Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 67

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Ганбаатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Д.Ууганцэцэг, 

иргэдийн төлөөлөгч М.Одончимэг, 

хохирогч Н.Батзаяа,

шүүгдэгч П.Адъяа, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар  1943/,

шүүгдэгч Д.Баярсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Пүрэвдоржийн Адъяа, Боржигон овгийн Дашцэрэнгийн Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 2015 2601 1790 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн “А-1” танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг.Олхонууд овогт Пүрэвдоржийн Адъяа Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, гуталчин, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 05 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90в-25 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл:

1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50 000 төгрөгөөр торгох ял, 

2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 174 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эдлээгүй үлдсэн 11 сар, 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  

3.Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 125 дугаар зүйлийн 125.1, 103 дугаар зүйлийн 103.2, 126 дугаар зүйлийн 126.2.5-т зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ХН85070773 дугаарын регистртэй.

Хоёр.Боржигон овогт Дашцэрэнгийн Баярсайхан Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг, Чандманий 24 дүгээр байрны, 02 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэл:

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, РЙ78071018 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нар нь ялтай байх хугацаандаа, бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын хойно иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг нь авах зорилгоор П.Адъяа нь хохирогчийн хоолойг гараараа боох, Д.Баярсайхан нь хохирогчийн шанаан тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, “Самсунг галакси Эс-1” маркийн гар утас, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, 20 535 төгрөгийн үлдэгдэл бүхий Худалдаа хөгжлийн банкны виза карт, бэлэн 70 000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэн авч, бусдад 224 535 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нар: Өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг гаргасан, дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Батзаяа мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 18-ний шөнө 04-05 цагийн үед “Саппаро”-гийн хажуу талын “Хаан” банкны АТМ рүү орж 70,000 төгрөг аваад гараад ирэхэд өндөр залуу болох энэ П.Адъяа нь зогсож байсан. Тэгээд доошоо явж байтал П.Адъяа араас ирээд намайг боогоод авсан. Тэр үед намхан залуу нь ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохиод тонгойнгуут нүд рүү өшиглөсөн. Тэгээд миний өмдний халаасанд байсан түрүүвч, цамцны халаасанд байсан гар утас байсныг аваад зугтаагаад явсан. Тухайн үед миний нүд, толгой хавдсан байсан. Өмнөх шүүх хуралдааны үед Баярсайханы өмгөөлөгчөөс 200,000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.  

 

Мөн эрүүгийн 2015 2601 1790 дугаартай хэргээс хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Батзаяагийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчим би Саппорогийн автобусны буудлын баруун доод хэсэгт байрлах “Хаан” банкны АТМ-с мөнгө авах зорилготой явж байтал тэнд саарал өнгийн 15-12 АРХ гэсэн улсын дугаартай суудлын авто машин зогсож байсан. Тэндээс ойролцоогоор 180-190 см өндөртэй нэг залуу бууж ирээд над руу дөхөж ирээд яриа байна уу, гайгүй хүүхэн байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гээд Хаан банкны АТМ руу орсон. Тэгтэл тэр өндөр залуу миний ардаас АТМ руу дагаж орж ирээд хүүхэн авчих гээд намайг хоргоогоод байсан. Тэгэхээр би юм яриагүй АТМ-с 70,000 төгрөг аваад гарсан. АТМ-с мөнгөө аваад баруун гар тийшээ Цамбагарав тал руугаа эргээд явж байтал миний ардаас нөгөө өндөр залуу хөөе гэж дуудаад шууд ирээд миний хүзүүг гараараа боосон. Тэр өндөр залуу цаашаа хараад хөөе гэж дахиад орилоход цаанаас 160-170 см өндөртэй нэг залуу хүрч ирээд миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэр үед би тонгойж суусан ба намайг доош суухад тэр намхан залуу нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин нөгөө өндөр залуу нэг гараараа миний тэлээнээс барьж, нөгөө гараараа өмдний болон цамцны халаасыг ухаж байсан. Тэр өндөр залуу миний өмдний халааснаас түрийвч, цамцны халааснаас гар утас авсан, миний ардаас хоёр гурван удаа цохисон. Тэгээд цаанаас шар үстэй нэг хүүхэн ирээд болиоч гэж хэлэх шиг болсон. Тэгээд тэр хоёр залуу цаашаа гүйгээд яваад өгсөн. ...Өндөр залуу миний ардаас боогоод 2-3 удаа цохисон, намхан залуу нь миний нүүрэн хэсэгт нэг удаа гараараа цохисон ба зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөсөн. ...Миний гар утас хар өнгийн “Галакси Эс-1” маркийн утас байсан. Түрийвчинд бэлэн 70,000 төгрөг болон цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мөн Худалдаа хөгжлийн банкны цалингийн карт байсан. ...Тухайн үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан, дагз толгойн хэсэг энд тэндээ булдруу болсон байсан. Би тухайн үед ажилтай байсан тул шүүх эмнэлэгт үзүүлэхээс өөрөө татгалзсан. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг[1],

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Солонгийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Миний жинхэнэ нэрийг Солонго гэдэг, намайг Маралаа гэж дууддаг. Би хүмүүст өөрийгөө танилцуулахдаа Маралаа гэж танилцуулдаг юм. ...2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчим ...харих гээд явж байтал Адъяа гэх зүс мэдэх залуутай таарсан. Адъяа тэр үед намайг машинд суучих гэж хэлсэн. ...Намайг суутал Адъяа, Баярсайхан гэх зүс таних залуу, тэгээд жолооч залуу сууцгааж байсан. Тэр үед Адъяа, Баярсайхан 2 архи ууж байсан. ...Тэгээд Адъяа Саппоро руу явъя гээд Саппорогийн автобусны буудал дээр ирж зогссон. Тэр үед Адъяа, Баярсайхан 2 машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд жолооч залуу бид 2 машинд хүлээж байсан. Тэгээд 20 минут орчим болоод Адъяа, Баярсайхан 2 дунд зэргийн нуруутай нэг залуутай хамт ирсэн. Удалгүй Адъяа нөгөө дагуулж ирдэг залуутайгаа тэр хавиар юм яриад яваад байсан. Тэгснээ Адъяа намайг дуудаад чи миний араас дагаад явж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Адъяа нөгөө залуу хоёрыг ойролцоогоор 8 метр орчим зайтай хойно нь явж байсан. Тэгэж явж байгаад Адъяа нөгөө залууг ...Хонг-Конг зочид буудлын баруун булан харанхуй хэсэг рүү дагуулаад орсон. Тэгээд би очоод хартал Адъяа тэр залууг шууд гэдэс рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж эхэлсэн. Тэр үед машинд сууж байсан Баярсайхан хүрч ирээд нөгөө залууг хөлөөрөө өшиглөсөн. Би тэр Адъяа, Баярсайхан хоёрыг тэр залууг зодож байхыг нь харсан. Би яг юу болоод байгааг сайн ойлгоогүй, гайхаад зогсож байсан. Адъяа, Баярсайхан хоёрт хандаж юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ,  болиоч гэж хэлээд машин руу явсан. Тэр үед жолооч залуу хүрч ирж харснаа буцаад машиндаа ирж суусан. Тэгээд жолооч залуу машин дотор энэ хоёр яг дээрэм хийчихлээ, би ийм юманд оролцмооргүй байна, би ийм зүйл болно гэж мэдээгүй, Адъяа намайг зүгээр өнөөдөр машинтайгаа хамт яваад өгөөч гэж гуйсан гэж хэлсэн. Тэгэхээр би тэр жолооч залууд би ч гэсэн мэдээгүй гэж хэлсэн. Удалгүй Адъяа, Баярсайхан хоёр машинд ороод ирсэн. Тэр үед жолооч залуу бид хоёр уурлаад та нар хүн дээрэмдээд байгаа юм уу яагаад байгаа юм бэ, ингэж болохгүй шдээ, хэрвээ юмыг нь авсан бол буцаагаад өг гэж хэлсэн. Тэр үед Адъяа, Баярсайхан хоёр өөдөөс яав л гэж гээд уурлангуутаа намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр үед Баярсайхан Адъяагаас чи мөнгө төгрөг илүү авчихаагүй биз, хэдэн төгрөг байсан юм гэж асууж байсан бөгөөд хариуд нь Адъяа Баярсайханд хандаж тэр түрийвчинд нь 70.000 төгрөг, бичиг баримт л байсан, би бичиг баримтыг нь түрүүвчтэй нь тэнд шидсэн, мөнгийг нь авсан гэж хэлж байсан. Харин Баярсайхан тэр залуугийн мэдрэгчтэй хар өнгийн гар утсыг нь авчихсан байсан. Жолооч залуу гар утсыг хараад Баярсайханд гар утсыг нь битгий унтраа, одоо залгах байх, тэгэхээр нь очоод уучлалт гуйгаад юмнуудыг нь буцаад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь Баярсайхан тэр гар утасны симийг аваад хаянгуутаа гар утсыг Баярсайхан аваад халаасандаа хийсэн. Тэр үед би уурлаад би ийм зүйлд орооцолдмооргүй байна, мөрөөрөө зүгээр явмаар байна гэж хэлсэн. Тэгээд явж байгаад 13-р хорооллын автобусны буудал дээр зогссон бөгөөд би тэгээд машинаас буугаад гэр рүүгээ явсан. Тэрнээс хойш Адъяа, Баярсайхан хоёртой уулзаагүй. ...жолооч залуу энэ хэрэгт хамаагүй. Харин ч боль энэ тэр гээд хэлж байсан. Машинд Адъяа, Баярсайхан хоёр орж ирээд түрийвчнээс нь 70,000 төгрөг болон хар өнгийн мэдрэгчтэй гар утсыг нь авчихлаа гэж байсан. Түрийвчнээс мөнгийг Адъяа авсан, харин гар утсыг Баярсайхан авсан гэж байсан тэр хоёрын яриагаар...” гэх мэдүүлэг[2],

 

Мөрдөн байцаалтад гэрч Ю.Бадамхорлоогийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “Манай хүү Батзаяа тэр өдөр гэртээ шөнийн 03 цагийн орчим орж ирсэн. Ээжээ би ...Саппорогийн автобусны орчим хэдэн хүмүүст дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Нүүр нь хавдсан, нүд тагларсан, хөмсөг нь язарчихсан байдалтай хүрч ирсэн. Тэгээд хэд хоног гэрээсээ гараагүй, гэрээр эмчилгээ хийж эмчлүүлсэн. Тэгээд маргааш нь цагдаад очиж мэдэгдэнэ гэж утсаар ярьсан. ...Хүйтэн жин энэ тэр тавьж байж зүгээр болсон...” гэх мэдүүлэг [3],

 

Мөрдөн байцаалтад М.Тамираагийн сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, яллагдагчаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “2015 оны 9 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед ...15-12 АРА улсын дугаартай Ниссан Тида маркийн саарал өнгийн суудлын автомашинтай таксинд явж байтал Адъяа хоч нь Шрек гэх миний танил залуу над руу залгаад Баянхошууны тойрог дээр байна ирээд авчих гэж утсаар ярьсан. ...Тэгээд бид хоёр Өргөө кино театрын ард байх Баярсайханы амьдардаг нийтийн байранд очсон. ...Багшийн дээд дээр очоод Адъяа нэг шар үстэй хүүхнийг дагуулж ирсэн бөгөөд тэр хүүхнийг Маралаа /Солонго/ гэж байсан. ...Тэгээд бид 4 Саппорогийн автобусны буудал дээр очоод машинаас Адъяа, Баярсайхан 2 буугаад машинаа Хаан банкны зогсоол дээр тавиад хүлээж бай, би энд хүнтэй уулзаадахъя гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би нөгөө Маралаа /Солонго/ гэх хүүхэнтэй машинд сууж байсан. Тэгээд 20-иод минутын дараа Адъяа, Баярсайхан хоёр нэг намхан нуруутай залууг дагуулж ирсэн. Тэгснээ Адъяа дагуулж ирсэн залуутай тэр хавиар юм яриад яваад байсан. Харин Баярсайхан машинд суусан. Тэгээд хэсэг хугацааны дараа Адъяа нөгөө хүүхнийг дуудаад аваад явсан. Тэгээд Адъяа нөгөө залуу Маралаа /Солонго/ гэх хүүхэн гурав Хон-Конг зочид буудлын тэр хавиар явж байснаа харагдахаа больсон. Тэр үед машинаас Баярсайхан буугаад тэр гурвын араас яваад өгсөн. Тэгээд удаад байхаар нь би машинаасаа буугаад тэд нар дээр очих гээд явж байтал урдаас Маралаа /Солонго/ гээд хүүхэн нь ирснээ Адъяа, Баярсайхан хоёр тэнд хүнтэй зодолдоод байна чи очоод салга, юу болоод байгаа юм бол гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хон-Гонк зочид буудлын баруун үзүүрийн булан тойроод очтол Адъяа, Баярсайхан хоёр нөгөө намхан нуруутай залуутай зодолдоогүй байсан. Нөгөө залуу газар доош суусан байдалтай, харин тэр хоёр зүгээр зогсож байсан. Баярсайхан тэр залуугийн цээжин хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. Тэгэхээр нь би явлаа гэж Адъяа, Баярсайхан хоёрт хэлээд машин руугаа буцаж очиж суусан. Тэгэхэд Адъяа хүлээж байгаарай гээд ардаас орилж байсан. Тэгээд би машиндаа очиж суугаад Маралаа /Солонго/ гэх хүүхэнтэй энэ 2 хүн дээрэмдсэн юм шиг байна, би хамаагүй шүү, ийм юм болно гэж бодоогүй гэж хэлсэн чинь нөгөө хүүхэн ч гэсэн бас тиймэрхүү юм ярьж байсан. Тэгээд явах гэтэл Адъяа, Баярсайхан хоёр машинд ороод ирсэн. Тэгээд би тэр хоёрт уурлаад юу болсон талаар асуухад тэр хоёр зүгээрээ, яагаачгүй гэж хэлээд Багшийн дээд явъя гэж хэлсэн. Машинд орж ирэхдээ Адъяа ямар ч байсан 70,000 төгрөг байна гэж хэлж байсан. ...Маралаа /Солонго/, Баярсайхан, Адъяа гурав хоорондоо маргалдаад байсан. ...13 дугаар хорооллын автобусны буудал дээр Маралаа /Солонго/ буугаад яваад өгсөн. Адъяа тэр хүүхэнд мөнгө өгөх шиг болсон. ...Энэ явдал болсны дараа машин дотор Адъяа 70,000 төгрөг байна гэж хэлж байсан. Харин Баярсайхан машинаас буухдаа хар өнгийн гар утас халаасандаа хийж байсан...” гэх мэдүүлэг [4],

 

Мөрдөн байцаалтад П.Адъяагийн 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн орчим би Баярсайхан гэх найзтайгаа, мөн биеэ үнэлдэг Маралаа гэх хүүхэн, хуурай дүү Тамираа нартай Саппорогийн автобусны буудлын ард байж байтал Шар бацаан над дээр хүрч ирээд клиент олоод өгөх үү ахаа гэсэн. Нэрийг нь мэдэхгүй Шар бацаан гэж хочилдог. Клиент гэдэг нь хүүхэн авах гэсэн хүмүүс байдаг юм. Тэр үед Шар бацаан таньд хүүхэн байна уу, дүү нь хүн олчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би надад нэг хүүхэн байна гээд Шар бацаан бас нөгөө хүүхэн авах гэсэн хүнээ дагуулаад явж байтал тэр залуу хүүхэн хэдэн төгрөг байдаг юм бэ гэж асуухаар нь би 150,000 төгрөг гэж хэлсэн. Тэр залуу ахаа надад далан мянган төгрөг байна гэхээр нь би нөгөө хүүхнээсээ асуугаадахъя гээд Маралаа гэдэг хүүхэн рүү ярьсан. Би Маралаатай яриад утсаар хоорондоо тохиролцсон. Тэгээд хохирогч залуу АТМ-с мөнгө авъя бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би тэр залууг Шар бацаантай цуг дагуулаад “Саппоро”-гийн автобусны буудлаас зүүн тийш байрлах “Хаан” банкны АТМ орохоор явсан. Тэгэхэд Баярсайхан, Тамираа, Маралаа нар Хаан банкны хажуу талд байрлах Хонгконг гэх нэртэй зочид буудлын авто зогсоолд машинтай хүлээж байсан. Машин нь Тамираагийн Ниссан Тида 15-12 АРХ гэсэн улсын дугаартай саарал өнгийн машин. Тэр залуу АТМ-с 70,000 төгрөг аваад гарч ирсэн. Тэгээд тэр залуу бид 2 ойр хавиар буудал хайгаад явж байтал Хонгконг зочид буудлын зүүн талаас Тамираа, баруун талаас нь Баярсайхан нар гарч ирсэн. Тэр 2 ирээд Баярсайхан эхлээд цохисон, харин би нэг алгадсан, Тамираа хажуу талаас орж ирсэн байсан, цохисон цохиогүйг нь би мэдэхгүй байна. Тэгээд бид гурав түрүүвчинд байсан 70,000 төгрөг, мөн гар утсыг нь дээрэмдсэн. Тэгээд бид дөрөв Тамираагийн машинтай тэндээс хөдлөөд Баянзүрх захын хажууд байрлах “Жюли” гэх нэртэй архи зардаг дэлгүүр дээр ирсэн. Тэнд зогсоод  бид дөрөв “Хаан” банкны АТМ-н камерт бичигдсэн, одоо угаасаа цагдаад баригдана гэж маргалдсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад би Баярсайханаас 20,000 төгрөг аваад дэлгүүр орж “Улаанбаатар” гэх нэртэй 0,5 литрийн архи аваад хажуу талын байрны орцонд ороод ганцаараа уусан. Намайг гарч ирэхэд Маралаад 20,000 төгрөг өгөөд явуулсан байсан. Тэгээд тэндээсээ бид гурав хороолол орсон. Хороолол ороод Энхбаярын замаар дээшээ өгсөөд буудлын хажуу талд зогсоод Баярсайхан Тамираатай маргалдаад, би Баярсайхантай барьцалдаж аваад машинаас буугаад байж байтал Тамираа машинтайгаа яваад өгсөн. Тэгэхэд Баярсайхан надад машинд нөгөө гар утас, 30,000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Тэгээд тэндээсээ Баярсайхан бид хоёр салаад явсан. Анх дээрэмдэнэ гэж бодоогүй, зүгээр Маралааг зуучилж өгчихөөд хэдэн төгрөг аваад явъя гэсэн санаатай байсан. Харин тэр залуу утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд дараа нь цохиод, мөнгийг нь дээрэмдсэн...” гэх мэдүүлэг [5],

-мөн түүний яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 03 цагаас 04 цаг 30 минутын орчимд Баярсайхан, Тамираа гэдэг 2 найзын хамт явж байсан. Орой 23 цагийн үед Тамираа над руу залгаад машин бариад өгөөч гэж ярьсан. Тэгээд би зөвшөөрөөд Тамираатай баруун салааны тойрог дээр уулзсан. Намайг очиход Тамираа, Баярсайхан 2 хамт байсан. Би машин бариад явах юм байх гэж бодсон. Харин тэгтэл Тамираа өөрөө машинаа бариад явсан. Би Баярсайхантай хойд талын суудалд суугаад 3, 4 хороолол, дараа нь 13 хороолол орчихоод “Саппоро” руу явах замдаа Хөдөө аж ахуйн автобусны буудлын дэлгүүрээс Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи авсан. Тэгээд авсан архиа Саппоро дээр машин дотор хувааж уусан. Ууж дуусаад байж байтал Баярсайхан, Тамираа хоёр  надад хандаж “Саппоро”-гийн автобусны буудлаас “Хаан” банкны АТМ рүү явж байсан залууг заагаад тэр залууг дагаад АТМ рүү явчих гэсэн. Би хэлсэнээр нь тэр залууг дагаж АТМ рүү ороход тэр залуу АТМ-с мөнгө аваад гарсан. Би араас нь гарахад Баярсайхан наад залуугаа бариад ав гэхээр нь би очоод тэр залууг бариад авсан. Тэгсэн Баярсайхан хажуунаас ирээд хохирогч залуугийн нүүр рүү гараараа цохиход, хохирогч май мөнгө ав гэсэн. Тэгэхээр нь би хохирогч залууг тавиад машин руу явсан. Тэгээд машинд орж 5-10 минут орчим болоход Баярсайхан, Тамираа 2 машинд суусан.  Орж ирэхдээ Баярсайхан мөнгийг нь авчихлаа, Тамираа гар утсыг нь авчихлаа гэсэн. Тэгээд машинтайгаа хөдлөөд 3, 4 хороолол руу явсан...” гэх мэдүүлэг [6],

 

Мөрдөн байцаалтад Д.Баярсайханы 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би гэртээ байж байхад манай найз Адъяа гэрт ирээд хоёуулаа хамт ийшээ юманд явчихаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд гэрээс хамт гарсан. Гэрийн гадаа саарал өнгийн машинтай залуу зогсож байсан. Тэгээд бид гурав манайхаас оройны 22 цагийн орчим машинтай багшийн дээд рүү явсан. Тэгээд багшийн дээд дээр очоод Адьяа та хоёр хүлээж байгаарай гэж хэлээд явсан. Би тэр жолооч залууг сайн танихгүй, өмнө нь нэг удаа таарч байсан. Тэгээд Адьяа нэг хүүхэнтэй хамт хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв машинтай Саппорогийн автобусны буудлын хойно байрлах Хонгконг зочид буудал руу явсан. Тэгээд Хонгконг зочид буудлын  авто машины зогсоол дээр ирээд Адьяа нөгөө хүүхэнтэй буугаад нэг намхан залуутай уулзаад зогсоод байсан. Тэгээд удалгүй жолооч залуу явлаа гэхээр нь би машинаас нь буугаад Адьяа дээр очсон. Миний ардаас жолооч залуу явган хүрч ирээд явлаа гэхэд нөгөө хүүхэн хамт явъя гээд дагаад яваад өгсөн. Тэгтэл Адьяа түр хүлээж байгаарай гэж хэлээд, нөгөө намхан залуугийн араас гараараа боосон. Тэгсэн чинь тэр залуу та 2 намайг дээрэмдэх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм гэж орилоод халааснаасаа түрүүвчээ гаргаад шидсэн. Тэр түрүүвчийг нь Адьяа аваад 70,000 төгрөг байна гээд авсан. Тэр үед нөгөө хохирогч залуу гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд өөрийнхөө гар утсыг харанхуй булан руу шидсэн. Тэгэхээр нь би тэр гар усыг нь очоод авсан. Тэгээд Адьяа тэр залууг толгойгоороо нэг мөргөөд тавьсан. Тэгэд бид 2 зам руу алхаж байсан чинь нөгөө жолооч залуу хүүхэнтэй зогсож байсан. Тэгээд бид 2 машинд суугаад багшийн дээд буцаж очоод нөгөө хүүхнийг буулгасан. Тэгэд Адъяа жолооч залуу бид 3 манай гэр рүү явсан...” гэх мэдүүлэг [7],

мөн түүний 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...2015 оны 09 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн орчим би гэртээ байж байхад манай найз Адъяа утсаар яриад гараад ир хоёулаа гадуур явъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй Адъяа зүс үл таних 1 залуугийн хамт манай гэрийн гадаа саарал өнгийн жижиг суудлын авто машинтай ирсэн. Тэгээд бид 3 багшийн дээд рүү явсан. Тэнд Адьяа машинаас буугаад хүлээж байгаарай гээд явсан. Тэгээд 20 орчим минутын дараа буцаж ирэхдээ 1 хүүхэнтэй хамт ирсэн. Тэгээд Адъяа машин дотор 0.33 литрийн Стандарт гэх архийг ганцаараа уусан. Надаас архи уухуу гэж асуухаар нь уухгүй гэж хэлсэн. Тэгээд бид 4 машинтай Саппорогийн автобусны буудлын хойно байх Хонгконг зочид буудлын урд талын авто машины зогсоол дээр ирж зогссон. Тэгтэл Адъяа хүлээж байгаарай гэж хэлээд Саппорогийн автобусны буудлын зүг рүү яваад өгсөн ба жолооч залуу, нөгөө хүүхэн бид 3  машинд үлдсэн. Хэсэг хугацааны дараа Адъяа 1 намхан залуутай хамт хүрч ирсэн. Тэгээд нөгөө хүүхэнийг дуудаад тэр 3 Хонгконг зочид буудлын зүүн талын булан тойроод яваад өгсөн. Тэгээд байж байтал жолооч залуу би явлаа гэж хэлээд намайг буулгаад явсан. Би Адъяа болон нөгөө хүүхний араас очтол тэр 2 нэг намхан залуутай хамт зогсож байсан. Тэгж байтал араас жолооч залуу явган хүрч ирээд явлаа гэхэд нөгөө хүүхэн тэр үед жолоочтой хамт яваад өгсөн. Тэгээд би Адъяа руу дөхөж очиход нөгөө намхан залуу та 2 намайг яах гээд байгаа юм, дээрэмдэх гээд байгаа юм уу гэж хэлэхэд Адъяа куртикных нь захнаас барьж авангуутаа татаад 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл тэр залуу өөрөө түрүүвчээ гаргаад газар шидсэн ба тэр нь Адъяа аваад дотроос нь 70,000 төгрөг байна гээд авсан. Тэр намхан залуу гар утсаараа бичлэг хийгээд, зураг аваад байх шиг байсан. Тэгэхээр нь Адъяа наадах чинь зураг аваад, бичлэг хийсэн гэж хэлээд эргэж хараад нөгөө залуу руу яаж байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гар утсаа төмөр хашааны харанхуй мухар руу шидсэн. Тэгэхээр нь би утсыг нь авсан. Тэгээд Адъяа бид хоёр буцаад зам руу алхаж байсан чинь нөгөө жолооч залуу хүлээж байсан. Тэгээд бид хоёр машинд суугаад багшийн дээд буцаж очоод нөгөө хүүхнийг буулгасан...” [8] гэх мэдүүлэг,

-Эд зүйлийн үнэлгээ [9],

-Шүүгдэгч П.Адъяагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [10],

-Шүүгдэгч Д.Баярсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [11],

-Шүүгдэгч П.Адъяагийн ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд [12],

-Шүүгдэгч Д.Баярсайханы ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд [13],

-Шүүгдэгч П.Адъяагийн хувийн байдалтай холбоотой баримтууд [14],

-Шүүгдэгч Д.Баярсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд [15] болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх дээрх хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нар нь ялтай байх хугацаандаа, бүлэглэн 2015 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро”-гийн автобусны буудлын хойно иргэн Н.Батзаяагийн эд хөрөнгийг авах зорилгоор П.Адъяа нь хохирогчийн хоолойг гараараа боох, Д.Баярсайхан нь хохирогчийн шанаан тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж,

 -100,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-1” маркийн гар утас,

-50,000 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх,

-50,000 төгрөгийн үнэ бүхий жолооны үнэмлэх,

-Худалдаа хөгжлийн банкны виза карт,

-Бэлэн 70 000 төгрөг зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, бусдад нийт 270 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Н.Батзаяагийн мөрдөн байцаалтад 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2015 оны 9 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 03 цагийн орчим би “Саппоро”-гийн автобусны буудлын баруун доод хэсэгт байрлах “Хаан” банкны АТМ-с мөнгө авах зорилготой явж байсан. Тэнд саарал өнгийн 15-12 АРХ гэсэн улсын дугаартай суудлын авто машин зогсож байсан. Тэндээс ойролцоогоор 180-190 см өндөртэй нэг залуу бууж ирсэн. ...АТМ-с 70,000 төгрөг аваад гарсан. АТМ-с мөнгөө аваад баруун гар тийшээ Цамбагарав тал руугаа эргээд явж байтал миний араас нөгөө өндөр залуу хөөе гэж дуудаад шууд ирээд миний хүзүүг гараараа боосон. Тэр өндөр залуу цаашаа хараад хөөе гэж дахиад орилоход цаанаас 160-170 см өндөртэй нэг залуу хүрч ирээд миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэр намхан залуу нүд рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Харин нөгөө өндөр залуу нэг гараараа миний тэлээнээс барьж, нөгөө гараараа өмдний болон цамцны халаасыг ухаж байсан. Тэр өндөр залуу миний өмдний халааснаас түрийвч, цамцны халааснаас гар утас авсан, миний араас хоёр гурван удаа цохисон...Миний гар утас хар өнгийн “Галакси Эс-1” маркийн утас байсан. Түрийвчинд бэлэн 70,000 төгрөг болон цахим иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мөн Худалдаа хөгжлийн банкны цалингийн карт байсан. ...Тухайн үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан, дагз толгойн хэсэг энд тэндээ булдруу болсон...” гэсэн мэдүүлэг[16],

-гэрч Б.Солонгийн мөрдөн байцаалтад 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Би хүмүүст өөрийгөө танилцуулахдаа Маралаа гэж танилцуулдаг юм. ...2015 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 00 цагийн орчим ...харих гээд явж байтал Адъяа гэх зүс мэдэх залуутай таарсан. Адъяа тэр үед намайг машинд суучих гэж хэлсэн. ...Намайг суутал Адъяа, Баярсайхан гэх зүс таних залуу, тэгээд жолооч залуу сууцгааж байсан. Адъяа “Саппоро” руу явъя гээд “Саппоро”-гийн автобусны буудал дээр ирж зогссон. Тэр үед Адъяа, Баярсайхан хоёр машинаас буугаад яваад өгсөн. 20 минут орчим болоод Адъяа, Баярсайхан хоёр дунд зэргийн нуруутай нэг залуутай хамт ирсэн. Адъяа нөгөө залууг ...Хонг-Конг зочид буудлын баруун булан харанхуй хэсэг рүү дагуулаад орсон. Тэгээд би очоод хартал Адъяа тэр залууг шууд гэдэс рүү нь гараараа хэд, хэдэн удаа цохиж эхэлсэн. Тэр үед машинд сууж байсан Баярсайхан хүрч ирээд нөгөө залууг хөлөөрөө өшиглөсөн. Би тэр Адъяа, Баярсайхан хоёрыг тэр залууг зодож байхыг нь харсан. ...Машинд Адъяа, Баярсайхан хоёр орж ирээд түрийвчнээс нь 70,000 төгрөг болон хар өнгийн мэдрэгчтэй гар утсыг нь авчихлаа гэж байсан. Түрийвчнээс мөнгийг Адъяа авсан, харин гар утсыг Баярсайхан авсан гэж байсан тэр хоёрын яриагаар...” [17] гэсэн мэдүүлэг,

-гэрч Ю.Бадамхорлоогийн мөрдөн байцаалтад 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “Манай хүү Батзаяа тэр өдөр гэртээ шөнийн 03 цагийн орчим орж ирсэн. Ээжээ би ...Саппорогийн автобусны орчим хэдэн хүмүүст дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Нүүр нь хавдсан, нүд тагларсан, хөмсөг нь язарчихсан байдалтай хүрч ирсэн...” гэсэн  мэдүүлэг[18],

-М.Тамираагийн мөрдөн байцаалтад сэжигтнээр 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, яллагдагчаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: ...Баярсайхан тэр залуугийн цээжин хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөж байсан. Тэгэхээр нь би явлаа гэж Адъяа, Баярсайхан хоёрт хэлээд машин руугаа буцаж очиж суусан. ...Машинд орж ирэхдээ Адъяа ямар ч байсан 70,000 төгрөг байна гэж хэлж байсан. ...Харин Баярсайхан машинаас буухдаа хар өнгийн гар утас халаасандаа хийж байсан...” [19] гэсэн мэдүүлэг,

-шүүгдэгч П.Адъяагийн мөрдөн байцаалтад 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэр залуу АТМ-с 70,000 төгрөг аваад гарч ирсэн. Баярсайхан эхлээд цохисон, харин би нэг алгадсан. Түрүүвчинд байсан 70,000 төгрөг, мөн гар утсыг нь дээрэмдсэн.  Тэр залуу утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд дараа нь мөнгөө өгнө гэхээр нь цохиод, мөнгийг нь дээрэмдсэн...” гэсэн мэдүүлэг [20],

-мөн түүний яллагдагчаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр залууг дагаж АТМ рүү ороход тэр залуу АТМ-с мөнгө аваад гарсан. Би араас нь гарахад Баярсайхан наад залуугаа бариад ав гэхээр нь би очоод тэр залууг бариад авсан. Тэгсэн Баярсайхан хажуунаас ирээд хохирогч залуугийн нүүр рүү гараараа цохисон. ...” [21] гэсэн мэдүүлэг,

-Д.Баярсайханы мөрдөн байцаалтад 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Адъяа нэг намхан залуутай уулзаад зогсоод байсан. Би машинаас нь буугаад Адъяа дээр очсон. Тэгтэл Адъяа түр хүлээж байгаарай гэж хэлээд, нөгөө намхан залуугийн араас гараараа боосон. Тэгсэн чинь тэр залуу та 2 намайг дээрэмдэх гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм гэж орилоод халааснаасаа түрүүвчээ гаргаад шидсэн. Тэр түрүүвчийг нь Адъяа аваад 70,000 төгрөг байна гээд авсан. Тэр үед нөгөө хохирогч залуу гар утсаараа бичлэг хийсэн. Тэгээд өөрийнхөө гар утсыг харанхуй булан руу шидсэн. Тэгэхээр нь би тэр гар усыг нь очоод авсан. Тэгээд Адъяа тэр залууг толгойгоороо нэг мөргөөд тавьсан...” гэсэн мэдүүлэг [22],

-мөн түүний 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Нөгөө намхан залуу та 2 намайг яах гээд байгаа юм, дээрэмдэх гээд байгаа юм уу гэж хэлэхэд Адъяа куртикных нь захнаас барьж авангуутаа татаад 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл тэр залуу өөрөө түрүүвчээ гаргаад газар шидсэн. Тэрийг Адъяа аваад дотроос нь 70,000 төгрөг байна гээд авсан. Тэр намхан залуу гар утсаараа бичлэг хийгээд, зураг аваад байх шиг байсан. Тэгэхээр нь Адъяа наадах чинь зураг аваад, бичлэг хийсэн гэж хэлээд эргэж хараад нөгөө залуу руу яаж байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу гар утсаа төмөр хашааны харанхуй мухар руу шидсэн. Тэгэхээр нь би утсыг нь авсан...” [23] гэсэн мэдүүлэг,

-Эд зүйлийн үнэлгээ [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Баярсайхан, П.Адъяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нарыг хохирогч Н.Батзаяагийн 20,535 төгрөгийн үлдэгдэл бүхий Худалдаа хөгжлийн банкны картыг дээрэмдсэн гэж, уг мөнгийг хохирлын тооцоонд оруулсныг  шүүх Худалдаа хөгжлийн банкны виза картыг дээрэмдсэн гэж зөвтгөсөн. Эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос Худалдаа хөгжлийн банкны картыг үнэлээгүй, нөгөө талаас хэдийгээр шүүгдэгч нар нь хохирогч Н.Батзаяагийн банкны виза картыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч карт буюу дансан дахь 20.535 төгрөгийг захиран зарцуулах эрхгүй, өмчлөлдөө аваагүй байх тул уг карт буюу дансан дах биет мөнгийг шууд дээрэмдсэн гэж үзэхгүй болно.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Батзаяагийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх ба эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос хохирогчийн гар утсыг 100,000 төгрөгөөр, цахим үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг 100,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Харин худалдаа хөгжлийн банкны картыг үнэлээгүй байна. Үүн дээр хохирогчийн бэлэн 70,000 төгрөг нэмэгдэх ба эдгээрийн нийт дүн нь 270,000 төгрөг болж байна. Үүнээс шүүгдэгч П.Адъяа нь 120,000 төгрөг, шүүгдэгч Д.Баярсайхан нь 80,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг хохирогчид нөхөн төлжээ. Хохирогч Н.Батзаяа нь бэлэн 70,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны картыг шинээр авахад зарцуулсан 4,000 төгрөг зэргийг нэхэмжлэхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Баярсайхан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан Д.Баярсайханы ялгүйд тооцогдох хугацаа 2022 оны 10 дугаар сарын 10-нд дуусахаар байна.

Шүүгдэгч П.Адъяа нь урьд 3 удаа ял шийтгэгдсэн байх ба хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.6, 103 дугаар зүйлийн 103.2, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.5-т зааснаар 7 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 09 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дахь хэсэгт зааснаар П.Адъяагийн ялгүйд тооцогдох хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 26-нд дуусахаар байна.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлын талаар” заасан ба уг зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1-д дараах хүнийг өршөөлд хамруулахгүй гэж;

-9.1.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2, 126 дугаар зүйлийн 126.2, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарахгүй гэж заажээ.

Иймд шүүгдэгч П.Адъяагийн 2007 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 126 дугаар зүйлийн 126.2.5-т заасан гэмт хэргийн,

шүүгдэгч Д.Баярсайханы 2007 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тус тус ялтай байдал дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байх тул тэднийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан  нар нь урьд хорих ял эдэлж байсан, мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэстэй байна.

Шүүгдэгч П.Адъяагийн 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл тус тус цагдан цагдан хоригдсон 147 хоног, шүүгдэгч Д.Баярсайханы 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 205 хоногийг тус бүр тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Баярсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд түүний ургийн овгийг “Гүн” гэж бичиж лавлагаа гаргуулсан байх боловч уг ял шалгах хуудсанд регистрийн дугаар нь РЙ78071018 гэж тэмдэглэгдсэн ба, уг регистрийн дугаар нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаанд бүртгэгдсэн регистрийн дугаартай тохирч байх тул ял шалгах хуудасны лавлагааг дахин гаргуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Пүрэвдоржийн Адъяа, Боржигон овогт Дашцэрэнгийн Баярсайхан нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Адъяаг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял,

   -Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярсайханыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Адъяагийн цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/ хоног, шүүгдэгч Д.Баярсайханы цагдан хоригдсон 205 /хоёр зуун тав/ хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нар нь хохирогч Н.Батзаяад төлөх төлбөргүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Адъяа, Д.Баярсайхан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай. 

 

  7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Адъяа, Д.Баярсайхан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

                           ШҮҮГЧИД                                                       Г.ГАНБААТАР

 

                                                                                                   И.ГАНБАТ

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7, 129-130 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 152-153 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 139-141 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 75-78,  90-93,  дугаар тал.

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 95-98 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 107-123 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 68, 102-103, 136-137 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7, 129-130 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 13-14, 152-153 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 139-141 дүгээр тал.

[23] 1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дугаар тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал.