| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2021/00200/И |
| Дугаар | 210/МА2025/00398 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/00398
|
|
|
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/05312 дугаар шийдвэртэй
*******ХХК нэхэмжлэлтэй, ******* ХХК,******* ХХК-д тус тус холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь *******аймгийн ******* сумын *******ийн нүүрсний уурхайд 2017, 2018 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулах болж 2017.03.09-ний өдөр ******* ХХК, ******* ХХК нартай олборлолтын ажил хийх 3 талт гэрээ байгуулсан ч олборлолтын ажил явагдаагүй. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь 400,000,000 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлсэн. Гэрээний 3.5, 3.6-д зааснаар 214,900,000 төгрөг, гэрээний 3.7-д зааснаар 149,000,000 төгрөгийг захиалагч эхэлж гаргаад, гүйцэтгэгч буцааж өгөхөөр заасан. Мөн 2017.12.18-ны өдөр нэхэмжлэгч нь ******* ХХК,******* ХХК нартай нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд өмнө нь урьдчилгаанд авсан мөнгөөр хариуцагч нар 2018 оны эхээр гэр кэмп байгуулсан. Гэвч гэрээнд заасан ажил хийгдээгүй учраас барьсан кемпэд элэгдэл, хорогдол тооцох боломжгүй тул үнээс нь хасаад үлдэх өртгөөр нь хариуцагчид шилжүүлж, ажлын хөлснөөс хасах боломжгүй байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 400,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 400,000,000 төгрөг хүлээн авсан талаар маргахгүй. Энэ мөнгө нь кэмп байгуулах, нүүдэл зөөврийн зардал бөгөөд 380,261,958 төгрөгийг зарцуулсан.******* ХХК болон нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоод 400,000,000 төгрөгөөр тохижуулсан кэмпээ******* ХХК-д үлдээсэн.******* ХХК-ийн захирал ******* нь******* ХХК-аар гэрээ байгуулж, авч үлдсэн. Нэхэмжлэгч нь******* ХХК-аас 400,000,000 төгрөгийг буцааж авч чадаагүй тул биднээс нэхэмжилж байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь нэхэмжлэгчээс хамаарч цуцлагдсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Гэрээ байгуулсан талаар маргаан байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд урьдчилгаа 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тусгасан ч манай компанид энэ төлбөр орж ирээгүй, харин тээврийн зардал гэж 5,000,000 төгрөг төлсөн. Энэхүү 400,000,000 төгрөг нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээнд хамааралгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж дууссан байна. Учир нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр өмнөх гэрээ цуцлагдсан тул 2020 оны 12 сарын 18-нд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээ цуцлагдах шалтгаан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэлтэй холбоотой ба манай компаниас 2018.01-03 сар хүртэл ажил гүйцэтгэхтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгчид тавьж, мөн танай шаардсан 400,000,000 төгрөгийг шийдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 177,166,042 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 222,833,958 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч******* ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* УБ улсын дугаартай ******* маркийн экскаватороос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,044,780.21 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь 2017 оны 03 сарын 09-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан олборлолтын ажил гүйцэтгүүлэх гэрээний 3.5, 3.6, 3.7-д зааснаар ******* ХХК нь ажилтнуудаа байрлуулах кэмп байгуулах, олборлолтын ажил гүйцэтгэх техник тоног төхөөрөмжөө уурхайн талбайд аваачихын тулд нэхэмжлэгчээс урьдчилж 400,000,000 төгрөгийг авсан. Уг мөнгийг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс буцаан төлөх нөхцөлтэй гэрээг байгуулсан. Хариуцагч ******* ХХК нь уурхайн талбайд кэмп байгуулаагүй, техник тоног төхөөрөмжийг зөөвөрлөж очоогүй, мөн гэрээний дагуу нүүрс олборлолтын ажил хийгдээгүй.
Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-тай дахин тохиролцож 2017 оны 12 сарын 18-ны өдөр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад ******* ХХК нь ******* ХХК-тай хамтран олборлолтын ажлыг хийхээр******* ХХК гэрээнд оролцож гурван талт гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 3.4. 3.7, 3.8-д заасны дагуу хариуцагч нар 2017 оны 03 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээгээр авсан 400,000,000 төгрөгийг гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгахаар мөн тохиролцсон.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараар кэмп байгуулуулахаар гэрээ байгуулаагүй, өөрсдийн ажилтнуудыг байрлуулах кэмп байгуулахад нь зориулж урьдчилж өгсөн мөнгө гэдэг нь буцаан төлөхийг зөвшөөрсөн гэрээний заалтаар тогтоогдож байгаа. ******* ХХК нь 2018 онд уурхайн талбайд гэр кэмп байгуулсан боловч гэрээг цуцлахдаа гэр кэмпийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, тус гэр кэмпийг нэхэмжлэгч ашиглаагүй.
Гэтэл анхан шатны талуудын хооронд байгуулсан нүүрс олборлолтын гэрээг нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүйн улмаас хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчид кэмп байгуулж өгөх үүрэг хүлээсэн мэтээр бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж кэмп байгуулахад гаргасан гэх 222,833,958 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.
Гэрээнд заасан олборлолтын үйл ажиллагаа зохигчдын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөлөөр хэрэгжээгүй нь гэрээний 6.1-д заасан давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэнийг шүүх тодорхой дүгнэсэн. Энэхүү нөхцөл байдал арилсны дараа олборлолтын ажлаа гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХХК-д мэдэгдэхэд татгалзсан нь ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан гэрч *******ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Иймээс нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй. Мөн шийдвэрт ажил гүйцэтгэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч *******ХХК нь гэрээ, хуулиар хүлээсэн үүргээ зөрчөөгүй бол яагаад 222,833,958 төгрөгийн хохирол хүлээх ёстой нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн шүүхээс "Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь олборлолтын ажил эхлэхээс өмнө захиалагчийн зардлаар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой бэлтгэл ажил болох түр кэмп байгуулах, тоног төхөөрөмж түрээсэлж, тээвэрлэж, аваачсан зэрэг нийт 222,833,958 төгрөгийн зардлыг гаргаж, эдгээр нь уурхай дээр байх үед буюу захиалагчийн мэдэлд байх хугацаанд давагдашгүй хүчний шинжтэй буюу онцгой нөхцөл байдал бий болсон байх тул эрсдэлийг захиалагч хүлээж, хариуцагч захиалагчид учирсан энэ хохирлыг төлөх үүрэггүй гэж үзэх үндэслэлтэй байна" гэж үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч *******, *******, *******, *******, ******* нарын мэдүүлгээр ******* ХХК-иас ажилтнуудаа байрлуулахаар байгуулсан гэр кэмпийг давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал арилсны дараа ******* ХХК,******* ХХК-иудын ажилтнууд ашиглаж байсныг, мөн тус гэр кэмпийг ******* ХХК-ийн зүгээс******* ХХК-д хүлээлгэж өгснийг мэдүүлдэг билээ. Нэхэмжлэгч талаас гэрчээр асуулгасан гэрч *******ын мэдүүлгээр ******* ХХК нь гэр кэмпийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдсон.
Иймээс 222,833,958 төгрөгийн өртөг бүхий гэх гэр кэмп уурхай дээр байх үед буюу захиалагчийн мэдэлд байх хугацаанд давагдашгүй хүчний шинжтэй буюу онцгой нөхцөл байдал бий болсон тул эрсдэлийг захиалагч хүлээх ёстой гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Тухайн гэр кэмп нэхэмжлэгчийн мэдэлд хэзээ ч байгаагүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас тухайн кэмп устаж үгүй болсон зүйл байхгүй байхад эрсдэлийг захиалагч хариуцах ёстой гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн тайлбарын агуулга: 400,000,000 төгрөгийг авсанд маргахгүй ч тухайн мөнгөнөөс 185,000,000 төгрөгөөр 120 хүн байрлах гэр кемп барихад зориулагдсан талаар талууд маргаагүйг гэрчүүдийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдсон. 214,900,000 төгрөгөөр техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэрлэлтийн зардал юм. Энэ нь ******* ХХК-аас өөрийн ажилтнуудын ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, түр кемпийн барилга, бараа материал зэргийг уурхайн бүсэд зөөхтэй холбоотой зардалд зориулсан. Энэ зардлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, холбогдох тайлан, мэдээ, албан бичгийг өгч байсан тул 400,000,000 төгрөгийн 380,200,000 төгрөг нь гэрээт ажилтай холбоотойгоор зарцуулагдсан.
Нүүрс олборлолт хийгдээгүй гэж нэхэмжлэгч ярьж байгаа ч ******* ХХК болон******* ХХК-иуд уурхайн бүсэд бүрэн очсон, тоног төхөөрөмжөө татаж аваачсан боловч тухайн үед Тост тосон бумбын нуруутай холбоотой болон энэ тусгай зөвшөөрөлтэй холбоотой нутгийн иргэдийн эсэргүүцэл, байгаль хамгаалах байгууллагуудын шаардлага зэргээс шалтгаалж олборлолтын ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч ажиллах нөхцөлөөр хангах үүрэг нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл энэ нөхцөлийг нэхэмжлэгч шийдвэрлэж, ажлаа эхлүүлээгүйгээс маргаан бүхий мөнгөний зардал асуудлууд үүссэн болохоос гэрээгээр тохирсон үүргээ ******* ХХК биелүүлээгүй биш юм. Хамтран хариуцагч******* ХХК-ийн хувьд энэ гэрээнээс хамгийн их ашиг хүртсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 185,000,000 төгрөгийн үнэ бүхий түр кемпийн барилгыг хүлээн авч эзэмшиж ашиглаж байсан нь тогтоогдсон. Мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 50,000,000 төгрөгийн үнэтэй түлшний машиныг өгсөн баримтууд хэрэгт авагдсан. Иймээс******* ХХК нь ямар нэгэн төлбөр төлөхгүй үлдэж байгаа нь хуульд нийцэхгүй тул ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч******* ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн шаардсан мөнгө нь өөр этгээдүүд болох ******* ХХК, *******ХХК, ******* ХХК нартай байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлэгдсэн. Сүүлд байгуулагдсан гэрээгээр өмнө нь шилжүүлсэн төлбөрийг ямар нэгэн байдлаар манай компаниас шилжүүлэн тооцох нөхцөл тогтоогддоггүй учир манай компани уг төлбөрийг хариуцахгүй нь тогтоогддог. Энэ асуудлаар нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргахдаа зөвхөн ******* ХХК нь 2017 оны 03 сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу уг мөнгийг авсан,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дээрх төлбөрийг нэхэмжлэгч нь бид уг төлбөрийг урьдчилгаа төлбөрт суутгах ёстой байсан гэх мэтээр өөр өөр газар янз бүрээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлээ үгүйсгэж байна.
Тоног төхөөрөмж үлдээсэн гэх гэрчийн мэдүүлгийн тухайд ******* ХХК-ийн захирал байсан ******* нь мэдүүлэгтээ тухайн кемп, тоног төхөөрөмжүүд нэхэмжлэгчийн уурхайд үлдсэн гэсэн атлаа******* ХХК-д үлдээсэн гэж тайлбарладаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр зарим хүмүүс нь******* ХХК-д өгсөн, зарим нь нэхэмжлэгчид үлдсэн гэдэг. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч тухайн тоног төхөөрөмжүүдийг******* мине ХХК авч үлдэж ашиглаж байсан гэдэг. Манай компани******* ХХК-тай хамаарал бүхий боловч нэг эрх зүйн субъект биш тул******* мине ХХК-д үлдсэн гэж байгаа нөхцөлд тухайн компаниас нэхэмжлэх нь зүйтэй. Мөн тоног төхөөрөмжийг******* ХХК авч явсан эсэхийг нотлох боломжтой байсан буюу анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд уурхайн объект нь тусгай харуул хамгаалалтын хашаатай, мөн харуул хамгаалалтын рабертын дэвтэр, тухайн үед харуул хийж байсан хүнийг нэхэмжлэгч компани хариуцаж байсан тул эдгээр байдлын талаархи баримтыг шүүхэд гаргах боломжтой байсан ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чаддаггүй.
Иймд******* ХХК төлбөрийг хариуцах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК,******* ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн 400,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК-аас тус мөнгөөр кэмп байгуулж, нүүдэл зөөврийн зардалд 380,261,958 төгрөгийг зарцуулсан ба кемпээ******* ХХК-д үлдээсэн, нэхэмжлэгчээс шалтгаалж гэрээ цуцлагдсан гэж, хариуцагч******* ХХК-аас гэрээнд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэж тусгасан ч манай огт шилжүүлээгүй ба энэ мөнгө нь сүүлд байгуулсан гэрээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлан маргажээ.
3. Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч *******ХХК нь *******аймгийн ******* сумын нутагт орших *******ийн нүүрсний ордод олборлолтын ажил гүйцэтгүүлэхээр ******* ХХК, ******* ХХК нартай 2027 оны 03 сарын 09-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нарын ажил эхлэх үеийн зардалд зориулан 400,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр олгож, хожим ажлын гүйцэтгэлээс суутган тооцохоор тохиролцсон, гэрээний эхлэлтийн явцад ******* ХХК гэрээнээс гарч, тус компанийн оронд******* ХХК ажлыг гүйцэтгэхээр болсон тул талууд өмнөх гэрээний нөхцөлөөр 2017 оны 12 сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Өмнөх гэрээний дагуу *******ХХК-аас ******* ХХК-д олгосон 400,000,000 төгрөгийг, хожим байгуулсан гэрээний 3.7-д гүйцэтгэгчийн уурхайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн анхны тээвэр, зөөврийн зардал 214,900,000 төгрөгийг захиалагч тал гэрээ байгуулахаас өмнө урьдчилан шилжүүлсэн бөгөөд энэхүү зардлыг энэ гэрээний 3.4-т заасантай адил нөхцөлөөр суутган тооцно гэж, 3.8-д гүйцэтгэгчийн байрлах түр кэмпийн барилга байгууламжийн анхны хөрөнгө оруулалт 185,100,000 төгрөгийг захиалагч тал гаргах бөгөөд нийт 24 сараар элэгдэл байгуулан түр кэмпэд байрлах хугацааны элэгдлийн зардлыг захиалагч тал хариуцан үлдэх өртгөөр нь гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх ба үл өртгийг тухайн шилжүүлэх өдрөөс хойш 12 сарын хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлаас суутган тооцно гэж заажээ.
Гэрээний дагуу хариуцагч ******* ХХК дээрх 400,000,000 төгрөгийг хүлээн авч нүүрс олборлолтын бэлтгэл ажлыг хангаж нэхэмжлэгчийн уурхайн кемпэд өөрийн кемпийг барьсан, уг кемпэд хариуцагч нар байрлаж байсан үйл баримтад зохигч маргаагүй байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ зөв тодорхойлсон хэдий ч хариуцагч *******ХХК нь нэхэмжлэгчийн захиалгаар, түүний зардлаар уурхайд ашиглах кемп байгуулсан, кемп нь форсмажорын улмаас устаж, үрэгдсэний эрсдэлийг нэхэмжлэгч хариуцах үндэслэлтэй гэж хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, үйл баримтыг буруу тогтоосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэлсэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК,******* ХХК нараас 285,956,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.1. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал, газрын тосны газар, кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 сарын 12-ны өрийн 405 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ХХК-ийн ашигт малтмалын ******* дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгожээ. Талууд гэрээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцад нэхэмжлэгчийн ашиглалтын эрхтэй тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай орон нутгийн засаг захиргааны шийдвэр, нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас талуудаас үл хамаарах шалтгаалах нөхцөл байдлын улмаас, гэхдээ нэхэмжлэгчид хамаарах шалтгаанаар нүүрс олборлолтын ажил эхлээгүй тул талууд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.
Энэ шалтгаанаар хариуцагч ******* ХХК нь 2018 оны 05 сард гэрээг цуцалж буцсан, хариуцагч******* ХХК нь 2018 оны 08 сард мөн гэрээг цуцалсан талаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд тайлбарласан, хариуцагч******* ХХК-ийн ажилтан ******* 2018 оны 12 сарын 07-нд кемпээс буцсан зэргээс үзвэл зохигч 2017 оны 12 сарын 18-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ 2018 оны 08 сард цуцлагдсан. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан 2020 оны 12 сарын 16, 2021 оны 01 сарын 11-ны өдрүүдэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул энэ талаархи хариуцагч******* ХХК-ийн татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.2. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 3.4, 3.6, 3.7-д зааснаар нэхэмжлэгч 400,000,000 төгрөгийг хариуцагч нарт урьдчилан олгож, мөн гэрээний 3.8-д зааснаар суутгахаар тохиролцсон. Гэрээ хэрэгжээгүй тул хариуцагч нар кемпийн барилга байгууламжийг тухайн үеийн өртгөөр тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг гэрээний 3.8-д заасны дагуу хүлээжээ. Хариуцагч ******* ХХК уурхайн бүсэд барьсан кемпийг хариуцагч******* ХХК-д үлдээн буцсан гэж, хариуцагч******* ХХК уг кемпийг ашиглаж байгаад нэхэмжлэгчийн мэдэлд үлдээн явсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан байна. Кемп хүлээлцсэн баримтыг хариуцагч нар хоорондоо болон нэхэмжлэгчтэй үйлдээгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй.
Шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн *******ийн уурхайн кемпэд 2024 оны 01 сарын 05-ны өдөр үзлэг хийж, хариуцагч ******* ХХК-ийн барьсан кемпийн бүрдэл, кемп байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийхэд хүн амьдрах зориулалтаар тохижуулсан 1 ширхэг контейнэр байсныг тэмдэглэлд тусгасныг хариуцагч нар барьсан гэж маргаагүй байна. Кемпийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөө хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул кемп барихад зориулсан зардлыг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргийг Иргэний хуулийн 356 дугаар зүйлийн 356.1, 356.3 дахь хэсэгт зааснаар хүлээх бөгөөд нэхэмжлэгч уг зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохиролд тооцон шаардах эрхтэй байна.
4.3. Нэхэмжлэгчээс хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг хариуцагч******* ХХК хамтран хариуцаж, улмаар нүүрс олборлолтын үйл ажиллагааны орлогоос суутган тооцуулахаар талууд гэрээгээр тохиролцсон учир Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцахын зэрэгцээ уг мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах хэмжээний тухай талууд гэрээндээ өөрөөр заагаагүй байх тул тэдгээрийн хариуцах үүрэг тэнцүү байна.
Хариуцагч ******* ХХК дээрх 400,000,000 төгрөгөөс 380,261,958 төгрөгийг гэрээний бэлтгэл ажилд зориулан захиран зарцуулсан тухай баримт, тайлбарыг шүүхэд гаргасан нь хэргийн 2-р хавтасны 13-14, 59-60 дахь талд авагдсан, энэ баримтаас өөр зарцуулалтын тооцоо хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Гэрээ цуцлагдсан нөхцөл байдал нэхэмжлэгчээс шалтгаалсан учир хариуцагч нарын хариуцвал зохих мөнгөн төлбөрийн үүргээс уурхайн кемпэд бараа татсантай холбоотой техник хэрэгслийн тээвэр, түрээс, шатахууны зардлууд болон хариуцагч ******* ХХК-ийн ажилтнуудын гэрээг цуцлах хүртэлх хугацаанд зарцуулсан хүнсний материал, томилолтын зардалд хамаарах 114,043,958 төгрөгийг хасч, үлдэх 285,956,042 төгрөгийг хариуцагч ******* ХХК,******* ХХК нараас гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгох үндэслэлтэй байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК,******* ХХК нараас 285,956,042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,043,958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 102/ШШ2024/05312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК,******* ХХК нараас 285,956,042 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 114,043,958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,228,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,587,730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК-д олгож гэж өөрчилсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,272,120 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЭНЭБИШ