Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 169

 

П.Адъяа, Д.Баярсайхан нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар магадлалтай, 201526011790 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Адъяагийн өмгөөлөгч П.Отгонбаярын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ял, 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сар хорих ял, 2007 онд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 7 жил 06 сар хорих ял тус тус шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Олхонууд овогт Пүрэвдоржийн Адъяа нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоног хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, Боржигон овогт Дашцэрэнгийн Баярсайхан нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Адъяа, Д.Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Д.Баярсайханы Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоног хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, П.Адъяагийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 103 дугаар зүйлийн 103.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 7 жил 06 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар П.Адъяа, Д.Баярсайхан тус бүрийг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил хорих ялаар шийтгэж, тэдгээрт оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Адъяа, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Адъяагийн өмгөөлөгч П.Отгонбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд гэрч нарын мэдүүлгүүдийг дурдаж, хохирогч, гэрчийн мэдүүлгээр уг хэрэг нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн. Мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр тооцогдон шалгагдаж байсан Тамираа тухайн хэрэгт хамтран оролцоотой байсаар атал мөрдөн байцаагч, прокурор нь Тамираагийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь уг гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахад хүргэж байна. П.Адъяа нь биеийн эрүүл мэндийн байдал муутай, нэг нүд нь огт юм хардаггүй, хоёр удаа нүдний хүнд мэс засалд орж байсан хүн. Нэг нүд нь нөгөөдөө нөлөөлж цаашид хоёр нүд нь харахаа болих магадлалтай, нүдний нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх шаардлагатай, нөхөн сэргээгдэх эмчилгээг байнга хийлгэдэг байсан. Тэрээр өрх толгойлсон хөгшин настай эхийгээ асарч хоёулаа амьдардаг болох нь хэрэгт авагдсан биеийн байцаалт, тодорхойлолтуудаар тогтоогдсон болно. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч Н.Батзаяа нь гомдол, саналгүй гэсэн нөхцөл байдлууд болон П.Адъяагийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсоор байтал шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулаагүйд, мөн хэргийн хамтран оролцогч Тамираагийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүх Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлд зааснаар заавал оногдуулах ялаас доогуур ял өгөх албагүй, уг зүйл хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан П.Адъяад оногдуулсан 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч нар бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бэлэн мөнгө, эд зүйлийг нь дээрэмдэж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Адъяа нь 2007 онд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 7 жил 06 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, шүүгдэгч Д.Баярсайхан нь 2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоног хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт заасан П.Адъяаг ялгүйд тооцох хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 26-нд, Д.Баярсайханыг ялгүйд тооцох хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-нд дуусахаар байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 126 дугаар зүйлийн 126.2, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй гэж заасан байхад шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3 дахь заалтыг тус тус баримтлан Д.Баярсайханы Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг, П.Адъяагийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь заалтад зааснаар 7 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь заалтад заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэглэх ёсгүй хуулийг буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 276 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, П.Адъяа, Д.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол П.Адъяа, Д.Баярсайхан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Адъяагийн өмгөөлөгч П.Отгонбаярын гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                 Б.БАТ-ЭРДЭНЭ