Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2017/00842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Ц.Б

 

Хариуцагч: Ө.ЗХХК –д  холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Ө.ЗХХК-ийн экскаваторын операторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Ц.Бби тус байгууллагад 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр экскаваторын оператороор ажилд орсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Ямар нэг байдлаар сахилгын арга хэмжээ тооцуулж байгаагүй. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд 1.400.000 төгрөг, үндсэн ажилтан болоход 1.600.000  төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Ажиллах газар Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах бөгөөд 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой ажлаа хийж байгаад хамт ажилладаг хүнтэйгээ ажлаас болж маргалдсан. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 8-ны өдөр ээлж бууж Улаанбаатар хотод ирсэн. Эргэж ажилд авах хугацаа 1 дүгээр сарын 18-ны өдөр байсан бөгөөд 1 дүгээр сарын 15-ны өдөр хүний нөөцийн  ажилтан Одбаяр утсаар залгаад энэ удаа өөрийг чинь явуулахгүй асуудал шийдэгдтэл түр хүлээж байгаарай гэсэн. 01 дүгээр сарын 18-ны өдөр оффис дээр очиход ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ажлын байран дээр зодоон ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсанд  гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан Ө.ЗХХК-ийн экскаваторын операторын ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацаатай тэнцэх ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг  дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Бнь Ө.ЗХХК-д ажиллаж байх хугацаандаа хамт олныг байнга хутган үймүүлэх, буруу зүйлд өдөөн турхирах, бусдыг хэл амаар доромжлох, дарамтлах, бусдын биед халдаж, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг байнга эсэргүүцэх зэргээр байгууллагын дотоод журамд заасан дээрх ноцтой зөрчлийг удаа дараа гаргадаг байсан.

Батсайханы дээрх зан байдлыг компанийн холбогдох удирдлагуудын зүгээс удаа дараа хэлж засахыг оролдсон боловч зан байдлаа засч сайжруулаагүй.

Батсайханы дээрх үйлдэл, зан байдал нь онцгой дэглэмтэй, онцгой дэг журамтай, хүнд үйлдвэр,онцгой бүсэд эмх замбараагүй байдлыг бий болгох, шууд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, ажилчдыг турхирч байгаа нь хүний л, амь насанд эрсдэл учруулахуйц сөрөг үр дагаврыг бий болгох өндөр магадлалтай.

Ц.Бнь уурхайн бүсэд ажлын байранд бусдыг хэл амаар доромжилсоноос зодоон үүсгэсэн учир Компанийн зүгээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж Батсайханыг ажлаас халсан.

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн б/ЗЗ тоот ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Бнь хариуцагч Ө.ЗХХК-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Ө.ЗХХК-ийн экскаваторын операторын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг хүртэл гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Ц.Ц.Ббусдыг хэл амаар доромжлох, дарамтлах, бусдын биед халдах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцэх зэргээр байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ө.ЗХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/33 тоот ажлаас халах тухай тушаалын 1 дэх заалтаар “Тус компанийн Хүрэншандын уурхайн  Уулын хэсэгт Экскаваторын оператор ажилтай Цэрэндоржийн Ц.Б/ХД: 1063/ нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой ээлжинд ажиллаж байх үедээ хамтраж ажиллагчтайгаа станцаар хэрэлдсэн, хэл амраар доромжилсон, шөнийн хоолны цагийн үеэр маргаан үүсгэсэн, зодоон хийсэн, ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэсэн зэрэг бусад ажилтнуудад буруу үлгэр дууриал үзүүлэх ноцтой зөрчил гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын  5.4.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Батсайханыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч Ө.ЗХХК-ийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн б/134 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ц.Батсайханыг Экскаваторын операторчин албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Экскаваторын операторчны албан тушаалд үндсэн ажилтнаар авч ажиллуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

 

Хавтаст хэргийн 36-39 дүгээр талд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 046/2017 тоот Хөдөлмөрийн гэрээнд ажилтан буюу Ц.Ц.Бгарын үсэг зураагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасныг баримтлаагүй атлаа тушаалын үндэслэлд ноцтой зөрчил гаргасан гэж дурдсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа боловч хөдөлмөрийн гэрээг зогсоох үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үндсэн ажилтан болгосон атлаа  компанийн удирдлагын зүгээс зан байдлаа удаа дараа засахыг шаардаж байсан гэх тайлбар нь зөрчилдөж байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Батсайханыг Экскаваторын операторчны албан тушаалд эрүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 3.018.160 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтаны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар түүний сүүлийн 3 сарын дундаж цалин 1.560.000 төгрөгийг ажилгүй байсан хугацаа 10 хоногоор тооцоход 3.018.160 төгрөгийн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Батсайханыг Ө.ЗХХК-ийн Экскаваторын операторчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3.018.160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Ц.Батсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Батсайханыг Ө.ЗХХК-ийн Экскаваторын операторчны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.018.160 төгрөгийг хариуцагч Ө.ЗХХК-иас  гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батсайханд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Ц.Батсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Ө.ЗХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ө.ЗХХК-иас 63.241 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР