Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1690

 

    Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00259 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй

 

Гэм хорын хохиролд 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015 оны 02 дугаар сарын 09-ний орой 17.30 цагийн орчим Х ажлаа тараад өөрийн эзэмшлийн Тоёота Пассо маркийн 76-80 УНВ дугаартай автомашиныг жолоодон тээврийн прокурорын арын замаар Төмөр замын хэрэг эрхлэх газрын харалдаа явж байхад явган хүний гарцгүй газар хүүхэд хөтөлсөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн замын үргэлжилсэн цагаан шугам дээр цаашаа хараад зогсож байсан. Хөдөлгөөн эхэлж замаа дагаад хөдлөн тэдний хажуугаар өнгөртөл нөгөө эмэгтэй хүүхэд цаашаа харсан чигээрээ гэнэт баруун rap, баруун хөлөө хойш савахад би машинаа зогсоосон. Би зам дээр 20 гаруй минут зогсож цагдаа ирэхийг хүлээгээд ирэхгүй болохоор нь харьсан. Надад цагдаа дуудах ямар ч асуудал байхгүй, хүүхэд миний машинд дайрагдаагүй гэдгийг би мэдэж байсан. Цаашаа хараад зогсож байсан хүүхдийн баруун хөлийн чигчий ганц хурууг дайрах ямар ч боломжгүй. Хэрэв миний машинд дайрагдсан гэж үзэж байгаа бол нотлох ёстой. Ямар ч нотолгоогүй хүүхдийн ботинкийг хураан авч үзлэг хийгээгүй. Шинжилгээнд өгч дүгнэлт гаргуулаагүй, зургийг нь ч аваагүй байж намайг гүтгэсэн Цагдаа нар лавшруулж шалгахгүйгээр, хэлж ярьсаар байтал намайг загнаж, үндэслэлгүй 500 000 төгрөгийн хохирол төлүүлсэн. Намайг хуулийн үндэслэлгүй, нотлох баримтгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215,1, 216.1-д заасан 2 зүйл ангиар сэжигтэн, яллагдагчаар татаж, ял сонсгосон. Мөн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгааг авсан. Би надад тулгасан 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхэд дайраагүй гэдгээ хэлсээр байтал хилс хэрэгт гүтгэж хэлмэгдүүлсэнд гомдолтой байна. Надад хэрэг бүртгэгч "хэргийг чинь эвлэрснээр хэрэгсэхгүй болгоно, прокурорыг дуудахаар очоорой" гэснээс өнөөдрийг хүртэл хэрэгсэхгүй болгосон тогтоол, шийдвэрээ гардуулан өгөөгүй. Иймд хууль бусаар яллагдагчаар татан, таслан сэргийлэх арга хэмжээ авч сэтгэл санааны дарамтад оруулсан тул сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хууль бусаар төлүүлсэн 500 000        төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү.

Шүүхээс томилсон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай, буруу байсныг тогтоосон. Эрүүгийн хэрэгт дээрх 0409 тоот дүгнэлтийг үндэслэл болгож хууль бусаар яллагдагчаар татсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ХХХХний ээж иргэн ХХХХХийн гомдол, мэдээллийн дагуу шалгахад хохирогч ХХХХн нь Хийн машинд мөргүүлж биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авч хохирол хүлээсэн болох нь хохирогч ХХХХХ, гэрч ХХХХХХ, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмчийн 2777 дугаар дүгнэлт, Замын цагдаагийн газрын шинжээчийн 0409 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул Хийг Эрүүгийн хуулийн 215.1, 216.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагчаар тооцож шалгасан.

Шинжээчийн 0409 тоот дүгнэлтээр Хийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2.5-ын а, б, в дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоосон. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон нь Хт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдэлд хамааралгүй, харин хохирогчид холбогдох захиргааны арга хэмжээ авах үндэслэл болох байсан. Түүнчлэн зам тээврийн осол гаргасны дараа хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, туслах бололцоотой байсан боловч эмнэлэгт хүргээгүй түргэн тусламж дуудаагүй. Мөн ослын талаар зохих байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхин явсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул яллагдагчаар татсан.

Мөн тэрээр өөрийн гэм бурууг ухамсарлан хохирогчид 500 000 төгрөг төлсөн баримт, хэргийн материалтай танилцуулахад "санал хүсэлтгүй" гэж бичсэн баримтууд хэрэгт байдаг. Х нь гомдол мэдээллийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэснээс авахуулаад бүхий л шатанд түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдтэй 2015 оны 02 дугаар сарын 11, 16-ны өдөр, хэргийн материалтай 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тус тус танилцаад гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн аваад, Тээврийн прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар прокурорын тогтоолоор хохирогч яллагдагчтай эвлэрсэн, хохирлоо төлсөн үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1, 208.1.3-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд Х гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байна. Иймд Х хууль бусаар яллагдагчаар татагдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хийн гэм хорын хохиролд 6 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХгийн давж заалдах гомдолд:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэх авах талаарх журмыг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

Иргэн Хийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт цагдаагийн байгууллага илтэд нэг талыг барьсан дүгнэлт гаргаж хилс хэрэгт шийтгэсэн учир гэрч ХХХХээс мэдүүлэг авахуулах, хөндлөнгийн байгууллагаар үнэн зөв дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараалан шүүхэд гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг үл хүндэтгэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нараар 821 дугаартай дүгнэлт гаргуулсан. Шинжээч нар 4 ба 5 дахь асуултад техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт байх тул хариулах боломжгүй гэж татгалзсаны дагуу шүүхэд дахин 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гаргасан. Шүүх дахин бидний хүсэлтийг хүлээж авалгүй Шүүх шинжилгээний үндэсний төвд дүгнэлт гаргуулах захирамж гаргаж ШШҮТөвд хүргүүлсэн хэргийг шүүгчийн туслах шүүх эмнэлэгт хүргэж өгснөөр шүүх эмнэлэг дүгнэлт гаргах

боломжгүй гэж 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 04/602 тоот албан бичгээр шүүхэд
буцаан хүргүүлж өгснөөр дахин ямар ч ажиллагаа хийлгүй өнөөдрийг хүрч шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Бид шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийн талаар ямар нэгэн гомдол, санал, хүсэлт гаргаагүй байхад яах гэж, ямар зорилгоор шүүх эмнэлэгт хэрэг өгснийг хэлж мэдэхгүй байна. Ертөнцийн зүгээр баруун талаасаа зүүн тийш шулуун яваа тээврийн хэрэгсэл замын голын тусгаарлах цагаан шугам дээр чанх хойшоо хараад зогсож байгаа хүүхдийн араар өнгөрөхдөө баруун талын хөлийн ганц чигчий хурууг яаж дайрч гэмтээсэн гэдгийг л шинжлэх ухааны үүднээс тогтоолгох тухай бидний гаргасан хүсэлтүүдийг байнга үгүйсгэж бидний эсрэг ажиллаж нөгөө талд ашигтай байдлаар дүгнэлт гаргуулах гэж үйлчилж байгаа анхан шатны шүүхэд гомдолтой байна.

Үүнийг цагдаагийн байгууллага ч, прокурорын байгууллага ч шалгаж тогтоож чадаагүй нотлох баримтгүй хүнийг хилс хэрэгт гүтгэж өнөөдрийг хүртэл ЭБШХуулийн 209.4, 209.5 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолоо нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, энэ талаар прокурор ХХХХийг гэрчээр байцааж өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргахад шүүх ИХШХШТ хуулийн 43 дугаар зүйлийг ноцтой зөрчиж байцаалт аваагүй байж прокурорын тогтоол хүчин төгөлдөр байна гэдэг нь худлаа юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1443 дугаар магадлалын шаардлагыг ч анхан шатны шүүх өнөөдөр ч биелүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00259 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3,168.1.7 дах хэсэгт заасныг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х нь хууль бусаар яллагдагчаар татагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авч сэтгэл санааны дарамтад оруулсан гэж сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, хохиролд хууль бусаар төлүүлсэн 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжилжээ.   

 

Хэрэгт авагдсан баримтаар Тээврийн прокурорын газраас нэхэмжлэгч Хийг 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, Улаанбаатар төмөр замын удирдах газрын хойд замд “Тоёото пассо” маркийн 76-80 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, явган зорчигч ХХХХнийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, осол гаргасан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар татсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримт үнэлэх журамтай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийг хууль бусаар яллагдагчаар татсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хэргийн 40 дүгээр тал дахь 0409 тоот шинжээчийн дүгнэлтэнд “Тоёота пассо маркийн 76-80 УНВ улсын дугаартай автомашины жолооч Х нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 болон мөн дүрмийн 2.5-ын а. б, в дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн буруутай” гэж, 88 дугаар тал дахь Замын цагдаагийн газрын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 821 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд “хохирогч гарцгүй газраар зам хөндлөн гарч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийг зөрчсөн болохыг, нэхэмжлэгч Хийг мөн дүрмийн 2.5-ын а, б, в дэх хэсгийг зөрчсөн буруутай” болох талаар дүгнэгджээ. Нэхэмжлэгчийн гэм буруугүйг нотлосон өөр баримт хэрэгт авагдаагүй, дээрх дүгнэлтүүдийг нэхэмжлэгч тал баримтаар үгүйсгээгүй байна.  

 

2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Х нь эмчилгээний зардалд  500 000 төгрөг өгснийг хохирогч ХХХХний ээж ХХХХХ хүлээн авч “эмчилгээний зардалд 500 000 төгрөг авснаар эмчилгээ, төлбөрийн талаар гомдол саналгүй болсон, Хтэй сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлт гаргажээ.

 

 Тээврийн прокурорын газар дээрх хүсэлтийг хүлээн авч Хт холбогдох хэргийг  Прокурорын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 196 тоот тогтоолоор “хохирогч ХХХХний ээж ХХХХХийн Хтэй эвлэрсэн, хохирол төлбөргүй, хохирлын хувьд маргаангүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон, сайн дураараа эвлэрсэн, энэ талаар хохирогч ХХХХний хууль ёсны асран хамгаалагч ХХХХХээс хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байх бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.    

 

Нэхэмжлэгчийн, прокурор ХХХХийг гэрчээр асуух, Механик инженерийн их сургуулийн шинжээч багш нараар өмнө гаргасан дүгнэлт үндэстэй эсэх талаар давтан дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь хуулийн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн хохирогчийн биед гэмтэл учирсан нөхцөл шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нэмэлт баримт буюу хохирогчийн хөлний рентген шинжилгээ шаардаж дүгнэлт гаргахаас татгалзсан хариу өгсөн ажиллагаанд шүүхийг буруутгах боломжгүй,  шүүх хуульд заасан журмын дагуу зохигчдын хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

    

Нэхэмжлэгч Х нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэгдсэнийг мэдээгүй, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

           Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,   119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                 А.МӨНХЗУЛ