| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 188/2017/0089/Э |
| Дугаар | 279 |
| Огноо | 2017-04-25 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 279
Б.Галбадрахад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Очирсүрэн,
ялтан Б.Галбадрахын өмгөөлөгч Ж.Яринпил,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Д.Халзан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, Б.Галбадрахад холбогдох эрүүгийн 201526011435 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Алдар овогт Бүүвэйн Галбадрах, 1977 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 8-99 тоотод оршин суудаг,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 15 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ВЮ 77101290/,
Б.Галбадрах нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 112 дугаар автобусны буудлын хойд талд байрлах зочид буудалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “би шоронгоос гараад удаагүй байгаа шүү” гэх зэргээр хэлж, иргэн Д.Долгорын нүүрэн тус газарт нь алгадаж, бусдыг илтэд үл хүндэтгэн танхайрсан, буудлын гадаа авто замын хажууд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Э.Наранхоролыг зодож, бие махбодид нь “хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Галбадрахын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Галбадрахыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Галбадрахад 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих ангиас тэнсэн суллагдсан Б.Галбадрахын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Галбадрахад оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Наранхорол цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, Б.Галбадрахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Галбадрах давж заалдах гомдолдоо: “... Би 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр уг хэрэгт холбогдсон ба тухайн үед хохирогч Э.Наранхорол нь найзуудтайгаа бааранд шар айраг ууж байгаад гарч яваад Баянхошууны тойргийн автобусны буудал дээр надтай тааралдаж, хохирогч Э.Наранхорол, түүний найз Долгор, Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нартай танилцаад 1 шил архи, 4-5 ширхэг шар айраг аваад дэн буудал орж уухаар болсон. Дэн буудалд уугаад, ярилцаад сууж байхад хохирогч Э.Наранхоролын хамар нь улайсан, нүд нь хөхөрсөн байсан ба нүдээ будсан ч хөхөрсөн нь мэдэгдэж байсан. Тэгээд удалгүй хохирогч Э.Наранхорол нь Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн хоёртой ярих юм байна гээд дагуулаад гарсан. Удалгүй буцаж орж ирээд Э.Наранхорол “чи миний хамар луу цохисон” гээд араас нь орж ирсэн 2 найздаа “энэ миний хамар луу цохичихлоо. Цагдаа дууд” гээд бүгд буудлаас гарсан. Тэгээд араас нь гараад очтол цагдаа ирээд намайг аваад явсан. Маргааш өглөө нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Э.Наранхорол цагдаад өргөдөл гаргасан байсан. Би 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж, хэрэг бүртгэгчтэй уулзаж, мэдүүлэг өгөөд, тэр өдрөөс хойш 2-3 хоног цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж уулзсан боловч хохирогч чинь ирэхгүй, утас нь холбогдохгүй байна гээд хэргийг хойшлуулж, түдгэлзүүлсэн. 2016 оны 10 дугаар сард хэргийг дахин сэргээж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Мөнхтүвшин шалгаж хохирогч гэх Э.Наранхорол, бид хоёроос мэдүүлэг авч, гэрч Долгор, Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нараас гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн “надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг өгөөгүй байхад өгсөн гэж хэрэгт хавсаргасан. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаахад бас гэрч нараас мэдүүлэг аваагүй, хохирогчтой ч уулзаагүй, зөвхөн надаас байцаалт аваад шүүхэд шилжүүлсэн. Зөвхөн хохирогч гэх Э.Наранхоролын худал мэдүүлгээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс 3 жил 1 сарын хорих ял сонссон. Иймд энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Галбадрахын өмгөөлөгч Д.Халзан давж заалдах гомдолдоо: “... 2015 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Б.Галбадрах нь тохиолдлын чанартай, хувийн сэдэлтийн улмаас Э.Наранхоролын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс харахад Б.Галбадрах нь тухайн хэрэг гарах үед гудамж талбайд хашгирч, догшин авирлаж, илтээр танхайрсан зүйл байдаггүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж өгнө үү...” гэжээ.
Ялтан Б.Галбадрахын өмгөөлөгч Ж.Яринпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 8 дугаар талд Э.Наранхоролын “найз охин Улаанаа, жижиг Долгор нарын хамт буудлаас гарч явсан. Том Долгор үлдчихсэн байхаар нь буудлын цонхоор гаднаас нь харахад Б.Галбадрах гэж залуу түүнийг алгадаад авсан. Би буудалд эргэн орж том Долгорыг авч гарсан. Тэгээд Жанцагийн автобусны буудлын орчим ирэхэд Б.Галбадрах араас такситай ирээд Долгорыг авч явах гэхээр нь би явуулахгүй гэхэд “чи зайл” гээд нүүр лүү нэг удаа цохисон. Долгортой унтаж хэвтэх гэж авч үлдэх гээд зууралдаад байхаар нь явуулаагүй учир цохиж зодсон” гэх мэдүүлэг авагдсан. Том Долгор буюу хохирогч Долгор “Б.Галбадрах араас такситай хүрч ирээд намайг араас татаж “буудал руу буц” гэхэд нь Наранхорол “чи болиоч, түрүүнээс хойш яагаад байгаа юм бэ” гэхэд хамар луу нь нэг удаа гараараа цохисон. Сэлэнгэмөрөн, жижиг Долгор нар цагдаа дуудсан” гэж мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд Б.Галбадрах том Долгор гэгчтэй буудалд үлдсэн байсныг Наранхорол буудлаас дагуулж явснаас үүдэн хэрэг гарсан байдал ажиглагддаг. Б.Галбадрах араас нь такситай очиж Долгорыг аваад буудал руу эргэж очих зорилготой байтал Наранхорол явуулахгүй байсанд дургүйцэж гэмтэл учруулсан болох нь нотлогддог. Хохирогч Наранхорол, Долгор нарын мэдүүлгүүд, гэрч Сэлэнгэмөрөн, Долгорсүрэн нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Ялтан Б.Галбадрахын гэм буруугийн талаар мэтгэлцэж ярих зүйлгүй. Харин ялтан Б.Галбадрахын гэм буруутай үйлдэлд догшин авирлаж, танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүн агуулаагүй нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Улсын Дээд шүүхийн тайлбарт танхайрах гэмт хэргийг “... хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн үйлдлийг зориуд үргэлжлүүлж хийсэн байхыг хэлнэ...” гэсэн байдаг. Тэгэхээр Б.Галбадрахын үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Мөн Б.Галбадрахын догшин авирлаж, танхайрсан нь тогтоогдохүй байгаа тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү ...” гэв.
Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд ямар нэг хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Харин Б.Галбадрах нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч нарыг цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруурлан танхайрсан нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Б.Галбадрах нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр түүний эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 15 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хорих газраас тэнсэн суллагдсан Б.Галбадрахын хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамруулсан нь хуулийн үндэслэлтэй.
Харин түүний ялтай байдал үргэлжилж байгаа ба Б.Галбадрах нь ялтай байдал дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “... урьд нь хорих ял эдэлж байсан эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж заасныг үндэслэн түүний хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх учиртай.
Гэхдээ, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчилж болох боловч ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд зааж өгөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаар дүгнэлт хийлгүй, Б.Галбадрахад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлыг давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Ялтан Б.Галбадрах, түүний өмгөөлөгч Д.Халзан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.Галбадрахад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Д.ОЮУНЧУЛУУН