Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01053

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01053

 

 

 

 

 

Блесс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Блесс ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Одгэрэлд холбогдох

 

Зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Блесс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газраас элчин сайдаа Улаанбаатар хотод байрлуулах байр шаардлагатай байна, олоод өгөөч гэж манай компанид хүсэлт тавьж, тус газрын ажилчидтай зуучлагч компани мэйлээр харилцаж байсан. Уг баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Ц.Одгэрэл элчин сайдын яамны хүмүүстэй уулзсан, гэхдээ байр түрээслэх асуудлаар яриагүй гэж хэлдэг. Харин Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын ажилчид энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө манайх энэ байрыг Блесс ХХК-ийн захирал Т.Амгалангаар дамжуулан олсон гэсэн мэдүүлэг өгсөн. Гэрээ байгуулсан эсэх дээр анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Энхтөр тухайн үед гэрээ байгуулах гэхээр Ж.Ариунаа гарын үсэг зурдаггүй байсан талаар тодорхой мэдүүлсэн. Талуудын хооронд аман хэлцэл хийгдсэн, зуучлалын хөлс нь Монгол Улсад нэгдсэн жишиг үнэтэй. Энэ нь тухайн байрыг зарахаар тохирсон бол үнийн дүнгийн 10 хувийг, түрээслэхээр тохирсон бол түрээсийн төлбөрийн нэг сарын хөлстэй тэнцэх хэмжээний төгрөгийг авахаар тохирсон. Иймд Ц.Одгэрэлийн эзэмшлийн амины орон сууцыг Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд сарын 17 000 ам.доллараар хөлсөлж байгаа тул уг жишгийг баримтлан нэг сарын түрээсийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2 498.71 төгрөгөөр тооцож, 42 478 070 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч Ц.Одгэрэлийн тайлбарт: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монголын гудамж, 506 тоот амины орон сууц нь 2015 оны сүүлээр баригдаж дуусаагүй байсан. Хариуцагч уг орон сууцаа анхнаасаа түрээслэх зорилго байгаагүй, барьж дуусаад зарж борлуулахаар ажиллаж байсан. 2016 оны 06 дугаар сарын эхээр Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд байна, байрыг тань очиж үзэх гэсэн юм гэж Ц.Одгэрэлтэй яриад цаг тохирч, өөрөө ирж үзээд, албан ёсоор гэрээ хийсэн байсан. Ц.Одгэрэлийн эхнэрийн дүү н.Энхболдын найз нь Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамнаас байр хайж байгаа талаар хэлж, тэд ирж уулзсан. Тиймээс Блесс ХХК-аар зуучлуулсан зүйл байхгүй. Тус компаниар зуучлуулахаар санал тавьж, гэрээ огт хийгээгүй.  Блесс ХХК-ийн ажилтан С.Энхтөр гэж хүн сонгуулийн ажиглагчаар европоос ажиглагчид ирж, байр түрээслүүлэхээр болоод байна. Танайх байраа түрээслээч гэж ганц л удаа ирж уулзсан. Тухайн үед нь бид байраа түрээслээгүй. Үнэхээр бидэнтэй зуучлалын гэрээ хийсэн бол зуучлалын хөлсөө ч мэдэхгүй байх ёсгүй.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулах тухай Блесс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Блесс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 370 350  төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Тухайн хэргийг урьд шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа нэхэмжлэгчийн зүгээс уг зөрчлийг арилгуулахаар хүсэлт гаргаж, зөрчил арилсан. Гэтэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Ц.Одгэрэлийг байр түрээслэх этгээдтэй холбож өгсөн тул Ц.Одгэрэлээс уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Блесс ХХК нь хариуцагч Ц.Одгэрэлд холбогдуулан зуучлалын үйлчилгээний хөлс 42 478 070 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ц.Одгэрэл, Арабын нэгдсэн Эмират улсын Улаанбаатар хотод оршин суух төлөөлөгч Абдула абдул Раман Алтанажи нар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монгол гудамж, Амины орон сууцны 506 тоотод байрлах 858 м.кв талбай бүхий амины орон сууцыг 3 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрт сар бүр 17 000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцож, амины орон сууцыг түрээслэх гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ц.Одгэрэл болон Арабын нэгдсэн Эмират улсын төлөөлөгчийн хооронд амины орон сууцны түрээсийн гэрээ байгуулагдахад манай компани зуучлагчаар ажилласан тул зуучлалын хөлсөнд 17 000 ам.доллар буюу 42 478 070 төгрөг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч компанитай зуучлалын гэрээ байгуулаагүй, эхнэрийн дүүгээр дамжуулан Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны төлөөлөгчийн газрын ажилтантай холбогдож, амины орон сууцыг түрээслэх хүсэлт гаргасны дагуу гэрээ байгуулсан гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчийн газрын ажилтан нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод элчин сайдын яам байгуулахтай холбогдуулан үйл ажиллагаа явуулах оффисын зориулалттай байр, элчин сайд амьдрах байрыг худалдан авах, эсвэл түрээслэх талаар нэхэмжлэгч компанийн хөрөнгө зуучлагч Ц.Долгор, захирал Т.Амгалан нарын цахим шуудангаар захидал илгээсний дагуу нэхэмжлэгчийн санал болгосон хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө дотор хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн схем зургийг илгээж байжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд зуучлалын гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдад түрээслүүлэхээр зуучлуулах эрхийг нэхэмжлэгчид олгосон баримтгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь хариуцагчийг Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчийн газрын ажилтантай холбож түрээсийн гэрээ байгуулахад зуучилсан болохыг эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч Махмоуд Эл-Монейм, Реда Сайд Ибрахим, Велкасими Мухамед, Ц.Долгор, С.Энхтөр нарын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн амины орон сууцыг Арабын Нэгдсэн Эмират улсын элчин сайдын яамны ажилтанд үзүүлж, энэ талаар цахим шуудангаар харилцаж байсан боловч уг ажиллагааг өмчлөгчийн зөвшөөрлөөр хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан Улаанбаатар хөрөнгө зууч ХХК, Мастер Пропертис ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын ажлын хөлсний талаарх баримтыг үндэслэн талуудыг зуучлалын гэрээний хөлсийг тохиролцсон, хариуцагчийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээний нэг сарын төлбөр болох 17 000 ам.доллар буюу 42 478 070 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ