Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 323

 

Э.Амарсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор П.Даваасүрэн,

          Ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Амарсайханд холбогдох эрүүгийн 2016 2502 1155 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Эрдэнэбаярын Амарсайхан, 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчидын в-1 дүгээр гудамжны 334 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45а байрны 166 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧМ86061478/,

Э.Амарсайхан нь “Австри улс руу 2 жил гэрээгээр ажиллах виз гаргана, гаргаж өгнө” гэж интернэтээр зарлан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийг давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.Сайхантэсээс 1.365.130 төгрөг, хохирогч С.Мэсээдээбаатараас 1.400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Мөнхтуулаас 360.000 төгрөг, хохирогч Б.Баасанцэрэнгээс 2.200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнхсоёлоос 3.100.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Б.Энхбаяраас 1.390.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Энхбатаас 1.580.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Пагмасүрэнгээс 3.345.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Бадамаарагаас 1.900.000 төгрөг, хохирогч С.Мөнхбатаас 1.100.000 төгрөгийг хууран мэхэлж итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад нийт 17.740.130 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Э.Амарсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Амарсайханыг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайханыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Э.Амарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, IMEI:357382/04/614671/9 кодтой, хар өнгийн корпустай, “Nokia” загварын гар утсыг Э.Амарсайханд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайханаас нийт 15.240.130 төгрөгийг гаргуулж,  үүнээс хохирогч нар болох Ш.Сайхантэсэд 1.365.130 төгрөг, С.Мэсээдээбаатарт 150.000 төгрөг, Д.Мөнхтуулд 360.000 төгрөг, Б.Баасанцэрэнд 1.650.000 төгрөг, М.Мөнхсоёлд 2.400.000 төгрөг, Б.Энхбаярт 1.390.000 төгрөг, Ц.Энхбатад  1.580.000 төгрөг, Б.Пагмасүрэнд 3.345.000 төгрөг, Б.Бадамаарагт 1.900.000 төгрөг, Б.Мөнхбатад 1.100.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

            Ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-7 заалтыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

            Э.Амарсайхан нь өөрийгөө эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж огт үздэггүй. Яагаад гэвэл тэр хохирогч нартай бүгдтэй нь “Зээлийн гэрээ” байгуулж виз гаргахад зуучилсан байдаг. Хохирогч нар ч энэ хүнийг Австри улсын Консул, Элчин Сайд биш гэдгийг мэдсэн байх ёстой билээ. Үнэхээрийн энэ бүхнийг мэдсээр байж түүнд мөнгө өгөн виз гаргуулж байгаа бол энэ өөрөө хууль бус үйлдэл юм. Харин Э.Амарсайханыг бол Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээд гэж үзэж болох бөгөөд тэр авсан мөнгөнөөсөө буцааж хохирогч С.Мэсээдээбаатар, Д.Мөнхтуул, М.Мөнхсоёл, Б.Баасанцэрэн нарт өгсөн байдаг. Энэ хэрэгт эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй харин иргэний хэрэг гэж үзэх үндэслэлүүд байгаа. Хохирогчид бүгд интернэтийн зараар хандсан байдаг. Э.Амарсайхан хэнийг ч гадагшаа явуулна гэж албадаагүй харин тэд сайн дурын үндсэн дээр гэрээ хэлцэл хийсэн. Э.Амарсайхан хохирогчдын хохирлыг барагдуулах чин эрмэлзэлтэйгээр энд, тэнд борлуулагч, зар түгээгч гэх мэтийн ажил хийж байсан боловч Цагдаагийн байгууллага дээр байнга дуудагдах, хохирогч нар гэр болон ажлын байран дээр нь очиж байнга дарамт шахалт үзүүлснээс болоод ажлаасаа гарч үлдсэн мөнгө, төгрөгөө төлөх боломжгүй болсон.

            Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгосноо илэрхийлдэг. Хүнээс мөнгө авсан бол буцааж өгөх үүрэгтэйг тэр сайн мэдэж байгаа. Э.Амарсайхан нь ар гэртээ бага насны 2 хүүхэд, эхнэртэйгээ амьдардаг, хохирогчдод хүртэл гэр орноо зааж, хашаа байшингаа хүртэл барьцаалаад зээл аваад өгье гэж учирласан байдаг. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд ар гэрийнхэн нь түүний хохирлыг барагдуулах талаар хичээж, зээл хөөцөлдөж байгаагаа илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Э.Амарсайханы үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

            Э.Амарсайхан нь “Австри улс руу 2 жил гэрээгээр ажиллах виз гаргана, гаргаж өгнө” гэж интернэтээр зарлан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийг давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Ш.Сайхантэсээс 1.365.130 төгрөг, хохирогч С.Мэсээдээбаатараас 1.400.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Мөнхтуулаас 360.000 төгрөг, хохирогч Б.Баасанцэрэнгээс 2.200.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнхсоёлоос 3.100.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Б.Энхбаяраас 1.390.000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Ц.Энхбатаас 1.580.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хохирогч Б.Пагмасүрэнгээс 3.345.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хохирогч Б.Бадамаарагаас 1.900.000 төгрөг, хохирогч С.Мөнхбатаас 1.100.000 төгрөгийг хууран мэхэлж итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад нийт 17.740.130 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогч С.Мэсээдээбаатарын “...2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Австри улсад 2 жилийн гэрээгээр явуулна” гэсэн зарын дагуу Э.Амарсайхан гэгчтэй уулзаж ярилцсан. Э.Амарсайхан нь “урьд нь Австри улсад хүн гаргаж байсан, ер нь бол сайн мэднэ, эхний ээлжинд 2 жилийн виз гардаг” гэж хэлсэн. Тэгээд нийт 3.300.000 төгрөгөөр гаргана гэж хэлээд урьдчилгаа 1.100.000 төгрөгийг бэлнээр багшийн дээдийн орчимд өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр виз гарч Австри улс руу явуулахаар тохирч гэрээ хийсэн. 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Э.Амарсайхан над руу яриад “элчинд орох мөнгө хэрэгтэй байна” гээд 300.000 төгрөгийг би Э.Амарсайханы данс руу шилжүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр өнгөрч Э.Амарсайхантай виз яагаад гарахгүй байгаа талаар асуухад элдэв шалтаг тоочоод байдаг байсан. Э.Амарсайхан анх хэлэхдээ “хүний тоо хязгаартай, ганц нэг хүн гаргана” гээд байдаг байсан...” /1-р хх-32-33, 235/,

            Хохирогч С.Сайхантэсийн “...2015 оны 11 дүгээр сарын 20-ны орчим “үнэгүй.мн” сайт руу ортол “Австри улс руу ажлын гэрээгээр явуулна” гэсэн зарын дагуу хүүхдийн паркад няраваар ажилладаг Э.Амарсайхан гэх залуутай холбогдож ажил дээр нь очиж уулзсан. Э.Амарсайхан хэлэхдээ “урьдчилгаа 500 евро хэрэгтэй, ажлын гэрээ нь Австри улсаас 45-60 хоногийн дотор ирдэг” гэж хэлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 500 еврог гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. ...Виз гарах өдрөө хариу хэлнэ гэчихээд хариу хэлэхгүй байсан. Асуухаар урдаас “хариу хэлэх хүн нь ярихгүй байна, би өөрөө Хятад улс руу явдаг юм билүү” гэж хэлсэн. 2016 оны 3 дугаар сарын сүүлээр мөнгөө авъя гэхэд Э.Амарсайхан нь өгнө гэсээр өдийг хүрээд байна...” /1-р хх-34-35, 56-57/,

            Хохирогч Д.Мөнхтуулын “...Зарын дагуу Э.Амарсайхан гэж хүнтэй уулзсан. Урьдчилгаа нэг хүний 1.100.000 төгрөг авна гэсэн. Тэгээд 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, төв “Хаан” банкинд Э.Амарсайханы дансанд 2.200.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 15-нд “та хоёрын бүх бичиг баримт, урилга ирнэ, би та хоёрыг дагуулж Бээжинд очиж Австри улсын Элчин сайдын яаманд визинд оруулж өгнө” гэсэн. Тэгээд Э.Амарсайхан 5 дугаар сарын 1-ний өдөр над руу залгаж “материал чин бэлэн болсон, Австри улсад нотариатчаар баталгаажуулаад наашаа явуулах хэрэгтэй байна, 360.000 төгрөг өгөөч, цалин буухаар өгье” гэсэн. Тэгэхээр нь 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Э.Амарсайханы “Хаан” банкны дансанд 360.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 5 дугаар сарын 5-нд Э.Амарсайхан дахиж залгаад “материал бэлэн болчихсон, явуулах гэсэн чинь хүн олдохгүй байна, шуудангаар явуулах хэрэгтэй байна, шуудангийн мөнгө өгөөч” гэхээр нь би уурлаад өгөхгүй гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаа авахгүй мессэж бичихээр “маргааш, нөгөөдөр өгнө” гээд аргацаагаад байсан...” /1-р хх-53-54, 236/,    

            Хохирогч Б.Баасанцэрэнгийн “...2016 оны 3 дугаар сард “үнэгүй.мн сайтад Австри улс руу 2 жилийн ажлын гэрээгээр хүн гаргана гэсэн зарын дагуу Э.Амарсайхан гэх залуутай эхнэрийн хамт уулзсан. ...Тэгээд Э.Амарсайхан нь хэлэхдээ “1 хүний 3.300.000 төгрөг болно, урьдчилгаа 1.100.000 төгрөгийг өгчих үлдсэн мөнгийг нь Австри улсад очихоор чинь авна” гэж хэлж байсан. ...Бид хоёр 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.Амарсайханы данс руу эхлээд 2.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь манай эхнэрээс нотариатаар бичиг баримт баталгаажуулах гээд 360.000 төгрөгийг мөн дансандаа хийлгүүлж авсан...” /1-р хх-55-57/,

            Хохирогч М.Мөнхсоёлын “...Э.Амарсайхан гэх залуутай холбогдон урьдчилгаанд нэг хүний 1.100.000 төгрөг, хоёр хүний 2.200.000 төгрөг өгчих гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Э.Амарсайхантай дахин уулзан “үнэхээр явуулж өгч чадах уу” гэхэд “эндээс та хоёрыг оёдолчны чиглэлээр явуулна, Австри улсад таньдаг хүн байгаа, найдвартай, одоо 100.000 төгрөг өгчих, тэгвэл оёдолчны үнэмлэх хөөцөлдөөд өгье” гэсэн. 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр “Хаан” банкны үүдэнд Э.Амарсайхантай уулзаж 2.100.000 төгрөг өгтөл “би хувь хүн учир зөвхөн зээлийн гэрээ хийнэ” гээд нотариат руу орж, өмнө өгсөн 100.000 төгрөгөө нэмээд 2.200.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Э.Амарсайхан “та хоёрын материалыг Австри улс руу явуулсан, одоо тэндээ баталгаажуулах хэрэгтэй байна, зардал нь хоёр хүний 900.000 төгрөг болно, яаралтай өг” гэхээр нь данс руу нь шилжүүлсэн...” /1-р хх-104-105/,

            Хохирогч Б.Энхбаярын “...2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Амарсайханы данс руу 600.000 төгрөг, 4 дүгээр сарын 4-ний өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хамгийн сүүлийн хугацаа 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд виз өгнө гэсэн. Би “юу болсон бэ” гээд гар утас руу нь залгаад асуухаар “материалыг чинь Австри улс руу явуулсан байгаа, ирээгүй байна” гээд байсан. 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр над руу яриад “ажлын гэрээ чинь Австри улсад гарсан байна, нааш нь явуулах гэсэн зардалгүй болсон гэнэ, 30.000 төгрөг явуулчих” гэхээр нь дахиад өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Хэд хоногийн дараа дахиж над руу яриад “би чамтай хамт Бээжинд очиж чамайг ярилцлаганд оруулна, би эндээс явах гэхээр зардалгүй болчихоод байна, банкнаас зээл авах гэхээр 85.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоор зээл гарахгүй байна, чи төлөөд өгчих” гэхээр нь 85.000 төгрөг шилжүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Австри улсын элчин дээр “ажлын гэрээ чинь баталгаажиж байж ирэх ёстой, гэрээ баталгаажуулахад 175.000 төгрөг шаардлагатай” гэхээр нь би өөрийнхөө дансаас шилжүүлсэн...” /1-р хх-133-135/,

            Хохирогч Ц.Энхбатын “...зарын дагуу холбогдож ярихад “бичиг баримтаа бүрдүүлээд аваад ир, ажлын гэрээгээр Австри улс руу 2 жилийн хугацаатай зуучилж өгнө” гэж хэлсэн. Эхний ээлжинд 1.600.000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр тохиолцоод виз гарсны дараа 4.400.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Э.Амарсайханд 1.580.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “урьдчилгаа мөнгө” гэж шилжүүлсэн. Хэрэв виз гарахгүй бол 5 дугаар сарын 15-ны дотор буцааж өгнө гэж хэлсэн...” /1-р хх-183-184/,

            Хохирогч Б.Пагмасүрэнгийн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 100.000 төгрөгийг бэлнээр Э.Амарсайханы ажил болох парк дээр аваачиж өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Э.Амарсайхан “бас нэг өөр бичиг баримт гаргах гэж байна” гээд 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 90.000 төгрөг, 4 дүгээр сарын 11-ний өдөр 70.000 төгрөг, 4 дүгээр сарын 12-нд 30.000 төгрөг, 4 дүгээр сарын 13-ны өглөө 20.000 төгрөг, орой нь найзынхаа автомашиныг ломбарданд тавиад 1.690.000 төгрөгийг Э.Амарсайхантай уулзаж түүний данс руу шилжүүлсэн.  2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “хоёр охины чинь эрүүл мэндийн даатгалыг хувиараа төлөх боллоо, монгол мөнгөөр 925.000 төгрөг яаралтай өнөөдрийн дотор шилжүүл, тэгээд хамаг юм чинь боллоо” гэж хэлсэн. Тэгээд мөнгө олдохгүй 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг олж шилжүүлсэн. 18-ны өдөр үлдэгдэл 425.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр утсаар яриад “та нарын бичиг баримт болсон, гэрээ чинь гарсан, яаралтай каргогоор авах хэрэгтэй байна, 220.000 төгрөг өнөөдрийн дотор шилжүүлчих” гэхээр нь бас л ломбарданд эд зүйлээ тавьж шилжүүлсэн...” /1-р хх-204-207/,

            Хохирогч Б.Бадамаарагийн “...зарын дагуу Э.Амарсайхантай уулзаж 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.100.000 төгрөгийг өгсөн. Э.Амарсайхан “виз нэг сарын дотор гарна” гэж хэлсэн боловч хугацаа өнгөрсөн ч виз гараагүй...” /2-р хх-6-7/,

            Хохирогч С.Мөнхбатын “...зарын дагуу Э.Амарсайхантай уулзаж виз гаргуулах гэж урьдчилгаа 1.100.000 төгрөгөө бэлнээр өгсөн...” /2-р хх-59-62/ гэх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /2-р хх-85/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Э.Амарсайханд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүхээс “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

Ялтан Э.Амарсайханы гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулыг харгалзан Э.Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ялтны гэм буруу, хувийн байдал, учруулсан гэм хорд тохирсон, хүнд бус ялаар шийтгэсэн байна.

Ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэх давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Э.Амарсайхан нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл тогтоогдоогүй, ялтан Э.Амарсайханы гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:         

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Амарсайханы өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Л.ДАВААСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ