Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00103

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг Архуст сумын Ноён шанд 1 дүгээр баг, Булагтай 4 дүгээр байр ¹ 03 тоотод оршин суух, 1958 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 59 настай, эмэгтэй, Боржигин овогт Дэгээгийн Мөнхжаргалын /РД:НД58012863/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Замчдын гудамжны ¹ 34 тоотод оршин суух, 1959 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, Боржигон овогт Самдангийн Шагдарт /РД:МП59012977/ холбогдох

             Зээлийн гэрээний үүрэг болох 15450000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, хариуцагч С.Шагдар, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мандал сум Түнхэл тосгоны иргэн С.Шагдар нь мөнгөний хэрэгцээ байна гээд надаас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12500000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл 1 сар болсон боловч мөнгөө өгдөггүй би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. С.Шагдараас мөнгөө байнга нэхэж байсан боловч өгнө гэсээр өдий хүртэл явлаа. Одоо гэрээний дагуу 12500000 төгрөгийг алданги 6250000 төгрөг бүгд 18750000 төгрөг нэхэмжлэхээс С.Шагдар нь 2014 оны 7,8,9,10,11 дүгээр саруудад сар бүр 500000 төгрөг, бүгд 2500000 төгрөг өгсөн, 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг 500000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 11 дүгээр сард 100000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3300000 төгрөгийг хасч үлдэх 15450000 төгрөгийг С.Шагдараас гаргуулахаар нэхэмжилж байна.

С.Шагдар нь тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба би тухайн үед байраа барьцаалсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй байраа зарж зээлээ төлсөн. Энэ байдлаа Шагдарт хэлсэн боловч хүн чанар даанч гаргаагүй. Иймд Самдангийн Шагдараас 15450000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн  банкны Багануур дүүргийн салбараас 13 сая төгрөгийн зээл аваад 2014 оны 06 дугаар сарын эхээр С.Шагдарт нэг сарын хугацаатай 12500000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн. Урд нь бид хоёрт мөнгө төгрөг өгөлцөж авч байхад Шагдар нь найдваргүй байдал гаргаж байсан учир албан ёсоор зээлийн гэрээг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулж нотариатаар батлуулсан. Түүнээс хойш удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. 2014 оны 07, 08, 09, 10, 11 дүгээр саруудад тус бүр 500000 төгрөг өгсөн. 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг нь 500000 төгрөгөнд тооцсон. 2016 оны 04 дүгээр сард 200000 төгрөг, 11 дүгээр сард 100000 төгрөг тус тус өгсөн. Үүнээс хойш ерөөсөө мөнгө өгөхгүй байсан учир арга буюу шүүхэд хандсан. Иймд гэрээний дагуу үлдэгдэл мөнгө болох 15450000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Шагдар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Самдан овогтой Шагдар би Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Хүдэр хайрхан ХХК-ийг 1997.10.20-нд үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалтай дотносч ханилан суухаар тохирч ирж очин хамтран амьдарч эхэлсэн. Миний бие Хүдэр хайрхан ХХК-ийг өөрийн хүү Ш.Уранхүүд хариуцуулан өгч өөрөө өөр ажил эрхлэх болсон.

2011 онд хүү Ш.Уранхүү худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.Мөнхжаргал бид хоёрыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн юм. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад нэхэмжлэгч Д.Мөнхжаргал өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж ХААН банкнаас 15 сая төгрөг зээлж өгсөн ч тухайн онд Монгол улсын засгийн газрын тогтоол гарч улсын дархан цаазтай, тусгай хамгаалалтын газруудыг улсын мэдэлд шилжүүлж модны аж ахуй эрхэлж байсан Хүдэр хайрхан ХХК бүр мөсөн татан буугдаж Д.Мөнхжаргалд зээлсэн мөнгийг нь хүү бид хоёр төлж барагдуулахаар болсон. Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн юм. Бид тухайн үед эхнэр, нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22879500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би нэхэмжлэгчтэй эхнэр, нөхөр гэж явсны хувьд ойр зуур мөнгө төгрөгийг өгөлцөж авалцаж байсан ч тухайн үед ийм байдалд хүрнэ гэж бодож яваагүй тул бичиж тэмдэглэж байсангүй. Гэхдээ өөрийн санаж байгаагаас дурьдвал:

-Д.Мөнхжаргалыг Япон улсад явах үед замын зардалд 1000000 төгрөг

- Японоос машин оруулж ирэхэд гаалийн татварт 820000 төгрөг

- Японоос дугуй оруулж ирэхэд 500000 төгрөг

- Эмчилгээ хийлгэхэд 200000 төгрөг

- Д.Мөнхжаргалын шүүхийн шийдвэрийн өрөнд 200000 төгрөг гэх мэт мөнгийг төлж байсан ч энэ болгоныг эхнэр, нөхөр гэр бүл гэж бодон өгч байсан юм.

2014 оноос бид зарим нэг асуудал дээр санал зөрөлддөг болсноор нэхэмжлэгчийн ааш зан хувирч намайг болон үр хүүхдийг минь элдвээр хэлж доромжлон байнга дарамталж байсны эцэст би залхахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээг арга буюу нотариат орж батлуулсан.

Хэдийгээр зээлийн гэрээг нотариатаар орж батлуулсан ч гэрээнд заасан шиг мөнгийг өгөлцөж авалцсан зүйл огт байхгүй харин дарамт шахалтаар хийгдсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус гэж би үзэж байна.

Нэхэмжлэгч нь надад 12500000 төгрөг зээлдүүлээгүй би зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Шагдар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Д.Мөнхжаргалтай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулан 12.5 сая төгрөгийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ гэрээг би Д.Мөнхжаргалын дарамт шахалтаар гарын үсэг зур гэхээр нь очиж гарын үсэг зурсан. Д.Мөнхжаргал нь 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ХААН банкны Төв аймгийн Архуст салбараас байраа барьцаалж 15 сая төгрөгийг надад авч өгсөн юм. Тэгээд би 2012 оны 07 дугаар сард авсан энэ мөнгөө 2016 онд багтааж 22 сая төгрөг болгож төлж дуусгасан. Гэтэл Д.Мөнхжаргал нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкнаас 13 сая төгрөгийг авч надад зээлдүүлсэн гэсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ёстой миний мэдэхгүй зүйл байна. Энэ хүнийг би япон улсад явахад нэг сая төгрөг, приус машин авахад нь 820000 төгрөг, дугуй авахад нь 500000 төгрөгийг өгч байсан. Би Мөнхжаргалаас нэг удаа л 15 сая төгрөгийг зээлж авсан болохоос энэ яриад байгаа 12.5 сая төгрөгийг аваагүй гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч С.Шагдарт 12500000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатайгаар хүүгүйгээр зээлдүүлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох тухай зээлийн гэрээ байгуулсны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үндсэн зээл 12500000 төгрөг, алданги 6250000 төгрөг, бүгд 18750000 төгрөг нэхэмжлэхээс С.Шагдарын 2014 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад нийт өгсөн 2500000 төгрөг, 2015 оны 03 дугаар сард өгсөн 3 хонины махыг 500000 төгрөгөөр тооцон, 2016 оны 04 дүгээр сард өгсөн 200000 төгрөг, 11 дүгээр сард өгсөн 100000 төгрөг, бүгд 3300000 төгрөгийг хасч зээлийн гэрээний үлдэгдэл 15450000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Харин хариуцагч С.Шагдар нь нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын эзэмшлийн байрыг барьцаанд тавиулж ХААН банкны Төв аймгийн Ар хуст салбараас 2012 онд Д.Мөнхжаргалаар 15 сая төгрөгийн Өрхийн зээл авахуулаад өөрийн төрсөн хүү Ш.Уранхүүд өгсөн нь үнэн бөгөөд уг 15 сая төгрөгийн зээлийг 2016 он болоход нийт 22879500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас 12500000 төгрөгийг зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг Д.Мөнхжаргалын дарамт шахалт, айлган сүрдүүлснээс болж хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэж маргажээ.

Хавтаст хэргийн 25 дугаар талд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан тайлбар байх ба уг тайлбартаа.. Шагдар нь мөнгөний хэрэгцээ байна гээд миний байрыг барьцаанд тавиулж зээл авахуулсан. Гэтэл тэр мөнгөө төлөхгүй миний байр хураагдсан. Ингээд Шагдарын төлөөгүй мөнгөний үлдэгдэл дээр бид хоёр ярьж тохирч зээлийн гэрээг хуульд заасны дагуу нотариатч дээр очиж байгуулсан болохоос дарамталсан шахсан зүйл огт байхгүй. Миний байрыг 15 сая төгрөгийн барьцаанд тавьж бэлэн мөнгө С.Шагдар тоолж авсан. С.Шагдар нь  надад 22 сая төгрөг шилжүүлээгүй. Үлдэгдэл мөнгөө зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжилсэн 15450000 төгрөгийг гаргуулж өгнө үү…. гэжээ.

Хариуцагч талаас гаргасан нэхэмжлэгч Д.Мөнхжаргал Төв аймаг Ар хуст сумын тооцооны төвөөс 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлээр авсан 15 сая төгрөгөө хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр төлж дуусгасан болох, 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн БГ-930 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан хөрөнгүүд банкны барьцаанаас чөлөөлөгдсөн эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг гаргуулсан ба хавтаст хэргийн 39 – 44, 62-68 дугаар талд авагдсан ХААН банкны Зүүнхараа салбарын болон Төв аймгийн Ар хуст тооцооны төвөөс ирүүлсэн нотлох баримтуудаар Д.Мөнхжаргал нь зээлийг хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийг хугацаанаас нь өмнө хаасан, зээлийн барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Мөнхжаргал нь 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгөөд, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гарын үсгийг зуран зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр авсан болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч талын тус шүүхэд гаргаж өгсөн буюу хавтаст хэрэгт авагдсан Д.Мөнхжаргалын ХААН банкны данс руу хариуцагч С.Шагдар болон түүний хүү Ш.Уранхүү нараас шилжүүлсэн мөнгөний баримтаар нийт 22 сая төгрөгийг шилжүүлсэн болох нь орлогын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь Багануур дүүргийн Төрийн банкнаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13 сая төгрөгийн цалингийн барьцаат зээлийн гэрээг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд шинэ нотлох баримт гаргаж өгсөнтэй холбогдуулан нотлох баримт бүрдүүлэх тухай хариуцагч талын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авсан ба хариуцагч талаас уг нотлох баримтын талаар шүүхэд гаргасан тайлбартаа… Д.Мөнхжаргалын 2014 оны 05 дугаар сарын 12-нд авсан гэх 13 сая төгрөгийн зээлийг би огт мэдэхгүй, энэ зээл надад хамаагүй, би энэ зээлнээс нэг ч төгрөг аваагүй. Харин 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авсан 15 сая төгрөгийн зээлийг Д.Мөнхжаргал бидэнд авч өгснийг 2016 он болоход 22879000 төгрөг болгож өгсөн. Д.Мөнхжаргал нь 2014 оны эхэн үеэс ааш зан нь хувираад явөөд өгсөн хүн надад 13 сая төгрөгийн зээл авч өгөхгүй нь тодорхой. Намайг сэтгэл санаа, эдийн засгийн дарамтанд оруулах зорилготой худал баримт гаргаж өгсөн байна. Д.Мөнхжаргал надад 2014 оны 05 дугаар сарын 12-нд 13 сая төгрөг банкнаас авч өгсөн гэдэг нь ор үндэсгүй юм… гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж банкнаас 15 сая төгрөгийн зээл авч С.Шагдарт өгсөн гэж тайлбарлан 15450000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан боловч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш Багануур дүүргийн Төрийн банкнаас 13 сая төгрөгийн цалингийн барьцаат зээлийн гэрээний баримтыг гарган өгч уг зээлж авсан мөнгөө хариуцагч С.Шагдарт зээлдүүлсэн гэх мэтээр тайлбарлан нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч С.Шагдараас 15450000 төгрөгийг гаргуулах тухай тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж чадахгүй байна гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа … Багануур дүүргийн Төрийн банкнаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан цалингийн барьцаат зээлээр авсан 13 сая төгрөгөө 2014 оны 06 дугаар сарын эхээр хариуцагч С.Шагдарт зээлдүүлсэн. Тэгээд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр С.Шагдарт зээлдүүлснээр нөхөж зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан гэсэн боловч 2014 оны 06 дугаар сарын эхээр С.Шагдарт бэлэн 12.5 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байх ба хариуцагч С.Шагдар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа… Д.Мөнхжаргалаас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.5 сая төгрөгийг бэлнээр тоолж аваагүй. Д.Мөнхжаргалаас нэг л удаа 15 сая төгрөгийг авснаа 22 сая төгрөг болгон төлж барагдуулсан. 2014 оны 07 дугаар сарын 04-ний зээлийн гэрээнд намайг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан юм… гэжээ.

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйл болон 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох учир нэхэмжлэгч Д.Мөнхжаргал хариуцагч С.Шагдар нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын хариуцагч С.Шагдараас нэхэмжилсэн зээлийн гэрээний үлдэгдэл 15450000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хариуцагч С.Шагдар нь Д.Мөнхжаргалын ямар дарамт шахалт, айлган сүрдүүлэлтийн улмаас хүчинд автагдаж уг зээлийн гэрээг байгуулсан талаар хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт байхгүй, мөн энэ талаараа өөрөө шүүхэд хандаж нотлох баримт бүрдүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байгаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                  Тогтоох нь:

 

1.Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч С.Шагдараас 15450000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235000 төгрөгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 130400941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                              

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН.