Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/01128

 

Т- банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Т- банкны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ч-, Ц.У-нарт холбогдох,

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, тэмдэгтийн хураамж, нийт 71 138 948 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүжинлхамын нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч Д.Ч-, Ц.У-нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 14/154 тоот гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийн бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм. Гэтэл зээлдэгч Д.Ч-, Ц.У-нар нь өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Д.Ч-, Ц.У-нараас үндсэн зээл 67 971 689 төгрөг, хүү 2 632 016 төгрөг, торгууль буюу нэмэгдүүлсэн хүү 24 154, шүүхийн тэмдэгтийн хураамж 511 089 төгрөг нийт 71 138 948 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж манай банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.У-шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай зээлийн хугацаа нь дуусах болоогүй байгаа учраас зээлийн гэрээгээ цуцлуулах хүсэлгүй байна. 2014 оны 06 дугаар сарын 25-нд 100 саяын хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээлээ хугацаандаа төлж байгаад 2015 оны сүүлээс доголдол үүссэн. Зээлээ төлөхийн тулд орлогоороо зээлээ буцаан дардаг байсан. Сүүлийн хэдэн сард манай дэлгүүрийн бараа худалдан авалтын мөнгө эргэлтэнд орохгүй орлого орж ирээгүй. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө хураалгамааргүй байна. Манайх эргээд зээлийн төлөлтийн графикдаа орох хүсэлтэй байна. Бидний бизнес эргээд эргэлтэнд ороод манай нөхөр бид хоёр сар сардаа зээлээ төлөөд байх учраас үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахгүйгээр үндсэн мөнгөө төлнө гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Д.Ч- шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай дэлгүүрийн орлого муу байгаад бид сар сардаа зээлийн төлөлтөө хийх боломжгүй болсон учраас төлж чадаагүй. Манай зүгээс бол зээлийн эргэн төлөлтөндөө буцаж орох хүсэлтэй байна. Бид сар болгон шаардаж байхад нь хугацаандаа зээлээ төлж байсан. Зээлийн хүүг мөн төлж байсан гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Удвал, Д.Ч- нараас 70 627 859 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Т- банкны Сэлэнгэ салбарт олгож нэхэмжлэлээс 511 089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт хэсэгт тус тус зааснаар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны 14/154 тоот гэрээ мөн оны 14/154 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр Т- банкны Сэлэнгэ салбарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14/154 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 511 089 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 511 089 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч өөрийгөө Т- банкны Сэлэнгэ салбар тодорхойлсон байхад Сэлэнгэ салбар нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий этгээд биш гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.Иймд уг шийдвэрийг хянан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүх хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг төлөөлөх этгээдийн эрх зүйн зохицуулалтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулах асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэрийг биелүүлэх арга журмыг алдаатай заасан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “Т- банк” ХХК-ийн Сэлэнгэ салбар нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Д.Ч-, Ц.У-нараас зээлийн гэрээний үүрэгт 70 627 859 төгрөг шаарджээ. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамжид 511 089 төгрөг төлж, хариуцагчаас 71 138 948 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлдээ заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын 70 627 859 төгрөгт үндсэн зээл 67 971 689 төгрөг, хүү 2 632 016 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 154 төгрөг багтжээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын талаар маргаагүй хэдий ч 5 жилийн хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байж гэрээний харилцааг үргэлжлүүлэхийг хүссэнээс гадна барьцаа эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхаар тайлбар гаргасан байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Д.Ч-, Ц.У-нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14\154 тоот зээлийн гэрээгээр 100 000 000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай “Т- банк” ХХК-ийн Сэлэнгэ салбарын Ерөө тооцооны төвөөс зээлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны хоёр гэрээ байгуулж, хашаа, байшин 2, өмчлөх эрхтэй газар 1, эзэмших эрхтэй газар 2, гэрийн тавилга, цахилгаан барааг зээлийн гэрээний үүрэгт барьцаалжээ \хх-ийн 5-11 дүгээр тал\.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхэд эргэлзэж, эрх бүхий этгээдээс итгэмжлэл аваагүй, банкны салбар нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд учир зохигчдын эрх зөрчигдсөн гэж үзжээ.

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., 29.5.-д зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэдэг бөгөөд салбарын эрх баригч нь үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулдаг байна. Хуулийн этгээдийн салбар нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд байхаар мөн зүйлийн 29.6.-д заажээ.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байдаг учир “Т- банк” ХХК-ийн Сэлэнгэ салбар нь хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн хувьд өөрийн тооцооны төвүүдээр банкны үйл ажиллагааг явуулдаг байна. Энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд энэхүү ажиллагааг “Т- банк” ХХК-иас олгосон эрхийн дагуу гүйцэтгэдгийг нотлох шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн салбар нь хууль ёсоор орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ ажиллагааны хүрээнд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу, үүрэг хүлээх, шаардах эрхтэй байх нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасан зохицуулалтад нийцнэ.

“Т- банк” ХХК нь өөрийн салбар болох Сэлэнгэ салбар, түүний нэгж Ерөө тооцооны төвийг зээл олгох, банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж шүүхэд мэдэгдээгүй тохиолдолд банкны салбараас бүрэн эрхийнхээ хүрээнд бусдад олгосон зээлийн гэрээний дагуу зээлдэгчид холбогдуулан шаардлага, нэхэмжлэл гаргахыг хууль бус гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1., 452.2.-т заасан шаардлагад нийцжээ. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүн дээр нэмж нэхэмжлэлдээ тусгасан нэхэмжлэгчийн алдааг зааглахгүйгээр нэхэмжлэлээс 511 089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, шүүх барьцааны эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай заалтад төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх тухай тодруулгыг хийлгүйгээр энэ талаар тусгай заалт болгон шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэн нь оновчгүй, хуулийн тодорхой заалтыг буруугаар ойлгох үндэслэл бий болгосны зэрэгцээ шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга журмыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалддаг байна.

Мөн зохигчид нь тухайн зээлийн үүрэгт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байхад шүүх зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах хуулийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1.-д зааснаар барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалддаг байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 222 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... олгож, нэхэмжлэлээс 511 089 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “олгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1., 174 дүгээр зүйлийн 174.1., 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт хэсэгт тус тус зааснаар” гэснийг  “Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д тус тус зааснаар” гэж, “хангуулсугай” гэснийг “албадан дуудлага худалдаагаар хангуулсугай” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, “5”, “6”, “7”, “8” дахь заалтыг “4”, “5”, “6”, “7” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 511 089 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН