Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 411

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар Ж.Н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Ж.Н

Хариуцагч: НХАГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэсэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Г нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2013 оны 1 сарын 15-ны өдөр анх энэ байгууллагад ажилд орж, шат дараалан хүний нөөцийн мэргэжилтэн, захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Маргаан бүхий 2016 оны Б/159 дүгээр тушаалаар би төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн байгууллагад орон тоо цөөрснөөс бус зохион байгуулалтын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдан үлдсэн. Ажлаас чөлөөлөх тушаалыг хуулийн дагуу надад хугацаандаа танилцуулаагүй. Сонсох ажиллагааг хуулийн дагуу явагдаагүй. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгууллага бүтцээ батлаад 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 10 цагт уншиж танилцуулсан. Тухайн үед би хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б, Захиргаа удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С нар чөлөөлсөн болон томилсон тушаалыг танилцуулсан. Тухайн үед хэн халагдах, хэн үлдэх вэ гэдгийг хэн ч мэдээгүй. 

Газрын даргын баталсан бүтцээр ахлах мэргэжилтний орон тоо байсан. Тухайн хүнийг сонгон шалгаруулж авах эрх нь удирдлагын эрх мөн боловч Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулан авах ёстой. Ямар сонгон шалгаруулалт явуулсан, ямар үндэслэлээр чөлөөлсөн бэ гэдгээ хариуцагч тал нотлох ёстой. Төрийн албаны шалгаруулалтад иргэн хүн орох эрх нь нээлттэй байдаг.

Төрийн байгууллага нээлттэй, шударга байх ёстой. Хариуцагч өөрийн эрх мэдэл, албан тушаалыг ашиглан хэн дуртайгаа халж болохгүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын А/46 дугаар тушаалаар 35 орон тоотой байхаар баталсан. Ажлын байрны тодорхойлолтыг харахаар А/46 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гээд тамга дарсан байгаа. Гэтэл ажлын байрны тодорхойлолтоо А/46 дугаар тушаалаар батлаагүй байдаг. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор ажлын байрны тодорхойлолтыг батлаад 10 дугаар сарын 28-ны өдөр хүмүүс томилох боломж цаг хугацааны хувьд байхгүй. Иймд хариуцагч ажилд авсан хүмүүстээ тохируулан ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, нотлох баримтуудыг хуурамчаар гаргаж өгсөн бөгөөд хангалтгүй гэж үзэж байна” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий тушаалаас харвал бүтцийн өөрчлөлтийн улмаас албан тушаалын орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн асуудал харагдаж байгаа. Хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн талаар бид маргаагүй. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын орон тоо нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/685 дугаар захирамжийг үндэслэн 35 орон тоотой байхаар батлагдсан. Шинэ бүтцээс харахаар нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан 7 чиг үүрэг нь 4 хүнд хуваагдсан байгаа. Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, хууль хяналтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 хүний ажлын байрны чиг үүрэгт хамааруулсан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.6, 6.11, 8.1, 9.5, 10.2, 10.7, 10.9-д тус тус хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүргийг дурдсан байдаг. 

Уг журамд хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байна. Дээрхээс үзвэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны А/46 дугаар тушаал нь дотоод журамтайгаа зөрчилдөж байна. Мөн дээр дурдсан 4 албан тушаалтанд хүний нөөцийн мэргэжилтний 7 чиг үүрэг хуваарилагдсан. Иймд ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах гэж заасныг хэрэглээгүй, зөрчсөн байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн материалаас үзэхэд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа явагдаагүй. Шалгалт өгсөн бол нөөцөд бүртгэгдсэн албан хаагч байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т “...албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшингүйн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ. Шалгаруулна гэдэг нь сонгон шалгаруулалт хийнэ гэсэн үг юм. Иймд дээрх хуульд заасан сонгон шалгаруулалт хийгдээгүй байдаг. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэжээ. Дээрхээс үзвэл маргаан бүхий тушаал хүчин төгөлдөр байх нөхцөл бүрдээгүй болох нь харагдаж байна.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч байгууллагын орон тоо цөөрсөн боловч нийт 33 хүнийг ажлаас чөлөөлөөд буцааж 20 хүнийг ажилд авсан байдаг. Ийм процессын дагуу явагдсан ажиллагаа хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 19 хүнийг шинээр ажилд авсан гэдгээ хэлсэн. Тэр 19 хүнийг сонгон шалгаруулж аваагүй. Өөрт таалагдсан хүмүүсээ авсан.

Төрийн албаны тухай хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэжээ. Сүүлд томилогдсон 4 хүний зарим тангараг өргөөгүй хүмүүс байдаг нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн болохыг нотолж байна. Төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг ажилд авчхаад дараа нь төрийн албаны шалгалт өгүүлээд сонгон шалгаруулалтад орсон гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Иймд маргааны бүхий акт нь дээрх үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус болох нь харагдаж байна.

Байгууллагын бүтэц, орон тоо цөөрсөн гэдэг боловч хүний нөөцийн мэргэжилтний чиг үүрэг дотоод журамд нь байдаг. Ажлын байрны тодорхойлолтоос үзвэл хүний нөөцийн чиг үүргийг 4 хүн хэрэгжүүлж байна. Нэгэнт нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгчийг ажилд авах ёстой байсан. Энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй нь үндэслэлгүй юм. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь манай байгууллагын Захиргаа удирдлагын хэлтэст хүний нөөц хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 5 сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан юм. Энэ бүтцээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрыг 4 хэлтэс, нэг дарга, орлогчтойгоор баталсан ба орон тооны хязгаарыг 35 хүртэл байхаар баталсан бөгөөд байгууллагын дүрмийг боловсруулж танилцуулах, алба хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг батлахыг агентлагийн даргад даалгасан. Энэ захирамжийн дагуу агентлагийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрмийг боловсруулж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргаар батлуулсан бөгөөд уг дүрмийн 2.5.3 дахь хэсэгт байгууллагынхаа бүтцийг батлах эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад олгосон байна.

Үүний дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаартай тушаалаар “Газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан байна. Энэ тушаалын хавсралтаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтэс 12 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд “Хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн”-ий орон тоо хасагдсан байна. Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 сарын 28-ны өдрийн Б/159 дугаартай тушаалаар байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Н ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг хуульд заасан журмын дагуу олгосон байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын дээрх тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд байгууллагын удирдлагын хувьд хасагдсан орон тоонд Ж.Н ажиллуулах боломжгүй тул эрх ашгийг нь хөндөхгүй байх үүднээс төрийн жинхэнэ албан тушаалд орох нөөцөд тооцогдох, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хуульд заасан хэмжээний тэтгэмж олгох зэргээр хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Н нь анх “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны Б/159 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, ...” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”  гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Д.Х нараас “...Шинэ бүтцээр нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, хууль хяналтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 хүний ажлын байрны чиг үүрэгт шилжиж хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус” гэж, 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Байгууллагын удирдлагын хувьд хасагдсан орон тоонд Ж.Нийг ажиллуулах боломжгүй тул эрх ашгийг нь хөндөхгүй байх үүднээс төрийн жинхэнэ албан тушаалд орох нөөцөд тооцогдох, ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан хуульд заасан хэмжээний тэтгэмж олгох зэргээр хуулийн хүрээнд шийдвэрлэсэн” гэж тус тус маргажээ. 

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Ж.Н нь 1962 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 49 настай төрийн жинхэнэ албан хаагч байх ба Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдож, мөн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны Б/08 тушаалаар хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан байна. 

Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар Ж.Нийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж, мөн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалаар “...албан тушаалын орон тоо хасагдсан, өөрчлөгдсөн” гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.  

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжаар  Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын бүтцийг 4 хэлтэстэй байхаар, орон тооны хязгаарыг 35 хүртэл албан хаагчтай байхаар баталжээ. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/46 дугаартай тушаалаар  дээр батлагдсан орон тооны хязгаарт багтаан тус газрыг 3 хэлтэс, 35 албан хаагчтай ажиллахаар тогтоосон байна.

Мөн хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт ажиллаж байсан Ж.Н нарын 56 төрийн алба хаагчийг нэг бүрчлэн тушаал гаргаж чөлөөлсөн байна. 

Хэдийгээр маргаан бүхий Б/159 дүгээр тушаал нь зөвхөн нэхэмжлэгчийн нэрийг дурьдаж гарсан хэдий ч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын Б/46 тушаалаар тогтоосон байгууллагын бүтэц, орон тооны хязгаарт нийцүүлэх үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-т “..., Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана …” гэж заасны дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь өөрийн бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.  Тодруулбал,  

- Нэхэмжлэгчийн эрхэлж байсан хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн, хууль хяналтын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 4 хүний ажлын байрны чиг үүрэгт хуваагдан шилжсэн байх ба ажлын байрны чиг үүрэг шилжиж хадгалагдсан бөгөөд хүний нөөц асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан тухайд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргахгүй байна,

- Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д “Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.1-д “... орон тоо хасагдсан” гэж заасан байх ба “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...орон тоо хасагдсан гэдгийг ...тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино” гэж тайлбарласан байна.

Дээрхээс үзвэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт буюу төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх бус түүний хангагдвал зохих баталгааг зохицуулсан заалтыг үндэслэсэн нь буруу боловч тухайн байгууллагын нийт албан хаагчдын эрхэлж байсан албан тушаалын нэр, чиг үүрэгт өөрчлөлт орж байгаатай холбогдуулан гаргасан байх тул маргаан бүхий акт нь агуулгын хувьд хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхээр байна.

2. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “орон тоо хасагдсан боловч ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад ажлын байраар хангахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байгааг үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. Учир нь:

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах баталгааг “Төрийн байгууллага өөрчлөгдөн байгуулагдсан ... боловч ... чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол нэгдүгээрт ... үргэлжлүүлэн ажиллуулах, хоёрдугаарт цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, гуравдугаарт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаа олгоно” гэж заасан байна. 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заагаагүй үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөхгүй ба өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлын байр байхгүй болсон тохиолдолд тэргүүн ээлжинд уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах, харин орон тоо хасагдсан тохиолдолд өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах, давтан сурах, энэ хугацаандаа урьд эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг авах баталгаагаар хангагдах эрхтэй, эдгээр баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд нэг удаагийн тэтгэлэг олгож чөлөөлөх зохицуулалтыг захиргаа хэрэглэхээр байна.

Гэтэл хариуцагч нь Захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан гэсэн шалтгаан дурьдаж Ж.Нийг тухайн байгууллагад өөр ажил, албан тушаалд томилоогүй нь түүнд хуулиар олгогдсон “... өөр ажил, албан тушаалд шилжих, ... дахин мэргэших, ... ажлын байраар хангуулах” эрхийг зөрчжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжилд тохирох албан тушаал манай байгууллагад байхгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч нэгэнт өмнө нь ажлын байрны шаардлага хангана гэж үзэж авч ажиллуулж байсан төрийн жинхэнэ албан хаагчид хуулиар олгогдсон нэмэгдэл баталгааг эдлүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.

Учир нь хууль тогтоогчоос төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдвал зохих нэмэгдэл баталгааг тусгайлан хуульчилж өгсөн нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байсны хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хангах зорилготой зохицуулалт байх тул төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх, ажлын байраар хангахаас татгалзах үндэслэл болох учиргүй юм. 

Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны “Газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/46  тушаал гарч байхгүй болсон албан тушаалууд дээр ажиллаж байсан төрийн албан хаагчдыг чөлөөлснөөр тухайн албан тушаалуудын сул орон тоо гарсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу сул орон тоог нөхөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Хуулийн дээрх зохицуулалтад заасан сонгон шалгаруулалтыг ямар арга хэлбэрээр зохион байгуулах нь томилох эрх бүхий албан тушаалтанд байх бөгөөд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас төрийн жинхэнэ албан тушаалын орон тоог нөхөх боломжгүй бол нөөцөд бүртгэлтэй иргэдээс эсхүл холбогдох Төрийн албаны салбар зөвлөлд захиалга хүргүүлж сонгон шалгаруулалт зохион байгуулах замаар уг сул орон нөхөх зохицуулалттай тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “бүтцийн өөрчлөлт хийж, үргэлжлүүлэн ажиллуулах албан хаагчдыг сонгохдоо холбогдох Төрийн албаны салбар зөвлөлд санал хүргүүлж сонгон шалгаруулалт зохион байгуулах ёстой байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үргэлжлүүлэн ажиллуулах албан хаагчдыг удирдлагын түвшинд ярилцлага хийх замаар сонсох ажиллагаа явуулж шалгаруулсан” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой. 

Гэвч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудаас 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд  сонсох ажиллагааны агуулгыг “...газрын бүтэц, орон тоо өөрчлөгдөн, албан тушаалын орон тоо хасагдсантай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулж ...тайлбар санал гаргах боломж олгох” гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэгч Ж.Нтэй ярилцлага хийсэн хэсэгт “түүний эрхэлж байсан, ажил, албан тушаалын орон тоо хасагдаж байгаа болон ажлын байраар хангах боломжгүй”-тэй холбоотой яригдсан зүйл байхгүй, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын “Газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/46, маргаан бүхий Б/159 дүгээр тушаалууд нь цаг хугацааны хувьд уг сонсох ажиллагаанаас хойш гарсан зэргээс үзвэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “... захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолтой нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” үүргээ хуулийн шаардлагад нийцүүлэн хийгээгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Зүй нь хариуцагч нь ”Газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/46 дугаар тушаалын дагуу түүний ажиллаж байсан орон тоо хасагдаж байгаа болон түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй тухайгаа Ж.Нэд урьдчилан мэдэгдэж танилцуулсны үндсэн дээр үүнтэй холбоотой тайлбар, саналыг авч шийдвэр гаргах шаардлагатай байжээ. 

Иймд Ж.Нийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Нийн 2016 оны 10 дугаар сарын 28-аас 2017 оны 05 дугаар сарын 26-ныг хүртэлх ажлын 108 өдрийн цалин хөлс болох 4 457 318 төгрөгийн олговор олгох нь зүйтэй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Нийн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/159 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ж.Нийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц ажлын байраар хангахыг хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ж.Нийн ажилгүй байсан хугацааны олговор 4 457 318 /дөрвөн сая дөрвөн зуун тавин долоон мянга гурван зуун арван найман/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.МӨНХЗУЛ