Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00434

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* болон ******** яаманд холбогдох,

 

Концессын гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,549,918,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: *******тай 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) концессын гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай 84 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 28-ны 63 дугаар тэмдэглэлд тус тус үндэслэн дээрх концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр төслийн нэрийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам гэж, мөн гэрээний үнийн дүн буюу төслийн нийт хөрөнгө оруулалтыг 26,640,000,000 гэж өөрчилсөн бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтыг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөгийг захиалагч буюу хариуцагч олгохоор тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн 5 км замыг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, үлдэх 17,2 км замыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус улсын комисст хүлээлгэн өгсөн.

Гэвч хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул ******* ХХК өмнө нь 2017 оны 9,057,600,000 төгрөг, 2018 оны 8,791,200,000 төгрөг буюу нийт 17,848,800,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-12-05-ны өдрийн 182/ШШ2018/02429 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019-03-13-ны өдрийн 466 дугаар магадлалаар хариуцагч *******аас 2017 оны төлбөр болох 9,057,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 8,791,200,000 төгрөгийн төлбөр шаардах эрх Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4 дэх хэсэгт зааснаар үүсээгүй байна гэж дүгнэсэн.

Хариуцагч 2017 онд олгох ёстой санхүүжилтээс 2,600,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,996,136,339.95 төгрөг, 2022 онд концессын гэрээний дагуу авах төлбөрөөс 4,003,863,660.05 төгрөгийг татварт суутган тооцуулсан, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14,323,775,575.82 төгрөгийг, 2023 онд концессын гэрээний дагуу авах төлбөрөөс 546,991,211.18 төгрөгийг татварт суутган тооцуулж, нийт 26,470,766,787 төгрөгийг олгосон бөгөөд үлдэгдэл 169,233,213 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна.

Манай компани 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто замын зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх ажлыг 3 жилийн хугацаанд эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх концессын гэрээнд эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт болох 75,600,000,000 төгрөгийг 2017, 2018, 2019 онуудад хуваан нөхөж авахаар заасан тул бид өөрсдийн санхүүгийн нөөц бололцоо, хүн хүчний боломжоор ажлыг эхлүүлж, гэрээний 1.1.11 болон 1.20.1-д заасны дагуу төслийг санхүүжүүлэх 32,000,000,000 төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч, ажлыг шуурхай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөөр шаргуу ажилласан.

Ажлыг гүйцэтгэх явцад барилгын ажил явагдах замын трассын дагуух газар ашиглах эрхийг барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд манай компанид олгох дэмжлэгийг Хөрөнгө оруулалтын газраас бодитоор үзүүлж чадаагүй, газар ашиглагч, эзэмшигч нараас барилгын ажил явагдах газрыг чөлөөлж өгөхгүй хүндрэлүүд гарч эхэлсэн.

Дээрх хүндрэлийг арилгах боломжгүй нөхцөл байдал 2016 оны 12 дугаар сарын сүүлээр тодорхой болсон тул манай компани нь Улаанбаатар хотын банкнаас авсан 32,000,000,000 төгрөгийн зээлээс ашиглаагүй байсан 17,000,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлж, зээлийнхээ хэмжээг багасгах арга хэмжээг авсан.

Хүндрэлтэй асуудал удахгүй нааштайгаар шийдвэрлэгдэнэ гэх горьдлого дор 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын банкнаас нэмж 10,000,000,000 төгрөгийн зээл авах гэрээг байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 07- ны өдөр 5,014,800,000 төгрөг авч эхлүүлсэн. Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум, Сант сум чиглэлийн хатуу хучилттай 22.2 км авто замын ажлаа дуусгахаар зорьж байх явцад Концессын гэрээний 1.3.3-т заасан авто замын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болох нь тодорхой болсон.

Ингээд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг хэрэгжсэн хэмжээнд нь дуусгавар болгохоор тохиролцсон.

Концессын гэрээ ийнхүү хэрэгжих боломжгүй болсон нь манай компанийн үйл ажиллагаанаас болоогүй тул хариуцагч нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум, Сант сум чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажилд бидний зарцуулсан болоод ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл цаашид зарцуулагдах хөрөнгө оруулалтын хэмжээг барилгын ажлын төсөвт өртөг 18,521,771,374 төгрөг, санхүүжүүлэгч банкны зээлийн хүү 8,118,228,626 төгрөг буюу нийт 26,640,000,000 төгрөг байхаар тогтоож, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөг байхаар гэрээний нэмэлт, өөрчлөлтөд тусгаж, концессын зүйлээс Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам гэсэн хэсгийг хассан.

Анхнаасаа концессын гэрээгээр зээлийн мөнгөн хөрөнгийг үйл ажиллагаанд зарцуулж болох эрхийг концесс эзэмшигчид өгсөн, бид 75,600,000,000 төгрөгийн эргэн төлөлттэй гэрээний гүйцэтгэлд банкнаас 32,000,000,000 төгрөгийн зээлийг авч, биднээс шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас ажлын хэмжээ багасаж, авсан зээлээсээ 17,000,000,000 төгрөгийн зээлийг хугацаа алдалгүй буцаан төлсөн байсан нь бодитой тул хариуцагч нь зээлийн хүүг эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтын хэмжээнд оруулан тооцсон юм.

Барилгын ажлын төсөвт өртгийн хувьд 2016 онд ******* ХХК-ийн гүйцэтгэж, тэргүүлэх төсөвчин *******гийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хянасан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөв-т21.8 км /17.2+4.6/ авто зам барих ажилд зарцуулагдах зардлын дүнг 14,334,209,739 гэж тодорхойлж өгсний дээр үйл ажиллагааны зардал 30%-ийг, дээр дурдсан зээлийн хүүг санхүүжилтийн өртөгт тооцон нэмж, нийт 26,640,000,000 төгрөгөөр эргэн төлөх хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Бид батлагдсан энэ төсвийн хэмжээний дотор 21.8 км авто зам бус харин 22.2 км авто замын ажлыг бүрэн дуусгаж, 2 хэсэг авто замыг 2017 оны 6 дугаар сарын 27, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрүүдэд улсын комисст хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хотын банктай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр өмнөх зээлийн хүүг сарын 2%, жилийн 24% байхаар өөрчилж, нэмж авах зээлийн хэмжээг 10,000,000,000 төгрөг байхаар тохирсон ч бид 9,080,000,000 төгрөгийг авч, нийт 24,080,000,000 төгрөгийн зээлийг концессын гэрээ, түүний хэрэгжилттэй холбоотой санхүүжилтийн эргэн төлөлт зэрэгт зарцуулсан ч хариуцагчаас эргэн төлөгдөх хөрөнгө оруулалтыг тохирсон хугацаандаа буцаан төлөөгүйгээс маш их хохирол амссан.

Гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд 100% хүлээлгэн өгсөн бидэнд хөрөнгө оруулалтын хугацааг хожимдуулсантай холбоотойгоор хариуцагчаас санхүүгийн алдагдлыг нөхөх ямар ч арга хэмжээ аваагүй тул бид учирсан бодит хохирлоо шаардах нь хууль ёсных.

Манай компани Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн үндсэн төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14,323,775,575.82 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 547,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 6,209,224,424.18 төгрөг буюу бүгд 24,080,000,000 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,828,640,767.56 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,038,121,960 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,065,33.65 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 13,073,857,661.32 төгрөг буюу бүгд 18,940,685,422.53 төгрөгийг тус тус анд төлж, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан зээлээ бүрэн барагдуулж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон.

Ийнхүү бид хариуцагчид хүлээлгэн өгсөн концессын замын барилгын ажлыг гүйцэтгэсний төлөө банканд 24,080,000,000 төгрөгийн үндсэн зээл, 18,940,685,422.53 төгрөгийн зээлийн хүү, нийт 43,020,685,422.53 төгрөгийг бодитоор зарцуулсан буюу концессын гэрээнд зааснаас 16,380,685,422.53 төгрөгийн илүү зардал гаргаж хохирсон. Энэхүү хохирол нь хөрөнгө оруулалтыг эргэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой тул дээрх 16,380,685,422.53 төгрөгийг хохиролд тооцож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Иймд, хариуцагч ******* болон ******** яамнаас концессын гэрээний үүрэгт 169,233,213 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 16,380,685,422.53 төгрөг буюу нийт 16,549,918,635.53 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 75,6 тэрбум төгрөгийн Концессын гэрээний 1 дүгээр зүйлийн 1.12-т зааснаар концесс эзэмшигч 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр концессыг хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч хугацаанд нь ажлаа хийгээгүй. Ажлаа хийгээгүйгээс шалтгаалж хүлээлгэж өгөх ёстой байсан хугацаанаас 3 cap гаруй хугацааны дараагаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа нэг хэсэг авто замыг хасаж үлдэгдэл дээр нь концессын гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулахдаа 26,4 тэрбум төгрөг болгож өөрчилсөн. Гэрээний үүргээ эхлээд хэн нь зөрчсөн талаар хамгийн анх гэрээ байгуулагдсанаас үзвэл концесс эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал *******т анх байгуулагдсан гэрээний хувьд байхгүй.

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 26,4 болсны дараа гэрээнийхээ хугацаанд төлбөрөө төлсөн үү, үгүй юу гэдэг тусдаа асуудал. Концесс эзэмшигч ажлыг хийхдээ өөрийнхөө хөрөнгөөр, эсвэл өөрийн боломжит хөрөнгөөр буюу өөрөө хөрөнгөө босгоод хийнэ гэж байгаа тул хохирол шаардах эрхгүй.

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр талууд харилцан тохиролцож гэрээнийхээ санхүүжилтийн гүйцэтгэлийг нийт 26,640,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс концесс эзэмшигч 26,470,760,787 төгрөгт энэ ажлыг хийсэн гэж харилцан тохиролцож баталгаажуулсан. Бараа материалын зардал болон холбогдох бусад зардал нь 169,233,213 төгрөгөөр бага гарсан учраас уг дүнг хасаж тооцсон.

Үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил, үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол хоёрын хоорондын шалтгаант холбоо гэдэг зүйл бас байх ёстой. Концесс эзэмшигч зээл авч, зээлийнхээ хариуцлагыг төлж чадаагүйнхээ төлөө учирсан хохирол гэж хүүгийнхээ хохирлыг нэхээд байж болохгүй. Хариуцагч нар гэрээний дагуу төлөх төлбөрөө хэд хоногоор хойшлуулж, анд хэдэн төгрөг төлөх ёстой байснаас хэдий хэмжээний хүү нь хэрхэн тооцогдсон, зөрүү нь хэд болох нь тодорхойгүй. Мөн концессын төлбөрийг концесс эзэмшигчийн хүсэлтээр 2020-2023 оны хооронд татвар нийгмийн даатгалд суутгуулж концесс эзэмшигчийн цугларсан байсан татвар, нийгмийн даатгалд холбогдох өрүүдийг өөрийнх нь хүсэлтийн дагуу шилжүүлэх байдлаар төлсөн.

Засгийн газар төлбөрөө шилжүүлээгүйгээс хохирол үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

 

3. Хариуцагч ******** яамны тайлбар, татгалзлын агуулга: Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх 16,380,685,422.53 төгрөгийг төлөх үндэслэлгүй тухайд:

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 1.16-д Концесс эзэмшигч нь концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санжүүжүүлэн, барьж дуусган холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгч төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 3 жилийн хугацаанд *******аас нөхөж авна гэж тохиролцсон бөгөөд тус заалтыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөндөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, талууд хооронд байгуулсан концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хохирол, эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар, Засгийн газар хүүгээс үүдэх аливаа нэмэлт эрсдэлийг хариуцах эсэх талаар тохиролцоогүй болно. Мөн түүнчлэн Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэхэд учирсан аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна гэж заасан бөгөөд дээр дурдсанчлан талууд хохирол, эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар гэрээгээр тохиролцоогүй тул концесс эзэмшигч буюу ******* ХХК нь хүүгээс үүдэх нэмэлт эрсдэлийг бүрэн хариуцахаар байна.

Нөгөө талаар, концесс эзэмшигч буюу ******* ХХК нь төслийн нийт өртөг 26,640,000,000 төгрөгөөс давсан буюу 32,000,000,000 төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банк-аас авч 17,000,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх хэдий ч түүний дараагаар ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, анх байгуулагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэх эсэх талаар тохиролцоогүй, ямарваа нэгэн аман болон бичгийн хэлцэл хийгээгүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан болно. Улмаар түүнээс үүдэх хүүгийн хохирлыг *******аас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил шууд хамааралтай буюу шалтгаант холбоотой байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд концесс эзэмшигч буюу ******* ХХК нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх 16,380,685,422.53 төгрөгийг хариуцагч *******, ******** яамнаас нэхэмжлэх эрхгүй юм.

Концессын гэрээний үлдэгдэл төлбөр гэх 169,233,213 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн тухайд:

Нэхэмжлэгч тал нь 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд тус төлбөрийг шаардах эрхгүй.

Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1., Концессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******** яам нараас 8,431,690,009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,118,228,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90,357,630 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 42,316,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Шүүхийн шийдвэрийн 14.2-т ...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.3, 189.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас концессын гэрээний үлдэгдэл төлбөр гэх 169,233,213 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 189 дүгээр зүйл нь Гэрээний талуудын чөлөөт байдал-ыг тодорхойлсон бөгөөд энэ нь зөвхөн хувийн эрх зүйн хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаа харилцаанд үйлчилнэ.

Маргаан бүхий харилцаа буюу улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэл (концесс)-ийн гэрээг захиргааны эрх зүйн тусгай ангийн хууль тогтоомжийн хүрээнд байгуулдаг тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрэний чөлөөт байдлын зарчмыг шууд хэрэглэх боломжгүй юм.

*******ын 2016 оны 296 дугаар тогтоолоор Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл-ийн концессын гэрээг ******* ХХК-тай 75,6 тэрбум төгрөгөөр байгуулах эрхийг тухайн үеийн Хөрөнгө оруулалтын газарт олгосон байдаг. Тус концессын гэрээг Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх (DBT) төрлөөр хэрэгжүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-тай байгуулсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ...63км... гэснийг ...22.2 км... гэж, гэрээний нийт үнийн дүнг ...75,600,000.000.. гэснийг ...26,640,000,000 гэж тус тус өөрчилсөн.

Тиймээс талуудын хооронд байгуулагдсан концессын гэрээний гол нөхцөл буюу гэрээний төлбөр нь 26,640,000,000 төгрөг ба талууд гэрээт ажил, тэдгээрийн төсвийн гүйцэтгэлийг тэгш эрхийн үндсэн дээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Барилга угсралт, их засварын ажлын гүйцэгтэл-ийг 26,470,766,787 төгрөгөөр баталгаажуулсан бол 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дахин гэрээг дүгнэж, ингэхдээ санхүүжилтийн дүн буюу гэрээний дүнг 26,470,766,787 төгрөгөөр буюу 169,233,213 төгрөгийг хасаж тооцсон.

Ингээд талууд харилцан тохиролцож, гэрээний нийт үнийн дүнгээс гэрээт ажлын гүйцэтгэлийг дүгнэж 169,233,213 төгрөгийг хасаж тооцсон 2 удаагийн баримт байсаар байхад анхан шатны шүүхээс огтын хамааралгүй Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2, 189.3 дахь заалтыг хэрэглэж, олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл-ийн концессын гэрээний 1.12-т Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний 1.3.1-1.3.3-т заасан авто замыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө дараах ажлыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнд:

-Дархан-Эрдэнэтийн авто замаас Орхон сум чиглэлийн хатуу хучилттай авто зам,

-Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум чиглэлийн хатуу хучилттай авто зам,

-Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам, замын байгууламж, батлагдсан зураг төсөл.

Харин концессын гэрээний 1.16, 2.10-т зааснаар дээрх дурдсан ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 2017-2019 онд гэрээт ажлын төлбөрийг төлөх ёстой байсан боловч гэрээт ажлыг дээрх хугацаанд хүлээлгэн өгөөгүй.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гарч, тогтоолын 1.7-д Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессыг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах гэж заасан.

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.51, 15.1.82-д заасныг үндэслэн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл-д Үндэсний аудитын газраас аудит орсон бөгөөд 2019 оны 02 дугаар сард дүгнэлт гарч, тус дүгнэлтээр 2,1 тэрбум төгрөгийг суутган тооцох, мөн үлдэгдэл санхүүжилтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа санхүүжүүлэхийг даалгасан. Ингээд Үндэсний аудитын газраас холбогдох асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, тус гомдлыг Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 475 дугаар тогтоолоор хаасан байдаг ба энэ талаар хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/7075 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Иймд гэрээнд заасан хугацаа буюу 2017-2019 онд ******* буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагаас үл шалтгаалан гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэх боломжгүй байсан.

Түүнчлэн Аудитын хяналт шалгалтыг нэхэмжлэгчийн төслийн үйл ажиллагаанд хийсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан боловч аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аудитын дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Иймээс тус шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд үндэсний аудитын дүгнэлтэд дурдсан 2.1 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломж хариуцагчид байхгүй байсан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байхад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг шууд хэрэглэж хохиролд 8,1 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

5.2. Анхан шатны шүүх бодит үйл баримтыг буруу дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн талд илт давуу дүгнэлтийг өөрийн үзэмжээр гаргаж, хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн нь дараах дүгнэлтүүдээс харагдаж байна.

Анхны концессын гэрээнд заасан гэрээт ажлыг хүлээлгэн өгөх хугацаа өнгөрсний дараагаар буюу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Хэдийгээр нэхэмжлэгч тал хариуцагчийг газар эзэмших эрхийг олгох гэрээний үүргээ зөрчсөн, мөн хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдэг боловч энэ талаар баримт хэргийн материалд авагдаагүй байдаг. Харин хариуцагчийн төлөөлөгч миний зүгээс хэргийн материалд авагдсан Концессын гэрээний 1.12, гэрээт ажлыг хүлээлгэж өгсөн 2017 оны 06 дугаар сарын 27, 08 дугаар сарын 31-ний өдрийн комиссын дүгнэлтүүдээр гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн буюу нэхэмжлэгч эхэлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн гэрээний 2.3-т Эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчийн авто замын барилгын ажил явагдах замын трассын дагуух газрыг ашиглах эрхийг барилгын ажлын хугацаанд олгоход нь дэмжлэг үзүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагч газрыг ашиглах эрхийг олгох үүрэг-ээ биелүүлээгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн 10-т ... хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...газраа авах-трасстай холбоотой асуудлаа шийдвэрлэх нь концесс эзэмшигчийн үүрэг байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал *******т анх байгуулагдсан гэрээний хувьд байхгүй гэсэн тайлбарын талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь хэргийн материалд илтэд байгаа баримтыг зориуд буруугаар дүгнэж, нэхэмжлэгчийн талд ашигтайгаар тайлбарласан үйлдэл болно.

Шүүхийн шийдвэрийн 15.2-т ...2016 онд байгуулагдсан концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагчийн төлөөлөгчийн маргаж буй нэхэмжлэгч анхны концессын гэрээний үүргээ биелүүлээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн материалд авагдсан баримт буюу гэрээний холбогдох зохицуулалтыг үнэлж дүгнээгүй, зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нотлох баримтгүй тайлбарыг үндэслэсэн.

Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргаж байна.

 

6. Хариуцагч ******** яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

6.1. Концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээлийн хэмжээг буруу тогтоосон тухайд:

Анхан шатны шүүх шийдвэртээ ******** яамны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг зээл нэмж авах шаардлагагүй байхад нэмж авсан зээлийн хүүг хохиролд тооцох үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан боловч хариуцагч гэрээнд заасны дагуу санхүүжилтийг олгоогүй хугацаа алдуулан сүүлд санхүүжилтийг олгосон үйл баримт тогтоогдсон учир нэхэмжлэгчийг нэмэлт зээл авч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь доголдолгүй хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс дээр дурдсан дүгнэлтийг хийснээр хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар үндэслэлгүй хэмжээгээр хүүгийн хохирлын хэмжээг нэмэгдүүлж тооцсон.

Гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохирлыг тогтооход үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил байхыг шаардах төдийгүй тухайн хохирол нь үүрэг гүйцэтгүүлэгч тухайн гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үүссэн байх шаардлагатай. Энэ нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор хүлээх хариуцлагыг үндэслэлгүй бөгөөд хязгааргүй хэмжээгээр нэмэгдэхээс сэргийлдэг онцлогтой.

Тухайлбал, хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй холбоотой зээлийн хүүгийн хохирлыг тооцох тохиолдолд тухайн зээлийг үндсэн гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зээл байсан эсэхийг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай.

******* ХХК-ийн тухайд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн Зураг төсөл боловсруулах-Барих-Шилжүүлэх (DBT) концессын гэрээний дагуу 63 км авто замыг 75,600,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх байсан боловч талууд харилцан тохиролцсоноор уг гэрээний цар хүрээг хумин 2017 оны 03 дугаар сарын 30-ны уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Дээрх концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл хэрэгжүүлэх байсныг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто зам болгон ажлын цар хүрээг бууруулсан ба төсөвт өртгийг 75,600,000,000 төгрөг байсныг мөн 26,640,000,000 төгрөг болгон бууруулсан.

Тус концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр шинэчлэн тусгасан 26,640,000,000 төгрөгийн төсөвт өртгийг тооцоолохдоо ******* ХХК-ийн гүйцэтгэж, тэргүүлэх төсөвчин *******гийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянасан Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөв-т тусгагдсаныг үндэслэн тогтоосон. Уг авто замын барилгын ажлын төсөвт Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн авто замыг 14,334,209,739 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоолол гаргаж баталгаажуулсан ба концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулахдаа 14,334,209,739 төгрөгийн үндсэн ажлын зардал дээр нэмж ******* ХХК-ийн ашиг, татвар болон зээлийн хүү зэргийг нэмж 26,640,000,000 төгрөгөөр төсөвт өртгийг тооцсон.

Гэтэл ******* ХХК нь төслийн нийт өртөг болох 26,640,000,000 төгрөгөөс давсан буюу 32,000,000,000 төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банк-аас авч 17,000,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх хэдий ч түүний дараагаар ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, анх байгуулагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэх эсэх талаар тохиролцоогүй, ямарваа нэгэн хэлцэл хийгээгүй байхад 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан болно. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь 14,334,209,739 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхэд 24,080,000,000 төгрөгийн зээлийг банкнаас авсан.

Мөн түүнчлэн дээрх 24,080,000,000 төгрөгийн зээлийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын ажилд бүхэлд нь зарцуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үеэр маргасан хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй.

Харин ******* ХХК-ийн зүгээс Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн авто замын барилга угсралтын ажил дууссаны дараагаар буюу 2019 оны 10 сарын 18-ны өдөр гүйцэтгэл гаргаж ирүүлснийг талууд харилцан баталгаажуулсныг анхааран үзэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ ******* ХХК нь 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан ба үүнээс хэтрүүлэн зээл авах шаардлагагүй байсан болно.

Харамсалтай нь анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн ******* ХХК-аас тайлагнасныг талууд харилцан баталгаажуулсан байгааг харгалзан үзэлгүйгээр 24,080,000,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь барилга угсралтын ажилд зарцуулсан хэмээн үзэж хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар үндэслэлгүй хэмжээгээр хүүгийн хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Иймд хариуцагчийг концессын гэрээний эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж ******* ХХК-ийн зээлийн хүүгийн хохирлыг тооцохдоо тухайн төсөлд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийн зээлээс хүүг нь тооцоолох ёстой.

6.2. Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын концессын гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ******* ХХК-д бодитоор учирсан хүүгийн хохирлын тухайд:

Дээр дурдсанчлан ******* ХХК 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийн зээлийг зарцуулсан ба энэхүү зээлийн хэмжээнээс хүүг тооцох ёстой.

******* ХХК-ийн тухайд Улаанбаатар хотын банкнаас 24,080,000,000 төгрөгийн зээл авч уг зээлийн 78.65%-тай тэнцэх зээлийн хүү буюу 16,380,685,422 төгрөгийг банканд төлсөн байна. Үүнийг ******* ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор зарцуулсан зээл буюу хариуцагч ******* болон ******** яамны хариуцах 12,518,119,241 төгрөгийн зээлд хөрвүүлбэл 9,845,500,783 төгрөгийн хүүг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын концессын гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор банкинд төлсөн байна.

Мөн түүнчлэн ******* ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор банкинд төлсөн 9,845,500,783 төгрөгийн зээлийн хүүгээс 8,118,228,626 төгрөгийг концессын гэрээний нийт өртөг буюу 26,640,000,000 төгрөгт концессын гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хүү хэмээн шингээн тусгасан.

Иймд ******* ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор банканд төлсөн 9,845,500,783 төгрөгийн зээлийн хүүгээс концессын гэрээний нийт өртөгт зээлийн хүү хэмээн тусгасан 8,118,228,626 төгрөгийг хасаж бодит учирсан хохирлыг тооцох нь зүйтэй.

6.3. ******* ХХК нь зээлийн гэрээний хугацааг олон удаа сунгалгүйгээр хаах боломжтой байсан тухайд:

Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харвал ******* ХХК нь 2016 онд Улаанбаатар хотын банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 14,870,766,788 төгрөгийг 2023 оны 07 сарын 06-ны өдөр ********ХХК-тай 2015 оны 02 сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орж ирэх орлогыг шаардан авах эрхийг шилжүүлэх замаар зээлийг хаасан байна.

Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь зээлийн гэрээг сунгалгүйгээр шаардах эрхийг шилжүүлэх замаар зээлийн гэрээний хүү нэмэгдсээр байх эрсдэлийг бууруулах боломжтой байсан.

Иймд, ******* ХХК-ийн зээлийн гэрээний эрсдэлийг бууруулах арга хэмжээг огтхон ч авалгүйгээр учирсан хүүгийн хохирлыг хариуцагч ******* болон ******** яам хариуцах учиргүй юм.

6.4. Концессын гэрээний үлдэгдэл төлбөр гэх 169,233,213 төгрөгийг шаардах эрхгүй тухайд:

*******ын зүгээс концесс эзэмшигч ******* ХХК-д нийт 26,470,766,787 төгрөгийн санхүүжилтийг татварт суутган тооцуулах, ******* ХХК-ийн дансанд шилжүүлэх замаар олгож дууссан. Гэрээний үнийн дүнгээс үлдэх 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023 оны 06 сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар ******* ХХК хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг.

Ийнхүү 169,233,213 төгрөгийг суутган шилжүүлэхээр талууд баталгаажуулсан нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-Барих-Шилжүүлэх (DBT) концессын гэрээ-ний төсөвт өртөг буюу 26,640,000,000 төгрөгт барилга угсралтын ажлын дүн, ******* ХХК- ийн ашиг буюу үйл ажиллагааны зардал, татвар, зээлийн хүү зэргийг тус тусад төсөвлөсөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, 169,233,213 төгрөгийг ******* ХХК- ийн ашиг буюу үйл ажиллагааны зардлаас бус гүйцэтгэсэн ажлын зөрүүг үндэслэн барилга угсралтын ажлын дүнгээс суутгасан болно.

 

Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаартай шийдвэрээр *******, ******** яам нараас 8,431,690,009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК- д олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Үндсэн концессын гэрээний үлдэгдэл төлбөрт 169,233,216 төгрөг, хохирол 16,380,685,422 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлсон.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн нэгдэх шаардлагын тухайд нэхэмжлэгч байгууллага 26,470,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гүйцэтгэлийн акт болон 2023 оны 07 дугаар сард талуудын хооронд үйлдсэн актад тусгагдсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас дутуу ажил хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг улсын комисс 2017 онд бүрэн хүлээж аваад өнөөдрийг хүртэл засгийн газар ашиглаж байгаа. Ямар ажлыг дутуу хийсэн гэж үзэж талуудын хооронд тохиролцсон үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр болох 169,233,213 төгрөгийг өгөхгүй гэж үзэж байгаа юм. 1 дүгээр хавтаст хэргийн 158 дугаар талд авагдсан 2019 оны 10 сарын 18-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт 1 гэх баримтад үндэслэж 26,400,000,000 төгрөгийг тохирсон гэх асуудлыг ярьдаг. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. 2023 онд үлдэгдэл санхүүжилт авах талаар миний бие нэхэмжлэгч компанийн холбогдох ажилчидтай яам руу очиж уулзсан. Танайх шүүхээс нэхэмжлэлээ татаж ав, энэ асуудлыг шийдэхгүй бол мөнгө өгөхгүй, энэ дээр гарын үсэг зур гэх асуудал яригдсан. Гарын үсэг зурсан болохоос биш үүнийг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн, үүнийг баталгаажуулсан засгийн газрын тогтоол байгаа. Үлдэгдэл мөнгийг олгох нь зүйтэй. Хэрэв дутуу ажил хийж гүйцэтгэсэн гэж үзвэл концессын гэрээний дагуу 22,2 км авто замаас ямар ажлыг дутуу хийсэн юм. Үүнд ногдох төлбөр 169,000,000 төгрөг гэдэг. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан тул гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд, анхан шатны шүүх хэдийгээр 8,431,690,009 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдсэн боловч үлдэх 8,118,228,626 төгрөгийн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эдийн засаг хөгжлийн яамны зүгээс тооцоололтой холбоотой асуудлыг ярьдаг боловч энэ нь бодит байдлаас зөрүүтэй. Талуудын хооронд 2016 онд гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд 2016 оны 12 сарын 31-ий өдөр дуусгана гэх асуудал байдаг ба 64 километр авто замыг хагас жилд дуусгадаг нөхцөл байдал байхгүй. Гэрээний 1.3-т заасны дагуу газрыг чөлөөлж өгөх маршрутын дагуу хариуцагч байгууллага хийж хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ ажил хэрэгжээгүй, зам тавих трасс чөлөөлөгдөөгүй байсан учраас гэрээнд заасан хугацаанд ажил хийж гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 03 сарын 30-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулж 22,2 километр авто замыг 26,600,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр болсон. Хариуцагч талаас үүнтэй холбоотой асуудалд нэхэмжлэгч талаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас санхүүжилт олгоогүй гэдэг. Энэ нөхцөл байдал нь бодит байдлаас зөрүүтэй. Талууд тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан ба өөрчлөлт оруулснаас хойш 2017 оны 06 сард ажлаа хүлээлгэж өгсөн. 2017 онд гэрээнд заасан санхүүжилтийг олгох ёстой. Уг санхүүжилтийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас олгоогүй гэх тайлбарыг гаргасан. Нэгэнт ажлаа хүлээж авсан субъект санхүүжилт олгох ёстой.

Хавтаст хэргийн 144 дүгээр талд 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Үндэсний аудитын газраас Сангийн яаманд хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нотлох баримтаар авагдсан ба уг баримтад концесс эзэмшигчид холбогдох санхүүжилтийг улсын төсөвт суулгаж олгоход татгалзах зүйлгүй гэсэн байдаг. Хэргийн 135 дахь талд 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 01/1058 дугаартай *******ын дарга ******** танаа хариу хүргүүлэх тухай гэсэн албан бичиг байгаа. Улсын Их хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолоос харвал, төслүүдэд аудит хийж байгаа. Энэ нь гэрээгээр тохиролцсон мөнгийг олгоход саад болохгүй гэдэг. Үндэсний аудитын газраас шалгалт хийж болно. Үндэсний аудитын газраас шалгалт хийж байгаа асуудал нь тухайн төрийн байгууллагын ажилчдын үйл ажиллагааг шалгаж байгаа болохоос Засгийн газрын тогтоол, гэрээ гаргаад, тухайн гэрээний дагуу өөрөө хөрөнгө оруулалтаа гаргаад концессыг хэрэгжүүлсэн аж ахуй нэгжүүдэд санхүүгийн дарамт учруулж, мөнгийг өгөхгүйгээр өнөөдөр нэхэмжлэгч компанийг дампууруулсан. Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Концесстой холбоотой асуудалд үндэсний аудитын газраас шалгалт хийсэн. Уг шалгалтаар 2,100,000,000 төгрөгийн хувьд тодорхой бус байна гэх дүгнэлт гарсан. Энэ нь зөвхөн 26,600,000,000 төгрөгөөс 2,100,000,000 төгрөгийн асуудал. Яагаад үлдсэн санхүүжилтийг олгоогүй вэ гэдэг асуудлыг онцгой анхаарах ёстой.

2017 онд олгох ёстой санхүүжилтийг 12 сарын 31 гэж тооцож үзвэл, дараагийн орох ёстой санхүүжилт нь 2019 оны 12 сард олгогдоно. 769 хоногийн дараа эхний авах ёстой 9 тэрбум төгрөгөөс 2,6 тэрбум төгрөг, энэ үед хариуцагчийн хэлж байсан шалгалт явагдаж байсан. Эрүүгийн журмаар шалгагдаж байсан асуудал дууссан. Захиргааны шүүхээр маргаж байсан. Мөнгө нь олгогдсон. Гэтэл яагаад уг санхүүжилтийг олгож болоогүй юм. Дараагийн олгох байсан санхүүжилт 1000 гаруй хоногоор хэтэрсэн. Өнөөдрийн ярьж буй асуудал нь төслөөсөө их хэмжээний зээл авсан. Уг зээлийн хор уршгийг бид хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа болохоос биш яагаад санхүүжилтийг хугацаандаа олгоогүй вэ гэх асуудалд тайлбар байдаггүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар тэр байгууллага руу буруугаа чихнэ гэж байгаа бол энэ нь хуульд нийцэхгүй. Шүүх санхүүжилт болон зээлтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулна уу. Гэрээнд өөрчлөлт орохоос өмнө 24,080,000,000 төгрөг болгосон зээлийг нэмж авсан гэж буруутгадаг. Гэтэл энэ зээлийг 2017 оны 01 дүгээр сард нэмсэн. 3 сард гэрээнд өөрчлөлт орж гэрээний үнийн дүн, гүйцэтгэх ажлын үнийн дүн буурсан. Нэхэмжлэгч тал 03 дугаар сарын 30-нд хариуцагчтай гэрээ байгуулсан хэр нь үүнээс хойш зээл авсан бол өөр асуудал болно. Нэгэнт нэхэмжлэгч тал зээл аваад зээлийн санхүүжилт аваад ажлаа хугацаандаа гүйцэтгэсэн. Өнөөдөр хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд санхүүжилт олгоод явж байсан бол нэхэмжлэгч тал бодитоор хохирол шаардахгүй. Хугацаандаа санхүүжилт олгоогүйн улмаас нэхэмжлэгч тал 43,000,000,000 төгрөгийг арилжааны банканд төлсөн. Ийм учраас өөрт учирсан 16,000,000,000 гаруй төлбөрөө нэхэмжилж байгаа. Гэтэл анхан шатны шүүх талуудын тооцоололд орсон 8,118,228,626 төгрөгийг хасаж 8,431,690,009 төгрөг олгохоор шийдсэн. Хэдийгээр бид гомдол гаргаж чадаагүй боловч үүнд гомдолтой байгаа. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлоор хэргийг хянаад хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* болон ******** яаманд холбогдуулан концессын гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 16,549,918,635 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Харин нотлох баримтыг буруу үнэлсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. Тодруулбал, талууд гэрээ дүгнэх маягтаар ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин тохиролцсон үйл баримт тогтоогдсон байхад шүүх өмнө байгуулсан гэрээний дүнгээр тооцож, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******тай 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээ байгуулж, уг гэрээгээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулах, хариуцагч ******* нь хөрөнгө оруулалтын дүн болох 75,600,000,000 төгрөгийг 2017 онд 35,000,000,000 төгрөг, 2018 онд 20,300,000,000 төгрөг, 2019 онд 20,300,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцжээ. /1хх-ийн 14-16/

Талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, өмнө байгуулсан гэрээний Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл гэснийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам төсөл гэж, гэрээний зорилго хэсгийн Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам гэснийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто зам гэж, 1.3.1-1.3.3-т гэснийг 1.3.1, 1.3.2-т гэж, 75,600,000,000 гэснийг 26,640,000,000 гэж, 1.13 дахь хэсгийг Концесс эзэмшигч нь авто замыг хэсэгчлэн хүлээлгэн өгөх бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгснөөр баталгаажна гэж, 1.14 дэх хэсгийг Концессын зүйлийг концесс эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүний баталгаат хугацаа 3 жил байна гэснийг Концессын зүйлийг концесс эзэмшигч нь ашиглалтад хүлээлгэн өгсөн өдрөөс хойш түүнийг зүгшрүүлэх хугацаа 1 жил, баталгаат хугацаа 3 жил байна гэж тус тус өөрчлөн найруулж, гэрээний 1.16 дахь хэсгийг хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017 онд 9,050,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 гэж, гэрээний 1.3.3, 1.4, 6.8 дахь хэсгийг тус тус хасаж, гэрээнд өөрчлөлт оруулахаар харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 21/

5. Нэхэмжлэгч шаардлагаа гэрээнд заасны дагуу Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтанд оруулсан бөгөөд гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул хөрөнгө оруулалтын үлдэгдэл төлбөр болох 169,233,213 төгрөгийг шаардах эрхтэй, мөн хариуцагч нар нь хөрөнгө оруулалтыг гэрээнд заасан хугацаанд олгоогүй, хугацаа хэтрүүлсний улмаас банкны зээлийн хүү төлж хохирсон тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,380,685,452 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч ******* нь концесс эзэмшигч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ өөрөө хөрөнгөө шийдэж хийхээр тохиролцсон тул хохирол шаардах эрхгүй. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар концесс эзэмшигч нь 26,470,760,787 төгрөгт тухайн ажлыг хийсэн бөгөөд гэрээний санхүүжилтийн нийт дүн болох 26,640,000,000 төгрөгийн төлбөрөөс 169,233,213 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцож, баталгаажуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж,

хариуцагч ******** яам нь талууд хохирол, эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар гэрээгээр тохиролцоогүй тул концесс эзэмшигч буюу ******* ХХК нь хүүгээс үүдэх нэмэлт эрсдэлийг бүрэн хариуцна. Нөгөө талаар, концесс эзэмшигч буюу ******* ХХК нь төслийн нийт өртөг 26,640,000,000 төгрөгөөс давсан үнийн дүн бүхий зээлийг авсан байх бөгөөд түүнээс үүдэх хүүгийн хохирлыг *******аас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д хамаарахгүй. Нэхэмжлэгч тал нь 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан бөгөөд тус төлбөрийг шаардах эрхгүй. гэж тус тус татгалзжээ.

5.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22,2 км хатуу хучилттай авто замын 5 км замыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 17,2 км замыг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус тус ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 07/09/17 тоот дүгнэлт, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07/12/17 тоот дүгнэлт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 22-25/

5.2. Талуудын байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний 1.16, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1.2-т зааснаар гэрээний үнэ буюу төслийн нийт хөрөнгө оруулалт болох 26,640,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д нөхөн олгохоор харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг гаргаж, тайлант үеийн гүйцэтгэлийн нийт дүнг 26,470,766,787 төгрөгөөр тооцож, хүлээлгэн өгсөн байна. /1-р хх-ийн 158/

2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэх маягтаар гэрээний дүн 26,640,000,000 төгрөг, батлагдсан гүйцэтгэлийн дүн 26,470,766,787 төгрөг, урьд санхүүжсэн дүн 11,600,000,000 төгрөг, 2023 оны санхүүжилтээс концесс эзэмшигчийн татварын өрөнд 546,991,211.18 төгрөгийг суутгаж, нийт үлдэгдэл 14,323,775,575.82 төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлөн захирал *******, хариуцагч буюу захиалагчийг төлөөлөн ******** яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга ******* нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /2-р хх-ийн 86-87/

Зохигч 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр хөрөнгө оруулалтын хэмжээг 26,640,000,000 төгрөг байхаар гэрээнд тусгасан хэдий ч 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ дүгнэхдээ ажлын гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөгөөр тогтоосноор нэхэмжлэлээр шаардсан 169,233,213 төгрөг хасагдаж, нийт ажлын буюу гэрээний үнийг 26,470,766,787 төгрөгөөр дахин тохиролцсон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчмын хүрээнд талууд гэрээт ажлын нийт дүнг 26,470,766,787 төгрөг байхаар тохиролцож, үүнээс 546,991,211.18 төгрөгийг татварын өрөнд суутгаж, 11,600,000,000 төгрөгийг олгож, үлдэх 14,323,775,575.82 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хүлээжээ.

Хариуцагч *******аас гэрээний дагуу хөрөнгө оруулалтад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нийт 4,003,863,660.05 төгрөгийг ******* ХХК-ийн татварын өрөнд суутгаж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,600,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,996,136,339.95 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 546,541,693.93 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14,323,775,575.82 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн буюу нийт 26,470,317,269.75 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлсөн болох нь Сангийн яамны 100900066300 дугаар дансны хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгч нь татварт 546,991,211.18 төгрөг суутгуулсан талаар тайлбарласан. /3-р хх-ийн 3,115-121/

5.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь ******** яамтай гэрээ дүгнэх маягт үйлдсэн хэдий ч тус яам нь үндсэн гэрээ болох Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээний тал биш бөгөөд харин гэрээний нэг тал буюу хариуцагч *******ыг төлөөлөн төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ дүгнэх маягтыг үйлдсэн байна. Өөрөөр хэлбэл, ******** яам нь гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй.

Иймд 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тул шаардах эрхгүй гэх агуулгаар гаргасан хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 169,233,213 төгрөгийн шаардлага болон ******** яаманд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******** яамнаас гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу банкны зээлийн хүүнд төлсөн 16,380,685,422.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь ХК-тай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 32,000,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авч, уг зээлээс 17,000,000,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буцаан шилжүүлсэн. /1-р хх-ийн 52-56, 3-р хх-ийн 63/

6.2. Дээрх зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулж, уг гэрээгээр зээлийн хэмжээг 25,000,000,000 болгож, зээлийн хүүг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс жилийн 24 хувь байхаар, гэрээний хугацааг 36 сар болгож сунгасан өөрчлөлтийг оруулсан. /1-р хх-ийн 57-58/

6.3. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 48 сар болгож, дуусах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, үндсэн зээлийн үлдэгдлийг 24,080,000,000 төгрөгөөр баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 59-60/

6.4. Дээрх зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч ******* ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 14,323,755,575 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 547,000,000 төгрөг, 6,209,224,424 төгрөг, зээлийн хүүнд 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,828,640,767 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,038,121,960 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,065,330 төгрөгийг тус тус төлж, үлдэх 13,073,857,661 төгрөгийг ********ХХК-иас шаардах эрхийг 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлдүүлэгч инд шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан ХХК-ийн албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээ, дахь нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ. /3-р хх-ийн 57, 59-60, 63-68/

Талуудын гэрээ байгуулсан болон нэхэмжлэгчийн зээл авсан цаг хугацаа, зээлийн хэмжээ, эргэн төлөлт зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах хөрөнгийг наас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Зохигч 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээ болон уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр концесс эзэмшигч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн болон боломжит хөрөнгөөр ажлыг гүйцэтгэх, хариуцагч ******* нь гэрээний нийт хөрөнгө оруулалт болох 26,640,000,000 төгрөгийг 2017 онд 9,057,600,000 төгрөг, 2018 онд 8,791,200,000 төгрөг, 2019 онд 8,791,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид нөхөн төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

7.1.Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, харин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын дагуу уг төсөлд Үндэсний аудитын газраас 2019 оны 02 сард дүгнэлт гарч, тус дүгнэлтээр 2,1 тэрбум төгрөгийг суутган тооцох, мөн үлдэгдэл санхүүжилтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа олгохыг даалгасан тул санхүүжилтийг хугацаанд нь олгох боломжгүй байсан талаар тайлбарласан.

7.2. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр зарим арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессыг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах арга хэмжээ багтсан байна. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл-д Үндэсний аудитын газраас 2019 оны 02 дугаар сард дүгнэлт гаргаж, тус дүгнэлтээр 2,1 тэрбум төгрөгийг суутган тооцох, мөн үлдэгдэл санхүүжилтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа холбогдох байгууллагаас гарсан дүгнэлтэд үндэслэн санхүүжүүлэх талаар дурджээ. /1-р хх-ийн 95-109/

7.3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр талуудын хэрэгжүүлж буй төсөлд аудит хийж, дүгнэлт гаргуулсан нь гэрээний эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна уг үйл явдалд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч буруугүй юм. Иймээс, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хугацаа хожимдуулсан нөхцөл байдал хэргийн баримтаар нэгэнт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүг хохиролд тооцон, учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хохирлын хэмжээг наас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 24,080,000,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 18,940,685,422.53 төгрөг буюу нийт 43,020,685,422.53 төгрөгөөс гэрээний нийт үнэ болох 26,640,000,000 төгрөгийг хасаж 16,380,685,422.53 төгрөг гэж тодорхойлсон.

Хэргийн 1-р хавтасны 158-р талд авагдсан Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1 гэх баримтад нийт ажлын гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөг гэж дүгнээд, үүний дотор зээлийн хүүг 8,118,228,626 төгрөгөөр тусгажээ.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хохирол 16,380,685,422.53 төгрөгөөс талуудын төсөвт өртөгт багтаан тооцсон зээлийн хүү 8,118,228,626 төгрөгийг хасаж, үлдэх 8,262,456,796 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

8. Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн ******* ХХК-аас тайлагнасныг харгалзан үзэлгүйгээр 24,080,000,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь барилга угсралтын ажилд зарцуулсан гэж үзэж, хүүгийн хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Харин төсөлд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийн зээлээс хүүг тооцоолох ёстой. Ингэхдээ 24,080,000,000 төгрөгийн зээл авч уг зээлийн 78.65%-тай тэнцэх зээлийн хүү буюу 16,380,685,422 төгрөгийг төлсөн тул 12,518,119,241 төгрөгийн 78.65%-тай тэнцэх хэмжээний буюу 9,845,500,783 төгрөгөөс концессын гэрээний нийт өртөгт зээлийн хүү хэмээн тусгасан 8,118,228,626 төгрөгийг хасаж бодит учирсан хохирлыг тооцох байсан гэжээ.

Талууд 2019 оны 10 сарын 18-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ цалин, материалын, тээврийн гэх мэт шууд зардлын нийт дүнг 10,418,773,133 төгрөг, барилга угсралтын ажлын нийт дүнг 12,518,119,241 төгрөг, зээлийн хүүг 8,118,228,626 төгрөг, ашиг буюу үйл ажиллагааны зардлыг 4,139,295,572 төгрөг, үүн дээр бусад зардал, татвар зэргийг нэмж, нэгтгээд нийт ажлыг гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөгөөр тооцож талууд баталгаажуулсан. /1-р хх-ийн 158/

Эдгээрээс зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийг гэрээт ажлын нийт үнэ гэж үзэх боломжгүй юм. Иймээс зээлийн хүүг 12,518,119,241 төгрөгөөс тооцох, хохирлын хэмжээг замын барилга угсралтын зардлаас хувьчилж тооцох ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч бүрдүүлбэр хангаагүй буюу улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/ШЗ2025/00159 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Иймээс давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 3,000,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 8,262,456,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,287,461,839 төгрөгийн шаардлага болон хариуцагч ******** яаманд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэгсийн 2 дахь заалтад ... хариуцагч нараас ... гэснийг хариуцагч *******аас гэж, ... 42,316,400 ... гэснийг 41,470,234 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ   Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ