Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2024/0107

 

 

“О***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад

тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Г.Банзрагч   

Шүүгчид:                        Д.Батбаатар

                                          П.Соёл-Эрдэнэ                              

                                             Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0305 дугаар магадлал,

 Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0271 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, гуравдагч этгээд “Г***” ХХК-ийн өмгөөлөгч Ч.У*** (№***) нарыг оролцуулан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“О****” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын **** аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар албан бичгээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчихөөр байгаа тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 161 дүгээр албан бичгээр ирүүлсэн санал болон “О***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдсэн.

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 34 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, Ерөнхий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13/459 дүгээр байгаль орчны нарийвчилсан ерөнхий үнэлгээний дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2050 тоот саналыг тус тус үндэслэн Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын *** амны хязгаарлалтын бүсэд “Г***” ХХК-ийн хүсэлтийн дагуу 12737 м.кв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгожээ. 

3.Нэхэмжлэгчээс “... хуулийн дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн газар ашиглуулах хүсэлт гаргасныг татгалзсан нь хууль бус, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг зөрчсөн, манай компанийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв талбайг ашиглах хүсэлтэд хууль бусаар татгалзсан шийдвэр гаргасан,  газрын давхцалтай гэсэн нь үндэслэлгүй, газар ашиглуулах хүсэлт гаргасан газартай давхцуулан гуравдагч этгээдэд газар олгосон нь үндэслэлгүй” гэж;

4.Хариуцагчаас “... нэхэмжлэгчийн газар ашиглах хүсэлт гаргасан газрын “Г***” ХХК эзэмшдэг бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасантай нийцэхгүй, дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй, нэхэмжлэгч компани нь аялал жуулчлалын бааз байгуулах зориулалтаар газар ашиглах эрх хүссэн нь хуульд нийцээгүй, мөн газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох ба ямар хуулийг зөрчиж газар ашиглах эрх олгосон гэж тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь тодорхойгүй, тусгай хамгаалалттай газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар шийдвэрлэхээр заасан” гэж;

5.Гуравдагч этгээдээс “...  нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд хэрэгжих боломжгүй, бусдад олгосон газар дээр өөрсдөө дараа нь газар эзэмших хүсэлт гаргасан нь тогтоогдож байна, нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй, тухайн үед маргах эрх байхад маргаагүй, хуульд заасны дагуу газар ашиглах эрхээ авснаас хойш гурвалсан гэрээ байгуулж, газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар бусад этгээдтэй гэрээ байгуулаад, зардал хөрөнгө зарцуулсан ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дүгээр зүйлийн 1 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын “Г***” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “***” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсгийг “О***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж;

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчаас “О***” ХХК-ийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлээгүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын “Г***” ХХК-д газар ашиглах эрх олгосон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн ашиглах хүсэлт гаргасан газартай холбогдох хэсэг хүчингүй болох бөгөөд шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 сарын хугацаа нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдаж шийдвэрлэжээ.

7.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дүгээр зүйлийн 1 /2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх/, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд 5000 м.кв газрыг ашиглахаар гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгосугай” гэж, Тогтоох нь хэсгийн “3” гэсэн дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2024/0271 дүгээр тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

9.Гуравдагч этгээд “Г***” ХХК-ийн өмгөөлөгч Ч.У***-аас шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

9.1.Анхан болон давж заалдах шатын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай: Нэхэмжлэгчээс анх шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2023/0043 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

9.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгуулах” шаардлагыг огт шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан.

9.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн төрлүүдийг тодорхойлон зааж, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 107.4, 107.5-д шүүхийн шийдвэрийн агуулгыг хуульчилжээ.

9.4.Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 3 шаардлагын 2 шаардлагыг нь хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй буюу огт шийдвэрлээгүй, шийдвэрийн үндэслэх нь хэсэгт маргаан бүхий “О***” ХХК-д газар ашиглах эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 09/6786 дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн.

9.5.Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн зарим шаардлагад огт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан шийдвэр байхад хэргийг дахин хэлэлцүүлгээр буцаалгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ноцтой зөрчил юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10.Нэхэмжлэгч, хариуцагчаас гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

11.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ““О***” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт  гаргасан Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 5000 м.кв газрыг ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/144 дүгээр тушаалын “О***” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ талаар тусгасан хэдий ч шийдвэрийн үндэслэх хэсэгт зөвхөн маргаан бүхий А/144 дүгээр тушаалд холбогдуулан дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэжээ.

13.Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын ““О***” ХХК-д газар эзэмших эрх олгохоос татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09/6786 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4, 107.5-д заасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны актын хууль зүйн үндэслэл, тайлбар, баримтуудыг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар, мөн шүүхийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ тусгахаар журамласныг зөрчсөн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч байна.

14.Мөн анхан шатны шүүх маргаан бүхий А/144 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтыг  үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон дүгнэлт хийсэн атлаа хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй буюу актыг түдгэлзүүлэх үндэслэл бүрдээгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар дахин шинэ акт гаргуулахаар захиргааны актыг түдгэлзүүлсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдэл зөрүүтэй болжээ.

15.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсгийн “... зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэдэгт анхан шатны шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж шийдвэрлэсэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг бүрэн тогтоосон эсэх, нотлох баримтыг бүрэн цуглуулсан, уг баримтууд хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан эсэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн талаар гомдолд заасан эсэхээс үл хамаарч, хууль зүйн дүгнэлт өгөх давж заалдах шатны шүүхийн хяналтын эрх хэмжээг ойлгох юм.

16.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч, хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй, харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь “хэргийг бүхэлд нь хянах” хяналтын эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдол гаргагч (гуравдагч этгээд)-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг буруу хэрэгжүүлсэн байна.

17.Давж заалдах шатны шүүхэд хэргийн оролцогчдын зөвхөн нэг тал нь гомдол гаргасан боловч тухайн гомдол нь үндэслэлгүй, гэхдээ анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх замаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг хэрэглэх нь зүйтэй.

18.Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгаагүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0185 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2024/0305 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАНЗРАГЧ

              ШҮҮГЧИД                                                             Д.БАТБААТАР

                                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            Ц.ЦОГТ

                                                                                                            Х.БАТСҮРЭН