Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01374

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1407 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10 323 156 төгрөг, хохиролд 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээний 2.5, 2.1.5, 3.2.4, 4.1.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Г” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Б-д 4 500 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч нь нэхэмжлэл гаргах хүртэл огт төлөлт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Иймд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.10, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасанчлан үндсэн зээлийн төлбөр 4 500 000 төгрөг, үндсэн хүү 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийтдээ 13 сарын хүү 4 400 106 төгрөг, алданги 1 423 050 төгрөг нэхэмжилж байна. Алдангийг зээл төлөх графикийн дагуу буюу сар болгон төлөх ёстой дүнгээс нь тооцсон. Мөн цоожлогч эвдсэний төлбөр болох 600 000 төгрөг, нийт 10 913 062 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4 500 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан талаар маргах зүйлгүй. 4 500 000 төгрөгийн үндсэн зээлийн сарын хүү 315 000 төгрөг болж байгаа бөгөөд “Г” ХХК нь банк болон банк бус байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг биш, ХХК буюу барьцаалан зээлдүүлэх чиглэлээр ажилладаг. Тэгэхээр зөвхөн зээлийн гэрээнд заасан хугацаанд хүү төлөх үүрэг байгаа. Ингээд 6 сарын хүү 1 890 000 төгрөг бөгөөд үүнээс 325 500 төгрөгийг хариуцагч төлсөн бөгөөд үлдэгдэл 1 565 000 төгрөгийн хүү байгаа. Үндсэн зээл 4 500 000 төгрөг, хүү 1 565 000 төгрөг, нийт 6 065 000 төлөх үүрэгтэй байна.

Үлдэгдэл хүүг хуульд зааснаар шаардах эрхгүй гэж үзэж байгаа. Мөн алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь талуудын хооронд анзын гэрээг бичгээр хийх ёстой бөгөөд үүний дагуу зээлийн гэрээндээ алдангийн асуудлыг тусгасан боловч тухайн алдангийн зохицуулалт нь анхнаасаа хууль зөрчиж хийсэн анзын гэрээ учраас энэ гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээ анхнаасаа байгуулагдаагүй гэсэн үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар тухайн цоожлогчийг эвдэлсэн болон 600 000 төгрөгийн хохирол учирсан талаар баримт байхгүй тул 600 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

…Зээлийн гэрээний 4.1.2, 2.5 дахь заалт буюу анзын гэрээ нь хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож, тогтоох ёстой байтал гэрээгээр үндсэн зээлийн нийт дүнгээс алданги тооцохоор тогтоожээ. Хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл бий болсон буюу анхнаасаа хууль зөрчиж алданги тооцсон байгаа тул алданги төлөх үүрэг үүсэхгүй.

Иймд зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үр дагаврыг тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

…Зээлийн гэрээний 2.5 болон 4.1.2-т зээлдэгч нь гүйцэтгээгүй үүргийн дүн буюу зээл, зээлийн хүүгийн нийлбэр болон зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээл төлөгдөх өдрийн дараагийн өдрөөс үндсэн зээлийн дүнгээс буюу хуулинд заасанчлан 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлүүлэх гэсэн байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг огт зөрчөөгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 7 453 050 /долоон дөрвөн зуун тавин гурван мянга тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 460 012 /гурван сая дөрвөн зуун жаран мянга арван хоёр/ төгрөг болон зээлийн гэрээний болон 2.5, 2.1.5, 3.2.4, 4.1.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 134 199 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХКомпанид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 664 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 110 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1407 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэрийн Удиртгал хэсгийн “Г.Алтансүх” гэснийг “Б.Алтансүх” гэж, “иргэдийн төлөөлөгч П.Сайннар” гэснийг “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа” гэж, Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “56 дугаар зүйлийн 56.1.1” гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5, 3.2.4, 4.1.2 дахь заалтуудыг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 198 дугаар зүйлийк 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу тайлбарлавал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл энэхүү заалтын дагуу анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор байхад талууд зээлийн гэрээнийхээ 4.1.2 болон 2.5-д гүйцэтгээгүй үнийн дүнгээс бус үндсэн зээлийн нийт дүнгээс тооцохоор заасан ба зээлдэгч тал үндсэн зээл болон хүүгийн нийт төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөр төлж барагдуулсан байсан хэдий ч үлдэгдэл төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус үндсэн зээлийн нийт үнийн дүнгээс алданги тооцохоор байна.

Дээрхээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1.2 болон 2.5 дахь заалт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус ба мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэх заалтыг хэрэглэж шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байтал уг заалтуудыг хэрэглээгүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр боллоо.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцон хариуцагчаас 1 423 050 төгрөг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэхдээ зээлдүүлэгч талын эрх зүйн байдлыг тодорхойлсон эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүй, улмаар хариуцагчаас алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, ташаа бичигдсэн алдааг залруулсан нь зөв болсон боловч зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний онцлогийг харгалзан үзэлгүйгээр алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б-тай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 500 000 төгрөгийг 7%-ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй 13 сар болсон гэж нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б-гаас үндсэн зээл, хүү, алдангид 13 342 248 төгрөгийг шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 10 913 062 төгрөг болгожээ. Энэ шаардлагад автомашины дугуй цоожлогч эвдсэний 600 000 төгрөгийн гэм хорыг оруулжээ. Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй ба зээлийн гэрээний алдангийн талаарх заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  

Нэхэмжлэгч “Г” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3.-т зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох ёстой байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б-г гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр биелүүлээгүй үеэс эхлэн 13 сар хуульд заасан эрхээ эдлээгүй, үүргээ биелүүлээгүй буюу  барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдах ажиллагаа явуулаагүй байна. Хуулиар тодорхойлсон бүрэн эрхийнхээ хэмжээнд хийвэл зохих үйл ажиллагааг явуулаагүй, улмаар үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй явдлыг шаардах эрхээ алдангийн хэмжээгээр ихэсгэх, үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчих үндэслэл болгосныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Барьцаалан зээлдэх газар нь аливаа бусад зээлдүүлэгчийн адил зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээнээс гадна алданги тооцохоор зээлдэгчтэй тохиролцож болох боловч ийнхүү тохиролцсон нь барьцааны эд хөрөнгийг   худалдан борлуулах замаар үүргийг хангуулах үндсэн аргыг орлох, үгүйсгэх, барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны зорилгыг зөрчих үндэслэл болж болохгүй юм.

Харин алданги тооцох тухай талуудын тохиролцоо хуулиар хориглогдоогүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл болохгүй тул энэ талаарх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нөгөө талаар, нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.Б-д зээл олгохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.-д зааснаар барьцааны гэрээ бус харин фидуцийн гэрээ байгуулсан нь энэ зүйлийн 286.3.-т заасан шаардлагыг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөс гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр хангуулах талаар шаардлага гаргаагүй байна.

Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-т зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3.-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь анз авах эрхээ алддаг байна.

Зээлийн гэрээний зээлдэгч нь гэрээний зүйлийг шилжүүлэн авч, гэрээнд заасан хугацаа болоход зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн байх ёстой боловч барьцаалан зээлдэх газрын хувьд үүргээ гүйцэтгээгүй зээлдэгчид үүргээ гүйцэтгэх, барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах талаар заавал мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоног үүргийн гүйцэтгэлийг хүлээх үүргийг хуулиар тодорхойлсон тул энэхүү үүргийг “үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч хийх ёстой үйлдэл”-д хамааруулах боломжтой юм.  

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1407 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00844 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “7 453 050 \долоон дөрвөн зуун тавин гурван мянга тавин\” гэснийг “6 030 000 \зургаан сая гучин мянган\” гэж, “3 460 012 \гурван сая дөрвөн зуун жаран мянга арван хоёр\” гэснийг  “4 883 062 \дөрвөн сая найман зуун наян гурван мянга жаран хоёр\” гэж, 2 дахь заалтын “134 199 төгрөг” гэснийг “111 430 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 37 720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН