Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01096

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00806 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1141 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.М-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М-, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.М- би хөдөлмөрийн хортой нөхцөлд цаг уурын синоптик инженерээр 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил ажилласан тул хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй. 2003 онд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийг буруу хэрэглэн миний ажилласан нөхцлийг хэвийн нөхцөлд оруулан намайг хохироосон байна. Хөдөлмөрийн хортой, хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэх эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан нэмж тооцдог журамтай.Мөн тэтгэвэр тогтоолгоогүй байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд нь оруулан нэмж тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Иймд миний нийт ажилласан хугацааг 41 жил 1 cap 19 хоногоор тогтоож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00806 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ишгомбо овгийн Дагвын Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженерээр буюу цаг уурын инженерээр улсад 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсныг тогтоож, Д.М-ын хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр улсад 41 жил 1 сар 19 хоног ажилласнаар тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1141 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00806 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Миний бие 1992 онд 50 нас хүрч, ус цаг уурын байгууллагад 25 жил ажилласан байна. Би 50 наснаасаа 60 нас хүртэл 10 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан. Өөрөөр хэлбэл 50 настайдаа “хортой” нөхцлөөр тэтгэврээ тогтоолгоогүй үргэлжлүүлэн байгууллагадаа 10 жил ажилласан. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсад нь хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллагсдаас 10 жилийн өмнө буюу 50 насандаа тэтгэвэрт гарч, хугацааны хувьд хөнгөлөлт эдэлдэг. Энэ 10 жилийн улсад нийт ажилласан хугацаанд оруулан тооцож, тэтгэвэр бодуулах хугацааг нэмэгдүүлдэг бөгөөд миний улсад ажилласан хугацаа 41 жил 1 сар 19 хоног болж байгаа юм.Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын бүтээгдэхүүнийг Засгийн газрын 1994 оны 212 тогтоолоор батласан....Иймд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн насны хөнгөлөлт үзүүлж буй 10 жилийг улсад нийт ажилласан хугацаанд оруулан нэмж, ажилласан жилийг 41 жил 1 сар 19 хоногоор тогтоож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “миний нийт ажилласан хугацааг 41 жил 1 сар 19 хоногоор тогтоож өгнө үү?” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн агуулгаас үзвэл уг шаардлага нь ажилласан жил тогтоолгох биш харин хортой нөхцөлд ажилласан нь ажилласан нийт хугацааг ердийн нөхцлөөс өөрөөр тооцох, улмаар тэтгэвэр тогтоолгох үндэслэл гэж үзэн, энэ нөхцлийг харгалзан ажилласан хугацааг 41 жил 1 сар 19 хоногт тооцож тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1.-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1., 135.2.6.-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэдэг ба хүний ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлага энэ төрлийн хэрэгт хамаардаг байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3.-т зааснаар эдгээр үйл баримт, үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсонтой холбоотой учир шүүхээр хянан шийдвэрлэгддэг байна. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3.-т хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргахаар заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд нийгмийн даатгалын байгууллагаас түүний ажилласан жилийг хортой хөнгөлөлттэй нөхцөлд хамааруулж тооцохгүй, ердийн нөхцлөөр тооцож, тэтгэвэр тогтоосон явдлыг заасан байна. Өөрөөр хэлбэл, бодит боловч баримтаар тогтоогдохгүй байгаа үйл баримтыг тогтоолгох хүсэлт биш харин нийгмийн даатгалын байгууллагын тодорхой үйл ажиллагаа, шийдвэрийн талаар гомдол бүхий шаардлага байх тул нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэснийг буруу гэж үзнэ. Тодорхой этгээдэд холбогдох эрх зүйн маргаан бүхий шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлгүй.  

Нэхэмжлэгч Д.М- 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил 1 сар 19 хоног ажилласан болох нь баримтаар тогтоогдсон, нэхэмжлэлд дурдагдсан ба энэ хугацаагаар өндөр насны тэтгэвэр тогтоогдсон байхад шүүх Д.М-ыг 36 жил 1 сар 19 хоног ажилласан болохыг тогтоосноор Д.М-ын шаардлагыг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэгчийн шаардлага болон үндэслэлийг тодорхой болгож, иргэний хэрэг үүсгэх эсэх, хариуцагчаар оролцуулах этгээдийг тодруулах, шүүхийн болон хэргийн харьяаллын асуудлыг хуульд заасан журмын дагуу тодорхойлох шаардлагатай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00806 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1141 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН