| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 105/2016/0354/э |
| Дугаар | 284 |
| Огноо | 2017-04-27 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 284
Д.Энхжаргалд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
хохирогч Г.Батсайхан, Д.Батцэцэг,
хохирогч Г.Болортуяа, Ч.Базардагий, Г.Баярсайхан, Г.Батсайхан, М.Одсүрэн, Ч.Очирбат нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг,
хохирогч Д.Нэргүй, Д.Энхтуул нарын өмгөөлөгч Т.Булган,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Хүрэлсүхийн өмгөөлөгч Б.Гантөмөр,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2014250000497 дугаартай Д.Энхжаргалд холбогдох хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сартуул овогт Дашзэвэгийн Энхжаргал, 1977 оны 6 дугаар сарын 4-нд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гео физикч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, /РД: ТЛ77060469/;
Д.Энхжаргал нь давтан үйлдлээр 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд байрлах "Өндөр Буянт" ХХК-ийн барьсан “Юу Би” таун хотхоны 37, 38 дугаар байрнаас зарагдаагүй үлдсэн 11 ширхэг байрыг түрээслэн авч, улмаар уг байрнуудыг өөрийнх гэж бусдад итгүүлэн нэр бүхий 11 иргэнд зарж борлуулан шунахайн сэдэлтээр итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэж Г.Батсайханд 135,750,000 төгрөг, Л.Энхтуулд 44,000,000 төгрөг, Ч.Базардагийд 53,132,000 төгрөг, Г.Болортуяад 60,500,000 төгрөг, М.Одсүрэнд 70,000,000 төгрөг, Д.Батцэцэгт 27,700,000 төгрөг, Д.Нэргүйд 56,000,000 төгрөг, Ч.Очирбатад 50,500,000 төгрөг, С.Өлзийсайханд 20,000,000 төгрөг, Г.Баярсайханд 36,000,000 төгрөг, А.Билгүүнд 26,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 579,582,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Д.Энхжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Энхжаргалд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай биш, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий үйл баримтууд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж мөрдөн байцаалтад хэргийг буцаахаар шийдвэрлэв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 357 дугаар магадлалд заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.
Тухайлбал мөрдөн байцаалтаар Д.Энхжаргалд ял сонсгохдоо нэр бүхий 11 хохирогчийн хэнд хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар нэг бүрчлэн заалгүйгээр “...11 хохирогчид онц их хэмжээний хохирол...” гэж нэгтгэн дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.3 дахь хэсэгт заасан “...яллагдагч ямар тодорхой хэргүүдэд буруутгагдаж байгаа, уг хэргийг хэзээ хаана үйлдсэн болон бусад ямар байдал тогтоогдсоныг бичнэ...” гэснийг зөрчсөн зөрчил байгааг давж заалдах шатны шүүхийн магадлалд заажээ.
Гэтэл үүнийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд огт зөвтгөлгүйгээр яллахаар дүгнэлт үйлдсэн нь байцаан шийтгэх ажиллагааны зөрчил болно.
Хэдийгээр прокурорын яллах дүгнэлтэд 11 хохирогчид учирсан хохирлыг хүн тус бүрээр зааглан бичсэн хэдий ч нэгэнт мөрдөн байцаалтаар яллаагүй үйлдэлд, сонсгосон ял нь мөрдөн байцаалтаар тогтоосон бүх гэмт хэргийг хамарч чадсан эсэхийг хяналгүйгээр буюу “...11 хохирогчид онц их хэмжээний хохирол..." гэж нэгтгэн дүгнэсэн зөрчлийг зөвтгөлгүйгээр өөрийн санаачлагаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоож яллахаар дүгнэлт үйлдсэн байна.
Дээрх зөрчлийн улмаас зарим хохирогч нарт учирсан бодит хохирол ойлгомжгүй байдлаар тогтоогджээ. Тухайлбал хохирогч Л.Энхтуул “...бэлэн 41,000,000 төгрөг өгсөн, мөн 4 ширхэг гар утас өгсөн. Нийт 44,000,000 төгрөг нэхэмжилнэ...” хэмээн мэдүүлжээ.
Эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоохын тулд зохих үнэлгээг хийлгэх, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээнд мөнгөний хүү бодогдсон эсэх зэргийг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаж тодруулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцох нь зүйтэй.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаагаар О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцна гэж үзэж иргэний хариуцагчаар татжээ.
Гэтэл дээрх иргэний хариуцагч нар нь гэмт хэргийн улмаас хэнд учирсан хэдэн төгрөгийн хохирлыг хариуцах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр хэргийн мөрдөн байцаалтыг явуулж “...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх, нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх, баримт сэлт хүсэлт гаргах...” зэрэг тэдний хуульд заасан эрхийг хязгаарласан атлаа шүүх хуралдааны үед 579,582,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцуулахаар дүгнэсэн нь зөрчилд тооцогдоно. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагч нь хэдэн төгрөгийн хохирол хариуцах эсэхээ мэдэж, энэ талаар тайлбар өгөх, баримт сэлт, хүсэлт гаргах зэргээр өөрийгөө хамгаалах, хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд бэлдэх боломжтой болж байгаа нь энэ эрхийн гол агуулга юм.
Хэрэв О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохино гэж үзэж байвал дээрх нөхцөл байдлыг тодруулж, тэдний хариуцвал зохих хохирлыг тогтоох нь зүйтэй. Энэ нь шүүхээс хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Мөн шүүх хуралдаанд хохирогч Ч.Базардагий “...“Юу Би Таун” хотхоны борлуулалтын албаны менежер Лут-Очир гэгчтэй байр худалдан авах гэрээ хийсэн...” гэж мэдүүлсэн болно.
Лут-Очир гэгч нь ямар шалтгааны улмаас хохирогчтой орон сууц худалдан авах гэрээ хийсэн, түүний үг, үйлдэл ямар байсан, тэрээр энэ хэрэгт хамааралтай эсэхийг тодруулах нь зүйтэй.
Үүнээс гадна хөндлөнгийн байр суурь бүхий шүүх дутуу хийгдсэн ажиллагаа
болон байцаан шийтгэх хуулийн зөрчлийг нэг бүрчлэн заагаагүй болохыг
тэмдэглэж байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан дутуу хийсэн ажиллагааг нөхөн хийж, байцаан шийтгэх хуулийн зөрчлийг зөвтгүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Энхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол Д.Энхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Д.Энхжаргалд ял сонсгохдоо, нэр бүхий 11 хохирогчийн хэнд нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар нэг бүрчлэн заалгүйгээр “11 хохирогчид онц их хэмжээний хохирол” гэж нэгтгэн дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.3 дахь хэсгийг зөрчсөн гэжээ.
Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.3 дахь хэсэгт “...яллагдагч нь Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйлд заасан гэмт хэрэгт яллагдаж байгаа бол яллагдагчаар татах тогтоолд яллагдагч ямар тодорхой хэргүүдэд яллагдаж байгааг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нэг бүрээр заана...” гэсэн байна. Гэтэл Д.Энхжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагч яллах дүгнэлт үйлдсэн тул дээрх заалтыг хүлээн авах боломжгүй юм.
2. Хэдийгээр прокурорын яллах дүгнэлтэд 11 хохирогчид учирсан хохирлыг хүн тус бүрээр зааглан бичсэн хэдий ч нэгэнт мөрдөн байцаалтаар яллаагүй үйлдэлд сонсгосон ял нь мөрдөн байцаалтаар тогтоосон бүх хэргийг хамарч чадсан эсэхийг хяналгүйгээр буюу 11 хохирогчид онц их хэмжээний хохирол” гэж нэгтгэн дүгнэсэн зөрчлийг зөвтгөлгүйгээр өөрийн санаачлагаар хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоож яллах дүгнэлт үйлдсэн гэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Д.Энхжаргалыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлд заасан хуулийн бүх шаардлагын дагуу яллагдагчаар татсан түүнийг мөрдөн байцаалтын шатанд “...нэр бүхий 11 тооны хохирогчид 579,582,000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар...” ял сонсгож яллагдагчаар татсан бөгөөд энэ зарчим яллах дүгнэлтэд өөрчлөгдсөн зүйлгүй зөвхөн 11 тооны хохирогчийг хүн тус бүрээр нь салгаж бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.
3. Зарим хохирогч нарт учирсан бодит хохирол ойлгомжгүй байдлаар тогтоосон. Тухайлбал хохирогч Л.Энхтуул “...бэлэн 41,000,000 төгрөг өгсөн, мөн 4 ширхэг гар утас өгсөн. Нийт 44,000,000 сая төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ. Эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр мөнгөний хүү бодогдсон эсэх зэргийг мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаж тодруулсны эцэст гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тооцох нь зүйтэй гэжээ.
Гэтэл хохирогч Л.Энхтуул мөрдөн байцаалтын шатанд “...би бэлэн 41,000,000 төгрөг бэлнээр өгсөн, 4 ширхэг гар утсыг 3,000,000 төгрөгөөр тохиролцож байрны мөнгөнд тооцож өгсөн...нийт 44,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүх хурал дээр Л.Энхтуул нь энэ талаараа дахин мэдүүлсэн, энэ хохирлыг яллагдагч Д.Энхжаргал нь хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн хохирлын талаар талууд маргаагүй байхад хөндлөнгийн байр суурьнаас хандах ёстой шүүх хэт нэг талд орж хийсвэр сэтгэлгээгээр “...мөнгөний хүү бодогдсон эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоолгох...” гэж буцаасан нь үндэслэлгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм.
4. Иргэний хариуцагч О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарыг иргэний хариуцагчаар татжээ. Гэтэл дээрх иргэний хариуцагч нар нь гэмт хэргийн улмаас хэнд учирсан хэдэн төгрөгийн хохирлыг хариуцах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд заасан эрхээр нь хангаагүй гэжээ.
Мөрдөн байцаалтын шатанд О.Төгсөө, Г.Хүрэлсүх нарыг иргэний нэхэмжлэгч, болон хариуцагчаар татсан бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийг сануулж, бүх эрхээр нь хангасан гэтэл О.Төгсөө, Г.Хүрэлсүх нар нь иргэний хариуцагчаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн талаар тайлбар өгөх, баримт сэлт, хүсэлт гаргаж өгөх, хэргийн материалтай хариуцагчийн хувьд танилцах зэрэг боломжийг гаргаж өгсөн тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5. Шүүх хуралдаанд хохирогч Ч.Базардагий “...“Юу Би Таун” хотхоны
борлуулалтын албаны менежер Лут-Очир гэгчтэй байр худалдан авах гэрээ
хийсэн...” гэж мэдүүлсэн болно. Лут-Очир гэгч нь ямар шалтгааны улмаас хохирогчтой орон сууц худалдан авах гэрээ хийсэн, түүний үг, үйлдэл ямар байсан, тэрээр энэ хэрэгт хамааралтай эсэхийг тодруулах нь зүйтэй гэжээ.
Энэ хэргийг урьд нь 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд Ч.Базардагийгийн дээрх мэдүүлгийн талаар дүгнэлт хийгээгүй байтал анхан шатны шүүх дээрх хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэгт дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь боломжтой гэж үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар зүйлийн 6-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Хохирогч Г.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрыг шалгуулах хүсэлтэй байна...” гэв.
Хохирогч Г.Болортуяа, Ч.Базардагий, Г.Баярсайхан, Г.Батсайхан, М.Одсүрэн, Ч.Очирбат нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий гарсан. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч Д.Нэргүй, Д.Энхтуул нарын өмгөөлөгч Т.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолыг зөвшөөрч байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Хүрэлсүхийн өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Д.Энхжаргалын бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан яллагдагчаар татах тогтоол үйлдэж Д.Энхжаргалд ял сонсгож, байцаалт авах, хохирогч нарт учирсан хохирлыг бодитойгоор тогтоолгох, иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдийг зөв тогтоож татах, Д.Энхжаргалын бусдыг залилсан үйлдэлд хамтран оролцогч байгаа эсэхийг шалгах зэрэг ажиллагаануудыг хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 104 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД О.ЧУЛУУНЦЭЦЭГ
Д.ОЧМАНДАХ