| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваахүүгийн Мөнхтуул |
| Хэргийн индекс | 187/2017/0089/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 091.2.2, |
| Улсын яллагч | Л.Цэндсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 295
М.Цэнгүүнбилэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Л.Цэндсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг, түүний өмгөөлөгч Г.Ганболд,
ялтан М.Цэнгүүнбилэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Б.Батболор, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг болон ялтан М.Цэнгүүнбилэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Цэнгүүнбилэгт холбогдох эрүүгийн 201626031557 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Лувсан овогт Минтэвийн Цэнгүүнбилэг, 1966 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар хорооллын 16/а дугаар байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УС66061111/,
М.Цэнгүүнбилэг нь согтуугаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 639 тоотод байрлах “Ундарга” нэртэй баарны 2 давхрын 02 тоот караокены өрөөнд 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 33 минутаас 17 цаг 39 минут хүртэлх хугацаанд иргэн Ц.Дэлгэрмандалыг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж /хүнд зэргийн согтолттой/ хүзүү, хоолойн хэсэгт гараараа боож, шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Цэнгүүнбилэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас М.Цэнгүүнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Цэнгүүнбилэгийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 16 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, М.Цэнгүүнбилэгийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Цэнгүүнбилэгээс гэм хор учруулсны төлбөр хохиролд 6.761.410 төгрөгийг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн амь хохирогчийн куртик, ноосон цамц, фудволк, жинсэн өмд, ноосон өмд, оймс 1 хос, дотоож, пүүз 1 хос зэргийг хохирогчийн төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгт олгож, М.Цэнгүүнбилэгийн савхин бээлий 1 хос, цусны толбо бүхий жинсэн өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бусад эд зүйлс болох М.Цэнгүүнбилэгийн өмдний тэлээ, куртик, ноосон цамц, урт ханцуйтай цамц, ботинк 1 хос зэргийг ялтанд буцаан олгож, хэрэг гарсан газар болох караокены өрөөний бичлэг бүхий 3 ширхэг СиДи-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн М.Цэнгүүнбилэгийн өмчлөлийн “Ниссан Санни” загварын, 14-22 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хохирлыг нөхөн төлөхөд тооцуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, М.Цэнгүүнбилэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүх Прокурорын газраас М.Цэнгүүнбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, камерын дүрс бичлэг, гэрч Д.Тулгын шүүх хуралдаанд өгсөн “...амь хохирогч өглөөнөөс эхлээд архи уусан учир ажил дээрээ авч ирсэн архинаас нь огт уулгаагүй...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогч хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүй байсан нь харагддаг. Ялтан М.Цэнгүүнбилэг амь хохирогчийн толгойн тус газар нь цохиход түүний өөдөөс эсэргүүцэл үзүүлэхгүй байсан ба тэрээр амь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг сайтар ухамсарлаж ойлгосон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан “Хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг.
2. Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 26.782.995 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын шатанд 4.500.000 төгрөг төлөгдсөнийг хасаж, 6.761.410 төгрөгийг шүүгдэгч М.Цэнгүүнбилэгээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаас нийт 11.261.410 төгрөгийг хангасан байна. Харин үлдэгдэл хохирол төлбөр болох 49 хоног хураахад гарсан зардлыг шашины зан үйл гүйцэтгэсэн мэтээр тайлбарлаж 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс хойших баримтуудыг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч дээрх зардал нь оршуулахтай холбогдон гарах зардлын нэг хэсэг учир түүнийг хангаж шийдвэрлээгүй нь мөн л хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд өмгөөлөгчийн зардлыг оруулахаар заасан байх бөгөөд энэ нь заавал өмгөөлөгч оролцуулах тохиолдол эсэхийг үл хамааран өмгөөлөгчид төлсөн зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр заасан байна. Миний бие өөрөө хууль зүйн боловсролгүй, хэргийн хувьд эсрэг сонирхолтой этгээд бөгөөд М.Цэнгүүнбилэг нь олон өмгөөлөгч авсан тул байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийнхоо хувьд тэгш байдлыг хангах, өөрийн эрх ашиг сонирхлыг хамгаалуулах бодит шаардлага үүссэн.
Иймээс оршуулахтай холбоотой зайлшгүй зардал буюу 49 хоног хураахад гарсан зардал, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн үйлчилгээний зардлыг ханган шийдвэрлэж өгнө үү.
3. Ялтан М.Цэнгүүнбилэгт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь М.Цэнгүүнбилэг одоог хүртэл биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, бидэнд эмгэнэл илэрхийлэхгүй байгаа нь тэрээр өөрийн үйлдсэн хэргээ үл хүлээн зөвшөөрч, гэмших сэтгэл төрөхгүй байгаагийн илрэл юм.
Иймд ялтан М.Цэнгүүнбилэгт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие гомдолтой, хохиролтой байгааг харгалзан үзнэ үү...” гэв.
Ялтан М.Цэнгүүнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг караокед Б.Гэрэлт болон талийгаач нар хоорондоо маргалдан улмаар зодоон хийгээд эхлэхээр нь Д.Тулга Б.Гэрэлтийг салгаад би талийгаачтай үлдэхдээ түүнд “Хамт олонтойгоо хэрэлдэж муудалцаж болохгүй, эвтэй байх хэрэгтэй” гэж хэлээд хажуудаа суулгаж байтал тэрээр гадагшаа гарна гээд зүтгээд байхаар нь гаргахгүй гэж зууралдаж хүзүүнээс нь татаж суулгасны улмаас энэ харамсалтай хэрэг гарсан. Миний бие талийгаачийн амь насыг хохироох ямар нэгэн санаа сэдэл агуулаагүй. Мөн зодож, нүдэж, цохиж танхайрсан асуудал болоогүй. Бид хоёр хоёулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нөлөөлсөн. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болж хүний амь насыг хохироосондоо харамсаж байна. Иймд миний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан танхайн сэдэлт байхгүй тул хэргийн зүйлчлэлийг дахин хянаж, гэрч болон камерын дүрс бичлэгийг нягтлан шалгаж миний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчлэн ял шийтгэл оногдуулж, эдлэх ялын дэглэмийг бууруулж өгнө үү...” гэв.
Ялтан М.Цэнгүүнбилэгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зүйлчлэлийн талаар маргаантай байдлыг шийдвэрлэлгүйгээр хэт яллах талыг барьж, ял шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч байна. Үүнд:
Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзэхэд М.Цэнгүүнбилэг нь танхайрах үйлдэл гаргаагүй, харин амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь бусадтай маргалдах, үйлчлэгч болон хамт ажиллагсаддаа агсам согтуу тавих, харилцан зодолдох зэргээр бусдыг үл хүндэтгэж танхайрч байгаа нь харагдах бөгөөд М.Цэнгүүнбилэгийн хувьд талийгаачийн энэ үйлдлийг хориглох, таслан зогсоох, дахин хэрэг маргаан гарахаас сэрэмжлэх зорилгоор хохирогчийн идэвхтэй үйлдлийг хориглох явцдаа шууд бус санаатайгаар хүний амь хохироосон байх үндэслэлтэй гэж үзнэ.
Гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг гол шинж нь тухайн хэрэг үйлдэж буй этгээдийн сэдэлт, санаа зорилго буюу субъектив талын шинж байдаг ба үүнийг тогтоох нь хэргийн зүйлчлэл болон шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой. М.Цэнгүүнбилэгийн үйлдлийн дарааллыг камерын бичлэгт авагдсанаар шинжлэн судлахад түүний үйлдэлд танхайн гэмт хэргийн ямар ч сэдэлт санаа, зорилго байхгүй нь шууд нотлогдож байгаа ба танхайн гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай хэлбэрээр бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журам, нийтээр дагаж мөрдөх хууль болон ёс суртахууны зан үйлийг ноцтой зөрчиж байгаагаа ойлгож хүсч үйлдэгддэг атал М.Цэнгүүнбилэг нь танхайрсан үйлдлийг сэдэж, санаачилсан гардан хэрэгжүүлсэн ямар нэгэн байдал гаргаагүй болох нь дээрх бичлэг, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Энэ нь М.Цэнгүүнбилэгийн шууд бус санаатай үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болохгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна.
Анхан шатны шүүх М.Цэнгүүнбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлаагүй, мөн хуулийн 319 дүгээр хуулийн 319.1.1, 319.1.2-т тус тус зааснаар М.Цэнгүүнбилэгийн танхайн үйлдэл нотлох баримтаар нотлогдохгүй, мөн хохирогчийн танхайрсан гэм буруутай үйлдлийг таслан зогсоож байгаа байдлыг анхааран авч үзэлгүй орхигдуулсан нь мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д заасныг баримтлаагүй буюу М.Цэнгүүнбилэгийн үйлдлийг шууд бус санаатайгаар бусдын амь насыг хохироосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэвэл зохих байсан боловч уг зүйл, хэсгийг хэрэглээгүй гэж үзэж байна.
М.Цэнгүүнбилэг нь шийтгэх тогтоолд заасан төлбөл зохих 6.761.410 төгрөгийг бүрэн төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн тухайн зүйл, хэсгийн хорих ялын доод хэмжээг оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.
Ялтан М.Цэнгүүнбилэгийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд зааснаар аливаа хүнийг эрүүгийн хариуцлагад татах үндэслэл нь өөрөө тухайн гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар хохирогчийн амь насыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэж 16 жилийн хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн зүйлчлэл тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээр байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай тогтоосон боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгүүдэд зөв үнэлэлт дүгнэлт өгөх нь чухал юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив санаа зорилгыг зайлшгүй тогтоох ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т заасан танхайн сэдэлтээр бусдыг санаатай алах гэмт хэргийн субъектив санаа зорилгын хувьд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчих буюу элдэв хараал хэлэх, бусдыг хэл амаар доромжилж илтэд үл хүндэтгэх, хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг хэлбэрээр илэрнэ.
Танхайн сэдэлтийн хувьд Эрүүгийн хуулийн тайлбарт заахдаа: “Хэрэв зодоон буюу маргааны идэвхтэй тал ба өдөөгч нь сөргөлдөөнийг эхлүүлсэн нь хохирогч байсан, түүний хууль бус буюу ёс суртахуунгүй үйлдэл нь тухайн сөргөлдөөний шалтаг болсон бол энэ хохирогчийг алсан этгээдийн үйлдлийг танхайн сэдэлтээр хүн алсан гэж үзэхгүй” гэжээ.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.Дэлгэртуяагийн “Хохирогч нь элдвээр доромжлоод хараалын үг хэлээд байсан, өндөр залуутай муудалцаад заамдалцаад байсан” гэсэн мэдүүлэг, мөн камерын бичлэгт Б.Гэрэлттэй муудалцаад газар унаж зодолдож байгаа байдлыг М.Цэнгүүнбилэг салгаж, тэр ч байтугай хохирогчийн дээр нь биеэрээ хэвтэж, тэр том биетэй залуугаас хамгаалж байгаа байдал болон дахин зодоон болох вий гэж ямар нэгэн муу зүйлээс урьдчилан сэргийлж хажуудаа байлгаж байхдаа тухайн хүмүүсийг ахлаж байсан бригадын дарга, талийгаачаас ахмад настай хүнийхээ хувьд хохирогчийг зэмлэх, загнах зүйл хэлсэн. Яг энэ үедээ өөр лүүгээ татаж боосон үйлдэл гаргасан нь харагддаг.
Гэхдээ М.Цэнгүүнбилэгт түүний амь насанд санаатай халдах гэсэн ямар нэгэн санаа зорилго огт байгаагүй бөгөөд өөрөө өндөр зэргийн согтолттой байсан хүний хувьд өөрийн хийж буй үйлдлийн улмаас хохирогчийн амь нас эрсдэхгүй байх гэсэн бодол санаатай буюу өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсаны улмаас хохирогч боолтонд орж амь насаа алдсан гэж үзэж байгаа юм.
Шийтгэх тогтоолд дурдсанаар камерын бичлэгээс харахад 17 цаг 33 минут 21 секундээс эхлэн нийт 6 минут хохирогчийг боосон гэх боловч бичлэгийг сайтар ажиглаваас 17 цаг 35 минут орчимд буюу 2 минутын дараа М.Цэнгүүнбилэг нь бээлийтэй гараа буулгаж байгаа нь харагдах бөгөөд үүнээс хойш бол хохирогч буйдангаас доошоо гулсахаас сэргийлж хажуудаа татаад байлгаж байгаа гэж ойлгож болохоор харагдана.
Анагаахын шинжлэх ухаанд үзэхдээ хүний бамбайн мөгөөрс хугарсан тохиолдолд амьсгал бүтэлтэнд шууд ордог буюу 5 секундын дотор амь алдах боломжтой гэж үздэг юм байна. Үүнээс үзэхэд М.Цэнгүүнбилэг хохирогчийг өөр лүүгээ хүчтэй татах тэр мөчид бамбайн мөгөөрс нь хугарч шууд амь насаа алдсан гэж үзэх боломжтой байна. Өөрөөр хэлбэл 6 минутын турш боож амь насыг нь хохироосон гэж үзэж болохгүй. Шүүх энэ тал дээр хэт яллах талыг барьсан байна. Мөн шийтгэх тогтоолд чухам яг аль үйлдэл, санаа зорилгыг танхайн сэдэлттэй гэж үзэж байгаагаа хангалттай сайн тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна.
М.Цэнгүүнбилэгийн хувийн байдлын тухайд тэрээр төлөвшсөн, нийгэмд эзлэх өөрийн байр суурь, нэр хүндтэй, тогтсон ажил мэргэжилтэй хүн юм.
Хохирол төлбөрийн хувьд шүүхээс баримттай бодит зардлыг 11.261.410 төгрөг гэж тооцсон бөгөөд үүнээс 4.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн ар гэрт хүлээлгэж өгсөн. Мөн М.Цэнгүүнбилэгийн эзэмшлийн “Ниссан Санни” загварын, 14-22 УНП улсын дугаартай автомашиныг 3.500.000 төгрөгт тооцож хохирол төлбөрт хүлээлгэж өгөхөөр шийтгэх тогтоолд дурдсан байна. Ингээд нийт бодит хохирлоос 3.261.410 төгрөг үлдсэн ба дээрх хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэр дээрх дансанд шилжүүлснээр бодит хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж болно.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзвэл шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон зөвтгөж, ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн өмгөөлөгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний ялтан М.Цэнгүүнбилэг болон түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Өмгөөлөгч Ж.Болдбаатар нь тус шүүхэд гаргасан өргөдөлдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байх боловч уг үндэслэлээ тодорхой бичээгүй, мөн тус шүүх хуралдаанд үндэслэлээ тодорхой гаргаж чадсангүй гэж үзэж байна. Ялтан М.Цэнгүүнбилэг нь бусдын амь насыг хохироосон үйлдэлдээ чухам яаж хайхрамжгүй хандсан болох, энэ нь хавтаст хэрэгт ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна. Камерын бичлэгээс харахад М.Цэнгүүнбилэг нь ямар ч шалтгаангүйгээр шууд санаатайгаар Ц.Дэлгэрмандалын амь насыг хохироосон болох нь тогтоогддог. Үүнтэй маргах зүйлгүй. Хүнийг боох нь үхэлд хүргэх боломжтой гэдгийг бага насны хүүхэд ч мэддэг. Харин ялтан уг үйлдлээ 6 минутын турш үргэлжлүүлсэн нь түүнийг уг үйлдэлдээ шууд санаатай хандсаны илэрхийлэл юм. Амь хохирогчийн амь насыг бүрэлгэхийг хүссэн, хүссэн үр дагавардаа хүрч үйлдлээ туйлдаа хүргэсэн. Иймээс хүнийг шууд санаатай алсан гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч Ж.Болдбаатар нь давж заалдах шатны шүүхэд гомдол бус өргөдөл гаргажээ. Өргөдөл гэдэг нь хуульд заасан тайлбараар өөр ойлголтыг хэлдэг.
2. Өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлын тухайд: Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын болон ялтны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, камерын бичлэг зэргээс үзвэл амь хохирогч нь бусадтай маргалдсан байх боловч ялтан М.Цэнгүүнбилэгтэй маргалдсан, түүнийг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон үйл баримт тогтоогддоггүй. Ялтны өмгөөлөгч нар бусадтай таарамжгүй харилцаа үүсгэснийг амь хохирогчийг танхайрсан мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Ялтныг чухам юу гэж доромжилсон, түүнтэй хэзээ, хаана ямар байдлаар муудалцаж, цохиж, зодсон үйлдэл гаргасан нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Д.Тулга, ялтан М.Цэнгүүнбилэг нарын хэн аль нь амь хохирогчтой маргалдсан, хэл амаар доромжилсон тухай мэдүүлдэггүй бөгөөд харин ч эсрэгээрээ маргалдсан асуудал болоогүй гэдэг. Харин муудалцсан гэх үйлдэл нь ялтан М.Цэнгүүнбилэгийн хувьд бол зүгээр л түүний амь насыг хохироох шалтаг болсон болохоос энэ нь уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл биш юм. Харин ч эсрэгээрээ ялтан түүний толгойн тус газар цохих үед ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа байдлаас харвал ялтан нь өөрийн удирдлагад ажиллаж буй амь хохирогчийг дээрэлхсэн дарамталсан үйлдэл байдаг. Улмаар маргаан дууссаны дараа түүнийг ямар ч шалтгаангүйгээр боож амь насыг нь хохироосон байдаг. Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ... ямар ч шалтгаангүй эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосныг танхайн сэдэлт гэж үзэхээр тайлбарласан. Иймээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэхгүй байна. Шүүхээс тогтоосон хэмжээгээр зардлын зөрүүг шилжүүлсэн байх боловч өнөөдөр 3.500.000 төгрөг миний үйлчлүүлэгчийн дансанд байршаагүй, харин шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хэрэгжих ажиллагаа гэдгийг ойлгохгүй байна. Түүнчлэн ялтан М.Цэнгүүнбилэгийн үйлдлийг анх удаагийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй бөгөөд хэрэг гарахад хохирогчийн гэм буруутай байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдэг нь мөн л хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь ялтны эсрэг яг ямар үйлдэл хийсэн бэ, түүнийг яагаад анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлээгүй юм бэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарна. Ялтныг үйлдлээ хийх үед амь хохирогч хэнтэй ч маргаагүй буйдан дээр сууж байсан. Мөн ялтныг цохих үед ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ялтан М.Цэнгүүнбилэгийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг зөв зүйлчилсэн, шүүхээс ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.
Хэргийн материалыг судлахад, амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой буюу түүний цогцосноос авсан цусанд 3,9 промилли, шээсэнд 3,6 промилли, ходоодны шингэнд 5,9 промилли спиртийн агууламж илэрсэн нь Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн тухай 2173, 10185 тоот дүгнэлтээр тогтоогдсон ба шинжээч эмч О.Болороо нь “...хүнд зэргийн согтолттой байсан боловч архи даах чадвар, хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаарч биеэ хамгаалах чадвартай эсэх нь тодорхойлогдоно...” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгчээ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан караокены дотоод хяналтын камерын бичлэг, гэрч Э.Дэлгэртуяа, Д.Тулга, Б.Гэрэлт нарын мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь дуу дуулах, бусадтай маргалдах, зодолдох гэх мэтээр идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж байсан байна. Иймээс амь хохирогч Ц.Дэлгэрмандалыг архидан согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй болсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх, прокуророос М.Цэнгүүнбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан заалтад нийцэж, хууль ёсны болсон байна.
М.Цэнгүүнбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд, ... өөрийн ахлаж байсан бригадын ажилчид болох таван эрэгтэйн хамтаар “Ундарга” нэртэй баарны 2 давхрын 02 тоот караокены өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... 17 цаг 33 минутаас 17 цаг 39 минут хүртэлх хугацаанд Ц.Дэлгэрмандалыг “Согтуурхаж бусадтайгаа муудалцаж караокены өрөөнөөс гарах гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан түүний хоолойг гараараа боох үйлдэл хийснээс Ц.Дэлгэрмандал нь амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэргийг бүхэлд хянаж, дүн шинжилгээ хийж, цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний ах Ц.Дэлгэрмандал нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ... “Ундарга” нэртэй караокед нас барсан тухай мэдээллийг хоёрдугаар эмнэлгийн сувилагчаар дамжуулж сонссон... хэрэг болсон гэх газрын камерын бичлэгээс үзэхэд гартаа савхин бээлий өмссөн М.Цэнгүүнбилэг нь миний ах Ц.Дэлгэрмандалыг 6 минут орчим боож санаатайгаар алсан нь тодорхой харагдаж байна... оршуулгын болон 49 хоног хураахтай холбогдон гарсан зардалд 19.782.995 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний хөлс 7.000.000 төгрөг, нийт 26.782.995 төгрөгийг нэхэмжилнэ. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” /1хх-67-73, 2хх-156-157/,
- гэрч Э.Дэлгэртуяагийн “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед гаднаас өмнө нь харж байгаагүй зургаан залуу орж ирсэн. Тэр залуус манай пабын 2 давхарт байрлах 02 тоот караокены өрөөнд орсон... тэр залуус цонхоороо тамхины иш болон хог шидээд байхаар нь би 17 цагийн үед өрөөнд нь ороод “Тамхи битгий татаарай” гэхэд халзан толгойтой, сүүлд нас барсан залуу над руу шүлсээ хаяад, гараараа салаавч өгөөд “Май пизда минь, чи үйлчлэгч юм бол цэвэрлэх ёстой” гэж хэлсэн. Тэр үед эдгээр залуус хоорондоо хэрэлдээгүй байсан... удалгүй Жагаа ах “Дээр өрөөнд түчигнээд байна, чи ороод харчих” гэхээр нь би дахин өрөөнд нь ортол талийгаач залуу, хар өнгийн гуталтай махлагдуу залуутай заамдалцаад зогсож байхаар нь би тэднийг салгатал, талийгаач залуу намайг “Чи зайл, чамд хамаагүй” гээд хөөгөөд байсан ба тэнд цуг байсан хүмүүс тэднийг салгах гээд зууралдаж байсан. Талийгаач залуугийн хамарнаас цус гарсан байсан... манай пабад эргүүл хийж байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа орж ирсэн. 17 цаг 54 минутын үед би тооцоо хийхээр өрөөнд нь ороход нэг өндөр залуу босчихсон, бригадын ахлагч гэх залуу сандал дээр суучихсан, талийгаач залуу түүний эсрэг талын буйдан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан... би “Тооцоогоо хийгээд, энэ хүнээ аваад яв” гээд талийгаач залууг заатал бригадын ахлагч гэх залуу “Наадах чинь өчигдөрөөс хойш архи уусан, архи нь өглөө гараагүй байсан, тасарсан байх, сэрэхээр нь аваад явна” гэж хэлсэн. Нүдний шилтэй залуу босгож авч явах гээд дийлэхгүй байсан...” /1хх-76-80/,
- гэрч Д.Үүрцайхын “...02 тоот өрөөнд ороход шалан дээр цус дуссан байсан... манай үйлчлэгч Дэлгэртуяа надад “Хүн ухаан алдсан байх шиг байна” гэхээр нь би харахад нэг хүн хөндлөн буйданг хойшоо налсан, хоёр гар нь тэнийсэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан... цагдаа ирээд ухаангүй хэвтэж байгаа хүний гүрээний судсыг барьж үзэхэд, нас барсан байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан...” /1хх-87-90/,
- гэрч Д.Тулгын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...бидний дунд бага зэргийн маргаан болсон. Гэрэлт болон талийгаач нар барьцалдаж аваад газарт унасан... талийгаачийн хамарнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Би Гэрэлтийг, харин хэсгийн ахлагч Цэнгүүнбилэг нь талийгаачийг барьж аваад салгасан. Үүний дараа би Гэрэлтийг аваад доошоо бууж тус бүр 100 грамм архи уусан. Тэр дөрөв караокед үлдсэн ба Эрдэнэбилэг, Батсайхан хоёр согтуугаар тасарсан хүний шинжтэй сууж байсан ... хэсгийн ахлагч 20-30 минутын дараа бид хоёрын араас бууж ирсэн. Бид нар эргээд өрөөнд орж ирэхэд талийгаач согтуугаар тасарсан юм шиг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Өмнө нь Гэрэлт болон талийгаач нар хоорондоо маргалдан, газар унаж ноцолдсоныхоо дараа талийгаачийн хүзүү, хоолой өвдсөн талаар юм яриагүй, өөрөө босоод явж байсан...” /1хх-91-96, 2хх-158-159/,
- гэрч Д.Батсайханы “...намайг нэг ухаан ороход Цэнгүүнбилэг ах караокены хүнтэй тооцоо хийх гээд карт өгч авалцаад байсан. Дэлгэрмандал хаалга талын буйдан дээр унтаж байгаа юм шиг хэвтэж байсан... Дэлгэрмандалыг нас барсан талаар сонсоод бид хоорондоо муудалцаагүй болохоор зүрх нь хаагдаад юм уу, архиндаа хордсон байх гэж бодсон. Бид нарын дунд талийгаачтай таарамжгүй харьцаатай болон өс хонзон, өр авлагатай хүн байхгүй...” /1хх-97-103/,
- гэрч Б.Гэрэлтийн “...бид нар Дэлгэрмандалыг “Ажлаа удаан хийж байна, жаахан хурдан хийх хэрэгтэй байна” гэж ярилцаж байгаад хоорондоо маргалдаж барьцалдсан... тэгээд байж байтал үйлчлэгч охин орж ирээд биднийг салгасан. Тулгаа ах намайг дагуулаад 1 давхрын нийтийн заал руу авч орсон. Бид хоёр тэнд тус бүр 100 грамм архи захиалж авч уугаад байж байтал Цэнгүүнбилэг ах бууж ирээд хамт 100 грамм архи авч уусан... Цэнгүүнбилэг ах Дэлгэрмандалыг зодох, эрх чөлөөнд нь халдах ямар нэгэн шалтгаан байгаагүй...” /1хх-104-109/,
- гэрч Г.Хулангоогийн “...18 цагийн үед “Ундарга” нэртэй караоке, пабыг шалгахад тухайн пабын ажилтан нар нэг үйлчлүүлэгчээс тооцооны мөнгө нэхэж байгаа харагдсан... пабын ажилтан эмэгтэй “Дээр давхрын 02 тоот өрөөнд нэг хүн сэрэхгүй байна, тасарчихсан юм уу, ухаан алдчихсан юм уу” гэж хэлж байсан. Тэгэхээр нь хэсгийн байцаагч, ахмад Батболдын хамт уг өрөөнд ортол баруун талын буйдан дээр нэг хүн дээшээ хараад хэвтчихсэн, толгой нь хаалга чиглэсэн, нүд нь дээшээ тааз руу харсан, зүүн талын гараа газарт дагуулан унжуулсан байдалтай байсан. Тухайн өрөөнд ороход ямар нэгэн хэрүүл маргаан болсон байдал харагдаагүй... тэр хүний амьсгалж байгаа эсэхийг шалгах зорилгоор баруун талын гүрээний судас дээр дарж үзэхэд цохилохгүй байсан. Бие нь дулаан байсан боловч зүүн талын чигчий хуруу болон түүний дагуу ар хэсэг ягаан өнгийн хүүрийн толбо мэт зүйл илрэн гарсан байсан. Тэгэхээр нь тухайн пабын ажилтанд хэлээд түргэн тусламж дуудуулсан. Тэр үед өрөөнд байсан бараан өнгийн куртиктэй, 50 орчим насны эрэгтэй хүн гар утсаараа хэн нэг хүн рүү залгаад “Энд хүн амины хэрэг гарчихлаа” гэж хэлж байсан. Тэгэхэд хэсгийн байцаагч, ахмад Батболд гар утсыг нь хураан авч, түүнийг бусдаас нь тусгаарласан...” /1хх-115-116/,
- гэрч Н.Алтансүхийн “...тухайн өдөр 103-аас “40 настай эрэгтэй хүн ухаангүй байна” гэсэн дуудлага ирсэний дагуу 18 цаг өнгөрөөд ... “Ундарга” нэртэй бааранд ирсэн. Баарны 2 давхрын өрөөнд буйдан дээр зүүн тийш хазайсан байдалтай эрэгтэй хүн нас барсан байсан. Нас барсан хүний хүзүүнд өнгөц зулгарсан шархтай, хүүхэн хараа нь өргөссөн, амьсгал зүрх судасны цохилт зогссон, нас бараад 20 орчим минут болсон байдалтай байсан. Энэ хүн амьсгалын дутагдалд орсон юм шиг арьс нь эрээнтсэн байдалтай байсан. Тэгээд би боосон юм болов уу гэж бодсон...” /1хх-117/,
- ялтан М.Цэнгүүнбилэгийн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...талийгаач “Би дуулмаар байна, яагаад намайг дуулуулахгүй байгаа юм бэ” гэсэн асуудлаас болж маргаан үүссэн. Тэгээд талийгаач, Гэрэлт хоёр хоорондоо барьцалдаж авсан ба талийгаач агсарч, ална гээд байхаар нь би зодоон цохион хийлгүүлэхгүй гээд талийгаачийг салгаж хажуудаа суулгасан. Тулгад “Гэрэлтийг аваад гар” гэж хэлэхэд түүнийг аваад гарсан... удалгүй караокеноос явах гээд хувцсаа өмсөх гээд очтол миний бээлий газар унасан байсан ба нэг бээлийгээ өмсчихөөд нөгөө бээлийгээ хайх гэтэл талийгаач гарах гэхээр нь би гаргахгүй гээд ... хажууд нь очоод татаж суулгасан. Түүнийг боох гэж боогоогүй. Талийгаач нь Гэрэлттэй зодолдох юм бол тэр том биетэй хүнд зодуулж, алуулах байсан... өмнө нь талийгаач Гэрэлттэй ноцолдож байхад хамраас нь цус гарсан байсан. Би түүний цусыг сальфиткаар арчиж өгсөн болохоор миний хувцас цус болсон байсан. Би согтсон байсан хэдий ч болсон үйл явдлыг санаж байгаа... талийгаач согтуу байсан хэдий ч биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэхгүй байна...” /2хх-3-5, 7-13, 155-156/,
шинжээч эмч О.Болороогийн “...талийгаачийн хоолой хэсэгт боолт хийсний улмаас бамбай мөгөөрсний хугарал, шахагдал, бамбай мөгөөрс хоёр хажуугийн цус хуралт, хүзүүний зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн. Боолтын улмаас цусны эргэлтийн хямрал үүсч улмаар хоёр нүдний зовхины салст, дээд доод уруулын салстын цэгчилсэн цус хуралтууд нүүрний цоохордолт гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтлүүд нь нэг удаагийн хүчин зүйлийн улмаас үүссэн. Цохисны улмаас зулгаралт үүсээгүй байна. Багалзуурдах, боолт хийх үед амь хохирогч тэмцэлдэх хөдлөх зэрэг хөдөлгөөн хийх үед хүзүүний зулгаралт үүсч болно... боолтын улмаас хүзүү хоолойнд механик амьсгал бүтэлт орж нас барсан байна. Механик амьсгал бүтэлт, боолт үүссэний дараа цочрол өгч тэр даруй үхэлд хүргэнэ. Амьд байх боломжгүй. Амь хохирогч Ц.Дэлгэрмандал нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Хүнд зэргийн согтолттой байсан боловч архи даах чадвар, хувь хүний эрүүл мэндийн онцлогоос хамаарч биеэ хамгаалах чадвартай эсэх нь тодорхойлогдоно...” /1хх-204-206/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газарт болон амь хохирогч Ц.Дэлгэрмандалын цогцост, гэмт хэрэг үйлдэгдэх үед байсан М.Цэнгүүнбилэг, Д.Тулга, Д.Батсайхан, М.Эрдэнэбилэг, Б.Гэрэлт нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-41/,
мөн харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авсан тэмдэглэлүүд /1хх-124-138/, талийгаач Ц.Дэлгэрмандалын цогцост задлан шинжилгээ хийсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2173, 10185 тоот “...талийгаачийн цогцост бамбай мөгөөрсийн хугарал, шахагдал, бамбай мөгөөрс болон бамбай мөгөөрсийн 2 хажуугийн булчингийн цус хуралт, 2 нүдний зовхины салст, дээд, доод уруулын салстын цэгчилсэн цус харвалт, нүүрний цоохордолт, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд ... хүзүүг боох үед үүсэх боломжтой гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... хүзүүг боох үед хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ... талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт, боолтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болно... нас бараад 8-10 цаг болсон байна...” гэх /1хх-197-198/, амь хохирогч Ц.Дэлгэрмандал болон М.Цэнгүүнбилэг, Д.Тулга, Д.Батсайхан, М.Эрдэнэбилэг, Б.Гэрэлт нарын цусанд дахь спиртийн агууламжийн хувь хэмжээг тогтоосон, мөн амь хохирогч Ц.Дэлгэрмандалын тухайн үед өмсөж явсан хувцас дээрх бохирлогдсон зүйл болон уранхайг шинжилсэн хими, биологи, криминалистикийн шинжээчийн 10186, 10279, 10282, 10283 тоот дүгнэлтүүд /1хх-165, 171, 200/,
гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон тухайн цаг үед болж байгаа үйл баримтыг харуулсан караокены дотоод хяналтын камерын бичлэг, түүнээс хуулбар хийсэн 3 ширхэг “СиДи”, эдгээрийг нотлох баримтын ач холбогдолтой гэж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, уг эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-42-63/ зэрэг шүүхийн тогтоолын үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо ноцтой зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Ялтан М.Цэнгүүнбилэг нь “...тухайн үед амь хохирогч Ц.Дэлгэрмандалтай хэрүүл маргаан, зодоон үүсгээгүй, түүнийг согтуурч бусадтайгаа маргаж, зодолдсон, салгаж зохицуулж байхад, өрөөнөөс гарч үйлдлээ үргэлжлүүлэх гээд байсан учраас татаж суулгасан...” гэж мэдүүлж байгаа боловч, М.Цэнгүүнбилэг нь үл ялих зүйлээр шалтаглан амь хохирогч Ц.Дэлгэрмандалын хоолойг гараараа боож хүч хэрэглэсэн, энэ үйлдлээ олон нийтийн үйлчилгээний газар үйлдсэн тул танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзлээ.
Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба шүүхээс ялтан М.Цэнгүүнбилэгт хуульд заасан ял шийтгэл оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хуульд нийцүүлэн тогтоосон байна. Иймээс шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, хэргийг шалгах, шийдвэрлэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар “...цаазаар авах ялаар шийтгэгдэж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид … өмгөөлөгч томилж, заавал оролцуулах тухай…” заалтыг хэрэгжүүлсэн байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэгийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үндэслэл бүхий дүгнэлт хийж, үүнээс ялтан М.Цэнгүүнбилэгийн төлсөн хэсгийг хасаж, үлдэх төлбөрийг М.Цэнгүүнбилэгээр нөхөн төлүүлэх, мөн хэрэгт битүүмжлэгдсэн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий М.Цэнгүүнбилэгийн эзэмшлийн 14-22 УНЛ улсын дугаартай, “Ниссан Санни” загварын тээврийн хэрэгслийг хохиролд нөхөн тооцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан заалтад тус тус нийцжээ.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг болон ялтан М.Цэнгүүнбилэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гэм буруу, хохирлын хэмжээ, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар тус бүр маргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрцэцэг болон ялтан М.Цэнгүүнбилэг, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.МӨНХТУУЛ