сонсох ажиллагаатай холбоотой мэдэгдэл нь бодитоор нэхэмжлэгчид хүргэгдсэн гэдэг нь баримтаар няцаагдаж байхад шүүх холбогдох нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

7.6.Бодит байдал дээр сонсох ажиллагааны мэдэгдлийг гардан авах этгээдэд гардуулаагүй, зөвхөн хэлбэрийн төдий “шуудан”-д хийсэн гэх үндэслэлээр тухайн ажиллагааг бүрэн дүүрэн хийгдсэн гэж үзэх буруу жишиг тогтох нөхцөл бүрдэж байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/896 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6 дахь хэсэг дэх “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг, мөн захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагааг явуулах гэсэн мөн хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.

10.Тухайлбал, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан эсэхийг тодруулаагүй, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах ажиллагааны дээр дурдсан журмыг зөрчсөнөөс хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдсэн эсэхийг бүрэн тогтоогоогүй нь буруу болжээ.

11.Түүнээс гадна хариуцагч нэхэмжлэгч хуулийн этгээдийг “газар эзэмших гэрээнд заасан давхар зогсоол, тохижилтын зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгаж байгаа ч анхнаасаа газрын зориулалтыг гэрээндээ тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл, давхар зогсоол нь ямар хэмжээтэй, хэдэн давхар байх, газар дээр, эсхүл газар доогуур байрлах, холбогдох стандартыг хэрхэн хангах, одоо байрлаж байгаа 12 ширхэг тоосгон гарааш, 4 ширхэг бетонон гараашийг цаашид хэрхэн ашиглах, шинэчлэх, эсхүл буулгаж шинээр барих эсэх, талбайн тохижилтын ажлыг хэрхэн яаж хийх талаар харилцан тохиролцоогүй, тодорхойгүй гэрээ байгуулжээ.

12.Иймээс газар эзэмших гэрээний агуулга тодорхойгүй, газар эзэмшигч ямар үүрэг хүлээх талаар тусгайлан зохицуулаагүй байхад уг асуудлаар нэхэмжлэгчийг буруутгаж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь захиргааны шийдвэр үндэслэл бүхий байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцээгүй гэж үзнэ. Нөгөө талаас Газар эзэмших гэрээний 7.2-т “газар эзэмших гэрээг талууд жил бүр дүгнэх” гэж зааснаар гэрээг дүгнүүлэх үүрэг зөвхөн нэхэмжлэгчид хамаарах биш, гэрээний хэрэгжилтийг хянан үзэж, алдаа зөрчлийг тухай бүр засуулах, урьдчилан сануулах үүрэг захиргаанд хадгалагдаж байна.

13.Захиргааны зүгээс газар эзэмшигч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд урьдчилан сануулах, тодорхой хугацаа тогтоох зэргээр боломж олгох нь захиргааны үйл ажиллагааны зорилго, зарчимд нийцэх ба харин захиргаанаас ийнхүү зөрчлийг арилгуулах боломжит арга хэмжээ авсаар байхад газар эзэмшигчийн зүгээс үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авах нь захиргааны эрх юм.

14.Түүнчлэн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэж заасан, хариуцагчаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашийг, гараашийн доорх газрыг хэрхэх талаар шийдвэрлээгүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзээгүй, харилцан тохиролцоогүйгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрх хөндөгдсөн байна.

15.Шүүхийн энэхүү дүгнэлтээр “нэхэмжлэгчийг өөрийн эзэмшил газрыг ямар нэгэн хязгааргүйгээр, цаг хугацааны шалгуургүйгээр одоо байгаа байдлаар эзэмших эрхтэй” гэж үзээгүй, гагцхүү гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмшээгүй, үйл ажиллагаа явуулаагүй нь захиргааны буруутай үйл ажиллагаатай холбоотой буюу анх газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулахдаа газар эзэмшигч ямар үүрэг хүлээж, хэзээ яаж тохижилт хийх, давхар зогсоол барих талаар нарийвчлан зохицуулаагүй, гэрээг тухай бүр дүгнэж, зөрчлийг засах боломж олгоогүй, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч өөрийн оруулсан хөрөнгөөр хохирох үр дагавар үүссэнийг харгалзаж үзэв.

16.Давж заалдах шатны шүүхээс “Гэрээнд заасан давхар зогсоол, тохижилт зориулалтын дагуу ашиглаагүй, давхар зогсоол барихаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэгчийг буруутгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх” зарчимд нийцээгүй, дээр дурдсанаар газраа зориулалтын дагуу ашиглаагүй шалтгаан нь захиргааны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан байгааг анхаараагүй байна.

17.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах, улмаар тухайн этгээдийн хувьд хамгийн бага дарамт учруулахуйц аргыг хэрэглэх зорилготой.

18.Энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар юу хийсэн, хийгээгүй бол ямар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, цаашид ямар арга хэмжээ авах боломжтой зэргийг шалгахгүйгээр, гэнэтийн байдлаар шийдвэр гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэв.

19.Түүнчлэн захиргааны байгууллага нь 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдлийг газар эзэмших гэрээнд заасан “Хан-Уул дүүрэг, 3-р хороо, White gate center, 605 тоот” хаягаар хүргүүлээгүй атлаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хаяг болох “Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Нүхт зам” гэсэн хаягаар хүргүүлсэн нь ойлгомжгүй, мэдэгдэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, газар эзэмших гэрээнд тодорхой хаяг заасан байхад уг хаягаар эхний ээлжинд мэдэгдэл хүргүүлж, хэрэв буцаагдсан бол улсын бүртгэлд бүртгэлтэй хаягаар явуулах боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн “албан ёсны хаягаар хүргүүлсэн хариуцагчийг буруутгахгүй” гэх дүгнэлт буруу юм.

20.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангасан шийдэл зөв байгаа учир шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0198 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0091 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Д.МӨНХТУЯА

                               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                  Д.БАТБААТАР

                                  Х.БАТСҮРЭН

                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ