Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 19

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Л.Амарсанаа

                                                                     Г.Давааренчин

                     Оролцогчид                       

                              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

                              Хариуцагчийн өмгөөлөгч    Ц.Цогзолмаа

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор С.Шагдарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 15.450.000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Мандал сум Түнхэл тосгоны иргэн С.Шагдар нь мөнгөний хэрэгцээ байна гээд надаас 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан нэг сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл нэг сар болсон боловч мөнгөө өгдөггүй. Би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. С.Шагдараас мөнгөө байнга нэхэж байсан боловч өгнө гэсээр өдий хүртэл явлаа. Одоо гэрээний дагуу 12.500.000 төгрөгийн алданги 6.250.000 төгрөг бүгд 18.750.000 төгрөг нэхэмжлэхээс С.Шагдар нь 2014 оны 7,8,9,10,11 дүгээр саруудад сар бүр 500.000 төгрөг бүгд 2.500.000 төгрөг өгсөн. 2015 оны 03 дугаар сард 3 хохины мах өгснийг 500.000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 100.000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3.300.000 төгрөгийг хасч үлдэх 15.450.000 төгрөгийг С.Шагдараас гаргуулахаар нэхэмжилж байна. С.Шагдар нь тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба би тухайн үед байраа барьцаалсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй байраа зарж зээлээ өгсөн. Энэ байдлаа С.Шагдарт хэлсэн боловч хүн чанар даан ч гаргаагүй. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны Багануур дүүргийн салбараас 13.000.000 төгрөгийн зээл аваад 2014 оны 06 дугаар сарын эхээр С.Шагдарт нэг сарын хугацаатай 12.500.000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Иймд гэрээний дагуу үлдэгдэл мөнгө болох 15.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

“...С.Шагдар би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Хүдэр Хайрхан” ХХК-ийг 1997 оны 10 дугаар сарын 20-д үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалтай дотносч ханилан суухаар тохирч ирж очин хамтран амьдарч эхэлсэн. Миний бие “Хүдэр Хайрхан” ХХК-ийг өөрийн хүү Ш.Уранхүүд хариуцуулан өгч өөрөө өөр ажил эрхлэх болсон.

2011 онд хүү Ш.Уранхүү худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.Мөнхжаргал бид 2-ыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад нэхэмжлэгч Д.Мөнхжаргал өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж, Хаан банкнаас 15.000.000 төгрөг зээлж өгсөн ч тухайн онд Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч улсын дархан цаазтай тусгай хамгаалалтын газруудыг улсын мэдэлд шилжүүлж, модны аж ахуй эрхэлж байсан “Хүдэр Хайрхан” ХХК бүр мөсөн татан буугдаж, Д.Мөнхжаргалд зээлсэн мөнгийг нь хүү бид 2 төлж барагдуулах болсон. Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн. Бид тухайн үед эхнэр нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22.879.500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би нэхэмжлжгчтэй эхнэр нөхөр гэж явсны хувьд ойр зуурын мөнгө төгрөгийг өгч авч байсан ч тухайн үед ийм байдалд хүрнэ гэж бодож яваагүй тул бичиж тэмдэглэж байсангүй.

2014 оноос бид зарим нэг асуудалд санал зөрөлдөх болсноор нэхэмжлэгчийн ааш зан хувирч намайг болон үр хүүхдийг минь элдвээр хэлж доромжлон байнга дарамталж байсны эцэст би залхахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг арга буюу нотариат орж батлуулсан. Хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар батлуулсан ч гэрээнд заасан шиг мөнгийг өгч авсан зүйл огт байхгүй. Харин дарамт шахалтаар хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь надад 12.500.000 төгрөг зээлдүүлээгүй, би зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэтэл Д.Мөнхжаргал нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкнаас 13.000.000 төгрөгийг авч надад зээлдүүлсэн гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Ёстой миний мэдээгүй зүйл байна. Би Д.Мөнхжаргалаас нэг л удаа 15.000.000 төгрөгийг зээлж авсан болохоос энэ яриад байгаа 12.500.000 төгрөгийг аваагүй...” гэжээ.

 

Анхан шатны шүүх Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй, С.Шагдарт холбогдох иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 103 дугаартай шийдвэрээр:

- Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Шагдараас 15.450.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 235.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээж, 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг хэлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал миний бие нь хариуцагч С.Шагдараас зээлийн гэрээний дагуу 15.450.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 103 тоот шийдвэрээр уг хэргийг шийдвэрлэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тул дараах гомдлыг гаргаж байна.

С.Шагдартай 2011 онд танилцсан. Бид бие биенийхээ гэрээр ирэн очин байдаг байсан. С.Шагдар нь надтай танилцсан үеэсээ л мөнгө төгрөгний хэрэг байна гэж надаар банкнаас зээл авахуулж хүү Ш.Уранхүү нь Мандал сумын Түнхэл тосгонд “Хүдэр Хайрхан” ХХК-тай модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан учир хавар мод эхлэхээр ажлаа эхэлдэг байсан.

Ингээд 2012 онд 15.000.000 төгрөг зээлүүлж авсан үүнийгээ 2014 оны 5 дугаар сард төлөөд 2014 оны 5 дугаар сард дахин банкнаас зээл авахуулж найдвартай өгнө гэж хэлээд мөнгөө аваад хоёулаа дараа нь цуг нотариат дээр очиж гэрээ хийсэн. Үүнийхээ дагуу зээлийн гэрээг байгуулж мөнгө авснаас хойш С.Шагдар нь 2014 оны 7 дугаар сард 500.000 төгрөг, 8 дугаар сард 500.000 төгрөг,  9 дүгээр сард 500.000 төгрөг, 10 дугаар сард 500.000 төгрөг, 11 дүгээр сард 500.000 төгрөг тус тус бүгд 2.500.000 төгрөг мөн 2015 оны 3 дугаар сард 3 хонины мах өгснийг 500.000 төгрөгөөр тооцсон. 2016 оны 4 дүгээр сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 100.000 төгрөгийг өгч байгаад сүүлийн саруудад амьдрал ахуй хэцүү байна, хямрал зарлаад модны үйл ажиллагаа хийхгүй мөнгөгүй байна гэх болсон ба сүүлдээ бүр мөнгө өгөхгүй болохоор би арга буюу шуүхэд хандсан.

Шүүх миний нэхэмжлэлийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгосонд үнэхээр гомдолтой байна. Хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэлээ намайг анх 15.000.000 төгрөг гэж нэхэмжилсэн, мөн байраа барьцаанд тавьсан гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадахгүй байна гэж үзсэн. Би шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой ярьсан. Харин С.Шагдарыг шүүх хуралдаан дээр ярихад нь та буруу яриад байна ингээд ярь, тэгээд ярь гэж засаж хэлээд хөтөлж асуугаад байсан. Энэ нь хурлын тэмдэглэлд нь тодорхой байгаа байх.

С.Шагдарт би 13.000.000 төгрөг банкнаас зээлж аваад 12.500.000 төгрөгийг нь тоолж өгсөн. С.Шагдар нь инээж байгаад л надаас тоолж авсан. Ер нь намайг сууя, амьдаръя гэж худлаа хэлж мөнгө төгрөг салгах л зорилготой байсныг би сая л мэдлээ. Би дараа нь гэрээ хийе гэж хэлээд С.Шагдар өөрөө зөвшөөрч бид хоёр нотариат дээр очиж гэрээ хийж баталгаажуулсан. Миний хувьд дарамталсан зүйл огт байхгүй. С.Шагдар чинь эрүүл, саруул ухаантай, нас биед хүрсэн хүн шүү дээ. Бид хоёрыг нотариат дээр очиж гэрээгээ хийхэд нотариатын хүн бид 2-т хууль тайлбарлан өгч дарамт шахалт, хууль зөрчсөн зүйл байна уу? гэж асууж байгаад гэрээг баталсан. Тэгэхээр хууль зөрчсөн гэрээ биш юмаа.

Үнэхээр дарамталсан, шахсан шаардсан зүйл байсан бол С.Шагдар шүүхэд хүсэлт гаргаад нотариатчийг асуулгах, шалгуулах бүрэн боломжтой байсан. Энэ талаар шүүхэд ямар ч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгааг гайхаж байна.

С.Шагдар нь мөнгө тоолж авснаас хойш надад 2014-ноос 2016 оны 4 дүгээр сар хүртэл мөнгө цувруулан шилжүүлж байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш байнга 10.000.000 төгрөг өгье 2-лаа эвлэрье, гэж шүүгчийн туслах н.Батсайханаар хэлүүлж байсан. С.Шагдар нь мөнгө надаас аваагүй байж гэрээ хийх хүн биш, гэрээ хийснээс хойш мөнгө өгөхгүй байх хүн шүү дээ. Сар болгон мөнгө шилжүүлээд байгаа нь авсан мөнгөө төлж байгаа нотлох баримт биш гэж үү.

Шүүх өнөөдөр С.Шагдарын тайлбарыг яагаад үнэн гэж дүгнэж байгаа, миний тайлбарыг яагаад худлаа гэж үзэж байгааг тодорхой бичээгүй шууд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хуулийн дагуу дахин шалгаж үнэнийг олж шийдвэрлэж өгөхийг Давж заалдах шатны шүүгч нараас хүсэж байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.    Хариуцагч С.Шагдар нь  Мандал сумын Түнхэл тосгонд “Хүдэр Хайрхан” ХХК-тай модны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба сүүлийн 2 жил дараалан Д.Мөнхжаргалаас мөнгө зээлж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2014 онд мөн энэ чиглэлээр С.Шагдарын хүссэний дагуу Д.Мөнхжаргал өөрт мөнгө байхгүй байсан тул өөрийн харьяалах Төрийн банкны Багануурын салбараас 13.000.000 төгрөгийн цалингийн зээл авч С.Шагдарт 12.500.000 төгрөгийг өгч зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээг байгуулж мөнгө авснаас хойш С.Шагдар нь 2014 оны    7,8,9,10,11-р саруудад сар бүр 500.000 төгрөг бүгд 2.500.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 3 хонины мах өгснийг 500.000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 4 дүгээр сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 100.000 төгрөгийг тус тус өгч байгаад сүүлийн саруудад мөнгө өгөөгүй тул С.Шагдараас өгсөн 3.300.000 төгрөгийг хасаж үлдэх 15.450.000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж шүүхэд хандсан.

 Шүүх нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадахгүй байна ... анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  тайлбартаа 15.000.000 төгрөгийн зээл байраа барьцаалан авч өгсөн гэдэг ба шүүх  хуралдаан дээр 13 сая төгрөгийн цалингийн барьцаат зээлийн гэрээний баримтыг гарган өгч авсан мөнгөө С.Шагдарт зээлдүүлсэн мэтээр тайлбарлаж нэхэмжилж байна, мөн мөнгөө 2014 оны 6 дугаар сард С.Шагдарт зээлүүлсэн, нөхөж зээлийн гэрээ байгуулсан, мөнгө өгсөн баримт байхгүй гэж дүгнэсэн. Үүнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь С.Шагдар нь 2012 онд мөн Д.Мөнхжаргалаар 15.000.000 төгрөг банкнаас зээл авахуулж мөнгийг 2014 оны 5 дугаар сард төлж дууссан гэдэг боловч 2014 оны 5 дугаар сард дахин банкнаас зээл авахуулан 12.500.000 төгрөг зээлж авсан байдаг. Нэхэмжлэгч үүнийгээ нотлохын тулд Төрийн банкны Багануурын салбараас 13.000.000 төгрөгийн цалингийн зээлийн баримт, зээлийн гэрээг шүүхэд нотлох баримт болгон гарган өгсөн. С.Шагдар нь 2014 оны 07 дугаар сарын 04-нд 1 сарын хугацаатай, хүүгүйгээр байгуулсан зээлийн гэрээнийхээ дагуу 1 сарын хугацаанд зээлээ төлөөгүй боловч тодорхой хэмжээд гэрээний дагуу 2014 он, 2015 он, 2016 онуудад мөнгийг өгч байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн тайлбараар нотлогдож байгаа.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, хариуцагч С.Шагдар нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь өөрсдийн хүсэл зоригийнхоо дагуу хийсэн хэлцлээ баталгаажуулсан. Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Гэтэл шүүх 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж дурьдсан боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн хэд дэх заалт баримтлан дүгнэлт хийж байгаагаа шийдвэртээ тусгаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 тоот шийдвэрийг хянан үзэж Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү  гэв.

 

Хариуцагч  давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

“...Д.Мөнхжаргал бид 2014 оны эхэн үеэс таарч тохирохоо больж 2 тийшээ болсон. Д.Мөнхжаргалыг 2014 оны 05 дугаар сарын 12-нд авч байсан 13.000.000 төгрөгийн зээлийг би огт мэдэхгүй. Тус зээл надад огт хамааралгүй, би зээлнээс нэг ч төгрөг аваагүй. Харин 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан 15.000.000 төгрөгийн зээлийг Д.Мөнхжаргал бидэнд авч өгснийг нь 2016 он болоход 22.879.500 төгрөг болгож төлсөн. 2011 онд Д.Мөнхжаргалтай тохиролцож, ирж очин хамтран амьдрах болсон. 2011 онд хүү Ш.Уранхүүд банз нийлүүлэх ашигтай санал ирж ажиллаж эхэлсэн боловч нэмэлт мөнгө шаардлагатай болж 2012 оны 07 дугаар сард Д.Мөнхжаргал нь 15.000.000 төгрөг банкнаас зээлж өгсөн нь үнэн. Энэ талаар би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа тодорхой бичсэн байгаа. Д.Мөнхжаргал нь 2014 оны эхэн үеэс ааш зан нь хувираад яваад өгсөн хүн надад 13.000.000 төгрөгийн зээл авч өгөхгүй нь тодорхой. Намайг сэтгэл санаа, эдийн засгийн дарамтад оруулах зорилготой худал баримт гаргаж өгсөн байна. Д.Мөнхжаргал надад 2014 оны 05 дугаар сарын 12-д 13.000.000 төгрөг банкнаас авч өгсөн гэдэг нь ор үндэсгүй юм. 2017 оны 07 дугаар сарын 14-д 12.500.000 төгрөг Д.Мөнхжаргалаас тоолж аваагүй, би Д.Мөнжаргалаас нэг л удаа 15.000.000 төгрөг авснаас 22.579.500 төгрөг болгож төлж дууссан. Зээлийн гэрээг дарамт шахалтад орж гарын үсэг зурсан. Хүчин төгөлдөр бус гэрээ байна. Би Д.Мөнхжаргалтай урьд өмнө нь өгсөн мөнгөнийхөө тооцоог нийлж тооцоогүй байсан боловч шүүхэд нэхэмжлэл өгөх үед нь өгсөн мөнгөнийхөө тооцоог хийхэд ямар ч мөнгөний тооцоо байхгүй байсан. Би зүрх муутай, даралт өндөртэй энэ асуудлаас болж байнга бие муудах болсон тул хэлсэн мөнгийг нь төлөөд харвачихгүй салъя гэж байсан удаатай. Гэвч хүүхдүүд аваагүй их мөнгийг та төлж болохгүй, үргэлж энэ хүний дарамтанд орж хэлсэн болгоныг нь биелүүлж болохгүй гээд надад өмгөөлөгч авч өгсөн. Би үнэндээ 13.000.000 төгрөг аваагүй нотариатаар батлуулсан зээлийн гэрээний дарамтанд орж аргагүйн эрхэнд гарын үсэг зурсан...” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Мөнхжаргал анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэсээ л нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал нэхэмжлэгч Д.Мөнхжаргал 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.Шагдар надаас 12.500.000 төгрөг зээлж авсан...С.Шагдар надаар тэр үед банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба зээлийг төлж чадахгүй би байраа зараад зээлээ төрсөн гэжээ.

Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 06-нд шүүхэд гаргасан тайлбартаа ...Д.Мөнхжаргал миний байрыг 15.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан...С.Шагдар бид 2 ярилцаж байгаад үлдэгдэл мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулсан...Тэр мөнгөө төлөхгүй миний байр хураагдсан...би С.Шагдарт байраа барьцаанд тавиад бэлэн 15.000.000 төгрөг тоолж өгсөн гэжээ. Гэтэл Хаан банкны Зүүнхараа дахь салбар болон Төв аймгийн Архуст сумын тооцооны төвөөс ирүүлсэн нотлох баримтуудаар Д.Мөнхжаргалын 2012 онд авсан 15.000.000 төгрөгний зээл хугацаанаасаа өмнө бүрэн төлөгдөж дууссан.

Зээлсэн барьцаа хөрөнгө бүрэн чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон. Д.Мөнхжаргалын гомдол нэхэмжлэл, тайлбарт бичсэн шиг банкны зээлийн үлдэгдэл болох мөнгө төгрөг байгаагүй. Д.Мөнхжаргалын байр зарагдсан, хураагдсан асуудал болоогүй. Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа 15.000.000 төгрөгний зээл авч С.Шагдарт өгсөн гэж байсан боловч шүүхэд ирэхгүй удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсаар 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш, сүүлд гэнэт Багануур дүүргийн Төрийн банкнаас 13.000.000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээний баримт гарган ирж өмнө нь 15.000.000 төгрөг С.Шагдарт тоолж өгсөн гэж байснаа өөрчлөн 13.000.000 төгрөг С.Шагдарт зээлдүүлсэн гэж ярих болсон нь үндэслэл муутай. Гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байгаа юм.

Шүүх анх гаргасан нэхэмжлэлтэй нь холбогдолгүй 13.000.000 төгрөгийн баримтыг хүлээн авсан нь буруу юм. Хариуцагч С.Шагдар 2012 оны 07 дугаар сард хүү Ш.Уранхүүгийн ажилд туслах зорилгоор нэг л удаа Д.Мөнхжаргалаас 15.000.000 төгрөгийг зээлж авсан. Үүнийг 2016 он болоход 22.879.500 төгрөг болгож дансаар шилжүүлж, төлж дуусгасан.

2014 оны эхэн үеэс Д.Мөнхжаргалын ааш зан хувирч элдвээр хэлж доромжилж байнга дарамталж байсны эцэст би залхахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг арга буюу нотариатаар орж батлуулсан. Түүнээс 2014 оны 07 дугаар сарын 04-нд гэрээ байгуулах үед би Д.Мөнхжаргалаас нэг ч төгрөг тоолж аваагүй.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хариу тайлбар бичсэн үеэс хойш өнөөг хүртэл удаа дараа хөдөлбөргүй тайлбарлан мэдүүлсээр ирсэн. Д.Мөнхжаргал 2014 оны 07 дугаар сарын 04-нд С.Шагдартай зээлийн гэрээ байгуулан гарын үсэг зуруулсан гэсэн боловч С.Шагдарт 12.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримт байхгүйгээс үзвэл С.Шагдарын тайлбар үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох учир нэхэмжлэгч Д.Мөнхжаргал хариуцагч С.Шагдар нарын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно. С.Шагдар төрийн банкнаас авсан гэх 13.000.000 төгрөгний талаар тайлбарлахдаа Д.Мөнхжаргал 2014 оны эхээр надаас салаад явсан. 2014 оны 05 дугаар сард надад юу гэж зээл авч өгөх вэ?, 13.000.000 төгрөгний зээл надад авч өгсөн гэдэг нь ор үндэсгүй, худал зүйл. 13.000.000 төгрөгний зээл надад огт хамааралгүй, харин би Д.Мөнхжаргалаас 15.000.000 төгрөгний зээл авснаа бүрэн төлсөн гэж байгаа нь үндэслэлтэй тайлбар гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Д.Мөнхжаргалын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Д.Мөнхжаргал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадахгүй байгаа учраас Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Үндэслэх нь:

 

  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч С.Шагдарт холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 15.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Мөнхжаргалаас 2014 онд зээл аваагүй урьд авсан зээлээ төлж дуусгасан хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Зохигчдын  шүүхэд гаргасан тайлбараас үзвэл талуудын хооронд тодорхой хэмжээний зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж  тайлбарлаж байгаа боловч хэзээ, хэрхэн үүссэн, гэрээгээр хэдэн төгрөг зээлүүлсэн, талуудын хооронд  хэдэн удаа зээлийн гэрээ байгуулсан,  зээлийн гэрээ хэзээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад шүүх дээрхи байдлуудыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн шүүх талуудын хооронд байгуулсан 2014 оны 04 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн атлаа  тухайн зүйлийн аль хэсэгт заасан  ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

 Иймд анхан шатны  шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан  журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн  хэргийн үйл баримт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг  Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                           

                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                   ШҮҮГЧИД                               Л.АМАРСАНАА

                                                                                Г.ДАВААРЕНЧИН