Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2017/01203

 

Ц.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1291 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ө” ХХК-д холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр экскаваторын оператороор ажилд орсон. Би ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ямар нэг байдлаар сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд 1 400 000 төгрөг, үндсэн ажилтан болоход 1 600 000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон. Ажиллах газар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах бөгөөд 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан.

2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой ажлаа хийж байгаад хамт ажилладаг хүнтэйгээ ажлаас болж маргалдсан. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр ээлж бууж Улаанбаатар хотод ирсэн. Эргэж ажилд явах хугацаа 01 дүгээр сарын 18-ны өдөр байсан бөгөөд 01 дүгээр сарын 15-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Одбаяр утсаар залгаад энэ удаа өөрийг чинь явуулахгүй асуудал шийдэгдтэл түр хүлээж байгаарай гэсэн. 01 дүгээр сарын 18-ны өдөр оффис дээр очиход ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ажлын байранд зодоон хийж, эмх замбараагүй байдал үүсгэж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан “Ө” ХХК-ийн экскаваторын операторын ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Ц.Б- нь “Ө” ХХК-д ажиллаж байх хугацаандаа хамт олныг байнга хутган үймүүлэх, буруу зүйлд өдөөн турхирах, бусдыг хэл амаар доромжлох, дарамтлах, бусдын биед халдаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг байнга эсэргүүцэх зэргээр байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргадаг байсан. Ц.Б-ы дээрх зан байдлыг компанийн холбогдох удирдлагуудын зүгээс удаа дараа хэлж засахыг оролдсон боловч зан байдлаа засч сайжруулаагүй. Түүний үйлдэл, зан байдал нь онцгой дэглэмтэй, онцгой дэг журамтай, хүнд үйлдвэр, онцгой бүсэд эмх замбараагүй байдлыг бий болгох, шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилчдыг турхирч байгаа нь хүний амь насанд эрсдэл учруулахуйц сөрөг үр дагаврыг бий болгох өндөр магадлалтай. Ц.Б- нь уурхайн бүсэд ажлын байранд бусдыг хэл амаар доромжилсноос зодоон үүссэн учир компанийн зүгээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж түүнийг ажлаас халсан.

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн б/ЗЗ тоот ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ыг “Ө” ХХК-ийн экскаваторын операторчны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 018 160 төгрөгийг хариуцагч “Ө” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Ө” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугааар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ө” ХХК-иас 63 241 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1291 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэт нэг талыг барьж, практикт түгээмэл болсон нэг л заалтыг баримтлан бүх маргааныг адил мэт шийдвэрлэж, хуулийн зарим заалтуудыг шүүх хэрэглэхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Ажил олгогч ажлаас халах тухай 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/33 тоот тушаалаар    ажилтан Ц.Б- Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа ажил олгогч нь ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон арга хэмжээг авах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар олгосон эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэнчлэн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан зүйл байхгүй. Хэдийгээр яг тэр өдөр ээлжээс буугаад ажилчид хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах байсан бөгөөд хараахан зурж амжаагүй байтал 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой шөнө үйл явдал болсон. Иймд ажил олгогч болон ажилтны хооронд Хөдөлмөрийн гэрээ үзэглэж амжаагүй учраас гэрээг цуцлах дуусгавар болгох асуудал яригдахгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэхдээ туршилтын хугацаанд 1 400 000 төгрөг, жинхлээд 1 600 000 төгрөгийн цалин авч, эскавоторын операторч үүрэгт ажлыг гүйцэтгэж байснаа мэдүүлсэн байдаг. Хариуцагч “Өсөх-Зоос” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т заасны дагуу Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан бөгөөд ажилтан Ц.Б- нь уг журмын 5.4.4-т заасан Хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогч бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гарсан хууль зүйн үндэстэй зөв шийдвэр гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “...Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан тул сахилгын шийтгэл ногдуулсан тухай хөдөлмөрийн харилцааг, хөдөлмөрийн гэрээг ажил олгочийн санаачлагаар цуцалсантай хольж буруу шийдвэр, магадлал гаргасан нь өөрөө хууль зөрчиж байна.

Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, заалт байсан ба болсон үйл явдлыг зохицуулах хуулийн зохицуулалтыг шүүх мөн л анхаараагүй.

Ажилтан Ц.Б- ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ...нотлогдож байдаг. Эдгээр дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Ц.Б- эксковаторын операторын ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч “Ө” ХХК нь захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б\33 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Б-ыг эксковаторын операторын ажлаас чөлөөлөхдөө шөнийн хоолны цагийн үеэр хамтран ажиллагчтай маргаан үүсгэн хэрэлдэж, зодоон хийсэн, ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэж, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж заажээ. Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан 5 зохицуулалтын алиныг нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон нь тодорхойгүй байна.

Ажилтны гаргасан зөрчлийн байдлаас дүгнэвэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг баримтлах байсан гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Харин ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн боловч хөдөлмөрийн гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг ажилтан ажил олгогч хоёр харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй, улмаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн тухай ажилтан мэдэж байсан гэж үзэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3., 21.7.-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болдог байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00842 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1291 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                            Ц.АМАРСАЙХАН