Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01616

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01326 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1849 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.С-ийн зам тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалан, прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн даргаар Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие өөрийн 76-80 УНВ улсын дугаартай Тоёота Пассо маркийн автомашиныг жолоодон 2015 оны 02 дугаар сарын 09-ний орой 17.30 цагийн орчим Төмөр замын хэрэг эрхлэх газрын арын замд ертөнцийн зүгээр баруун талаасаа чигээрээ зүүн тийш явах гээд түгжрэлд хөдөлгөөнөө үргэлжлүүлж явахад замын голын үргэлжилсэн тусгаарлах цагаан шугаман дээр чанх хойшоо хараад зогсож байсан эмэгтэй хүүхдийн баруун талын хөлийн чигчий хурууг дайрч гэмтээсэн гэж шинжээч, хэрэг бүртгэгч нар 2 зүйл ангиар буруутгаж хилсээр гүтгэж хуулийн хариуцлагад татаж хохироосон. Миний бие тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээгүй тул намайг зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоож өгнө үү. Анх эрүүгийн хэрэг үүсгээд Баянгол дүүргийн Замын цагдаагийн шинжээчийн 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0409 тоот дүгнэлт гаргасан. Уг 829 тоот дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан. Мөн шинжээчийн дүгнэлтийн хамгийн сүүлийн 4 ба 5 дахь асуултад хариу өгөөгүй. Зам тээврийн ослын үед хүүхдийн хөлийг дайрсан гэх зэргийг нотлохоор ямар нэгэн эд зүйл, баримт байх ёстой. Иймээс энэхүү 2 дүгнэлт болон Замын цагдаагийн гаргасан анхан шатны 0409 тоот дүгнэлт зэргийг нотлох баримтын хэмжээнд үзэж байгаа. Шүүх хуралдаан болгонд хяналтын прокурорыг оролцуулах тухай хүсэлт гаргаж байсан, тухайн хүүхдийн өмсөж байсан гутал, болон түүн дээр мөргөсөн машины ул мөр байгаа эсэхийг тогтоосон нотлох баримтууд байхгүй байна. Харин хэргийн газрын үзлэг гэж замд зогсож байсан машины зургийг авсан байна.

Иймээс эрүүгийн хэргийн нотлох баримт бүрэн хэмжээнд хүрээгүй байхад шийдвэрлэсэн. Хохирогчийн мэдүүлэгт дэлгэрэнгүй тайлбарлаж хэлсэн байгаа. Сүүлд эвлэрэх тухай санал хэлээд хохирогчид 500 000 төгрөг төлөөд асуудлаа дуусгахаар эвлэрч, прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан. Уг тогтоолыг хохирогч, сэжигтэн яллагдагчид 3 хоногийн дотор танилцуулж, дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй тухайгаа тайлбарлаж өгсөн бол дээд шатны байгууллагад гомдол гаргах ёстой байсан. Гэтэл ажилдаа хариуцлагагүй хандсанаар өнөөдөр л тогтоолыг авч байгаа. Энэ осолд гэм буруугүй болох нь Замын цагдаагийн газрын 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Механик тээврийн сургуулийн албан тоотоор нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Пүрэвтогтох шүүхэд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн 201524000213 дугаартай хэрэгт авагдсан хохирогч н.Оюунгэрэл, гэрч н.Баттулга нарын мэдүүлэг, мөн замын цагдаагийн газрын шинжээчийн 0409 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нэхэмжлэгч Б.С- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тухайн үед яллагдагчаар татагдсан Б.С- нь ямар нэгэн хүсэлт, болон өөрийнхөө гэм буруугүй талаар гомдол гаргаагүй. Иймээс хэргийг шалгаж дуусаад, хохирогчид сайн дураараа 500 000 төгрөгийг төлж, прокуророос 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрсэн буюу Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ тогтоолыг өөрсдөө мэдээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тусгасан байдаг.

Хэрвээ үнэхээр гэм буруугүй байсан, уг прокуророос гарсан тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд албан ёсоор дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гомдлоо гаргаагүй, тухайн үед мэдээгүй гэж хэлэх боловч иргэний шүүхэд хандсанаар 2 жил болж байна. Ийм учраас тухайн хүний гэм хорын асуудлыг иргэний шүүх шийдэхээс биш гэм буруутай эсэхийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон Эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01326 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн “2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн зам тээврийн осолд гэм буруугүй болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.19 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1849 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/01326 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Б.С-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хуралд илтгэгч шүүгч А.Отгонцэцэг нь давж заалдах гомдлыг уншиж танилцуулаагүй, өөр өнцгөөс ерөнхий зүйл ярьснаас шүүх бүрэлдэхүүн буруу ойлголт авч, үндэслэлгүй магадлал гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна. 2015 оны 02 дугаар сарын 09-ний орой болсон зам тээврийн осолд буруугүй гэдгийг тогтоолгохоор шүүхэд гаргасан бидний нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн өөрсдийн дураар өөрчилж гэм хор учруулсан гэж хууль бус шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн зөвтгөж зассангүй гэж үзэж байна.

Шүүх Б.С-ийг зам тээврийн осолд буруутай, буруугүй гэдгийг нэг л удаа туршилт хийлгэх захирамж гаргаад л шийдчих асуудалд анхан шатны шүүх 6 удаа, давж заалдах шатны шүүх 3 удаа, хяналтын шатны 2 дахь удаагаа, нийт 11 удаа хуралдаж өөр өөрсдийн үзэмжээр хуулийг буруу тайлбарлаж шийдвэр, магадлал, тогтоол гаргаж ИХШХШТА-ны журмыг зөрчин нэхэмжлэгчийг хохироож байна. ЗЦГ-ын гаргасан 821 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон механик, тээврийн сургуулийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2/467 тоот албан бичгийг үндэслэн хуулийн хүрээнд нэхэмжлэгчийн шаардлагын дагуу нэг л удаа туршилт хийлгэх захирамж гаргаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэх үндэслэл бүхий нэхэмжлэлд хамаарахгүй байна. Эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл биш гэж үзэж үндэслэлгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар прокурорт гомдол гаргах байсан байна. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа гомдол гаргаагүй байна.

Иргэний журмаар гаргаж байгаа нэхэмжлэл нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангахгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан байна. Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

                                                                         ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Б.С- нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр болсон зам тээврийн осолд буруугуй болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Учир нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.С- нь “хууль бусаар яллагдагчаар татагдсан тул сэтгэл санааны гэм хорд 5 000 000 төгрөг, хууль бусаар төлүүлсэн 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 000 000 төгрөг нийт 6 500 000 төгрөгний хохирлыг арилгуулах” шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар өөрчлөн тодруулсан байна.

Давж заалдах шатны шүүх “зам тээврийн осолд буруутай эсэх”-ийг тогтоолгох нэхэмжлэгчийн хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаарахгүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг биш гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1., 216 дугаар зүйлийн 216.1.-д заасан гэмт хэрэгт мөрдөгдөж буй Б.С-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Уг тогтоолын үндэслэлд Б.С- нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны асран хамгаалагч Г.Оюунгэрэл болон яллагдагч Б.С- нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирол төлбөргүй болохыг заасан байна.

Прокурорын дээрх тогтоол хүчин төгөлдөр байх ба уг тогтоолд нэхэмжлэгч Б.С- хуульд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-д зааснаар энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах ёстой ба энэ үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13, 65, 117 дугаар зүйлүүдэд заасан журмыг тухайн хэрэгт зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1849 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН