Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 162

 

О.Отгончимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч О.Отгончимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр магадлалтай, 201525012471 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, С.Мягмарсүрэн нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Батцэнгэл овогт Отгонбаатарын Отгончимэг нь Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Отгончимэгийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Отгончимэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Отгончимэг, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн, С.Дэлгэрмаа нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Отгончимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...О.Отгончимэгийн Х.Түвшинбаярын бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нь Х.Түвшинбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа үйлдэлтэй холбоогүй юм. Түүний үйлдэл, тухайн хэрэг нь хохирогчид дургүйцсэн, түүнтэй маргалдсан, хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн, тодорхой сэдэлттэй байсан. Таарамжгүй харилцаа үүсэх бодит шалтгаан нь Х.Түвшинбаяр О.Отгончимэгийг дагаж ариун цэврийн өрөө рүү орсон, мөн Х.Түвшинбаяр болон нэгжлэг хийж байсан бусад мөрдөн байцаагчид О.Отгончимэгийн нөхөр А.Баярбатыг түүний болон хүүхдүүд, ээжийнх нь дэргэд цэлдийсэн бүдүүн гахай минь хойшоо бол гэж илтэд доромжлон нэр төрийг нь гутаан харилцсан нь тухайн хэрэг гарахад шууд нөлөөлсөн байхад давж заалдах шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй, өс хонзонгийн сэдэлттэй буюу зөвхөн нэгжлэг хийх ажиллагаатай нь холбогдуулан үг хэлээр доромжилж, бие махбодид нь гэмтэл учруулсан гэж хэргийн бодит үнэнийг тогтооход анхааралгүй, хэт нэг талыг барьж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан гэмт хэргийн онцлох шинж нь “...хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэх” явдал юм. Гэтэл О.Отгончимэг нь Х.Түвшинбаярыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь буюу нэгжлэг хийх ажиллагаанд огт саад учруулаагүй болох нь хохирогч Х.Түвшинбаяр, шүүгдэгч О.Отгончимэг болон гэрч С.Төгсжаргал, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогддог. Мөн давж заалдах шатны шүүх нэгжлэг хийх ажиллагаа хаана хийгдэж дууссан, О.Отгончимэг хохирогчийг цохисон гэх үйлдэл хаана болсон, Х.Түвшинбаярыг цохих үед тэрээр хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан уу гэдгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. О.Отгончимэг нь Х.Түвшинбаярыг нэгжлэгээ хийгээд дууссаны дараа лифтэнд суух үед цохисон байдаг. Тухайн тохиолдолд нэгжлэгийн үйл ажиллагааг Х.Түвшинбаярын хувьд хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзвэл уг ажиллагаа нь нэгжлэг хийх тэмдэглэлийг танилцуулснаар дууссан. Харин Х.Түвшинбаярын ёс зүйгүй үйлдэлд дургүйцэн О.Отгончимэгийн цохисон үйлдэл нэгжлэгийн дараа өөр газарт, тодруулбал орцонд Х.Түвшинбаярыг лифтэнд суух үед болсон. Энэ үед Х.Түвшинбаяр ямар нэг байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй гэдэгт анхаараагүй. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх хуралдааны үед маш тодорхой тайлбарласан ба шүүх уг үндэслэлүүдэд ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Р.Алтансүхэд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагч Э.Энхболд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтыг явуулж байсан ба нэгжлэг хийх тогтоолыг прокуророор батлуулж зөвшөөрөл авахдаа мөн мөрдөн байцаагч Э.Энхболд авсан байдаг. Тодруулбал, мөрдөн байцаагч Э.Энхболд хэргийг шалгаж эхэлсэн учир Х.Түвшинбаяр биш Эрүүгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаагч Э.Энхболд уг хэргийг шалгаж, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулах ёстой байсан. Иймд уг хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын харилцан маргалдсан, хувийн таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн, нөгөөтэйгүүр Х.Түвшинбаярыг хуулиар хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэж байхад бус, нэгжлэгийн ажиллагаа дууссаны дараа, нэгжлэг хийсэн газарт бус өөр орчинд, хувийн сэдэлтээр цохисон байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Отгончимэгийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтын гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, 80.1.6 дахь заалтын гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад бүрэн нотолж чадаагүй байхад О.Отгончимэгийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь шийтгэх тогтоол, магадлалд О.Отгончимэгийг нэгжлэг хийж байхад саад учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа билээ. Тухайлбал, хохирогч Х.Түвшинбаяр хэрэгт холбогдогч гэх Р.Алтансүхийг эзгүй байгааг мэдсээр байж нэгжлэгийг хийхдээ О.Отгончимэг болон гэр бүлийн хүмүүст сэтгэл санааны дарамтыг учруулж, ажлаа сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Х.Түвшинбаяр нь “нэгжлэгийг хэрхэн хийх, бага насны хүүхэд байвал цэцэрлэгт явуулах зэрэг зааврыг авсан” гэдэг. Гэтэл шүүгдэгч О.Отгончимэгийг ОО-ын өрөөнд байхад араас нь ороод ирчихсэн зогсож байсан, хүүхдүүдийг явуулахгүй чимээгүй бай гэж дайрч давшилсан. Камерын бичлэгт “Камераа унтраа даа би юм хэлье” гэх, О.Отгончимэгийн нөхрийг хэл амаар доромжлох, түүнийг түлхэн унагааж байгаа үйлдлийг камерт бичиж байхад Х.Түвшинбаяр нь халхавчлах, гэрт орох ёсгүй хүмүүсийг оруулах зэрэг тухайн орон байрны халдашгүй байдлыг алдагдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчиж үйл ажиллагаагаа явуулсан нь цугларсан баримтад байна. Хохирогч Х.Түвшинбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч О.Отгончимэгийн гэрт нэгжлэг хийж байхдаа зүй бус үйлдлийг удаа дараа гаргаж хувийн сэдэлтийг бий болгосон. Үүнд, мөрдөн байцаагч, прокурор нь хэргийг шалгаж, хянахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй байтал нэг талыг барьж шалгаж, хянасан. Мөн дээрх хуулийн 14 дүгээр зүйлд заасан зарчмыг зөрчсөн. Тухайлбал, хохирогч Х.Түвшинбаяр нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Цагдаагийн байгууллагын дүрэм, журмуудыг зөрчсөнийг дотоод хяналтын албаар шалгуулах ёстой байтал шалгуулаагүй нэг талыг барьсан. Мөн хохирогч Х.Түвшинбаяр нь О.Отгончимэг болон түүний нөхөр, хадам ээж, балчир насны 2 хүүхдийг үл хүндэтгэн ёжилж инээх, айлган сүрдүүлж, илт дарамтлан, хадам ээжийнх нь биед гэмтэл учруулсан байдал нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл билээ. Нэгжлэг хийх явцад гэрч С.Төгсжаргалын биед хөнгөн гэмтэл учирсан байхад үүнийг шалгалгүй орхиж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн. Иймд хэргийг дахин хянаж, О.Отгончимэгт холбогдох хэргийг хохирогч өөрөө зүй бус үйлдлийг удаа дараа гаргаж хувийн сэдэлтийг бий болгосон байх тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирогч, шүүгдэгч нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Мөн мөрдөн байцаагч Х.Түвшинбаяр нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн нэгжлэг хийсэн. Гэтэл уг ажиллагаатай нь холбогдуулж түүнийг цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч Э.Энхболд, Х.Түвшинбаяр нар нь нэг хэлтэст хошууч Б.Батбилэгийн удирдлага доор ажилладаг. Нэгжлэг хийх үйл ажиллагаанд Б.Батбилэг өөрөө оролцож, тэмдэглэлийг Х.Түвшинбаяр байцаагчаар хөтлүүлж, уг ажиллагааг явуулсан байдаг. Гэрч С.Төгсжаргалд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг шалгаагүй гэж байна. Үүнд шүүх дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасанчлан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч О.Отгончимэг нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 418 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхрын коридорт Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түвшинбаярыг эрүүгийн 201501000131 дугаартай хэргийн холбогдогч Р.Алтансүхийн гэрт нэгжлэг хийж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, О.Отгончимэгийн гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Нэгжлэг хийх ажиллагааны үндсэн зорилго нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эд зүйл, баримт бичиг нь тодорхой этгээдийн орон байранд байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг олж илрүүлэх явдал бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч ийнхүү нэгжлэг хийх тухай тогтоол гаргаж прокуророор батлуулдаг журамтай. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэн гэдэг мөрдөн байцаагч нэгжлэг явуулах талаар тусгайлан заагаагүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.10 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд мөрдөн байцаагч Х.Түвшинбаяр нь өөрийн албаны даргын өгсөн үүргийн дагуу уг ажиллагааг явуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад зааснаар үүрэг, даалгавар өгсөн албаны даргадаа мөрдөн байцаагч нэгжлэг хэрхэн явагдсан, ямар зүйл илрүүлж олсон талаар илтгэж, улмаар нэгжлэгийн явцад олдсон эд зүйл, бичиг баримтыг эд мөрийн баримтаар тооцож, холбогдох албан тушаалтанд хариуцуулах буюу хүлээлгэж өгснөөр түүний албан үүрэг буюу бүр тодруулбал нэгжлэг хийх ажиллагаа дуусдаг онцлогтой.

Иймд нэгжлэгийн ажиллагаа явагдсаны дараа албан үүрэгтэй нь холбогдуулж мөрдөн байцаагч Х.Түвшинбаярыг цахилгаан шатны хажууд зогсож байхад нь нүүрэн тус газарт нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан О.Отгончимэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, С.Мягмарсүрэн нарын “...хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Отгончимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, С.Мягмарсүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТ-ЭРДЭНЭ