Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 14

 

  Төв   аймаг   дахь   Захиргааны   хэргийн   анхан   шатны   шүүхийн   шүүгч   Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: иргэн Д.Батбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр томилогдсон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулиар шинээр байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ээлжит бус хуралдааныг зарлан намайг албан тушаалаас улс төрийн зорилгоор, огт үндэслэлгүйгээр, хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтуудыг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь бодит байдалтай нийцэхгүй, илтэд хууль бус шийдвэр болсон. Тухайн хуралдаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын  төлөвлөгөөнд байхгүй атал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг зөрчиж хэлэлцэн, хууль бус шийдвэр гаргасан. 44 дүгээр тогтоолд “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх тухай хурлын дарга Ц.Энхбатын мэдээллийг хэлэлцээд тогтоох нь” гэсэн нь хуралдаанд огт болоогүй процесс бөгөөд зохиомол шинжтэй байна. Хуралдааны төгсгөлд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгийн дарга, тэргүүлэгч Б.Жаргалмаа гаргасан нь улс төржсөн, хуйвалдааны шинж чанартай болсон. Тухайн хуралдааныг 18  цагаас хойш хийсэн байтал тогтоолд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөхөөр заасан нь асуудал хэлэлцэхээс өмнө намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Уг тогтоолд “өөрийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд миний бие хэн нэгэн албан тушаалтан, тэргүүлэгчдэд ямар ч хүсэлт гаргаагүй. Би тухайн албан тушаалд ажиллахдаа Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, албан үүргээ гүйцэтгэж байсан. Миний ажил үүргийн талаар Хурлын дарга болон Тэргүүлэгчдээс зөрчил дутагдал гаргасан тухай хэлэлцэж үнэлж дүгнэсэн, үүрэг даалгавар өгсөн удаа байгаагүй. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл нэхэмжлэлтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 24 дүгээр тогтоолыг гаргасан ба илт хууль бус акт болох 44 дүгээр тогтоолыг өөрчилж, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл заан тогтоол гаргасан нь хууль бус. Иймд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Д.Батбаярыг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дах заалтыг үндэслэсэн өөрийн хүсэлтээр албан ажлаас чөлөөлсүгэй гэсэн утгатай тогтоолыг гаргасан. Улсын Дээд шүүхийн 2007 оны зөвлөмжид өөрийн хүсэлт гэдгийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр бичгээр гаргасан хүсэлтийг тооцно гэсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт өөрийн хүсэлт гэдэг нь заавал бичгээр байх ёстой гэсэн байдаг. Ажлаасаа чөлөөлөгдье гэсэн хүсэлт гаргаагүй, ажлын албандаа мэргэжилтнээр үлдье гэсэн хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчээс 44 дүгээр тогтоолд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 24 дүгээр тогтоол гаргаж 44 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахдаа Д.Батбаярыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1.1-ийг үндэслэж албан үүргээс нь халахаар тогтоол гаргасан. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Тэргүүлэгчдийн хуралдаан дээр Д.Батбаярын талаар ярихдаа өмнөх тогтоол хууль хэрэглээний хувьд алдаатай болсон, иймээс 44 дүгээр тогтоолоо залруулъя гэсэн утгатай зүйлийг ярьсан байдаг. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг зүйл яригдсан боловч албан үүргээ яаж хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Д.Батбаяр өмнө нь ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй, албан үүргээ хангалттай биелүүлж байсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 тогтоолоор ажлын албаны ажлыг хангалттай гэж дүгнэсэн. 2016 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээ дүгнүүлээгүй гэж бичсэн. Үр дүнгийн гэрээ дүгнэх нь төсвийн шууд захирагчийн мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2.3-т төсвийн ерөнхий захирагч үр дүнгийн гэрээг дүгнэх ёстой гэж заасан. Үр дүнгийн гэрээг дүгнэсэн баримт нь хавтаст хэргийн 190 дүгээр талд байдаг. Тэргүүлэгчдийн хуралдаанаар 22 асуудал хэлэлцэгдээгүй нь ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Батбаяр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэл болохгүй. ИТХ-н нарийн бичгийн дарга бол ИТХ-н хуралдааны бэлтгэл ажлыг хангах ёстой. Хурлын бэлтгэх ажлыг бүрэн хангасан. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлд 25, 26 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэлт баталгаа байдаг. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад улс төрийн шалтгаанаар ажлаас халсан. ИТХ-н Тэргүүлэгчдийн 44, 24 дүгээр тогтоолууд хууль бус шийдвэр болсон. Хууль бус шийдвэр гаргачихаад дараа нь залруулга хийсэн, тухайн хурлаар ч энэ асуудлыг огт хэлэлцээгүй. Захиргааны актын бичилт, тооцооны алдааг засч болно гэхдээ үндсэн агуулга, утгыг өөрчилж болохгүй гэж Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан. 44, 24 дүгээр тогтоолууд нь хуульд заасан үндэслэл болоогүй байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хуралдсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтын 2 дугаар бүлгийн 1-д “Тухайн онд Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг оны эхэнд батлах бөгөөд нэг хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоог уг асуудлын агуулга, бодлого, зохицуулалт хийх шаардлага хэрэгцээ, ач холбогдлоор нь эрэмбэлэн тогтоож Хуралдааны ачааллыг зохицуулна” гэж заасан. Энэ нь Тэргүүлэгчдийн хуралдааны ачааллыг зохицуулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо, хуралдаанаас гарах шийдвэрийг чанартай, үр дүнтэй гаргах зохицуулалт болохоос биш Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудал бүрийг заавал ИТХ-ын тухайн оны төлөвлөгөөнд тусгаж батлуулах тухай биш. Хурлын Нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг заавал тухайн Хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусган батлах шаардлагагүй. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Д.Батбаярыг нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөх асуудлыг ИТХ-ын дарга ганцаараа шийдвэрлээгүй, тус өдрийн хуралдаан 72.7 хувийн ирцтэй хуралдаж 100 хувийн саналаар шийдвэрлэсэн. ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргыг чөлөөлөх тухай асуудал нь тухайн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаагүй ч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Жаргалмаа нь аймгийн ИТХ-ын дүрмийн 3 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуралдаанд шийдвэрүүлэхээр асуудал санаачлах, санал оруулах эрхээ хэрэгжүүлж, нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа тул түүнийг ажлаас чөлөөлүүлэх талаар санал тавьж хэлэлцүүлсэн. Д.Батбаяр тухайн өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр “...Миний хувьд албан тушаалаа өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн.  Мөн хуралдаан дээр өөрийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2 дугаар бүлгийн 2.1-д заасны дагуу Д.Батбаяр нь аймгийн ИТХ-ын даргатай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг 2016 оны 06 сарын 20-ны дотор гаргаж өгөөгүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь гаргасан шийдвэрээ хууль тогтоомжид нийцээгүй байна гэж үзвэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 –д зааснаар өөрчлөх эрхтэй, 2016 оны 44 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тул 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдан тогтоолын заалтад өөрчлөлт оруулан 24 дүгээр тогтоолыг гаргасан. 44 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 40.1.2 гэсэн заалтыг өөрчлөн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль зөрчөөгүй. Учир нь Д.Батбаяр нь үр дүнгийн гэрээ байгуулсан ч үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хагас жилээр гаргаж тайлагнаагүй, мөн Ажлын албаны ажилтнуудын 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээг илтгэх хуудсаар дүгнээгүй зэргээр албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн. Д.Батбаяр нь аймгийн ИТХ-ын дүрмийн 17 дугаар бүлгийн 17.1.1, 17.1.3, 17.1.8 болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь бүлгийн ажлын байрны үндсэн зорилтын 1.2-д “Ажлын албаны эрхэм зорилго, зорилтыг тодорхойлох, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах, ажлын үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх”, ажлын байрны үндсэн зорилтын 2.2-д “Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл, техник, зохион байгуулалтыг хангуулах” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2016 оны эхний хагас жилд 8 удаа хуралдаж төлөвлөгөөнд тусгагдсан 49 асуудал хэлэлцэхээс хагас жилийн байдлаар 27 асуудлыг хэлэлцэж, 44 тогтоол баталсан, харин төлөвлөгөөнд тусгагдсан 22 асуудал буюу 55.1 хувийг хэлэлцэж чадаагүй. Д.Батбаяр нь Хурлын Ажлын албаны дотоод асуудал хариуцсан ажилтан Д.Оюунсайхан, ажилтан Б.Баярмагнай нарыг удирдлага, чиглэлээр хангаж ажиллаагүйгээс болж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх баримт бичгүүдийг архивын нэгж болгоогүй, тухайн хуралдаануудын тэмдэглэл байхгүй, дотоод ажил эмх замбараагүй байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “би ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, ажил албан үүргээ хангалттай биелүүлж байсан, ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй, Тэргүүлэгчид хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэж тайлбарласан, харин хариуцагчаас “Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж хуралдсан, ажлаа хийж чадахгүй байсан учраас ажлаас нь чөлөөлсөн” гэсэн тайлбар гаргасан байна.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ээлжит бус наймдугаар хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдуулахаар товыг  тогтоож, уг ээлжит бус хуралдаанаар 1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааны товыг тогтоох, 3. Богдын торгон сүрэг ТББ-ын үйл ажиллагааны тухай, 4. Сургалтын тов тогтоох гэсэн нийт 4 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Ээлжит бус 8 дугаар хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 17 цаг 45 минутад 8 тэргүүлэгч буюу 72,7 хувийн ирцтэйгээр эхэлж, тус хуралдаанаар хэлэлцэх 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Харин үүний дараа тэргүүлэгч Б.Жаргалмаа “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Батбаяр Сонгуулийн хороог даргалж байх үед ирсэн олон гомдлыг шуурхай шийдвэрлээгүй, хариуцлагагүй хандсан, нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж өгөөч” гэсэн санал гаргаснаар Тэргүүлэгчид түүний саналыг хүлээн авч Д.Батбаярын ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар хэлэлцсэн байх бөгөөд тус хуралдаанд Хурлын нарийн бичгийн дарга Д.Батбаяр “цаашид анхаарч ажиллана, ...та бүхний саналыг хүндэтгэн хүлээн авч байна, албан тушаалаа өгөхөд бэлэн...” гэсэн тайлбар гаргасан. Тус хуралдааны 44 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг үндэслэн Д.Батбаярыг өөрийнх нь хүсэлтээр гэж дурьдан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

Мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ээлжит бус  хуралдааны товыг тухайн өдөр хийхээр тогтоож, уг ээлжит бус хуралдаанаар “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44-р тогтоолд өөрчлөлт оруулах” асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн  байна. Тус ээлжит бус хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 11 цаг 00 минутад 8 тэргүүлэгч буюу 72,7 хувийн ирцтэйгээр эхэлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаяр ажил үүргээ гүйцэтгэхгүй, ажилдаа хариуцлагагүй хандаж байсан ба түүнийг ажлаас нь чөлөөлсөн 44 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тул түүнийг өөрчлөх талаар хэлэлцэн, хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийг өөрчлөн ...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Батбаяр нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс  эхлэн үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тов, тэмдэглэл, тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “би дарамтанд орсон учир Тэргүүлэгчдийн хуралдаанд албан тушаалаа өгөхөд бэлэн гэж хэлсэн” хэмээн тайлбарласан байна.

Маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгч Д.Батбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх бөгөөд түүний орон тоо, цалингийн санг Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэж, 20.11-д “Хурлын Тэргүүлэгчид ....өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг удирдах бүрэн эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь өөрийн ажлын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, тус ажлын албаны дарга албан үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар Хурлын ажлын төлөвлөгөө болон хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд урьдчилан төлөвлөж тусгахгүйгээр хэдийд ч хэлэлцэж шийдвэрлэх эрхтэй байна.

Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж тус тус зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн “2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус ээлжит бус хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад Хурлын ажлын албаны дарга намайг ажлаас чөлөөлөх тухай хэлэлцсэн нь хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна

2. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батбаяр нь тус Хурлын дарга Т.Мэндсайхантай 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Үр дүнгийн гэрээ байгуулсан, уг гэрээнд гэрээний хэрэгжилтийг 2016 оны 06, 12 дугаар сарын 20-ны дотор тайлагнах тухай заасан байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2 дугаар бүлгийн 2.1-д төсвийн шууд захирагч нь гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид  тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээ биелэлтийг чанартай боловсруулж урьдчилан хүргэх үүрэгтэй” гэж, 2.4-т “...Төсвийн шууд захирагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн оны гэрээний биелэлтийн тайлан болон дараа оны гэрээний төслөө төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлээгүй нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу  түүнд хариуцлага хүлээлгэх  үндэслэл болно” гэж заажээ.

Д.Батбаяр нь үр дүнгийн гэрээний эхний хагас жилийн хэрэгжилтийн илтгэх хуудсыг эрх бүхий албан тушаалтанд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй, үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн “...Хурлын дарга Т.Мэндсайхан  сонгуульд нэр дэвшиж, сурталчилгаанд явж байсан учраас би үр үнгийн гэрээний илтгэх хуудсаа Т.Мэндсайхан даргад өгөөгүй, сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймгийн Хурлын дарга Ц.Энхбатад үр дүнгийн гэрээний илтгэх хуудас өгөөгүй” гэсэн тайлбараар тогтоогдох байх тул түүнийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчдийн үйл ажиллагаа, ёс зүйн байдлыг 2016 оны эхний хагас жилийн байдлаар үнэлж, дүгнэсэн жагсаалтад “Д.Батбаяр үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ-А, ёс зүйн байдал[1] гэж үнэлсэн байх боловч Д.Батбаяр үр дүнгийн гэрээгээ Хурлын даргаар дүгнүүлээгүй байх тул энэ дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүг дурьдаж байна.

3. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Анхдугаар хуралдааны тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3-р хуралдааны тэмдэглэл, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5-р хуралдааны тэмдэглэлүүд хэвлэгдэж  хадгалагдаагүй, Хурлын нарийн бичгийн дарга нь хуралдааны тэмдэглэлүүдтэй танилцаж гарын үсэг зураагүй, 2015-2016 оны 1-7 дугаар хуралдааны тэмдэглэл, баримтуудаар хадгалалтын нэгж үүсгээгүй, дугаарлаагүй, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны тогтоол болон Тэргүүлэгчдийн  хуралдааны тогтоолын дугаарыг 1 бүртгэлд бүртгэснээр дугаарын бүртгэл эмх цэгцгүй, ойлгомжгүй болсон нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, Тушаал, тогтоол, захирамж бүртгэх дэвтэр[2], иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлүүд[3] болон нэхэмжлэгчийн “хуралдааны тэмдэглэл гаргаагүй, тэмдэглэл гарга гэж дотоод ажил хариуцсан албан тушаалтныг шаардаж байсан” гэсэн тайлбар, хариуцагчийн “нарийн бичгийн дарга тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурах ёстой байтал, шалгаж гарын үсэг зураагүй, тэмдэглэлүүд одоо хүртэл ажлын албанд архивт байхгүй” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. Иймд Д.Батбаярыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор баталсан дүрмийн 5 дугаар бүлгийн 23.1.12-д “Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба хуралдааны үйл ажиллагааны тэмдэглэл, Хурлын албан хэргийг төрийн албан хэргийн стандартын дагуу хөтөлнө” гэж, мөн Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.4.3.1-д “Хурал, зөвлөгөөн, ажил хэргийн уулзалтын үед тусгайлан хуралдааны тэмдэглэл хөтөлнө”, 2.4.3.4-д “Хуралдааны тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.  Хуралдааны тэмдэглэлийг хурал дууссанаас хойш 3 хоногт багтаан эцсийн байдлаар бэлтгэж, зохих журмын дагуу албажуулсан байна” гэж тус тус заасныг зөрчсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэлүүдийг бэлтгэж гаргуулаагүй, тэдгээрийг албажуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2016 оны төлөвлөгөөд заасан Хурлын ажлын алба буюу ажлын албаны дарга Д.Батбаярын хариуцсан 1.МНУХ-ын аймаг, сумдын салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг төлөвлөгөөтэй ажиллуулж удирдах, 2.төвийн бүсийн аймгуудийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, ажлын албаны ажилтгуудын зөвлөгөөн зохион байгуулах, 3. 27 сумын ИТХ-ын хуралдааны материалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэх, 4. сумын ИТХ-ын ажлыг дүгнэж шалгаруулах, 5. сумдын ИТХ-ны нарийн бичгийн даргатай хариуцлагын гэрээ байгуулах зэрэг арга хэмжээг Д.Батбаяр, түүний ажлын алба хэрэгжээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албаны 2016 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн жагсаалт,  товчоо[4] зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2016 оны үйл ажиллагааны тайланд дүгнэлт өгч  “хангалттай” гэж үнэлсэн байх бөгөөд энэ нь Ажлын албаны үйл ажиллагаа  болон Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хамт үнэлж дүгнэсэн байх тул нэхэмжлэгч талын “нэхэмжлэгч ажил үүргээ хангалттай биелүүлсэн, Ажлын албаны 2016 оны үйл ажиллагааг хангалттай гэж үнэлсэн баримтаар тогтоогдоно” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Үүнээс гадна Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэл, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл тус тус зааснаас үзвэл хариуцагч нь Д.Батбаярыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр  төрийн албанаас халж шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаар Д.Батбаяр нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3 дахь бүлгийн “Ажлын байрны гол үйл ажиллагаа”-ны 1.2-т “Ажлын албаны эрхэм зорилго, зорилтыг тодорхойлох, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах, ажлын үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх”, 2.2-т “Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл, техник, зохион байгуулалтыг хангуулах” гэж, мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрмийн 5-р бүлгийн 23.1.12-д “хуралдааны үйл ажиллагааны тэмдэглэл, Хурлын албан хэргийг төрийн албан хэргийн стандартын дагуу хөтөлнө” гэж, Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 2 дугаар бүлгийн 2.1-д гэрээнд заасан хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж... урьдчилан хүргэх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул түүнийг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Монгол улсынЗасаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаярын  Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 44 дүгээр тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 


[1] Хавтаст хэрэг 1-ийн 190-р хуудас

[2] Хавтас хэрэг 2-ийн 120-137 дугаар хуудас

[3] Хавтас хэрэг 1-ийн 144-147 дугаар хуудас, хавтаст хэрэг 2-ийн 168 дугаар хуудас

[4] Хавтас хэрэг 1-ийн 162-176 дугаар хуудас