Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01099

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Ш-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Ш- болон түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мандал сум Түнхэл тосгоны иргэн С.Ш- нь мөнгөний хэрэгцээ байна гээд надаас 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12 500 000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан нэг сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл нэг сар болсон боловч мөнгөө өгдөггүй. Би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. Одоо гэрээний дагуу 12 500 000 төгрөгийн алданги 6 250 000 төгрөг бүгд 18 750 000 төгрөг нэхэмжлэхээс С.Ш- нь 2014 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр саруудад сар бүр 500 000 төгрөг бүгд 2 500 000 төгрөг өгсөн. 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг 500 000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200 000 төгрөг, 11 дүгээр сард 100 000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3 300 000 төгрөгийг хасч үлдэх 15 450 000 төгрөгийг С.Ш-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

С.Ш- би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Хүдэр Хайрхан” ХХК-ийг 1997 оны 10 дугаар сарын 20-д үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд нэхэмжлэгч Д.М-тай дотносч ханилан суухаар тохирч ирж очин хамтран амьдарч эхэлсэн. Миний бие “Хүдэр Хайрхан” ХХК-ийг өөрийн хүү Ш.Уранхүүд хариуцуулан өгч өөрөө өөр ажил эрхлэх болсон. 2011 онд хүү Ш.Уранхүү худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.М- бид 2-ыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад нэхэмжлэгч Д.М- өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж, Хаан банкнаас 15 000 000 төгрөг зээлж өгсөн ч тухайн онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч улсын дархан цаазтай тусгай хамгаалалтын газруудыг улсын мэдэлд шилжүүлж, модны аж ахуй эрхэлж байсан “Хүдэр Хайрхан” ХХК бүр мөсөн татан буугдаж, Д.М-д зээлсэн мөнгийг нь хүү бид 2 төлж барагдуулах болсон. Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн. Бид тухайн үед эхнэр нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22 879 500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би нэхэмжлэгчтэй эхнэр нөхөр гэж явсны хувьд ойр зуурын мөнгө төгрөгийг өгч авч байсан ч тухайн үед ийм байдалд хүрнэ гэж бодож яваагүй тул бичиж тэмдэглэж байсангүй. 2014 оноос бид зарим нэг асуудалд санал зөрөлдөх болсноор нэхэмжлэгчийн ааш зан хувирч намайг болон үр хүүхдийг минь элдвээр хэлж доромжлон байнга дарамталж байсны эцэст би залхахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг арга буюу нотариат орж батлуулсан. Хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар батлуулсан ч гэрээнд заасан шиг мөнгийг өгч авсан зүйл огт байхгүй. Харин дарамт шахалтаар хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь надад 12 500 000 төгрөг зээлдүүлээгүй, би зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэтэл Д.М- нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкнаас 13 000 000 төгрөгийг авч надад зээлдүүлсэн гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ёстой миний мэдээгүй зүйл байна. Би Д.М-аас нэг л удаа 15 000 000 төгрөгийг зээлж авсан болохоос энэ яриад байгаа 12 500 000 төгрөгийг аваагүй гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ш-аас 15 450 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235 000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Би Д.М-аас нэг л удаа 15 000 000 төгрөг зээлж авсан үүнийгээ 2016 он болоход бүрэн төлж дуусгасан. Сүүлд баримт гаргаж ирж Төрийн Банкнаас авсан гээд нэхээд байгаа 13 000 000 төгрөгийг бол би үнэндээ огт аваагүй....Мөн Д.М- Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүх хурал болоод нэлээд удсаны дараа дахин над руу утасдаж “Солонгос улсруу хүүхдүүд рүүгээ явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи өмнө нь надаас уучлалт гуйгаад буруу юм боллоо гаргасан нэхэмжлэлээ татлаа гээд байсан гэтэл хэрэг асуудал дахиад л Сэлэнгэ аймгийн шүүх рүү явсан байна. Аваагүй өгөөгүй юман дээр намайг ингэж тамлаад яах вэ” гэхэд “би өргөдөл бичээгүй юм өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг л би аваад өгөе чи бич гээд шахаж шаардаад байгаа юм” гэж хэлж байсан. Ч.Мөнгөнцэцэг өмгөөлөгч шүүгч байсан болохоороо Сэлэнгэ аймгийн давж заалдах шүүхэд нөлөөлсөн байна гэж бодож байгаа. Д.М- одоо Солонгос улсад амьдарч байгаа би Д.М-ыг Солонгос явчихсан болохоор ингэж байгаа юм биш, би өөрийнх нь нүүрэн дээр ч хэлж байсан. Би Д.М-аас сүүлд авсан 13 000 000 төгрөгийг үнэндээ аваагүй тул Мандал сум дахь сум дундын шүүхийн 103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжпэгч Д.М- анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэсээ л нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байсан. Нэхэмжлэгч Д.М- 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...С.Ш- надаас 12 500 000 төгрөг зээлж авсан ...С.Ш- тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрхи мөнгийг авсан ба би зээлээ төлж чадахгүй... Би байраа зарж байж зээлээ төлсөн” гэжээ.  2017 оны 02 дугаар сарын 06-нд шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний байрыг барьцаалж 15 000 000 төгрөгний барьцаанд тавьсан. ...С.Ш- бид хоёр ярилцаж байгаад үлдэгдэл мөнгөн дээрээ зээлийн гэрээ   байгуулсан. ...Тэр мөнгөө төлөхгүй миний байр хураагдсан. ...Би С.Ш-т байраа барьцаанд тавиад бэлэн 15 000 000 төгрөг тоолж өгсөн” гэжээ.

Гэтэл ХААН банкны Зүүнхараа дахь салбар болон Төв аймгийн Ар Хуст сумын тооцооны төвөөс ирүүлсэн нотлох баримтуудаар Д.М-ын 2012 онд авсан 15 000 000 төгрөгний зээл хугацаанаасаа өмнө бүрэн төлөгдөж дууссан. Зээлийн барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөгдсөн болох нь нотлогдож тогтоогдсон. Д.М-ын нэхэмжлэл, тайлбарт бичсэн шиг банкны зээлийн үлдэгдэл болох мөнгө төгрөг огт байгаагүй. Д.М-ын байр зарагдсан хураагдсан асуудал болоогүй байна. Нэхэмжлэгч Д.М- анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа 15 000 000 төгрөгний зээл авч С.Ш-т тоолж өгсөн гэж байсан боловч анхан шатны шүүхэд ирэхгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш гэнэт Багануур дүүргийн Төрийн банкнаас 13 000 000 төгрөгний зээл авсан зээлийн гэрээний баримт гарган ирж өмнө нь 15 000 000 төгрөг С.Ш-т тоолж өгсөн гэж байснаа өөрчлөн 13 000 000 төгрөг С.Ш-т өгсөн, зээлдүүлсэн гэж ярих болсон нь үндэслэл муутай гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байгаа юм.Д.М- 2017 оны 07 дугаар сарын 04-нд С.Ш-тай зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зуруулсан гэсэн боловч С.Ш-т 12 500 000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт байхгүй үүнийгээ нотолж чадахгүй байгаагаас үзэхэд С.Ш-ын тайлбар үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдэд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох учир нэхэмжлэгч Д.М- хариуцагч С.Ш- нарын хооронд байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ хуулийн шаардлага хангахгүй хүчин төгөлдөр бус хэлцэл болно....Иймд Мандал сум дахь сум дундын шүүхийн 103 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч С.Ш-т холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, уг гэрээгээр зээл аваагүй, урьд өмнө авсан зээлийг төлж дуусгасан гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан үндэслэл үүсээгүй буюу мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар зээлийн зүйл болох мөнгө нэхэмжлэгчээс хариуцагчид шилжээгүй гэж үзжээ. Мөн шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй, улмаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН