Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр

  Дугаар 101/ШШ2017/00806

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 20 хороо, Баяндөхөмийн 24 гудамж, 92 тоотод оршин суух Дагвын Мягмаржавын /ЧС42051518/,

Улсад 41 жил, 1 сар, 19 хоног хөдөлмөрийн хортой нөхцөлд буюу “Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер”-ээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Мягмаржав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мягмаржав би хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1995 оны 78 дугаартай тушаал, Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдлөмөрийн сайдын 2004 оны 77 дугаартай тушаалаар батлагдсан “хөдөлмөрийн хортой нөхцөл”-ийн ажил мэргэжлийн жагсаалтын 11 дэх хэсэгт “цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер, операторч” гэж заагдсаны дагуу хөдөлмөрийн хортой нөхцөлд цаг уурын синоптик инженерээр 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 36 жил ажилласан тул хөдөлмөрийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

2003 онд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс  нь хуулийг буруу хэрэглэн миний ажилласан нөхцөлийг хэвийн нөхцөлд оруулан намайг хохироосон байна. Иймд би улсад 41 жил 1 сар 19 хоног ажилласан юм. Учир нь хөдөлмөрийн хортой, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзлыг хангасны дараа тэтгэвэр тогтоолголгүй үргэлжлүүлэх эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүртлээ ажилласан хугацааг тэтгэвэр нэмэгдүүлэх хугацаанд оруулан нэмж тооцдог журамтай.

Мөн тэтгэвэр тогтоолгоогүй байгууллагад үргэлжлүүлэн ажилласан эрэгтэйчүүд 60 нас хүртэлх, эмэгтэйчүүд 55 нас хүртэлх ажилласан жилийг нь нийт ажилласан хугацаанд нь оруулан нэмж тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй байдаг.

Ийм учраас миний нийт ажилласан хугацааг 41 жил 1 сар 19 хоногоор тогтоож өгнө үү гэв. 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цаг агаарын синоптик инженерээр улсад 36 жил ажилласан хугацаагаа хөдөлмөрийн хортой нөхцөлөөр улсад ажилласан үндэслэлээр ажилласан хугацааг 41 жил, 1 сар, 19 хоног Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженерээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүсчээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн харъяа Ус, цаг уурын албаны удирдах газрын даргын 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 94 тоот тушаалаар Дагвын Мягмаржавыг “Ус, цаг уурын шинжилгээний институтын Урьдчилан сэргийлэх хэлтэс, нислэгийн цаг уурын станц”-д томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч нь энэ хугацаанаас эхлэн мэргэжлээрээ буюу цаг уурын синоптик инженерээр улсад 36 жил 1 сар 19 хоног ажилласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Н.Мягмаржавын 1962 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 413903 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн харъяа Ус, цаг уурын албаны удирдах газрын даргын 1976 оны 158 тоот, 1975 оны 133 тоот, 1981 оны 85 тоот тушаал болон Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000010047 тоот архивын лавлагаа, Д.Мягмаржавын “Цаг уурын инженер”-ийн мэргэжлийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот хариу, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 19/229 тоот өргөдлийн хариунд хүсэлт гаргагчийн улсад ажилласан хугацааг тодорхойлсон нь үндэслэлтэй болжээ.

Хүсэлт гаргагчаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 77 тоот тушаалын 1.2-ийн 11-т “Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженер”-ээр ажиллаж байсан үндэслэлээр хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсныг шүүхээр тогтоолгохыг хүссэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өндөр насны тэтгэврээ 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтоолгосон байх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан бөгөөд хүсэлт гаргагч хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байснаар өндөр насны тэтгэврээ нөхөн тогтоолгох, энэ үндэслэлээр улсад 36 жил ажилласан хугацааг 41 жил гэж тооцуулахыг хүссэн нь хэрэгт цугларсан бичгийн баримт, хуульд заасан үндэслэлээр тогтоогдохгүйн зэрэгцээ Нийгмийн даатгалын шат шатны байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүсэлт гаргагчид тухай бүр хариу өгч байсан нь үндэслэл бүхий байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженерээр буюу цаг уурын инженерээр улсад 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Харин Д.Мягмаржавын улсад 36 жил ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр ажиллаж байсан үндэслэлээр 41 жил 1 сар 19 хоног улсад ажилласан гэж тооцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ишгомбо овгийн Дагвын Мягмаржав нь 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2003 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Цахилгаан химийн цаасаар цаг агаарын мэдээлэл авч боловсруулалт хийдэг синоптик инженерээр буюу цаг уурын инженерээр улсад 36 жил 1 сар 19 хоног ажиллаж байсныг тогтоосугай.

2. Д.Мягмаржавын хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр улсад 41 жил 1 сар 19 хоног ажилласнаар тооцуулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ