Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01150

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00666 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1191 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.О-д холбогдох,

Зуучлалын хөлс 42 478 070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн Ж.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бид өөрсдийн ажлын и-мэйл хаягаар Арабын Нэгдсэн Эмират Улсын /цаашид АНЭУ гэх/ Гадаад явдлын яамны ажилтан доктор Арзу Топалаас хүсэлт авсан. Тэрээр хүсэлтдээ АНЭУ нь удахгүй Элчин сайдын яамаа Монгол улсад нээх, мөн элчин сайдаа илгээх гэж байгаагаа дурдаад холбогдох элчин сайдын яамны байр болон элчин сайд нь амьдран суух түрээсийн үл хөдлөх хөрөнгө олж өгч зуучлахыг хүссэн юм. Иймд доктор Арзу Топалтай харилцан цахим шуудан бичиж, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл явуулж байсан ба сүүлийн цахим шуудандаа ноён Редаг танилцуулж, 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод ирэхэд нь түүнд санал болгож буй түрээслэх үл хөдлөх хөрөнгүүдээ үзүүлээрэй гэсэн. Ноён Редад 10 гаруй түрээсийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн өдрийн турш үзүүлсний дараагаар удахгүй элчин сайд ирнэ, зарах үл хөдлөх эд хөрөнгө бас сонирхож байна шүү гэсэн. Энэ үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их монгол гудамж, 506 тоотод хаягт бүртгэлтэй, 858 м.кв үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2206031381 дугаартай үл хөдлөх хөрөнгийг заруулахаар Ц.О- манай компанитай амаар тохиролцсон байсан ба зуучлалын хөлсөнд амины орон сууц нь зарагдвал нийт үнийн дүнгийн 2 хувь, хөлслүүлбэл 1 жилийн гэрээ 1 сарын төлбөртэй тэнцэх байдаг юм, гэхдээ 1-ээс дээш жил хөлслөх байх, бид нэг удаа л 1 сарын төлбөрт тэнцэх хэмжээний зуучлалын хөлс авна гэж тохиролцсон байсан.

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Реда нь Ц.О-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн найз нар болох Махмуд Эл Монейм нарын хамт ирж үзээд таалагдаж байна, бид байрны мэдээлэл болон үнийг Засгийн газартаа мэдээллэх хэрэгтэй байна гэснээр уулзалт өндөрлөсөн. Удалгүй тэрээр Элчин сайдыгаа дагуулж ирж хамт үзсэн болно. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Ц.О-, түүний эхнэр Ж.Ариунаа нартай өөрсдийнх нь ажлын байр болох Замын Цагдаагийн төв байрны баруун урд орших Цома оффис үйлчилгээний байрны 1 давхарт уулзаж, Ц.О-ээс амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газрын гэрчилгээний хуулбар, байрны план зургуудыг авч, гэрээнд гарын үсэг зурахыг хүсэхэд “бүх юм эцсийн шийд гарсан хойно зурмаар байна, одоо эрт байна, тэгээд ч ах нь хөлс мөнгөн дээр новшрох хүн биш, дүү нараа гол нь энэ ажлыг бүтээгээд байх. Ах нь итгэж байгаа шүү, Монгол залуучуудаа дэмжинэ” зэрэг үг хэлж өндөрлөсөн. Тэр өдөртөө АНЭУ-ын Элчин сайдын яамны ажилтан Редагийн хэлснээр түүний найз Махмуд Эл Монеймийн цахим шуудан хаяг руу Ц.О-ийн байрны 7 хуудас мэдээллийг скайнердан хүргүүлсэн. Мөн тэдний сонирхсон асуултад хариулсан Ц.О-, түүний эхнэр Ж.Ариунаа нарын хариултыг хоёр дахь цахим шуудангаар хүргүүлсэн. Тэд ч утсаар цахим шууданг авлаа, АНЭУ-ын Засгийн газраас удахгүй хариу ирнэ гэж хэлсэн. Энэ хугацаанд Ц.О-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахаар удаа дараа уулзахад бүх юм эцэслэгдэж баттай болтол гарын үсэг зурахгүй, санаа зоволтгүй хэмээн буцаасаар байсан. АНЭУ-ын Элчин сайдын яамны ажилтан Редагаас албан ёсны хариу гарсан эсэхийг асуухад “та нарын явуулсан мэдээллийг Засгийн газартаа явуулсан, энэ асуудлыг шийдэхэд цаг хугацаа орно, ямар нэгэн хариу ирвэл заавал та нарт мэдэгдэнэ” гэсэн ч чимээгүй болсон ба Ц.О-тэй холбогдоход ах нь элчин сайдтай нь шууд тохирсон. Элчин сайд нь “арабуудаас хэнийг ч оролцуулахгүй, намайг нэг ч Монгол хүн битгий оролцуул” гээд “үнээ тохиръё” гэсэн, тэгээд би үнээ буулгаад нэг сарын 24 000 000 төгрөгөөр тохиролцож, тэдэнд хөлслүүлж суулгахаар болсон тул та нарт мөнгө өгөх боломжгүй гэсэн.

Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд түрээсийн төлбөр 1 сарын 17 000 ам.доллар байна гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 17 000 ам.доллар гаргуулахаар нэмэгдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог төгрөгөөр хийх тул уг валютыг төгрөгт шилжүүлбэл 42 478 070 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгийг Ц.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны сүүлээр яригдаж буй объект дээр миний бие өөрөө заслын ажлаа хариуцаад байж байсан. Тэгэхэд би гадаа гараад харж байхад эргэн тойрон 2-3 жийп машин явж байсан буюу гадаадын хүмүүс байр үзээд явж байсан. Би ороод Ц.О-д хэлсэн бөгөөд Ц.О- өөрөө гарч уулзаад тэдгээр хүмүүс Ц.О-ийн утасны дугаарыг нь авч үлдсэн. Дараа нь өөртэй нь холбогдоод уг байрыг ирж өөрсдөө үзээд явсан. Нилээн хэсэг хугацааны дараа Ц.О-ийг дахин дуудаж, та байраа зарах уу, хөлслөх үү гэж өөрөөс нь асуусан байдаг. Эхний ээлжинд Ц.О- зарна гэж байсан. Тэгээд сүүлдээ дахин түрээсийн үнэд тохиролцоод түрээслэхээр болсон. “Б” ХХК-иар зуучлуулаагүй, эд нараас ямар ч туслалцаа аваагүй бөгөөд ямар ч гэрээ хийгдээгүй. Хэрвээ энэ компани зуучилсан юм бол гэрээнийхээ үнийн дүнг ч мэддэггүй. Тэгээд дараа нь түрээсийн гэрээ гаргахад нэхэмжилж буй үнийн дүнгээ нэмсэн.

“Б” ХХК-ийн ажилтан, одоо гэрчээр орж ирэх гэж байгаа С.Энхтөрийг өмнө нь харж байсан, Ц.О-ийн өмчлөлд байсан 300 м.кв байрыг түрээслэх гээд Монгол-Францын соёлын төвийнхөн ирж үзээд үнэ хөлсөө тохиролцож байхад тэр гадаадын хүмүүс дээр очиж 12 000 000 төгрөг өгсөн тохиолдолд энэ компанийн хөрөнгийг та нарт хямдхан авч өгнө гэсэн байсан. Энэ бүгдээс харахад энэ компани ямар ч гэрээ, контракт хийхгүй, хууль бус үйлдэл хийсэн байдаг. Бидний зүгээс гэрээ байгуулаагүй, ямар ч баримтад гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч компанийн залуучууд ганц хоёр удаа уулзаад зарах хөрөнгө байна уу гэж асуухад нь байраа түрээслэсэн гэсэн үгийг өлгөж аваад ямар ч нотлох баримтгүйгээр төлбөр нэхэмжилж байгаа нь хууль бус үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00666 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-ээс 42 478 070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.О-ээс 370 350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1191 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/00666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 371 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь хуулиар тогтоосон ямар журмыг хэрхэн зөрчсөн талаар магадлалд заагаагүй нь нотлох баримт гаргах талаар тогтоосон журмыг нэхэмжлэгч тал зөрчөөгүй болохын нотолгоо юм. Шүүх “Цахим орчинд хадгалагдсан уг мэдээлэлд шүүх ...үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулснаар хуулиар тогтоосон шаардлага хангасан нотолгооны ач холбогдол бүхий баримт болно” хэмээн дүгнэжээ. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “цахим орчинд хадгалагдсан мэдээлэлд шүүх ...үзлэг хийж, тэмдэглэл хөтлөх” талаар заагаагүй байх тул хуулиар тогтоогоогүй үйл ажиллагаа явуулахыг хэргийн оролцогч болон анхан шатны шүүхээс шаардаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл болно. Түүнчлэн англи хэл дээр байгаа цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн ч эрх зүйн талаас нь дүгнэлт хийх ямар ч боломжгүй тул үндэслэлгүй шаардлагыг шүүхээс тавьж байна.

Мөн “шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгээр олгосон эрхийнхээ хүрээнд нотлох баримтыг цуглуулах ажиллагаа явуулаагүйгээс...” хэмээн дүгнэжээ. Эрх гэдэг бол өөрийн сонголтоор ажиллах боломж бөгөөд эрхээ эдлээгүй хэмээн бусдыг буруутгах тухай ойлголт хууль зүйд байдаггүй. Түүнчлэн дурдсан хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал” хэмээн заасан ба шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт огт шаардагдаагүй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зарим нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу гүйцэтгэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7., 168.3.-т зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1191 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН