Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00468

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 02 сарын 28 өдөр

  Дугаар 183/ШШ2018/00468

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.О холбогдох,

 

Зуучлалын үйлчилгээний хөлс 42.478.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, түүний өмгөөлөгч Ц.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Отгон нар оролцов.

                                                                                  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Т.Амгалангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зуучлалын хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Ц.О нь 1 дүгээрт: Б ХХК-д хөрөнгө зуучлуулахаар хүсэлт тавиагүй, 2 дугаарт: албан ёсны бичгээр хийсэн гэрээ байхгүй, 3 дугаарт: зуучлалын хөлс гэж жишиг үнэ байхгүй гэж маргаж, хүлээн зөвшөөрдөггүй. Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газар болон элчин сайдаа Улаанбаатар хотод байрлуулах байр шаардлагатай байна, олоод өгөөч гэж манай компанид анх хүсэлт тавьж, тус газрын ажилчидтай зуучлагч компани мэйлээр харилцаж байсан. Уг баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.  Ц.О элчин сайдын яамны хүмүүстэй би уулзсан, гэхдээ байр түрээслэх асуудлаар яриагүй гэж хэлдэг. Харин Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын ажилчид энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө манайх энэ байрыг Б ХХК-ийн захирал Т.Амгалангаар дамжуулан олсон гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Гэрээ байгуулсан эсэх дээр анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Энхтөр тухайн үед гэрээ байгуулах гэхээр Ж.А гарын үсэг зурдаггүй байсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ нөхцөл байдлаас юу харагдаж байна вэ гэхээр Т.Амгалан, С.Энхтөр нар тухайн үед Ц.Оийн төлөөлөгч Ж.Ад гэрээ өгч, гарын үсэг зуруулах гэхэд зурдаггүй байсан үйл баримт болсон нь харагдаж байна. Талуудын хооронд аман хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Зуучлалын хөлсөн дээр Монгол Улсад нэгдсэн жишиг үнэ байдаг. Энэ нь тухайн байрыг зарахаар тохирсон бол үнийн дүнгийн 10 хувийг, түрээслэхээр тохирсон бол түрээсийн төлбөрийн нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний төгрөгийг авахаар тохирсон. Иймд Ц.Оийн эзэмшлийн амины орон сууцыг Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд сарын 17 000 ам.доллараар хөлсөлж байгаа тул уг жишгийг баримтлан нэг сарын түрээсийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2498.71 төгрөгөөр тооцож, 42.478.070 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монголын гудамж, 506 тоот амины орон сууц нь 2015 оны сүүлээр баригдаж дуусаагүй байсан. Хариуцагч уг орон сууцаа анхнаасаа түрээслэх зорилго байгаагүй, барьж дуусаад зарж борлуулахаар ажиллаж байсан. Тухайн үед манай тэр хавийн шинээр баригдаж ашиглалтад орсон орон сууцуудыг гадаадын иргэд үзээд явж байсан. Би энэ талаар Ц.Од хэлэхэд хүмүүсийг тосч уулзаад байраа үзүүлсэн. Тэр хүмүүс хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад Ц.Отэй холбогдож түрээслэх хүсэлт тавихад нь түрээслэхгүй гэдгээ хэлсэн байдаг. 2016 оны 6 дугаар сарын эхээр Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд байна, байрыг тань очиж үзэх гэсэн юм гэж Ц.Отэй яриад цаг тохирч, өөрөө ирж үзээд, албан ёсоор гэрээ хийсэн байсан. Ц.Оийн эхнэрийн дүү н.Энхболдын найз нь Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамнаас байр хайж байгаа талаар хэлж, тэд ирж уулзсан байдаг. Тиймээс Б ХХК-иар зуучлуулсан зүйл байхгүй. Тус компаниар зуучлуулахаар санал тавьж, гэрээ огт хийгээгүй.  Б ХХК-ийн ажилтан С.Энхтөр гэж хүн сонгуулийн ажиглагчаар европоос ажиглагчид ирж, байр түрээслүүлэхээр болоод байна. Танайх байраа түрээслээч гэж ганц л удаа ирж уулзсан. Тухайн үед нь бид байраа түрээслээгүй. Үнэхээр бидэнтэй зуучлалын гэрээ хийсэн бол зуучлалын хөлсөө ч мэдэхгүй байх ёсгүй. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар олон удаа мэйлээр харьцсан баримт гаргаж өгдөг. Үүнийг манай зүгээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Энэ мэйлүүд болон гэрчүүдийн мэдүүлгүүдэд зуучлалын гэрээний талаар огт дурдаагүй. Зөвхөн тэр маргаан бүхий байрыг үзсэн үү, үзээгүй юу хэн, хэнтэй очиж үзсэн талаарх маргааны баримтууд хэрэгт авагдсан байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Мөн өмгөөлөгч оролцохоос өмнө энэ хэрэгт хамаарал бүхий этгээдүүдийн гэр бүлийн хүмүүсийг гэрчээр асуусан байдаг. Мөнгө авах гэж зүтгэж байгаа хүмүүсийн гэр бүлийн хүмүүс өөрсдийнхөө талд мэдүүлэг өгөх нь тодорхой. Цахим нотлох баримтуудыг яаж нотлох баримтаар үнэлэх талаар шүүхүүд тогтсон жишигтэй болсон гэж ойлгож явдаг. Тиймээс дээрх мэйлүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн зүйлдээ шүүхээс талуудын хүсэлтээр үзлэг хийдэг байхад үзлэг хийлгэхийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байхад үзлэг хийсэн баримтууд хэрэгт авагдсан байсан. Мөн Иргэний хуулийн 27 дугаар зүйлд дүрсийн эрхийг тодорхой заасан байхад илтэд нууцаар авсан зургаа нотлох баримт болгож нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн байгааг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Б ХХК нь Ц.Од холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42.478.070 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яам нь Монгол Улсад төлөөлөгчийн газраа ажиллуулах болсонтой холбогдуулан тус улсад байрлах элчин сайдын яамны төлөөлөгчийн газар болон элчин сайдын амьдрах байрыг хайж олоход туслах, зуучлах зорилгоор манай компанид хандсаны дагуу Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчийн газрын ажилчидтай имэйлээр харьцаж, Ц.Оийн орон сууцны зургийг явуулж улмаар Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчийн газар болон  Ц.О нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан, уг түрээсийн гэрээний нэг сарын төлбөр болох 17.000 ам долларыг /нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх жишиг үнийг/ харгалзан шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2498.71 төгрөгөөр тооцож, Ц.Оээс 42.478.070 төгрөгийг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Ц.О өөрийн өмчлөлийн амины орон сууцыг  бусдад зарах, түрээслэхэд зуучлуулах зорилгоор Б ХХК-д хандаж байгаагүй, тус компанитай амаар болон бичгээр зуучлалын гэрээ байгуулаагүй, хөлсний талаар тохироогүй, Ц.Оийн эхнэрийн дүү нь Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын ажилтантай холбож, улмаар тус яамнаас байрыг түрээслэе гэсэн хүсэлт гаргаж гэрээгээ хийсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

 

Б ХХК нь гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь тус компанийн 5308097 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд уг компанийн эрхлэх үйл ажиллагааных нь хүрээнд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр АНЭУлсын төлөөлөгчийн газрын ажилтнаас Монгол Улсын Улаанбаатар хот дахь АНЭУ-ын төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах оффисын зориулалттай байр, элчин сайд амьдрах байрыг худалдан авах, эсвэл түрээслэн авах зорилготой байгаа тухай захидлыг Б ХХК-ийн хөрөнгө зуучлагч Ц.Долгор, захирал Т.Амгалан нарын имэйль хаягаар захидал илгээснээр хөрөнгө зуучлагчийн зүгээс хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийг санал болгож, зургийг илгээж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн Б ХХК-ийн захирал Т.Амгалан, түрээслэгчийг төлөөлж Махмоуд Эл Монейм, төлөөлөгчийн газарт нягтлан бодогч ажилтай Реда Сайид Ибрахим нар иргэн Ц.Оийн амины орон сууцыг үзэж, сонирхон улмаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түрээслүүлэгч Монгол Улсын иргэн Ц.О, түрээслэгч АНЭУлсын Улаанбаатар хотод оршин суух төлөөлөгч Абдула Абдул Раман Алтанажи нарын хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамжны 506 тоот хаягт бүртгэлтэй, Ц.Оийн өмчлөлийн 858 м.кв талбай бүхий амины орон сууцыг 3 жилийн хугацаатай, нэг сарын 17.000 ам.долларын өртгөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд Б ХХК нь Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газарт Ц.Оийн өмчлөлийн амины орон сууцыг түрээслэхэд Б ХХК нь зуучилсан тул талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэн Ц.Оээс зуучлалын үйлчилгээний хөлс 42.478.070 төгрөгийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасантай нийцэхгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т ... Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан ба хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчийн газрын ажилтан /зуучлуулагч/ Б ХХК-д хандсан улмаар мэйлээр харьцсан байх ба харин Ц.О өөрийн өмчлөлийн амины орон сууцыг бусдад зарах, түрээслэхээр Б ХХК-д хандсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч тал зах зээлд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг У.З ХХК, М.П ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч талаас түрээсийн нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний зуучлалын хөлс авдаг гэх агуулга бүхий албан бичгийг нотлох баримтаар  ирүүлж, тогтсон нийтлэг жишиг хэмжээ гэж үзэж, түрээслэгч, түрээслүүлэгч нарын хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд заасан нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээ болох 17.000 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн нэг ам.долларын төгрөгт хөрвөх ханш 2498.71 төгрөгөөр тооцож 42.478.070 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгаа боловч хөрөнгө зуучлагч компанийн хувьд ямар дүрэм журамтай, Ц.О өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр хандсан эсэх, хандсан бол зуучлалын хөлс шагналыг хэрхэн тохирсон талаар ямар нэгэн баримтгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайды яамны төлөөлөгчийн газар түрээсийн байр хайж байгаа, Ц.О орон сууцаа түрээслүүлэх хүсэлтэй байгаа энэ нөхцөлд түрээслэгч, түрээслүүлэгчийн аль талаас хөлс, шагнал авах, энэ талаар тус компанийн дүрэм журамд хэрхэн тусгагдсан талаар танилцуулж, хамтран ажиллах болон зуучлалын гэрээг байгуулах, тэр талаар тохиролцох байжээ.

 

Иймд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлийг нотлох баримтаар нотолж чадахгүй байх тул Ц.Оээс зуучлалын үйлчилгээний хөлс 42.478.070 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зїйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т  зааснаар хариуцагч Ц.Од холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42.478.070 төгрөг гаргуулах тухай Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370.350  төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                   Д.ДАВААСҮРЭН