| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 142/2017/00342/И |
| Дугаар | 001/ХТ2017/01312 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 001/ХТ2017/01312
П.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Д-, Б.М- нарт холбогдох,
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг Б.М-, Д.Д- нарын эзэмшлээс чөлөөлүүлэх, 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч О.Оюунтунгалаг нарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Б- миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот байрны хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл миний эхнэр Ц.Цэрэндэжид нь надад хэлж мэдэгдэлгүй өөрийн хамаатны хүн болох Д.Д-г гэр бүлийнх нь хамтаар 4-8-13 тоот байранд суулгаад өөрөө Америк улс руу явсан байна. Өөрийн байрандаа орохоор Д.Д- болон түүний нөхөр Б.М- нартай уулзаж, учир байдлаа хэлж, сар шинэ өнгөрөөгөөд өөрийнхөө байрандаа ормоор байна гэдгээ хэлсэн боловч тэд байр суллаж өгөхгүй гэсэн. Б.М-тай утсаар хоёр ч удаа ярьсан боловч байр чөлөөлөхгүй гэсэн болно. Б.М-, Д.Д- нар нь байрыг минь суллаж өгөхгүй суусаар байгаа тул би өөрийн гэртээ ч орж чадалгүй ах дүүсийнхээрээ хонож, зарим үед зочид буудалд хоног төөрүүлж өдөр хоног өнгөрөөж байсан. Одоо айлын хажуу өрөөнд зохих төлбөр төлөн амьдарч байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.4 дэх хэсгүүдийг үндэслэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот байрыг Б.М-, Д.Д- нарын эзэмшлээс чөлөөлүүлж, өмгөөлөгчид төлсөн хөлс, байр түрээслэхэд төлсөн төлбөр нийт 1 160 000 төгрөгийг Б.М-, Д.Д- нараас тэнцүү хувааж гаргуулж өгнө үү.
Миний бие Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-1Б-41 тоот байрны нэг өрөөнд 2017 оны 02 дугаар сарын 26-наас сарын 280 000 төгрөг төлж амьдарч байгаа болно. Өнөөдрийг хүртэл байрны хөлсөнд 560 000 төгрөг төлсөн. Мөн өмгөөлөгч Д.Тогтохбаяртай байгуулсан гэрээний дагуу өмгөөлөгчийн хөлсөнд 600 000 төгрөг төлсөн тул нийт 1 160 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хүмүүс байрыг минь чөлөөлж өгсөн бол би байр хөлсөлж суухгүй байсан. Мөн өмгөөлөгчид ч мөнгө төлөхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсээс болж өөрөөс гарсан зардлаа нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие хямдхан байр түрээслүүлэх сургаар очиж Цэрэндэжидтэй уулзахад Америкт охины бие муу хүндрэлтэй төрөх гээд яаралтай явах гээд байраа хямдхан түрээслэнэ гэсэн. Би энэ байранд ямар нэгэн асуудал үүсэхгүй биздээ гэхэд манай хүн хол юманд явсан гээд гэр бүлийн баталгаагаа, итгэмжлэлийн хамт үзүүлээд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот 3 өрөө байрыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээ хийж сарын 350 000 төгрөгөөр тохирч 12 сараар тооцож 4 200 000 төгрөг бэлнээр өгч бичгээр гэрээ байгуулсан. Гэрээ хийхдээ байр, дулаан, цахилгааны төлбөрөө өөрсдөө төлөхөөр тохирсон. Уг байранд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нүүж ирэхэд хадам аав нүүлгэхээр ирээд энэ манай холын хамаатны хүний байр байна гэсэн. Сүүлд нь орцны хүнээс П.Б-г шүүхийн шийдвэрээр түр саатуулагдаж байгааг мэдсэн. Тухайн сарын байр, дулаан, цахилгааны төлбөрөө төлөх гээд очиход хагас жилийн өртэй байна.
Төлбөрөө хийхгүй бол бичилт хийхгүй алданги тооцно гэхээр нь төлбөрийг барагдуулсан. Нэхэмжлэгч П.Б- нь манайд 2 удаа байр суллаж өг би эзэн нь байна гэж орж ирэхэд нь гэр бүлийн хүнтэй нь хийсэн гэрээгээ үзүүлж үлдсэн сарын түрээсийн төлбөрийг маань буцааж өгвөл байрыг нь суллаж өгнө гэсэн хариу өгсөн. Одоогоор 2017 оны 06 дугаар сарын 01-нээр тасалбар болгож үлдэгдэл 6 сарын мөнгө болох 2 100 000 төгрөг дээр өмнөх өр болох байрны дулааны төлбөр 258 400 төгрөг, цахилгааны төлбөр 91 400 төгрөгийг оруулаад 2 449 800 төгрөгийг өгвөл байрыг нь суллаж өгөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. 560 000 төгрөг нь нэхэмжлэгч П.Б- өөрөө байр түрээслэсэн төлбөр байгаа тул мөн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие гэрээ хийхэд оролцоогүй учир намайг ямар нэгэн хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч П.Б- нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж 1 160 000 төгрөгийг Б.М-, Д.Д- нараас хувааж гаргуулахаар шаардсан нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Нэхэмжлэгч П.Б-, Ц.Цэрэндэжид нар албан ёсны гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл учир өөрсдийн дундын өмчлөлийн дундын эд хөрөнгөө бусдад түрээслүүлэх хөлслүүлэх эрх нь тэдний хувьд нээлттэй гэж үзэж байна. Д.Д- нь миний бие Ц.Цэрэндэжидтэй байр түрээслэсэн гэрээ байгуулаагүй гэрээний нэг тал биш тул хариуцагчаар татагдах этгээд биш гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Б.М-, Д.Д- нарын эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг чөлөөлж, өмгөөлөгчийн хөлс, хажуу өрөө түрээслэн суусны төлбөр нийт 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, урьдчилан төлсөн 32 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-, Д.Д- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00555 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.М-, Д.Д- нарын эзэмшлээс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4-8-13 тоот орон сууцыг чөлөөлж, өмгөөлөгчийн хөлс, орон сууцны төлбөр нийт 1 160 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.М-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгожээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй нь дээрхи шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлэлгүйгээр шүүхийн шийдвэрт өөрөчлөлт оруулах төдийгөөр хязгаарласан илт хууль бус магадлал гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсгийг хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авчээ. Тодруулбал нэхэмжлэгч П.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “1.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 4. “Гэрлэсний лавлагаа” зэрэг баримтыг хавсаргасан гэсэн байх боловч энэ баримт нэхэмжлэлд хавсаргагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн гэх Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тодорхойгүй, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.23-ны өдрийн 07 тоот “Ялтан П.Б-г хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамжууд нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй хуулбар хувь байхад нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан гэж үзэн нэхэмжлэлийг анх хүлээн авсан нь хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүх нь П.Б-гийн шүүхэд хандан гаргасан улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг нь хүлээн авч нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ба энэ хүсэлттэй холбоотой гаргаж буй нотлох баримт болох шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангахгүй нотлох баримт байсан бөгөөд мөн нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь өөр ямар ч баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ тухайд өөр бусад нотлох баримт гаргаж өгөөгүй байхад нь анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар П.Б-г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хууль бусаар чөлөөлсөн байна. Дээрхи бүх баримтуудаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргах үүрэгтэй байсан энэ үүргээ биелүүлээгүй байна.
Анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүргээ биелүүлээгүй байна. Учир нь шүүгч Л.Ариунцэцэг нь нэхэмжлэгч талтай хувийн харилцаатай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн мэтгэлцээний явцад илэрхий тогтоогдсон гэж үзэж байна.
...Маргаан бүхий орон сууц нь гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг болон Ц.Цэрэндэжид нь гэр бүлийн баталгаатай хууль ёсны гэр бүл болох талаар П.Б- нь өөрөө тайлбараараа нотолсоор, нотолгооны ач холбогдол бүхий тайлбарыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргасаар байтал анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр шүүхийн шийдвэртээ ...гуйвуулан дүгнэж шүүхийн шийдвэр гаргах үндэслэлээ болгосон нь хууль бус байна.
Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар Ц.Цэрэндэжидийг зөвшөөрөл аваагүй хэлцэл хийсэн гэж анхан шатны шүүх үзэж буй бол П.Б-гийн нэхэмжлэлийн хариуцах этгээд нь Б.М-, Д.Д- нар биш, иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй байна. П.Б- нь Ц.Цэрэндэжидэд холбогдуулан Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос биш гэр бүлийн гишүүн бус Б.М-, Д.Дорлгосүрэн нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй нь учир дутагдалтай болно. Нэхэмжлэгч П.Б- хариуцагч Б.М-, Д.Д- нар нь орон сууц хөлслүүлэх, түрээслүүлэх гэрээний талууд биш юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт заасны дагуу Ц.Цэрэндэжидэд холбогдуулан гаргасан нэхэмжлэл ханган шийдвэрлэгдсэн тохиолдолд л Б.М-, Д.Д- нар П.Б-гийн хувьд хариуцагч болон шүүхэд татагдах байсан, шүүх анхнаасаа энэ үйл баримтыг анхаарахгүйгээр хариуцагчаар татагдвал зохих этгээдийг шүүхэд дуудаагүй гэж үзэж байна.
Иймд хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний засвар оруулсаныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч П.Б- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.М-, Д.Д- нарын хууль бус эзэмшлээс гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нар нь тухайн орон сууцыг орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. Хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Нэхэмжлэгч П.Б- нь маргааны зүйл болж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-8-13 тоот 3 өрөө байрны өмчлөгч мөн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ. Харин хариуцагч Б.М-, Д.Д- нар нь тухайн орон сууцыг нэхэмжлэгчийн эхнэр Ц.Цэрэндэжидээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний хугацаанд түрээсэлж, бүтэн жилийн төлбөрийг урьдчилж төлсөн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн талаар буруу ташаа гэж эсэргүүцээгүй бол уг бүртгэлийг үнэн зөв гэж үздэг ба нэхэмжлэгч П.Б-гийн өмчлөх эрхийн талаар маргаан байхгүй байна.
Харин хариуцагч нар нь тухайн орон сууцыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байгаа, уг гэрээний хугацаа дуусаагүй гэж тайлбарласан боловч Ц.Цэрэндэжид, Б.М- нарын “байр түрээслэн авсан баримт” гэх хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 318.3., 318.4.-т заасан шаардлагад нийцээгүй, хугацааны хувьд тодорхой бус байх ба хоёр шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг бол Ц.Цэрэндэжид, Б.М- нарын хоорондох хэлцэлд хуулийн дээрх зохицуулалтын нөхцөл, шинж байхгүй байна.
Дээрх зүйлийн 318.3.-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх байтал Ц.Цэрэндэжид, Б.М- нар энэ шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 318.4.-т зааснаар тэдгээрийн хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Хариуцагч нар түрээсийн бус харин орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууцыг эзэмшсэн гэж үзэх мөн боломжгүй байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн зүйлийн 302 дугаар зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хөлсөлж байгаа бол гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатайгаас гадна гэрээний гол нөхцлийн нэг буюу эд хөрөнгийг ямар хугацаанд эзэмших, ашиглах талаар талууд тодорхой тохиролцсон байх учиртай. Гэтэл “байр түрээслэж авсан баримт”-д орон сууцыг эзэмших, ашиглах хугацааны эхлэл, төгсгөлийн огноо засвартай, тодорхой бус байна.
Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч П.Б-гийн нэхэмжлэл “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан үндэслэлд хамаарч байна.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байх ба анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3., 65 дугаар зүйлийн 65.1.11.-д заасан шаардлагыг зөрчсөн гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН