Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2016/01668/И |
Дугаар | 001/ХТ2017/01207 |
Огноо | 2017-10-19 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2017/01207
Г.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1248 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 523 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнай, Н.Мөнхбилэг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г.Г- нь 1992 оны 01 дүгээр сараас эхлэн хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн хэлтсийн Геологийн хүрээлэн байх цагаас нь эхлэн эрдэм шинжилгээний ажилтан, инженер геологичоор ажиллаж ирсэн. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаал нь илт үндэслэлгүй бөгөөд тушаалд дурдсан хууль зүйн болон захиргааны актын хэм хэмжээ нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байна. Б/84 дүгээр тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журмын ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхой заагаагүй. Ямар алдаа дутагдал, зөрчил гаргасныг тодорхой тусгаагүй байна.
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон боловч Г.Г-ийн ажил, албан тушаалыг хассан, цөөрүүлсэн заалт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна. Г.Г- нь ажиллаж байх хугацаандаа 957 399 төгрөгийн дундаж цалин авч байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны хүртэл хууль бус тушаалын улмаас 1 523 146 төгрөгийг авч чадахгүй байгаа тул энэ мөнгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Г.Г-ийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүй халсныг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 523 146 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Улсын Их Хурлын 2016 оны Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний талаар 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрыг татан буулгаж, нэгтгэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон шинэчлэн баталж, тус байгууллагын орон тооны дээд хязгаарыг 185 албан хаагчтайгаар байхаар тусгасан. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн бүтэц орон тоо батлах тухай А/01 тоот тушаалаар батлагдсан зохион байгуулалт, бүтэц орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн сан тоог тогтоох хуулиар олгогдсон эрхийн хүрээнд агентлагийн бүтэц орон тоо, ангилал зэрэглэлийг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Геологийн албаны чиг үүрэг нь Геологи хайгуулын хэлтэс болон Эрдэс баялаг, мэдээллийн технологийн төв гэсэн 2 бүтэц болон хуваагдаж, 20 албан хаагчийн орон тоотой болгосон.
Нэгтгээд чиг үүргээр нь хэлтэс төв гэсэн бүтцэд хуваагдсан. Орон тоонд томилогдох нийт албан хаагчдыг сонгон шалгаруулах үндэслэл шаардлагыг боловсруулах, дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А04 тоот тушаалаар байгуулж ажиллуулсан. Тус ажлын хэсгээс Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулж, сонгон шалгаруулахдаа Төрийн албанд болон мэргэжлээрээ ажилласан хугацаа, ажиллах хугацаанд үр дүнгийн болоод хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн биелэлтийн үнэлгээ, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмээ хэр биелүүлж байсан зэрэг үзүүлэлтийг харгалзан үзсэн. Нэхэмжлэгч өмнөх бүтцийн үед ажиллаж байсан геохимийн судалгаа хариуцсан геохимич инженер гэсэн ажлын байр нь мөн тус байгууллагын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний асуудал хариуцсан геологич инженер гэсэн төрийн үйлчилгээний ажлын байр байсан. Тус ажлын байранд А.Амаржаргал гэгч хүн ажиллаж байсан. Дээрх ажлын байрууд нь нэгтгэгдэн өөрчлөгдөж одоогийн бүтцэд, эрдэс баялаг мэдээллийн төвийн бүтцэд шинээр нэгтгэгдээд, ашигт малтмал, геологийн мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байр бий болсон. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр энэ ажлын байранд А.Амаржаргал, Г.Г- нарыг өрсөлдүүлэх замаар шийдвэрлэсэн байдаг. Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, гарсан шийдвэрүүд байдаг. Ажлын байрны тодорхойлолтод тавигдах шалгуур үзүүлэлтийг заасан байдаг. Геологич бакалаврын зэрэгтэй байх ёстой. Уг үзүүлэлтийн нийлбэр оноогоор Г.Г- 50 оноо, А.Амаржаргал 55 оноо авсан байдаг. Энэ шалгуур үзүүлэлтээр 55 оноо авсан А.Амаржаргалтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Г.Г- нь сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдэг үндэслэлийн дагуу ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн байдаг. Мэдэгдэхдээ хүний нөөцийн хэлтсээс утсаар мэдэгдсэн байдаг. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.5, 8.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаал, газрын даргын 2016 оны 01 тоот тушаалыг үндэслэн Г.Г-ийг ажлаас нь чөлөөлсөн. 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 2 080 173 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж болгон олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Ажил олгогчийн санаачилгаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажлын байрандаа дахин томилогдож, ажилгүй байсан хугацааны цалин 1 523 146 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1248 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, УИХ, ЗГ тогтоол шийдвэр болон бусад холбогдох хууль тогтоомж, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтыг зөв дүгнэн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан.
Гэтэл энэхүү шийдвэрийг зөвхөн хоёр агентлаг нь өмнө нь тусдаа байхдаа нийт 245 гэсэн орон тоотой байсан талаар нотлох баримтыг аваагүй шийдвэрлэсэн гэдэгт буруутгаж үзсэн. Энэхүү буруутгаж буй байдал нь нийтэд ил тод нээлттэй материал юм.
Учир нь Монгол улсын засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн гзрын агентлагийн орон тооны хязгаар батлах тухай 387 дугаар тогтоолоор хэрэгжүүлэгч болон тохируулагч 26 агентлагийн орон тоог баталж улмаар хуучин нэршилээр Ашигт малтмалын газрыг 145, Газрын тосны газрын 101 гэж тогтоосон. Дээр дурдсан Монгол улсын засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар батлах тухай 387 дугаар тогтоол нь хуулийн нэгдсэн портал сайт болох эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд нийтэд нээлттэй ил тод байршиж байгаа баримт юм.
Иймд давж заалдах шатны шүүхийн 1248 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан геохимич инженерийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь нэхэмжлэгчийн ажлын байр Ашигт малтмалын газар татан буугдаж, Ашигт малтмал, газрын тосны газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор үгүй болсон учир нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 12 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газар болгон нэгтгэж, шинэчлэн баталж, агентлагийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 185 албан хаагчтай байхаар тогтоожээ.
Ашигт малтмалын газрын дарга 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б\114 дүгээр тушаалаар ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр байгуулагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын мэдэлд шилжүүлжээ.
Хоёр агентлаг нэгдэж, өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тушаалаар шинээр байгуулагдсан Ашигт малтмал газрын тосны газрын бүтцийн ерөнхий бүдүүвчийг баталсан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн а\01 дугаартай тушаалаар агентлагийн бүтэц, орон тоо, ангилал, зэрэглэлийг баталсан байна.
Нэхэмжлэгч Г.Г-ийн урьд ажиллаж байсан Геологийн алба нь шинээр байгуулагдсан газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв гэсэн хоёр нэгжид хуваагдсан ба Эрдэс баялгийн мэдээлэл технологийн төв нь 20 орон тоотой болжээ.
Нэхэмжлэгч Г.Г-ийн геохимийн судалгаа хариуцсан геохимич инженерийн ажлын байр, мөн ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний нэгдсэн сан хариуцсан геологич инженерийн ажлын байр нэг болж, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ашигт малтмал, геохимийн мэдээллийн сан хариуцсан ажилтан гэх ажлын байр бий болсон байна.
Ажил олгогчийн зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалт явуулж, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ашигт малтмал, геохимийн мэдээллийн сан хариуцсан ажилтны орон тоонд хуучин ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөний нэгдсэн сан хариуцсан геологич инженерээр ажиллаж байсан хүнийг томилж, харин геохимийн судалгаа хариуцсан геохимич инженерийн ажил эрхэлж байсан нэхэмжлэгч Г.Г- энэ ажилд томилогдоогүй байна.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн тухайн маргааны үйл баримт дээрх байдлаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А\01 дугаар тушаалын хавсралтаар тус газар 185 хүний орон тоотой байхаар баталсан ч орон тоо цөөрүүлсэн гэх нотлох баримт буюу 245 хүний орон тоотой байсан талаар хэрэгт баримт авагдаагүй” гэж үзжээ.
Ашигт малтмал, газрын тосны газар нь шинээр байгуулагдаж буй агентлаг бөгөөд уг газрын ажилтан, албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг 185 байхаар Засгийн газраас тогтоосон байна. Шинээр байгуулагдсан уг агентлаг 245 хүний орон тоотой байгаагүй, харин хуучин Ашигт малтмалын газар, Газрын тосны газар нь нэгдэхээсээ өмнө ямар орон тоотой байсан нь тухайн маргаанд хамаарал багатай болно. Учир нь маргааны зүйл ажил олгогч байгууллага өөрийн бүтцийг шинэчилснээр ажилтнуудынхаа орон тоог цөөрүүлсэнтэй холбоотой бус харин өөрчлөн байгуулалтын явцад шинээр байгуулагдсан газрын бүтцэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын орон тоо үгүй болсонтой холбоотой байгааг шүүх анхаараагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах эрхтэй болно.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1248 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00564 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 39.320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН